Ирэх сонгуулиар ардчилал ялах гээд л байна даа

Хэдийгээр хамгийн төгс төгөл­дөр нь биш ч гэсэн хүн төрөлхтөнд байгаа хамгийн аятай тохитой тогтолцоо нь ардчилал хэмээдэг билээ. Дэлхийн өнцөг булан бүрт ардчиллыг тогтоохын төлөө тэм­цэж, энэ замналыг сонгосон нь хөрсөн­дөө бат нот суулгахын төлөө хаа сайгүй махран зүтгэж байна.

Цагаан морин жилд хийсэн хувьсгалаараа ардчилсан замна­лаар явна гэдгээ шийдсэн монгол­чууд өнгөрсөн 22 жилийн хуга­цаанд ардчиллаа баттай суурь­шуулахын төлөө зүтгэж ирлээ. Гэхдээ олон шалтаг шалтгаан, нөхцөл байдлын улмаас Монголын нийгэмд ардчилал бүрэн утгаараа шингэж, ялж чадахгүй явсаар ирэв. Ардчилсан зам­налаар явж байгаа гэсэн ч хуучин коммунист нам нь 18 жилийн турш эрх барьж ирсэн байх жишээтэй. Хэрэв ардчилсан хувьс­галын дараа хуучин коммунист намыг татан буулгачихсан байсан бол энэ төрлийн эргэлзээ үүсэхээр­гүй байсан байх л даа. Гэвч яахын аргагүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, социалист нийгэмд төр засгийг удирдаж байсан МАХН тэр л нэр усаараа, тэр л угшил гарвалаараа хориод жил төр барьсан шүү дээ.

Харин энэ зун ардчилал жинхэнэ утгаараа ялахаар байх шиг. Улс төрийн нөхцөл байдал ч их өөр болжээ. Коммунист угшил­тай нам маань хоёр хуваагдчих­лаа. Одоо өөр хоорондоо тэмцэл­дээд өөд уруугүй л байцгаана. Нэрээ сольсон ч үндсэн голомтоо сахиж ирсэн МАН нь ардчилалд харш бүхий л зүйлийг хийж ирлээ. Үүнийг ардчилсан нийгэмд амьд­рахыг хүсдэг олон мянган иргэд ялгаж салгаж байна. МАН-ыг бүх олигархиудын нам гэж хэлэхэд хилсдэхгүй. Бүр энэ намын гишүүн Н.Ганбямба хүртэл УИХ-ын чуулганы танхимд үүнийг батлан хэлж, олигархиудыг буудъя гэж байхав дээ.

Бас энэ нам сонгуулийг шу­дарга явуулсангүй, санал луй­вард­лаа гэж үзэл бодлоо илэрхий­лэн жагссаных нь төлөө иргэдээ буудсан. Ямар тоталитар дэглэм­тэй орон биш, яагаад иргэдээ буудав гээд буруутныг нь шүүх гэсэн чинь цагдааг нь эргээд босгож байна. Ерөөсөө ардчилалд хар­шил­даг бүх зүйлийг энэ намынхан хийж байна. Өнгөц харахад МАН-ынхан цагдааг өмөөрөөд байгаа юм шиг. Үнэндээ цагдааг уу, өөрс­дийгөө юу гэвэл хариулт нь өөр гарна. Цагдаа буруугүй гээд байна, тэгвэл буруутан нь хэн бэ гэхээр байхгүй. Хэн нэгэн харь гаригийн хүн ирээд л хүний амь хороосон юм шиг ярина. Сайндаа ч цагдааг өмөө­рөөд байгаа биш харин буруутан нь өөрсдөө болчих гээд байгаа учраас ийн улайран хамгаалж байна гэж олон хүн ярьж байгаа нь үнэн. Үүрэг өгсөн хүнийг нэрлэчих вий гэхээс энэ намынхан үхтлээ айж байна. Тийм ч учраас долду­гаар сарын 1-ний хэргийг утга учиргүй болгохын төлөө бүгдийг хийж байна. Бүр сүүлдээ Ерөнхий­лөгч рүү дайрч эхэлсэн. Хүмүүсийн сайн мэдэж байгаагаар тэр хүн хэрэг явдлаас жилийн дараа ард түмний саналаар төрийн тэргүүний албанд очсон доо. Нөгөө талаас сумны хонгио халаасанд байна гэж хэлсэн Ц.Элбэг­дорж гэдэг хүнээс асуудлыг мухарлах хэрэгтэй хэмээн энэ намынхан мэдэгдэж байна. Ард түмний ой санамж богинохон гэж эрх баригчид андуурч боддог нь үнэн юм. Тухайн үед, бүр тодруул­бал гэгээн цагаан өдөр сургуулийн сум, хаймран сумаар ард иргэдээ буудаж байсанд олон хүн эгдүүцэн дургүйцэж байсан билээ. Тэгэхэд сөрөг хүчний намын дарга тэр талаар хөндөж халаа­санд нь сум­ны хонгио байгаа талаар Ерөнхий­лөгч Н.Энхбаярт хэлэхэд телеви­зээр үзсэн олон хүн үүнд нь талархалтай хандаж байсан. Үнэн­дээ ардчилсан Монгол Улсад иргэд рүүгээ хаймран сумаар ч болов буудна гэхэд итгэхгүй бас тэрнийг байж боломгүй явдал гэж боддог байсан юм, бид. Гэтэл онц байдал зарласан 00 цагаас хойш өнөөх хаймран сум ч энүүхний явдал болж бүр галт зэвсэг хэрэглэсэн шүү дээ. Ард иргэдийн ой санамж хэдэн цагийн үед жагсагчид руу ямар сум хэрэглэж байсан, Ц.Элбэг­дорж ямар хонгионы тухай ярьж байсныг бас хэдэн цагаас хойш галт зэвсэг хэрэглэж хүний амь хороосныг санахтайгаа л байна. Дөрвөн жилийн өмнөхийг ч санах­гүй мэт гуйвуулан үйл явдлын чигийг өөрчлөх гэж улайран байгаа нь энэ намынхан үнэхээр л эзэн­гүйдүүлэхийн тулд бүх арга саамаа хэрэглэж байгааг батлан харуулж байна. Ард түмэн гээд эзэн биегүй мэт боловч ялгаж салгахаа салга­даг, үзэж харахаа хардаг их хүчин байдаг. Тийм ч учраас сонгуулиар нэг дүнгээ тавиад өгчихдөг билээ. Хэрэв тэдний өгсөн саналыг луй­вардчихгүй л бол үнэний багцаа­тай гарч ирнэ. Энэ утгаараа ирэх зургадугаар сард болох их сунгаа­гаар Монголд ардчилал ялах магадлал өндөр болж байгаа юм.

Гэхдээ бас анхаарч харах хүчин зүйлүүд байгааг ч хэлэх хэрэгтэй. Учир нь үрнээс дөнгөж соёлсон нялх ардчиллыг тэртээ ерээд онд суулгах үед шороог нь нааш цааш зөөж ирсэн хэдэн нөхөд бий. Тэд өөрсдийгөө ардчиллын партиза­нууд гэдэг. Хэд хэдэн жагсаал цуглаанд оролцож явсан тэр нөхөд соёлсон нахиагаа ургуулж, тойлохын тулд юу ч хийгээгүй атлаа шороо зөөж явснаа байнга ярьдаг. Бас өөрсдийгөө гавьяатай гэж төмөр болгоныг зүүх гэж нэхэж, байр сууц шагналд авах ёстой гэж урвайдаг. Тэд үнэхээр ардчиллаа Монголын хөрсөнд бат нот суулгах гэж хичээж, нялх нахиагаа арчилж байсан бол юу гэж өнөөдрийнх шиг болох билээ дээ. Тэгэхээр ардчил­лын партизанууд гэж өөрсдийгөө өргөмжлөгчдөд хандахад хорин жилийн өмнө зүтгэсэн шигээ одоо нэг зүтгэх цаг болжээ. Ингэхийн тулд хий дэмий цээжээ дэлдэлгүй, яль шалихгүй гоморхол, амбицаа даран байж хамтдаа зүтгэцгээгээч ээ. Ардчиллын партизануудын хийх зүйл ард чинь өнгөрсөн биш харин урд чинь байна гэдгийг хэлмээр байна. Ардчиллыг ургуулж дэлбээлүүлэхийн төлөө хорь гаруй жил тууштай тэмцэж байгаа бусды­гаа лидер гэж хэлүүлж байгаад нь уурсан хилэгнэж “Би ч бас тэгж явлаа” хэмээн өнгөрснөө мянга дахин томруулахын оронд хийх зүйл өмнөө байна гэдгийг ухаа­рах нь ирэх зуны ардчиллын ялал­тад шууд нөлөөлөх юм. Ардчиллыг Монголын хөрсөнд суулгах гэж анхнаас нь зүтгэж ирсэн С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Р.Гончиг­доржоос эхлээд М.Энхсайхан гээд олон хүн бий. Нам сольж явсан ч ардчиллыг гэсэн жанжин шугамаа­саа холдоогүй гэж үзэж байгаа учраас М.Энхсайханыг ч энд дурсч байна.

Хэрэв МАН ирэх сонгуулиар ялагдвал 2000 онд ардчиллынхан ялагдчихаад гудамжинд лааз өшиглөхөөр гарсан шиг суудлаа амар тавьж өгөхгүй нь олон зүйлээс харагдаж байна. Энгийн жишээ нь л саяхан болж өнгөрсөн хурандаа нарын асуудал. Одоо ч энэ асууд­лаар жинхэнэ өргөн фронтоор тэмцэл өрнүүлж байгаа. Үүнээс өмнө ч түүндээ бэлтгэж байсан. 2008 оны долдугаар сарын 1-ийнх шиг хэрэг явдал гарвал цагдаа нар хэрхэх талаар бэлтгэл сургуулилт хийхдээ заримыгаа босогчид, заримыгаа цагдаа нар болгон бэлдэж байгаа талаар манай сонин сурвалжлан хүргэж байсан. Тэр бэлтгэл сур­гуулилт ч яахав, хамгийн эмгэ­нэлтэй нь босогч болсон тал нь “Эрх чөлөө” гээд орилоод ирэхэд цагдаа нар нь “Эрх чөлөө чинь ингээд дуусдаг юм” гээд цохиж унагаж бэлтгэлээ хангаж байсан билээ. Ардчилсан нийг­мийн үнэт чанар болсон эрх чөлөө гэдэг үгэнд яагаад ингэтлээ зэвүүцнэ вэ. Хүн төрөлхтөнд тэр чигээрээ таагүй санагддаг “Алан хядлага” эсвэл “Терроризм” гэсэн үг байж болдоггүй юм уу. Энгийн мэт боловч энэ жишээ нэгийг хэлнэ. Нэгж шатандаа хүртэл ардчиллын эсрэг үзэлтэй энэ нам эрх мэдлээ өгөхгүйн тулд бүгдийг хийх нь тодорхой байгаа юм. Бүр Ерөн­хийлөгч онц байдал зарлаж, уг намыг татан буулгахад хүрэхэд ч гайхахааргүй харагдаж байна.

Ээ дээ, ардчиллын партизанууд минь элдэв жижиг амбицаа дарж, АН-д борооны дараа буцалдаг мөөг мэт бужигнасан фракцууд нь ашиг сонирхлоо зөөллөж, ардчил­лын төлөөх зүрх сэтгэлээ нэгтгэж чадвал, ирэх сонгуулиар ч ардчи­лал ялах гээд л байна даа.

Э.ЭНЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.