Олимпийн аваргуудад сая ам.доллар өгнө гэв

МЖБХ-ны Удирдах зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн бямба гарагт боллоо.

Хурлын үеэр МЖБХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганд “Олимпийн аваргад 1 сая ам.доллар (эсвэл 1 тэрбум төгрөг), мөнгөн медальтанд 500 мянган доллар, хүрэл медальтанд 300 мянган долларын шагнал олгох, мөн дасгалжуулагч, бэлтгэл хангагчдад урамшуулал олгож байх” хуулийн төсөл өргөн барих гэж буйгаа дуулгасан юм.

Олимпийн наадамд 100 шахам медаль авч, багийн дүнгээр эхний гурваас буудаггүй ОХУ алтан медальт тамирчин бүртээ 350 мянган “ногоон” дасгалжуулагчдад нь мөн тэр хэмжээний мөнгө өгөхөө амласан бол Казахстанчууд олимпийн аваргаа 250 мянган ам.доллараар шагнахаар болжээ.

Түүнчлэн Францчууд олимпийн медальтнууддаа нэг удаагийн мөнгөн урамшууллаас гадна cap бүр тэтгэлэг олгодог тул тамирчид ар гэр, ахуй амьдралдаа огт санаа зовохгүй, зөвхөн амжилт гаргахын төлөө хүсэл эрмэлзэлтэй байж чаддаг аж.

МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга Монголын нийт спортын тамирчдад хамаатай энэхүү саналыг УИХ-д өргөн барихаа өгүүлээд энэ санал нь дэмжигдэх эсэхээс үл хамааран жүдочиддоо энэ хэмжээний шагнал өгнө гэдгээ амлав.


URL:

Сэтгэгдэл бичих