Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөх бүсгүйчүүд

Сонгуулийн шинэ хуульд нэг намаас 20 хувиас доошгүй эмэгтэй нэр дэвшигчтэй байхаар заасан нь доод тал нь 15 эмэгтэй нэр дэвших ёстой болж буй юм. АН-ын хувьд сонгуульд өрсөлдөх хүчтэй эмэгтэй улс төрчид тийм ч олон биш гэнэ. Гэхдээ Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа гээд УИХ-ын суудалд эмэгтэйчүүдээ төлөөлж чадах хүчтэй эмэгтэйчүүд АН-д бий. АН-аас нэр дэвших магадлалтай эмэгтэй улс төрчдийг танилцуулья.

Овог, нэр Албан тушаал
1 Б.Мөнхтуяа УИХ-ын гишүүн асан
2 Ц.Оюунгэрэл Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч
3 С.Одонтуяа Сентоза ххк-ийн захирал
4 Л.Эрдэнэчимэг “Монос” группын захирал
5 Р.Бурмаа Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн
6 М.Батчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдалын  бодлогын зөвлөх
7 Г. Батчимэг АПУ ххк-ийн ерөнхий захирал
8 Ч.Куланда БСШУ-ны дэд сайд асан
9 З.Нарантуяа АЭХ-ны дэд тэргүүн, Монгол шуудан банкны дэд захирал асан
10 Ч.Сосормаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх

Б.Мөнхтуяа УИХ-ын гишүүнээр 2004-2008 онуудад сонгогдон ажиллаж байсан цөөн эмэгтэй улс төрчдийн нэг. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв. Парламентад байхдаа нэлээд дуутай, шуутай байсан тэрээр 2008 оноос хойш нам жим амьдрах болсон. Бизнесийн салбарт чамгүй амжилт дүүрэн яваа гэгддэг. Түүнийг АН-ын эмэгтэй улс төрчидөө манлайлан сонгуульд хүч үзэх байх гэсэн таамгийн ажиглагчид дэвшүүлж буй юм.

Ц.Оюунгэрэл АНУ-д боловсрол эзэмшиж, ном тууривсан нь түүнийг олны танил болгосон гэж ойлгож болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Намдаа, төдийгүй олон нийтэд танигдсан түүнд эрч хүчтэй, боловсролтой гэдэг сайн имиж үргэлж дагадаг. АН-аас ирэх сонгуульд хүч үзэх нь тодорхой болоод буй тэрээр аль тойрогт нэр дэвших нь хараахан ил болоогүй байна. Америк нөхөр нь түүнд сөрөг Пиар болохоос өөрөөр өөлөх зүйлгүй эмэгтэй улс төрчдийн нэг юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн фракцид багтдаг.

С.Одонтуяа АН-ын ҮЗХ-ны гишүүн, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг. УИХ-ын 2008 оны сонгуульд Баянгол дүүрэгт өрсөлдсөн ч өвдөг шороодсон. АН-ын хүчтэй эмэгтэйчүүдэд зүй ёсоор тооцогддог тэрээр Баянгол дүүрэгт даагаа нэхэх мэдээлэл байна. Нам дотороо УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нарыг давж гарч ирж чадвал, УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөлийг нэгээр нэмэх боломж түүнд бий. Эдийн засгийн мэргэжилтэй тэрээр “Сентоза” ххк-ийн захирал, “Иргэн та Баялаг” сангийн тэргүүнээр ажилладаг.

“Монос”-ын Л.Эрдэнэчимэг “Монос фарм трейд” ХХК-ийн ерөнхий захирал Л.Эрдэнэчимэг. Ахтайгаа нийлж тус компанийг хөл дээр нь босгосон бизнесмен эмэгтэй. Өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар аймагт нэр дэвшсэн ч амжилт олоогүй. Ирэх сонгуулиар ч Сүхбаатар аймагт даагаа нэхэхээр сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод байгаа гэсэн мэдээлэл байна.

Р.Бурмаа “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүнээр ажилладаг. Чингэлтэй дүүрэгт 2008 оны УИХ-ын сонгууль нэр дэвшин өрсөлдөж байсан. Мөн 2009 оны нөхөн сонгуульд өрсөлдсөн ч одоогийн УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод өвдөг шороодсон юм. Тэрээр мөн л Чингэлтэй дүүрэгтээ дахин нэр дэвших хүсэлтэй байгаагаа намынхаа удирдлагад мэдэгдсэн байдаг. Харин намын удирдлагууд нь түүнд итгэл үзүүлэх эсэх нь эргэлцээтэй байгаа. Чингэлтэй дүүрэгт АН-аас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар нар мөн нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлснээс үзэхэд нам доторх өрсөлдөөн ширүүхэн явагдах бололтой.

М.Батчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажилладаг. Монгол Улсад цөмийн хаягдал байршуулах нь гэсэн мэдээлэл цацагдах энэ үед олныг өөр дээрээ чадварлаг гэгч нь татаж чадсан нэгэн. Цөмийн хаягдлын эсрэг дуугарч чамгүй сайн шоудаж чадсанаараа олонд танигдаж эхлээд байгаа. Ардчилсан намын “Нэг Ардчилал” клубын зохицуулагчаар ажилладаг түүнийг УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь гэсэн таамаг бий. Гэхдээ аль тойрогт нэр дэвших нь тодорхой бус юм.

АПУ”-гийн Г.Батчимэг Үндэсний тэргүүлэгч компаниудын нэг “АПУ”-гийн ерөнхий захирал Г.Батчимэг. Түүний төрсөн ах нь УИХ-ын дэд дарга Г.Батхүү гэдгийг Монголын ард түмэн андахгүй. Ахтайгаа мөр зэрэгцэн парламентад суух зорилго тээж буй тэрээр Дорнод аймагт нэр дэвших нь гэсэн таамаг дэвшүүлж буй ч энэ нь батлагдаагүй. Тэрээр ирэх сонгуулиар 28-д багтан, сайд, агентлагийн даргад санаархаж байж мэдэх талтай.

Ч.Куланда Хамтарсан Засгийн газарт АН-аас орж ажилласан ганц эмэгтэй сайд. БСШУ-ны дэд сайдын албыг гурван жил гаруй хугацаанд хашихдаа доривтой ажил хийгээгүй, олон нийтэд танигдаагүй гэдэг шүүмжлэлийг намынхаа гишүүдээс сонсож байв. Дэд сайдын албан тушаалд очихоосоо өмнө МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан. АН-аас эмэгтэйчүүдээ төлөөлж нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийн нэг.

З.Нарантуяа Монгол шуудан банкны дэд захирлаар ажиллаж байсан бизнесмэн эмэгтэй. Улс төрд олонд танигдаж амжаагүй ч Завханчууд түүнийг сайн танина. Төрсөн нутгаасаа ирэх сонгуульд хүч үзэх битүүхэн санаа байгаа ч намаас нь нэр дэвшүүлэх нь эргэлцээтэй. Гэхдээ Аймгийн засаг дарга Я.Санжмятавтай хүч хавсарч орох санаархал байгаа гэх “шуум” бий. Тэрээр өдгөө Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.

Ч.Сосормаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн багт ажиллаж буй улс төрч эмэгтэйчүүдийн нэг. Ерөнхийлөгчийн гал тогооноос тоосоо өргөж мэдэх эмэгтэйчүүдийн нэг нь зөвлөх Ч.Сосормаа юм. Улс төрийн намтар түүний хувьд тийм ч арвин биш.

Т.АМУР
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.