“Женко” Х.Баттулгын дайралт ба “MCS”-ийн хамгаалалт

Ойрын өдрүүдэд хэвлэлийн “баатар” болж хөгшид, хөвөөдийн нүдийг зурагтын зүг чилээх болсон “МСS”, “Женко” Х.Баттулга нарын маргаан өндөрлөх шинжгүй байна. Сонгууль дөхсөн бужингаан дунд үнэн, худал нь мэдэгдэхгүй байгаа тэдний “үгэн байлдаан”-ыг тэрний зөв, үүний буруу гэж дүгнэх цаг эрт байгаа бололтой. Ухаа худаг, 70 жилийн тогтвортой байдлын гэрээ, бонусд нь Ц.Нямдорж сайд гээд маргааны сэдэв үргэлжилсээр байна. Хэвлэлээр сонгуулийн өмнөх “тулаан” хийж буй тэдний дайралт ба хамгаалалт нь бүгд үндэслэлтэй, үнэмшилтэй мэт сонсогдоно. Нэг нутгийн хоёр, Монголын баячуудын жагсаалтыг ар, араасаа тэргүүлдэг “MCS”-ийн Д.Оджаргал, “Женко” группын Х.Баттулга нарын зөрчил Засгийн газрын сайд нарыг ч багагүй сандаргаж байна. Дайнд өртөхгүйн тулд тэд ч дор дор нь хариуг нь өгч байгаа. Д.Оджаргал захирал одоогоор “нуувч”-аасаа гараагүй байгаа тул сүүлийн өдрүүдэд “MCS” группын тэргүүн дэд захирал Л.Энх-Амгалан Х.Баттулгын дайралтад хэрхэн няцаалт өгснийг хэвлэлд өгсөн ярилцлагаас нь харьцуулан сонирхоё.

1. Х.Баттулга: Ихэнх сайд нар энэ компанид хувьцаа эзэмшиж байна. Бүгдийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байж л байгаа.
Л.Энх-Амгалан: “М-Си-Эс” компанид өнөөдрийн Засгийн газрын гишүүдээс нэг ч гишүүн хувьцаа эзэмшдэггүй гэдгийг би албан ёсоор, хариуцлагатайгаар хэлэх байна.
2. Х.Баттулга: Эрчим хүчний сайд Д.Зоригт байна. Сайд нарын бараг тал нь “MCS”-ийн барьсан байшинд гүйгээд орчихсон байна. Ц.Нямдорж сайд өнөөдөр түрээсийн байранд байсан гэдгээ болиод зөвхөн урсгал зардлыг нь төлөөд суудаг нь 400 мянган төгрөг болж байгаа. Энэ чинь авлига. Ёстой гардуулах гэдэг юм болсон.
Л.Энх-Амгалан: … байр худалдаж авсан хүмүүс нь бизнесмэн байна уу, улс төрч байна уу, хэний гэр бүл, ахдүү, хамаатан садан, найз нөхөд байх нь бидэнд огт падгүй. Улс төрчид байлаа гээд тэдний хэд нь 2008 онд УИХ-ын гишүүн болох, хэд нь Засгийн газрын гишүүн болох нь барилгын компанид хамааралгүй асуудал.
3. Х.Баттулга: Засгийн газраас Ардчилсан намынхан гардаг өдөр ҮЗХ-ны хурал дээр “Энержи Ресурс” 70 жилийн гэрээ байгуулаад ороод ирж байгаа юм. Тэгээд энэ 70 жилийн гэрээг ҮЗХ-ны хурал дээр намайг зарлахад “худлаа ярьж байна” гээд байгаа юм. 70 хувийг хятадууд эзэмшдэг.
Л.Энх-Амгалан: Манай компаний хувьцааны 70-75 хувийг Баянхонгор аймгийн уугуул хүмүүс эзэмшдэг. Үнэхээр баянхонгорчуудыг хятадууд гэж хэлэх гээгүй бол энэ компаний хувьцаа эзэмшигчид нь монгол хүмүүс гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. “M-Си-Эс” компанид гадны тэр тусмаа Хятадын нэг ч хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
4. Х.Баттулга: Өнөөдөр “Женко”, “Эм Си Эс” хоёрын байдал огт өөр, харьцуулшгүй асуудал. Сүхбаатарын талбай дээр хэн оффис бариулсан юм? Хүүхдийн парк дээр хэн зочид буудал барьж байгаа юм? Цанын бааз нэрээр дархан цаазтай ууланд 500 га газар хэн авсан бэ? Таван толгойн Ухаа худгийг хэн авсан юм? Ийм нэг л компани байна. Энэ чинь цаана авлига байгаа байхгүй юу.
Л.Энх-Амгалан: Юу ч хийдэггүй хүний юуг нь шүүмжлэх вэ дээ гэж үг байдаг. Манай компани бизнесийн ертөнцөд олон талаараа анхдагч байж, хийсэн бүтээснээрээ олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж яваа компани.
5. Х.Баттулга: Тодорхой улс төрчдийг хөлсөлчихсөн, байнга тэжээж, тэтгэж, ашиглаж байдаг “Энержи ресурс” консорциум, түүнд багтдаг компаниудтай өрсөлддөг бизнес надад байхгүй. Хэрвээ байдаг бол би салбарын яамыг тэргүүлж байгаагийн хувьд дэмжээд энэ төсөлд нь оролцоод, дараа нь Баянхонгор руу төмөр зам татна гэж мангартаад явж болох л байсан.
Л.Энх-Амгалан: Биднийг үнэндээ дэмжээд байгаа юм байхгүй. Бид бүтээн байгуулалтын олон төслийг амжилттай хэрэгжүүлж, сайн яваад байхаар манайхыг сайд нар нь дэмжээд байна гэж хардаад байдаг юм биш байгаа даа. Ер нь улс төрчид биднийг нэг их дэмждэггүй юм аа гэхэд саад болохгүй байхад болно доо л гэж боддог юм шүү дээ.

Тэдний энэ мэт дайралт, хамгаалалт улсын нууцад хүрчихгүй л бол бие биенийхээ будлианыг илчлэх нь харин ч сайн хэрэг болоод байх шиг. “МCS” групп бол “Спирт бал бурам” гэдэг архи, спирт үйлдвэрлэдэг том үйлдвэртэй.  Бас “Tiger” шар айрагны үйлдвэр ч ашиглалтад орсон. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга архи тамхиний үйлдвэрлэл эрхлэгчдийг УИХ-д нэр нэвшүүлэхгүй гэсэн хуулийн төслийг дахин дахин дэвшүүлсээр байгаа. Энэ нь “МCS” группын ил, далд ноёнтнуудад чиглэсэн байх гэсэн тойм зураг ч бууж байна. Ямартаа ч “MCS” саяхнаас хамгаалах тактикаа өөрчилж “зан ааш” нь ширүүсч байгаа тул удахгүй “MCS”-ийн дайралт ба “Женко” Х.Баттулгын хамгаалалтыг үзэх нь.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.