Д.Хаянхярваа: Нэг сая төгрөгийг ирэх дөрвөөс зургадугаар сард олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгох нэг сая төгрөгийн асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар Сангийн сайд Д.Хаянхярваатай ярилцлаа.

-“Хүний хөгжил сан”-гаас олгох 1.5 сая төгрөгийн үлдэгдэл сая төгрөгийг иргэдэд ямар журмаар олгох вэ?
-Засгийн газраас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийг дөрөв, тав, зургадугаар сард хувааж олгохоор шийдвэрлэлээ. Ер нь иргэдэд сая төгрөгийг олгож дуусна. Гэхдээ өмнө нь орон сууцны зээл болон бусад хэлбэрээр зээл авсан бол сая төгрөгийг хасаж тооцно.
-Иргэдэд олгох мөнгийг хуваалгүйгээр бөөнд нь өгөх арга байхгүй юу?
-Үнэхээр сая төгрөгийг бөөнд нь өгөх боломж хомс байна. Нөгөөтэйгүүр өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа цаашдаа нэмэгдэж болзошгүй байгаа инфляцийг барихад чиглэсэн арга хэмжээ авахын тулд гурав хувааж олгох шийдвэр гаргасан. Нийтдээ 334 тэрбум төгрөг шаардагдана. Одоо энэ хөрөнгийг цуглуулах ажил үлдээд байгаа.
-Иргэдэд олгох сая төгрөгийг гурав хуваахдаа сар бүрийн хэдийд олгох вэ?
-Ерөнхийдөө сая төгрөгийг гурав тэнцүү хувааж олгоно. Ойролцоогоор дөрөвдүгээр сард 330 мянган төгрөг, тавдугаар сард 330 мянган төгрөг, зургадугаар сард 340 мянган төгрөг олгоно гэж ойлгож болно. Харин яг хэдэнд олгохыг хэлэхэд эрт байна.
-Санхүүгийн эх үүсвэр хангалттай бий юу?
-Санхүүжилт амаргүй байгаа. Гэхдээ санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх үүрэгтэй хүмүүс маань эхнийхээ гэрээ хэлэлцээрийг хийгээд байгаа учир дөрөвдүгээр сард мөнгө олгох боломжтой гэж үзэж байгаа.
-Эхний ээлжинд сая төгрөг авах иргэд нэмэлт бичиг баримт бүрдүүлэх үү?
-“Хүний хөгжил сан”-гаас мөнгө олгодог ерөнхий зарчмаараа л сая төгрөгийг олгоно. “Хүний хөгжил сан”-гийн бичилт хийсэн дэвтэр бий. Тухайн иргэний мэдээлэл иргэний шинэчилсэн бүртгэлийн үеэр нэлээн чамбай хийгдсэн. Гэхдээ хувьцаа авна гэсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ангилах ажил хийгдэнэ.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд хэрхэн сая төгрөгөө авах вэ?
-1.5 сая төгрөг олгох ажлын хүрээнд 500 мянган төгрөгийг ирэх зургадугаар сард олгож дуусна. Харин 160 орчим мянган оюутан 1.5 сая төгрөгөө бэлнээр нь аваад дуусч байгаа. Оюутнууд сар бүрийн 21 мянган төгрөгөөрөө 500 мянган төгрөгөө авчихсан. Бас сургалтын төлбөрөөр сая төгрөгөө авсан. Сая төгрөгийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгохоор боллоо. Ингэснээр нийт 300 гаруй мянган иргэн 1.5 сая төгрөгөө авна гэсэн үг. Ерөнхийдөө зургадугаар сар гэхэд нийт иргэдийн 4/1 нь 1.5 сая төгрөгөө аваад дуусна. Үлдэж байгаа хэсэгт олгох журмыг сая төгрөгийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Дараа нь УИХ-д өргөн барьж, эцэслэн шийдвэрлэнэ. Мэдээж бид иргэддээ сая төгрөгтэй дүйцэх хэмжээний хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Тавдугаар сар гэхэд хувьцаа гаргах асуудлыг шийдвэрлэчих байх. Энэ бүхний дараа иргэд маань хувьцаагаа зарж, сая төгрөгөө авах боломжтой. Бидний тооцоолж байгаагаар хувьцаатай холбоотой сая төгрөгийн асуудал 2012 ондоо багтааж шийдвэрлэгдэнэ.
-21 мянган төгрөг олгох асуудал банкуудад багагүй ачаалал өгч байгаа. Сая төгрөгийг мөн дамжуулах уу. Энэ мөнгөнөөс арилжааны банкууд 21 мянгатай адил хураамж авах уу?
-Бидний өнөөдрийн тогтолцоо банкуудаар дамжуулах болохоор тэр дагуу л ажиллана. Ер нь банкны үйлчилгээг үнэгүй явуулдаггүй. Банк өөрөө хүн ажиллуулж байгаа, алслагдсан бүсүүдэд бэлэн мөнгө хүргэж байгаа. Тэгэхээр банк тодорхой хэмжээний хураамж авах байх.

С.Жигүүр


URL:

Сэтгэгдэл бичих