“Ногоон паспорттой” галт тэрэг буюу самрын бизнесийн нууц ноёд

ХИЛ, ГААЛИЙНХАН САМАР ГАРГАДАГ

Хуш модны самрыг хилээр гаргахыг хориглосон шийдвэр өнөөг хуртэл хүчин төгөлдөр байгаа билээ. Гэсэн хэдий ч хуш модны самар гаальчдын тусламжтайгаар хилээр гарсаар байгаа юм. Тухайлбал Өмнөговь аймгийн хилийн цэргийн 0166 дугаар ангийн Хилийн тагнуулын албаны дарга О.Цогтбаатар, Шивээ хүрэнгийн гаалийн ахлах байцаагч Ч.Болд нар 15 тонн самар хилээр гаргах гэж байгаад баригдсан. Замын-Үүдийн гаалийн ахлах байцаагч О.Цийрэгзэн 34 тонн самар хилээр гаргах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан аж. Мөн Баянзүрх дүүргийн иргэн Б.Сайнбаяр, Ч.Баянтөр нар 20 тонн самар Дорнод аймгийн Баянхошууны хилийн боомтоор гаргах гэж байгаад мөн баригджээ. Сонирхолтой нь 20 тонн самар ачсан машин хаашаа ч юм бэ алга болсон гэнэ.

Энэ хэргүүдийг үйлдэл дээр нь илрүүлсэн хэдий ч одоо хүртэл шийдэгдсэнгүй. Харин хураагдсан самар улсын орлого болж хятадуудад зарагдана. Хил, гаалиар хамгаалалт муутай нөхдүүдийн самар баригддаг гэсэн яриа ч бий. Монгол Улсын бүх хилийн боомтуудаар жилийн дөрвөн улиралд самар их, бага хэмжээгээр гарч байгаад нэг их гайхаад байх зүйл биш болжээ. Харин ч бүр хилчдийн ашгийн бус орлого болоод явчихдаг байна.

samarХАЛХАВЧ

Харин Chai Fungang тэргүүтэй самрын бизнесийн акулууд нэгэн зүйл бодож олжээ. Тэр нь юу гэвэл БОАЖЯ-нд самар боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтээ тавьсан юм. Ингээд 13 аж ахуйн нэгж самрын тос гаргах, хагас боловсруулах гэх мэт үйл ажиллагаа явуулах хүсэлтээ ирүүлсэн байлаа. Үүнээс үүдээд “Си Эйч Эй Ай”, “Тэнүүн зоргол”, “Ховд ой ан интернэшнл”, “Ган-Оюу Эрдэнэ”, “Грин пинус” гэсэн таван компанид Л.Гансүх сайдын тушаалаар гэрчилгээ олгосон байна. Гэрчилгээтэй болсон самрын үйлдвэр хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ хилээр гаргах эрхтэй болсон аж.

БОАЖЯ-наас самрын үйлдвэр байгуулах зөвшөөрөл өгсөн хэдий ч цагдаа, мэргэжлийн хяналт хураасаар байв. Хураасан самраа “Си Эйч Эй Ай” компанид зарсаар байсан аж. Гэрчилгээндээ найдсан “Ган-Оюу Эрдэнэ” компани тэрбум гаруй төгрөгөөр самар авч хагас боловсруулаад хилээр гаргах гээд чадаагүй. БОАЖЯ-ны байгалийн нөөцийн дарга Д.Энхбат, МХЕГ-ын хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхөө нар хилээр гаргах зөвшөөрлийг гурван удаа олгосон байдаг аж. Харин нөгөө талд нь Ойн газрын дарга Д.Ням, Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Р.Чингэс, хурандаа н.Амгалан нар хураах гэж зүтгэсэн байдаг юм.

Тэр ч бүү хэл хагас боловсруулсан самар гаргах зөвшөөрөл өгсөн яамны ажилтныг АТГ-т шалгуулж байжээ. БОАЖЯ-ны дэд сайд Ч.Жаргалсайхан, төрийн нарийн бичгийн дарга Батсуурь “Ган-Оюу Эрдэнэ” компанийн самрыг хураалгах талаар албан бичиг ч илгээж байсан аж. “Ган-Оюу Эрдэнэ” компанийн удирдлага тухайн үед “А.Си Эйч Эй Ай компанийнхан самар авах нэрээр хаана самар хадгалж байгааг мэдсэн. Тэгээд Эрүүгийн цагдаагийн газар, БОАЖЯ, гааль, мэргэжлийн хяналтын газарт ховлодог юм байна” гэж мэдэгдсэн.

Самрын бизнесийн бүлэглэлүүдийн хоорондын дайнд “Си Эйч Эй Ай” компанийн захирал Chai Fungang өрсөлдөгч нараа хууль хяналтын байгууллагатай хавсайдан ялалт байгуулж дахин сэргэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл “Ган-Оюу Эрдэнэ” компани тэрбум төгрөгийн самраа гааль дээр хураалгаад дампуурсан аж. 2003 оноос “Си Эйч Эй Ай” компани хилээр тогтмол самар зөөдөг байжээ. Нууцаар самар гаргахыг хүссэн бүхэн Chai Fungang-д ханддаг болсон байгаа юм. Түүний арга нарийсч жонш дотор самар хийхээс гадна хагас боловсруулсан самраа хайрцаглан бусдын нүдийг хуурах болсон аж. Тэр самрын тосны үйлдвэрүүд халхавч төдий зүйл байсан юм билээ.

Замын-Үүдийн гаалиар 27 чингэлэг самрыг Chai Fungang тэргүүтэй хятадууд гаргачихсан нь тодорхой болсон. Тэдний ар талд Орос-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын дарга Т.Очирхүү, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүү нарыг байгаа гэж хардах хүн ч байна. Хил, гааль, мэргэжлийн хяналтын удирдлагууд хилээр урсах самрын урсгалыг зогсоож чадаагүй. Хятадын ченжүүд хил гааль, мэргэжлийн хяналтынхантай хүзүү сээрээрээ холбогдон мафийн сүлжээ бий болгосон. Энэ сүлжээг таслан зогсоох сонирхол байгаагүй нь илт байгаа юм. Тийм учраас эдгээр дарга нарыг 27 чингэлэг самрын хэргээс үүдээд ажлаас халахад ч буруудахгүй. Мөн 27 чингэлэг самрын хэрэгт холбогдсон гаалийн байцаагч, дөрвөн цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэдэн зуун тэрбум төгрөгөөр эргэлдэх самрын бизнесийн халхавч билээ. Хэргийн гол эзэн болох “Си Эйч Эй Ай” компанийн захирал Chai Fungang аль хэдийнэ хилийн дээс алхчихаад байна. Тэрээр “Намайг их оролдоод байвал авлига авдаг төрийн албан хаагчдыг чинь нэрлээд өгнө. Би тун удахгүй Улаанбаатар хотод очно” хэмээн Бээжингээс утасдаж суудаг гэнэ. Нэгэн цагт Байгаль орчны сайдын ивээл дор цэцэглэж байсан самрын бизнесийн толгойлогч хятад эрийг баривчлаагүй цагт жинхэнэ эзэд нь баригдана гэдэг худлаа биз. Албан тушаалтны авлига, хүнд суртлын бэлгэ тэмдэг болсон “Ногоон паспорттой” галт тэрэг энэ төрийн өнгөнд лав зогсохгүй болов уу.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ, ТОЙМЧДЫН АЛБА

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Tags:

Нэр: Winford Allah Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.