Төрийн нууц задруулсан БХ-ын сайдад арга хэмжээ авахыг хүслээ

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Ерөнхий сайд С.Батболдод хандаж асуулга хүргүүлжээ. Тэрбээр   Улсын Их Хурлын тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд Танд дараах асуултыг тавьж байна.     Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх үед Ж.Энхбаяраас бэлтгэж гишүүдэд тараасан түүний гарын үсэг бүхий бичигт :
“… Харин мэргэн буучдыг тусгайлсан сургалтаар бэлтгэх ажил одоогоос жил орчмын өмнө эхэлсэн тухай надад холбогдох албан тушаалтнууд илтгэсэн болно.
ЗХЖШ шийдвэр гаргаж эхний ээлжинд 2011 оны 11 дүгээр сард 015-р анги дээр 60 хүн бэлтгэсэн бөгөөд энэ оны 3-р сард дараачийн ээлжийн хүмүүсийг бэлтгэхээр АНУ-аас тусгай анги, салбарын мэргэжлийн мэргэн буучид ирэх гэж байгаа юм билээ” гэж нээлттэйгээр мэдээлсэн. Энэ бичиг бүрэн эхээрээ маргаашийнх нь (2012.02.16) “Үндэсний шуудан” сонинд хэвлэгдсэн бөгөөд мөн энэхүү бичгээ “Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдэд” хэмээн хаяглаж нээлттэйгээр гишүүдэд тараасан билээ.
Дээрх бичиг дэх ишлэл болгон Танд бичсэн хэсэг нь “Төрийн нууцын тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 1.2 болон 2 дахь хэсэгт заасан төрийн нууцад хамааруулах зүйлийн хүрээнд багтаж  “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” Монгол Улсын хуулиар тогтоосон жагсаалтын 6, 21, 22, 25 зэрэг дугаарт заасан төрийн нууцад хамрагдахаар байна гэж би үзэж байгаа болно.
Иймд Ерөнхий сайд Таныг дээр дурдсан төрийн нууц задарсан, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр төрийн нууц задалсан байж болох тухай асуудлаар Төрийн нууцын тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 3 болон 1-ийн    6-гийн дагуу зохих арга хэмжээ авч хариулт ирүүлнэ үү” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих