Хувьцаагаар ”хоёр туулай буудах” сайхан боломжийг эрхэмүүд харсан уу

Ард иргэд 2008 онд намуудын мөрийн хөтөлбөрийг дэмжиж, УИХ-ын 76 суудлаас МАН 44, Ардчилсан нам 28 суудлыг өгсөн. Мөрийн хөтөлбөрт ”Эрдэнийн хувь нэг сая төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа, мөн Эх орны хишиг 1,5 сая төгрөг өгнө” гэж дурьдан   байсан. Түүнээс сая төгрөг эсвэл хувьцаа авна гэсэн сонголт мөрийн хөтөлбөрт байгаагүй. Харин төрд сонгогдсон эрхэмүүд амласнаа мартаад “луу унжиж” эхлэв. Тэд нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцаа, 1.5 сая төгрөгийн үлдэгдэл болох нэг сая төгрөгийг нийлүүлээд хоёр бус нэг сая төгрөг эсвэл түүнтэй дүйцэхүйц хувьцаа ав гэсэн хачин утгатай юм ярьж, түүнийгээ ч баталгаатай болгочихсон.

Иргэдийг 1+1.5-0.5= ? гэсэн энгийн бодлогыг хариуг мэдэхгүй гэж ойлгосон бололтой. Төсөвт ахмад настуудад эсвэл оюутнуудын сургалтын төлбөрт олгох сая төгрөгийг л тусгаж өгсөн. Харин үлдсэн хүмүүсд бэлэн мөнгө тараах боломжгүй,“Эрдэнэс-Тавантолгой” ТӨХК-ийн IPO гаргасны дараа мөнгө авах сонирхолтой иргэдийн хувьцааг аж ахуй нэгжүүдэд зарж байж бэлэн мөнгө тараах боломжтой гэнэ.IPO нь таван сараас нааш хөрөнгийн биржийн зах зээлд гарахгүй гэх мэдээллийг албаныхан хэлж байсан.

Иргэдэд олгох 1.5 сая төгрөгний үлдэгдэл болох нэг сая төгрөгийг олгосон нэр зүүхийн тулд “хувьцаа эсвэл нэг сая төгрөг” гэсэн зүйлийг гаргаж ирээд байгаа юм. Үүгээрээ тэд “хоёр туулай буудах” санааг олжээ. Юу гэсэн үг вэ гэвэл аж ахуйн нэгжүүдэд худалдахаар болоод байсан 10 хувьтай тэнцэх хувьцааг иргэдэд нэмж олгохоор болсон. Уг нь УИХ-н 2010 оны 39-р тогтоолд: ““Эрдэнэс Таван толгой” ТӨХК-ийн хувьцааны 10 хүртэлх хувийг Монгол Улсын иргэдэд ижил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй нэг удаа эзэмшүүлэх,10 хувийг Аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах” гэж заасан билээ. Гэвч зарим гишүүд энэ тогтоолд өөрчлөлт оруулах төслийг бариад батлуулсан.

Энэхүү “Эрдэнэс-Тавантолгой” компани багцаагаар нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай байхаар заачихсан аж. Түүнээс Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцааг эзэмшүүлнэ. Энэ нь ойролцоогоор нэг сая төгрөг орчим болно гэсэн тооцоог өмнө хийсэн. Тэгвэл одоо УИХ-ын 39-р тогтоолд өөрчлөлт оруулах төсөлд аж ахуйн нэгжид худалдах 10 хувийг иргэдэд нэмж олгохоор тусгажээ. Өөрөөр хэлбэл иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас 20 хувийг олгоно гэсэн үг. Гэхдээ хамгийн гол нь 536 хувьцаа ч нэг сая төгрөг, 1072 хувьцааг ч нэг саяар үнэлэх аж. Энд л хамаг учир байгаад байна. Үүний талаар Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Тавантолгойн хувьцааны 10 хувийг 20 хувь болгож иргэдэд хүргэнэ. Нэг сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр санал болгож, мөнгөө авна гэвэл аж ахуйн нэгжүүдэд худалдах зарчмыг барьж байна.

Аль болох бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс энэ зарчмыг сонгосон” гэж тайлбарлаж байсан. Тэдний энэ төлөвлөгөөгөөр бол оюутнууд хувьцаа авах хүмүүсийн жагсаалтаас хасагдчихлаа. Дээр нь зөвшөөрөх, эс зөвшөөрөхөөс үл хамаран ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаанаас хасагдана. Энэ нь иргэдийн хувийг нэмэх гэсэндээ бус аж ахуйн нэгжид очих 10 хувийг иргэдэд олгох нэрийдлээр алга болгож, дээр нь, хэтдээ хэд ч болж магад иргэдийн хувьцааг сая төгрөгөөр хүчээр шахуу худалдаад авчих зүйл заалтуудыг тусгахаар санаархаж байгаа дүр зураг харагдаад байна.

Энэ нь нэг талаас улс төрийн намууд өмнөх сонгуулиар өөрсдийн амлалтаа биелүүлсэн болж харагдахыг завдаж буй алхам юм. Өмнө нь монголчуудыг хөрөнгийн зах зээлийн талаар ямарч мэдлэггүй байхад цэнхэр, ягаан тасалбар тарааж, дараа нь түүнийгээ эрх мэдэлтнүүд өөрсдөө хуу хамж аван баяжацгаасан гэдэг. Түүн шигээ “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааны 20 %-ийг тарааж, түүнийгээ дээд тал нь сая төгрөгөөр авах гэж байна. Зарим иргэд хувьцаа хэрэггүй. Сая төгрөгөө хурдан авъя гэсэн санал гаргаад байгаа. Саяхан мэдээллийн хэрэгслүүдээр 4 сарын 1-нд ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ сая төгрөгийг олгохоор болсон гэсэн мэдээлэл гарсан. Бас орон сууц, байрны зээлтэй иргэдийн зээл төлөлтөд олгогдоно гэсэн сураг гараад таг чимээгүй боллоо. Яаж хэрхэн мөнгөө авах вэ гэсэн хүлээлтийг ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үүсгэлээ. Тэдэнд сар шинийн өмнө мөнгө өгнө гээд өгч ч чадаагүй. Мөн байр орон сууц, цалингийн зээлтэй хүмүүс хэзээ зээлийг нь эрх баригчид амлалтаа биелүүлж төлөх бол гэж хүлээсээр…

Амлалтаа биелүүлэхэд 3 сар л үлдлээ шүү… АНХААР!!!

Л.ТАМИР
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих