МАН-ын адуу өвсгүй, АН-ын загас усгүй

Цоорхой хувинтай эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь усанд явдаг, эмгэн нь хүлээгээд л суудаг гэнэ. Усгүй бол цайгүй гэж эмгэн хангинана. Худгийн ус уурших нь амархан юм гэж өвгөн гомдоллоно. Хувингийнхаа цоорхойг хэн хэн нь шалгаж харсан нь үгүй гэнэ. Эцэс сүүлдээ тэсвэр алдсан эмгэний галын хайч өвгөний нуруун дундуур бууж, өвгөний таяг цай ч үгүй, царай ч үгүй эмгэний шилбэн дундуур тасхийв гэнэ шүү… Ийм нэгэн үлгэр “амар сайхандаа жаргахаар” зургаадугаар сарын 29-ний өдрийг хүлээн ид өрнөж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх гишүүдийнхээ асуудлыг хэлэлцэн АН-ынхан хоног өдрийн уртыг хурлын ширээний ард барах болов. МАН-ын гишүүд ч бас хурлаас хурлын хооронд гүйсээр удав. Өвгөн эмгэн хоёроос ялгаатай нь МАН, АН-ын хэн хэн нь УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хууль 30 гаруй заалтаар хоорондоо “хэрэлдэж” буйг мэднэ.

Ийм тохиолдолд эл зөрчил сонгуулийг сонгууль биш болгож хувиргана гэдгийг гадарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, цоорхой хувингаар ус зөөх гэж байгаагаа мэдэж буй. Тиймээс ч УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулбал барьсан загас ч үгүй, түрүүлсэн морь ч үгүй, баяжсан эзэн, баярласан хүүхэд ч үгүй хоцрохоо гадарлаж буй хэмээн найдъя. Шинэхэн баталсан хуулиа эргэн харж, хоёр сонгуулиа салган, тус тусад нь явуулах тухай МАН-ынхан удаа дараа ярьж, асуудал хөндөх болсон. Үнэн хэрэгтээ энэ нь зөвхөн МАН-ын ч асуудал биш юм. АН-д хаяглах албан шаардлага гэж хэлэхийг бас хүсэхгүй байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, төрийн бие даасан байдалтай холбоотой эмзэг асуудал гэдгийг улс төр гадарладаг хэн бүхэн мэднэ.

Энэ бол МАН, АН хоёрын хоорондын амбицаас ч үнэтэй, үндэсний баялаг билээ. Сонгогчдын өгсөн саналыг тоолох зарчим нь хүртэл тэнгэр газар мэт зөрөөтэй, сонгууль явуулах өдөр нь хүртэл өдөр шөнө мэт ялгаатай хоёр хуулийг яаж нэг өдөр зүй зохистой баримтлах вэ? Өвлийн өвгөний бэлгэнд л иймэрхүү ид шид нуугддаг байж магадгүй. Гэхдээ энд шинэ жилийн тухай биш, тусгаар улсын төрөө сонгох ардчилсан сонгуулийн тухай ярьж байна. Монголчууд цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш УИХ-ын таван ,сонгуулийг амжилттай гэж хэлж болох түвшинд зохион байгуулсан. Мөн төдий тооны Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн сонгуульд саналаа өгч, дунджаар 78 орчим хувийн ирцтэйгээр оролцсон байдаг. Энэ бол ардчилсан тогтолцооны зүй ёсны ололт байлаа.

Сайнаас гадна саар ч байсныг нуух аргагүй. 2008 оны долоодугаар сарын 1-ний гашуун өдрийг мартахгүй байх хариуцлагыг улс төрийн нөлөө бүхий хоёр том хүчин үүрсэн гэж хэлж болно. Гэвч зургаадугаар сарын 29-ний өдөр зарласан УИХ-ын болон Орон нутгийн сонгууль хуулийн зүйл заалтын зөрчлөөсөө эхлээд хямрал амлах болов. Хуулийн хүрээнд хүчингүй байж болох сонгуульд нэр дэвших нь утгагүй, саналаа өгөх нь ч үр дүнгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Сонгуулийн хямралаар нь далимдуулан хөгжиж буй орныг хяналтандаа авдаг, эдийн засаг, төрөөр нь тоглодог олон жишээг бид мэднэ. Дэлхийн жандарм гэдэг хэллэг зүгээр ч нэг яриа болон бичгийн соёлд нэвтрээгүй гэдгийг ухаарах уг нь амархан. Аливаа зүйл удирдлагаа алдаж, хяналтаас гарвал юу болдгийг 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулагчид нь ч, оролцогчид нь ч, тэр байтугай зүгээр харьж явсан гэмгүй иргэд ч амь, эрх чөлөөгөөрөө дэнчин тавин байж ойлгосон.

Тэгвэл яг одоо ардчилсан Монголын УИХ-ын сонгууль хяналтаа алдах нь. Сонгуульд 10 гаруй нам оролцож, УИХ-ын болон Орон нутгийн парламентад нийт 40 шахам мянган хүн нэр дэвших урьдчилсан тооцоо байгаа. Нэг сонгогч гурван хуудас жагсаалт уншиж, улс төрийн нам, парламентын гишүүн, аймаг сумын ИТХ-ын гишүүнээ “олж, таньж” сонгох гэж төөрөлдсөөр байтал тойрог, хэсгийн хорооны үүдэнд томоохон дараалал үүснэ. Ядаж байхад яр гэгчээр УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулиуд эвлүүлж нийлүүлэхийн аргагүй олон заалтаар зөрж байгаа. Өөрөөр хэлбэл, шинэхэн баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн зуунд хэрэгжүүлж эхэлсэн Орон нутгийн сонгуулийн хууль чөдөрлөж, дөнгөлчихөөд байгаа нь нууц биш. УИХ-ын сонгуулийн хуульд эл хоёр сонгуулийг нэг өдөрт явуулах тухай заалт бий. Магадгүй Орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчилсний дараа, 2016 онд ийнхүү жороо мориор “сонгуульдах” боломж бүрдэж болох юм.

Харин одоо, энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулах тухай заасан хуулийн ганцхан өгүүлбэрээс болж олон агуулга, зорилгоор амилсан УИХ-ын сонгуулийн хуулийн ололт амжилтыг шавхайд хутгаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Цоорхой хувинд ус дүүргэснээс ялгаа юу билээ. Сонгуулийн тогтолцоогоо шинэ цаг үед нийцүүлэн өөрчлөх, ингэснээр Монгол Улсыг жалга довны сэтгэхүйгээр чөдөрлөхөөс татгалзах, ардчилсан парламентыг ардчилсан байдлаар бүрдүүлэх, будилаан гарахаас сэргийлэх, сонгуулийн луйвраас зайлсхийх зэрэг өндөр ач холбогдол бүхий олон зорилгыг дээрх шинэ хуульд шингээсэн. Гэтэл энэ мэтийн “ариун зорилгоо” гээж орхиод, их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр сонгуулийн хямралд хүргэж болзошгүй нь. Сонгууль бүрийн дараа тойрог, хэсгүүд дээр их, бага маргаан гардаг. Энэ бүх маргааныг хуулиар зохицуулдаг. Тэгвэл энэ удаа зөрчилдөөд байгаа хоёр хуулийн алийг нь ашиглан асуудлаа шийдэх вэ гэдгийг ч ойлгоход хэцүү болов.

Тойрог, аймаг, сум, баг бүрт УИХ-ын сонгуулийн хороо, Орон нутгийн сонгуулийн хороог хамтад нь байгуулах уу, тус тусад нь хаяа дэрлүүлэн байрлуулах уу гэдэг нь ч тодорхойгүй байна. Хөдөө багийн төвийн ганц шавар байшинд УИХ-ын сонгуулийн хороо байрлачихна. Хажууд нь гэр бариад Орон нутгийн сонгуулийн хороогоо оруулчихлаа гэж бодъё. Адаглаад л сонгууль өндөрлөх хугацаа бүтэн хоёр цагаар зөрж байгаа болохоор хэрхэхийг хэлэхэд амаргүй. Тойрог, хэсгийн сонгуулийн хороогоо нэг өрөөнд “чихчихвэл” асуудал бүр хүндэрнэ. Ер нь ямраар ч бодсон шийдвэрлэхэд хэцүүхэн асуудал ар араасаа гарч ирнэ. Нөгөө талаар 2008 оны орон нутгийн сонгуулиар сонгогдсон албан тушаалтнууд, нийслэл, дүүрэг, аймаг, сумын ИТХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа шинэ хуулиар зохицуулагдах уу, эсвэл Орон нутгийн сонгуулиин хуулийг баримтлах уу гэдэг нь ойлгомжгүй.

Хуучин, шинэ гишүүд нь тэврэлдэж уулзаад, шахцалдаж суугаад ажил үүргээ гүйцэтгэж таарах уу? Энэчлэн олон олон ойлгомжгүй асуудлыг нэг мөр цэгцлэхгүй бол хуулийн цоорхой, хувингийн цоорхойтой адилхан адармаатай. Ялгаа нь гэвэл хувингийн цоорхойгоор ус төдийхөн гоожно. Хуулийн цоорхойгоор улс орны аюулгүй байдал, иргэдийн амь нас, эрх үүрэг, төрийн биеэ даасан байдал, үндэсний эв нэгдэл гоожоод дуусах аюултай. Байдал ийм байхад хоног хоногоор хуралдаж, холдоо хурдтай адуугаа сойгоод ч яалаа. Өдөр өдрөөр хуралдаж, өнгө сайтай хурдаа уяад ч яалаа. Загасчны морь усгүй гэж үг бий. Хууль батлагчдын морь усгүй, мод навчгүй болов бололтой. МАН-ын адуу өвсгүй, АН-ын загас усгүйгээс ялгаа юун. Сонгууль хүчингүй болж, дахин сонгууль явуулахдаа тулах энүүхэнд. Сонгуулийн хямралыг зориуд өдөөж, өнгөрсөн долоодугаар сарын нэгнийг дахин давтах сонирхол хэн нэгэнд байгаа юм биш биз?

Энэ жилийн эл өдөр ням гаригт таарч байгаа. Ард түмнээ хамгаалдаг цагдаа, цэргийнхэн амарч байх үе. Магадгүй, яг ийм зорилгоор цагдаа, хүчний байгууллага, энгийн иргэдийн дунд хагарлын хар чулуу шидэх үйл явц чимээгүйхэн өрнөж байхыг үгүйсгэхгүй. Сонгууль хямарч, хуулийн цоорхой улс төрийн хэрүүлийн алим болох үед эмгэний галын хайч тачигнаад ч яалаа, өвгөний таяг тасхийгээд ч яалаа. Хүүхдүүд ичиж, хөршүүд шоолж, алс холын авга нагац нар адуу малыг минь сүүлдээд эхэлбэл яана!

Р.Эмүжин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих