Ирвэс нутагладаг улс орныг байгаль нь онгон төрхөөрөө байна гэж үздэг

Ирвэс хамгаалах сан нь Монгол орны байгалийн нандин өв болох  цоохор ирвэсийг судлах, хамгаалах ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Цоохор ирвэс хамгаална гэдэг нь зөвхөн нэг амьтныг хамгаалах асуудал биш бөгөөд тухайн экосистемийг бүхэлд нь хамгаална гэсэн ойлголт юм. Энэ орчлонд үлдэж буй сүүлийн том махчин амьтдын нэг болох цоохор ирвэсийг “экологийн индикатор” гэж үздэг учраас тухайн нутаг орон цоохор ирвэстэй байна гэдэг нь, тэр нутаг байгалийн онгон төрхөө хадгалсаар байгааг харуулж буй хэрэг хэмээн мэргэжилтнүүд үздэг байна. Монголын анхны Антрактидад аялагч цаг уурч Ж.Цэрэндэлэг агсан АНУ-ын эрдэмтэн Жорж Шаллер, доктор Том Мкарти нартай хамтран Монгол олрны цоохор ирвэсийн судалгааны ажлыг 1990 оноос эхлүүлж, цаашид ирвэс хамгаалалтын арга хэмжээг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Тэр цагаас хойш цоохор ирвэсийн байршил, тархац нутаг, идэш тэжээлийн байдлын талаархи олон тооны судалгааг тодорхой хугацаагаар Монгол Алтай, Хангайн нуруу, Алтай Саяны уулсаар явуулж ирсэн байна. Энэ удаагийн дугаартаа Ирвэс хамгаалах сангийн судалгааны хөтөлбөрийн зохицуулагч, ирвэс судлаач Л.Пүрэвжавыг урьж ярилцав.

-Малчдын дунд ирвэс малд халтай. Устгах хэрэгтэй гэж одоо ч ярьдаг. Та бүхэн хамгаалах гээд байдаг. Хамгаалж чадаж байна уу, танай сан хэзээ байгуулагдсан юм бэ?
-Монголд Ирвэс хамгаалах сан 2007 онд байгуулагдсан гэхдээ бид 1997 оноос үйл ажиллагаагаа явуулж байсан. Урьд нь Монголын ирвэс төв гэж байлаа.  2008 оноос Олон улсын ирвэс хамгаалах төв Пантера байгууллагатай нийлж ирвэсний урт хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Гол зорилго нь ирвэсийг амьдралынх нь туршид хамгаалах, ард  иргэдийн ороцоотой байгаль хамгаалах хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Энэ ажлын хүрээнд цоохор ирвэсийг хүзүүвчилж судалж байна. Ирвэс интерпрайз гэж нутгийн иргэдээр гар урлалын бүтээл хийлгэж бүтээлийг нь АНУ болон гадаадын зах зээлд борлуулж олсон орлого нь эргээд малчдад шууд ирдэг юм. Нөгөө нэг хөтөлбөр нь малчдын даатгалын хөтөлбөр байгаа.  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тосны нуруунд 15 жилийн хугацаатай төсөл хэрэгжиж байна.

-15 жилийн хугацаатай төсөл хэрэгжснээр Ирвэсийн тоо толгой өсөх үү, Манай улсад хэдэн тоо толгой ирвэс, хаагуур нутагладаг юм бэ? Ирвэс угаасаа дэлхийн улаан номд орсон амьтан биз дээ?
-“Цоохор ирвэсний экологийн урт хугацааны цогц судалгаа” гэдэг нь орчин үеийн технологийг ашиглаж  цоохор ирвэсийн амьдрах орчинд байгаа бүхий л зүйл, идэж тэжээл, түүнтэй холбоотой бэлчээр нутаг, ирвэсэнд учирч буй аюул занал зэргийг цогцоор нь судална гэсэн үг. Сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүснээр эзэмшил нутгийн хэмжээг мэдэж авч байгаа юм. Ирвэс гэдэг амьтан амьдралын ямар онцлог шинжтэй, хичнээн жил насладаг зэрэг мэдээллийг илүү тодорхой болгох ач холбогдолтой. Ирвэс 10-13 жил насладаг.  Зоо паркд бол 17 жил насалсан тохиолдол  байдаг. Дэлхийн 12 улс  ирвэстэй шүү дээ. Цоохор ирвэс гэдэг амьтан чинь экологийн индикатор. Ирвэстэй улс орныг байгаль экологи нь унаган төрхөөрөө байгаа хэмээн үздэг юм.  Ирвэсийн тоогоороо дэлхийн 12 орны 2-т жагсдаг. БНХАУ 1-т ордог. Манайд мянга гаруй тоо толгой ирвэс бүртгэгдсэн. Гэхдээ ирвэсийг яг нарийн тоо толгойг нь гаргахад хэцүү шүү дээ. Маш нуугдмал амьдралтай, бараг хүний нүдэнд харагдахгүй. Хүзүүвчилж барьж байж л нарийн гаргахаас биш. Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Увс, Баян-Өлгий, Хангайн нурууны зарим хэсгээр тархсан байдаг. Хөвсгөл аймагт 1960-аад оноос хойш үзэгдэхээ больсон гэдэг.

- Ирвэс гэдэг амьтан хүн, малд хэр халтай амьтан бэ, Чоно бол айл хотын мал сүргийг сэглээд зэрэмдэглээд сүйдэлдэг шүү дээ?
-Ирвэс чонтой харьцуулахад хүн ардад хохирол учруулах нь хамаагүй бага. Гэхдээ сүүлийн хэдэн жил ирвэс айлын мал, хот руу довтлоод байна. Ирвэсийг устга гэх яриа гарсаар байна. Бид ирвэсний баасанд судалгаа хийхэд идэш тэжээлийнх нь 70,3 хувийг янгир эзэлдэг. 20 гаруй хувь нь хонь, ямаа, бусад жижиг шувуу байсан. Ганцхан баасыг шинжлээд зогсохгүй хүзүүвчнийхээ тусламжтайгаар ирвэс ямар амьтан иддэг юм бэ гэдгийг судалсан. Ер нь гол идэш нь янгир л байдаг юм билээ. Малчдын яриад байгаа ирвэс олшроод мал, хот руу довтлоод байна гэсэн яриаг үгүйсгэж байгаа судалгааны ажлын үр дүн юм л даа. Гэрийн мал руу ирвэс ороогүй биш. Үндсэндээ ирвэс айлын хот хүрээ рүү ордог нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой. Зуд турхан болохоор ууланд байдаг зэрлэг янгир нь үхэж идэж тэжээл нь ховордохоор өөрийн эзэмшил нутагт байдаг айлын өвөлжөө рүү орохоос өөр замгүй болдог. Ирвэс ихдээд байгаа юм биш.

-Ирвэс их зоригтой, тэнэг амьтан гэж ярьдаг. Яг өөрийнх нь төрөлх зан чанар нь ямар байдаг юм бол?
-Муурын овгийн амьтан. Хүн харахад хүйтэн харагддаг хэдий ч хүн рүү чоно шиг шууд дайрдаггүй. Аль болохоор зугтаадаг. Би 10 гаруй жил ирвэс судалж явна. Ууланд ганцаараа явж байгаад яг тулаад таарч л байлаа. Хүн рүү ерөөсөө дайрдаггүй. Араатан амьтан юм чинь өөрийг нь барих гэдэг юмуу, буудах гэдгийг мэдвэл ёстой дайрна даа. Ерөнхийдөө мангардуу амьтан гэдэг юм. Айлын мал барьчихаад гэрийн эзэд чулуу, модоор нүүлгэж цохиод байхад яах ч үгүй. Идэш тэжээлээ сахиад зогсож байдаг.  Хүн хараад учиргүй айж цочирдоод байдаг амьтан биш.
Хад, асга ихтэй өндөр уулархаг газар амьдардаг.  Далайн түвшнээс дээш 2500-5000 орчим метрт байдаг амьтан. Үржлийн хувьд ирвэс 2-3 зулзага гаргадаг. Зулзагыг нь гүюн гэж нэрлэдэг. 12, 1 сарын сүүлээр ороо нийлүүлэгэд ороод 5 сарын сүүлээр зулзгалдаг. Гүюнийн судалгаа нэлээд хийсэн. Хэдэн кг жинтэй төрдөг юм бэ, эхтэйгээ хэр удаан байдаг юм бэ, Хэдэн настайдаа биеэ даадаг зэргийг судалсан. Тосонгийн нуруунд 15 ирвэс хүзүүвчлээд байгаа. Түүний 8 нь эр, 7 нь эр.

-Ирвэсийг хонзогнуур амьтан гэж дуулсан юм байна?
-Хүмүүс тийм юм ярьж л байдаг. Ирвэс хороосон тохиолдолд тэр айлд ямар нэгэн муу зүйл тохиолддог. Дутуу шархдуулбал заавал эргэж ирж айлын хотыг түйвээдэг гэж ярьдаг. Гэхдээ тэр талаар би сайн мэдэхгүй.  Ирвэс болгон өөр өөр толботой байдаг юм. Тэрүүгээр нь хичнээн ирвэс байгааг мэдэж болдог. Судалгааны төвд камертай учраас ирвэсний өөр өөр толбоор тоо, тоолгойг нь гаргадаг. Мэдээж өнгө зүс нь байгалийн өнгөтэйгээ ижил. Ирвэс нэг амьтан барьчихаад 3-4 хоног, эсвэл 7 хоног ч сахиад суучихдаг. Сэг зэмээр хооллодог шувуу, янз бүрийн амьтнаас өөрийн идэш тэжээлээ хамгаалж байгаа нь тэр. Яг өөрөө бүтэн идэж дуусгадаг.  Чоно бол сэглэж, зэрэмдэглэж олноор нь барьдаг шүү дээ. Дэлхийн 12 улс оронд байдаг ирвэс бүгд ижил нэг төрлийн .

-Ирвэс ямар жинтэй амьтан бэ, хэр том байдаг юм бол?
-Эм ирвэс 20, 30 гаруй кг, эр нь хамгийн том нь 45-47  кг байдаг. Зэгэл саарал толботой амьтан.

-Чонын эрхтэн болгоныг сайн гээд зардаг. Ирвэсийг бизнесд ашиглаж хулгайн ан хийх тохиолдол гарна биз?
-Бүхий л зэрлэг ан амьтанд тулгардаг аюул. Ирвэсний гоёмсог арьсанд шунаж дээл, хувцас хийж өмсөх гэж агнана. Ирвэсний ясыг уламжлалт анагаах ухаанд өргөн ашигладаг гэсэн мэдээлэл их бий.  Хулгайн ан хийж хууль бусаар хятад руу гаргах  тохиолдол бишгүй гардаг гэж ярьдаг. Ирвэс бол Монгол улсын улаанд номд, дэлхийд дархлагдсан  нэн ховор амьтан гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ хууль бусаар агнах нь одоо ч байсаар байна. Бид хууль  хяналтын байгууллага, Гааль, Хилийн цэрэгтэй хамтарч ажилладаг.  Нэг ирвэсний арьсыг 1000-1500 ам.доллараар зардаг юм билээ.

-Малын гоц халдварт элдэв өвчин дэлгэрлээ гээд нохой, чоно устгана гээд бөөн ажил болдог шүү дээ. Гоц халдварт өвчин зэрлэг амьтадаас халдварлах нь хэр байдаг юм бол?
-Таны асуултанд туруутан амьтан судалдаг судлаач нар л илүү бодитой хариулах байх л даа. Ирвэсний өвчний судалгаа маш хоцрогдмол явж ирсэн. Түрүү жил бидний судалж байсан ирвэснээс 2 нь шалтгаангүй үхсэн байсан. Малын өвчин судалдаг лабораториос эмч авч очоод дээж авахуулсан. Нэгийг нь боом өвчин туссан байна гэсэн. Гэтэл Мал эмнэлгийн хүрээлэнгийн шинжилгээгээр газар нутгаа булаацалдаж хоорондоо тэмцэлдээд шархаа даалгүй үхсэн гэсэн дүгнэлт хийсэн. Боом гэж шинжилсэн дээжийг үхснээс хойш 10 гаруй хоногийн дараа очиж авсан. Уг нь нэг  хоногийн дотор задлан шинжилгээ хийвэл  үнэн бодит шинжилгээ гардаг юм билээ. Мал эмнэлгийн хүрээлэнгийн нэг эрдэмтэн бидэнд хэлж байсан зэрлэг амьтанд  боом өвчин тусна гэж хэзээ ч байхгүй гэж .

-Ирвэс чинь их богино насладаг амьтан юм. Үхэхдээ хадан хясаан дээрээ юу ч идэж уухгүй, хэвтсээр байгаад өнгөрдөг үү?
-Мэдээж зэрлэг амьтан юм чинь өөрийнх нь хүчин чадал доройтохоор өөр ирвэсүүд өөрийх нь газар нутгийг эзэмшилдээ авдаг. Өвчний улмаас үхсэн гээд байгаа ирвэсний газар нутаг нь хоосон болчихож байгаа юм. Гэтэл өөр ирвэс ирээд газар нутгийг нь эзэмшээд суурьшчихсан байна лээ. Хүч чадалгүй болсон амьтан идэш тэжээлээ ч олж идэж чадахгүй, өндөр хадан хясаан дундаа хэвтэж байгаад үхдэг.

-Ирвэс  хэдэн км газрыг эзэмшиж амьдардаг амьтан юм бэ? Ер нь бүлэрхүү амьтан уу,ганц нэгээрээ амьдардаг юмуу?
-Яг үржлийнхээ үед бүлэрхүү байж байгаад яваад өгдөг. Эм ирвэс зулзгалчихаад 3 сар хүртэл нь хөхүүлээд дараа нь дагуулаад  ан гөрөө хийх бүхий л зүйлээ зааж сургадаг. Тэгээд 1 нас хүрээд ирэхээр нь бие даалгадаг.1 настай ирвэс чинь овоо том болчихдог юм. Нарийн хадан хясаанд янгираа оруулж байгаад гэтэж барьдаг. Ирвэсний нэг видео байдаг шүү дээ. Өвөл хаданд явж байгаад өөрийнх нь явдлаар хад өнхөрч унахад яг бариад тогтоочихоод цаашаа явдаг. Яг л тийм байдаг юм. Эр ирвэс 2000 гаруй км кв газар нутгийг эзэмшиж амьдардаг. Эм нь 1000 орчим км кв газар нутгийг эзэмшдэг. Нэг ирвэс үхлээ гэхэд нөгөө нэг ирвэс газар нутгаа тэлээд аваад яваад байдаг. Эм ирвэс зулзагалахаараа газар нутаг нь хумигдчихдаг. Үр төлөөсөө хол явж ан хийж чаддаггүй. Тэрхэн хавьдаа эргэлдээд байдаг юм билээ. Эр ирвэс ороонд орчихоод яваад өгдөг. Эм ирвэс гүюнгээ тэжээгээд дагуулаад явдаг юм. Бидний хүзүүвчилж судалж байгаа ирвэсүүдийн эзэмшил нутаг нь хоорондоо жаахан давхцаад байдаг юм. Нэг сонирхолтой юм гарсан. Нэг ирвэс Говь гурван сайхны байгалийн цогцолбор газар гээд Тосон бумбын нуруунаас 50-70 км орчим яваад Нэмэхтийн нуруунд очоод буцаад хүрээд ирсэн. Нэг ирвэс бүр урагшаа Хятадын хэл орчим дагуу 120 км газар яваад буцаад өөрийн эзэмшил газар дээрээ эргээд ирсэн байна лээ. Ирвэс үүр шөнийн заагаар явж идэш тэжээлээ барьдаг. Ирвэс эзэмшил нутгаа тогтоохдоо бумбаалдаг.Бумбаа гэдэг нь хойд хөлөөрөө газар шороог самардаад  овоо үүсгэдэг. Түүн рүүгээ шээчихдэг. Тэр нь уулын онь хөтөл дээр их байдаг. Буцаж ирж үнэрлээд өөрийн шээсээ мэдэж эзэмшил газраа тогтоодог. Хад асга руу шээсээ цацдаг. Энэ бол миний эзэмшлийн газар нутаг гэж мэддэг.

-Та бүхэн ирвэсийг агнаж судлах тушаалыг болиулсан гэж дуулсан?
-Тийм. Түрүү жил 4 ирвэсийг шинжлэх ухааны зориулалтаар агнаж судлах БОАЖЯ-ны сайдын  тушаал гарсан. Түүнийг Дэлхийн байгаль хамгаалах сан, Амьтны эрх хамгаалах сан, манай Ирвэс хамгаалах сан нийлж эсэргүүцээд тушаалыг нь цуцлуулсан.

-Ямар хүн агнаж судална гэдэг байна вэ?
-Экологи шинэ мандалын нийгэмлэгийн судлаач Амарсанаа гэж ирвэс судлаач байдаг юм. Тэр хүн 4 ирвэс агнаж байж судална гээд байсан юм. Орчин үеийн судалгааны арга бол ерөөсөө амьтан агнаж судлах шаардлагагүй. Барьж авч байгаад бүхий л дээжийг авч болно. Шүлс, хумс, үс, цус гээд авах боломжтой. Ирвэсийг одоогоор агнаж судлах шаардлагагүй.
Д.Догсмаа


URL:

Сэтгэгдэл бичих