Доош орсон нь МАН уу, Н.Энхбаяр уу

Монголын алдарт хувьсгалын нам Онц их хурлаа хуралдуулж байна. Тэд МАН-ыг үл хүлээн зөвшөөрөгсөд. Ерэн насныхаа ойн дээр нэрээ сольж, зүсээ хувиргасан Монголын ардын намыг хүлээн зөвшөөрөөгүй хэсэг нөхөд салан тусгаарлан өрх гэрээ төвхнүүлэн үүд хаалгаа нээлээ.
Нэгэн цагт Монгол ардын хувьсгалт намын даргын алба хашиж явсан, бас нэгэн цагт Монголын бүх томоохон сэнтий дээр заларч явсан  нөхөр МАН-д гомдогсодоор өөрийгөө хүрээлүүлэн МАХН-ыг үүсгэн байгуулж буй нь энэ. Тэрбээр Монголын алдартай хувьсгалын намын онц их хурлаас тус намын даргаар Н.Энхбаярыг сонголоо. Үүнтэй зэрэгцэн МАН үймж эхлэв. МАХН-ын Онц их хурлаас айдастай үймээн  МАН-ынхныг айлгах болсон нь МАН ийм арчаагүй, жижигхэн Н.Энхбаяр тийм том байна уу гэсэн асуултыг нийгэмд хариултгүй үлдээж байна. Улстөрийн синдром, амбиц, солиорол, гэмээр энэ үйл явдал Монголын улстөрчдийн соёл, үнэлэмж ямар байгааг харуулах илэрхийлэл болж буй нь хамгийн аймаар.  Хүмүүс албан тушаалын төлөө юуг ч худалдаж, албан тушаалын төлөө өнгөрөөсөн амьдрал, үнэ цэнээ алдаж чаддагийг бас харуулах дүр зураг болж байна.
Гэхдээ энд бас нэгэн асуултын хариулт олдохгүй нь. Ингэхэд өнөөдрийн үйл явцад МАН доошоо оров уу, Монголын гурван том өндөрлөгийн албыг хашиж явсан Н.Энхбаяр доош оров уу. Түүнд ийм жижигхэн намын,  ерөнхийгөөр хэлбэл гомдогсдын талбар дээр эзэн суух ямар хэрэг байна. Энэ жижигхэн нам, гомдогсод, орхигдсоор дүүрсэн тэднээс яагаад МАН айгаад байна вэ. Айх шалтгаан тэдэн бий гэж үү. Бодохоос дургүй хүрмээр, өмнөөс нь ичиж улаймаар энэ хэрэг хэнийг хаана хүргэх эхлэлтэй вэ. Хэн юунд дурлан энэ жижигхэн намаар, тэр гомдогсдын сэтгэл дээр тоглоно вэ. Бас МАН-ын үймээн юу ч вэ.
Уг  нь МАН тэднээс айхааргүй Монголын том хүчин. Нус нулимстай өнгөрөөсөн 90 жилээ бодсон ч,  энэ тэндээс цугларсан эдгээр жулдрайнуудыг бодсон ч болж байгаа үйл явдалд илүү зангарагтай, илүү бардам инээгээд сууж байлаа.  Харин ч “Яахав, хөөрхий албан тушаал, амбицад дуртай нөхөд нам байгуулж байг л дээ” гэсэн шүү юм ярьсан шигээ бардам суусан бол МАН-д хасах бус нэмэх оноо ирэх байсан хэрэг. МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Өглөө тэр зааланд нь байж байгаа хүмүүсийг хараад байхад Ардчилсан холбооны анхдагчдын нэг Д.Нинж, Л.Цог гэх мэт олон намын хүмүүс байсан. Тэгэхээр нам намаас хаягдсан хүмүүс уулзаж нийлж байгаа юм болов уу гэж бодсон. Тиймээс энэ хурлын талаар манай нам Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх шаардлага байхгүй. Манай намтай холбогдолгүй асуудал гэж бодсон” хэмээн ярилцлага өгсөн нь намдаа бус өөртөө харин иргэдээс коко авч чадлаа. У.Хүрэлсүх яг л ингэж хэлээд зогсч байх байж. Улаан хамгаалагчдыг жүжиг тоглуулалгүй шүү дээ. Эцсийн  эцэст МАН ч, Н.Энхбаяр ч адилхан доошоо оржээ. Ингэх хэрэг Н.Энхбаярт бий гэж үү.
Н.НОМИН

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих