“Сити Монголжингоо” дээд сургууль оюутнуудынхаа 70 мянгаар өрөө барагдуулж байна

Засгийн газар оюутан бүрт тусалж, нэмэр болох гэсэн биш ужиг болсон асуудлуудаа шийдэж ядаж байгаа Боловсролын салбарт бас нэгэн хүндхэн асуудал нэмчихэж. Бараг бүх л их дээд сургууль оюутнуудынхаа 70 мянган төгрөгийг зүгээр өгчихгүй, ээнтэглэж байна. Ер нь их дээд сургуулийн удирдлагууд оюутнуудын мөнгө гэхээр л нүд нь гялалзаад, амаа тосоод сууж байдаг бололтой.

Саяхан гэхэд л Үндэсний биеийн тамирын дээд сургууль оюутнуудынхаа 70 мянган төгрөгийг өгөхгүй, оронд нь биеийн тамирын хувцас шахаж байгаа талаар бид мэдээлсэн. Харин саяхан “Монголжингоо” дээд сургуулийнхан оюутнуудынхаа 70 мянган төгрөгийг өгөхгүй луу унжиж байгаа талаарх мэдээлэл бидэнд ирлээ.

Тус сургуулийн оюутнуудын ярьж байгаагаар эхний ээлжинд нэг сарын 70 мянган төгрөг л орж ирсэн гэнэ. Гэвч тэдгээр мөнгийг нь сургуулийн удирдлагууд өгөхгүй байгаар барахгүй нэмж 30 мянган төгрөг өг, дараа жилийн сургалтын төлбөрт чинь суутгана гэж дарамтлаж байгаа аж.
Хэрвээ энэ мөнгийг өгөхгүй бол хичээл чинь суулгахгүй, шалгалтанд чинь оруулахгүй хэмээн оюутнуудаас хүчээр гарын үсэг зуруулсан байна. Энэ талаар оюутнууд нь телевизэд мэдээлэл өгсөн боловч худлаа, ташаа мэдээлэл хэмээн явуулаад байгаа аж.
Уг нь оюутнууд нь үүнийг эсэргүүцэж, мөнгөө авахаар Голомт банкны карт захиалсан ч эдгээр картуудыг нь ч өгөхгүй, барьцаалаад байгаа сурагтай.
Цаад учрыг нь лавлавал “Сити Монголжингоо” дээд сургууль өнгөрсөн жил улсаас зээл авч сургуулийнхаа засварыг хийжээ. Харин тэрхүү зээлийнхээ төлбөрийг оюутнуудаасаа ингэж гаргаж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Засвар хийх хийхгүй нь тухайн сургуулийн мэдэл. Харин оюутнуудынхаа эрх ашгийн зөрчих эсэх нь мэргэжлийн байгууллагуудын шийдэх хэрэг байлтай. Гэвч энэ сургууль Хууль эрх зүй, Боловсролын салбараас ч дээгүүр том толгойтой бололтой. Сургууль гэдэг сурахын өргөө байдаг. Харин энэ сургуулийн удирдлагуудад хууль зүй, боловсролын системийн талаар сургах цаг нь болсон юм шиг…
Уг нь энэ мөнгийг сургуулийн удирдлагуудад нь хөрөнгө босго гэж бус, оюутнуудад хөрөнгө оруул гэж тарааж байгаа улсын мөнгө. Гэтэл энэ мөнгө ийм байдлаар олиггүй муу сургуулийн захиргаануудаас болж эзнээ олохгүй байгаа нь оюутнуудыг дэмжих биш хохироосоор байна гэдгийг холбогдох хүмүүст дуулгая.


URL:

Сэтгэгдэл бичих