Баячуудын хүүхэд уул уурхайн ордуудыг эзэмшиж, компани байгуулан тоглож эхэлжээ

Монголын толгой баячуудын хүүхдүүд том хүн болохын цагтаа толгой нь ч мөн томордог байна. Тэдний нэгэн тод жишээ бол Батж.Батбаярын хүү Б.Батхишиг. Хөвсгөл аймгийн байтугай улс орны ундны усны гол нөөц болсон ганц далайгаар минь тоглож байна. Хаяанд нь байх Бүрэнхаан уулыг бүгдийг нь сэндийчэн онгилж байгалийн сайханд нь хар өнгийн хаягдлаар бузартуулж явна. Хайгуулын нэрээр зоосон хэдэн төмрөөс нь л хог, хаягдал гарч уул усыг бохирдуулж байхад ашиглалт олборлолтдоо хүрвэл яах юм бол? Ихэнх хүүхэд айл гэр болж тоглодог байхад баяуудын багачууд компани болж толгодог байна. Ингэхдээ энгийн сайхан тоглохгүй хорлонтой, төрийн өндөрлөгийг хошгоруулаантай тоглоно.

Лицензийн зөвшөөрлийг нь сунгаж болохгүй гэж ерөнхий сайд үүрэгдээд байхад сунгуулаад л авсан. Төрийн өмчид өгөөрэй гэхээр “Өгнө өгнө, өгөлгүй яахав”гэж ам хаачихаад араар нь газрын гүнд төмөр зоож яваа. Мөн иргэдийн үгийг, үзэл бодол байр суурийг огт сонсохгүй, хүлээж авахгүй. Тоглож суугаа хүүг ээж нь дуудсан ч ирдэг байхад энэ том хүүхдийг төрийн шүүх гурав дуудсан ч “чихгүй толгой” царайлж дөнгөдөг. Ийм нэгэн том баяны том болсон хүүхэд компани болж тоглох нэрээр байгаль, иргэдийн амьдрал, төрийн хууль, ёс зүй тогтолцоонд халгаатай аж төрж байх юм.

Томчуудын хүүхэд ийнхүү тоглох нь ганц Б.Батхишиг гээчээр хязгаарлагдан зогсохгүй. Цагтаа УИХ-ын гишүүн байсан, “Мон-Атом” компаний захирал явсан Р.Бадамдамдин гэдэг эрхэмийн хүү Б.Баттүвшин мөн л том болжээ. Түүний тоглоом айл гэрээс хэтрээд албан байгууллага болоод удаж байгаа аж. Хэдэн найзтайгаа хамтарсан нэрээр компани байгуулж, төрийн өмчөөр хайгуул хийсэн газарт өөрсдөө хайгуул хийлээ гэж ярьж явна. Мөн ч Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт хөлөө жийн, гараа тэлэн хэвтэж байгаа нэгэн.

“Могойн гол”-ын ордын өчүүхэн хэсэг “Овоот”-ыг тусгаарлан аваад бид өөрсдөө илрүүлсэн юм хэмээн бүгдэд зарлангуутаа том толгойлж эхэлсэн гэнэ. Түүний “Хургатай хайрхан” хэмээх компани сүүлийн үед олны анхааралд ороод байгаагийн шалтгаан нь дээрх хуурамч явдал. Хуучны геологичд Могойн голын ордыг өнгөрсөн зуунд тогтоочихсон, төрийн өмчит орт бөгөөд Орхон, Сэлэнгийн нүүрсний сав газар гэдэг. Гэтэл гар хүрэх эрхгүй, төрийн ордын нэрийг нь өөрчлөөд “Овоот” орд гэдгээр нь эзэмшилдээ авчээ. Тэгээд зогсоогүй австралийн “Aspire Mining” компанид “Овоот” ордын нэрээр IPO хийх боломжийг өгчээ. Ийнхүү Б.Баттүвшин хэмээх залуу УИХ-ын гишүүн байсан аавын нэр, сүр, нөөлөг хүчин дор компани болж ашигтай тоглож байна. “Аspire Mining” компани хөрөнгийн биржид “Овоот” ордоор 32.8 сая ам.доллар босгочээ.

Энэ мэтээр томчуудын хүүхдийн бие нь том болж ирэхэд толгой нь ч мөн том болчихдог ажээ. Эдний төгсгөлд мөн нэгэн томорсон хүүхэд байгааг сануулъя. “МАК” компаний эзэн Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр компани болж тоглох шаардлага байсангүй, харин компанитай болж тоглох хувь заяа иржээ. Аавынхаа бүтээн босгосон алтны компанид эзэн суугаад арын ажлыг нь амжуулахын хажуугаар улс төрийн хэрэгтээ ухаан, хошуу хоёроо дүрж явсан. Түүнийхээ ч хэрээр томорч өнөөдөр дэд сайд болчихсон байгаа.

Томчуудын зарим хүүхэд компани болж тоглож байхад Н.Номтойбаяр зэрэг азтай залуу сайд болж үзэж байна. Баячууд, томчуудын үрс улс орны уул уурхай, алт нүүрсний орд дээр дургиж, дунд чөмгөөрөө жиргэнхэн байна. Энэ нь нэг хэсэгтээ байдаг л үзэгдэл мэт байсан бол одоо байх ёстой үзэгдэл рүү шилжиж байх шиг.


URL:

Сэтгэгдэл бичих