Ажнай Бат-Эрдэнийн луйвар 2

Өмнөговь аймгийн нэрийг үлэг гүрвэлийн үнэт олдвороос хойш дэлхийн нийтийн тусгалд дахин өртүүлэх болсон Таван толгойн ордын цаана ямар хууль бус наймаа явагдаж байгааг CHUHAL.mn сайт ил болгож, холбогдох баримтуудыг дэлгэж байна. Өмнө нь дурдаж байсанчлан “Эрдэнэс Таван толгой” ХК-ий их хишгийн сүүдэрт үлдсэн бага Таван толгойн нүүрсийг, мөн өмнөговьчуудын эзэмших ёстой 51 хувийн ашгийг “Ажнай” корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ болон түүний холбоотнууд олон жилийн турш завшсаар байгаа юм.

Өнөөдөр бага Таван толгойн нүүрсийг гадаад болон дотоодын зах зээл дээр борлуулж байгаа компаниуд нь цөөхөн хэдэн хүний мэдэлд байгаа бөгөөд хоорондоо нарийн холбоотой. Тэдний хууль бус холбоо сүлбээ нь Д.Бат-Эрдэнэ бага Таван толгойг эзэмшдэг “Таван толгой” ХК-ий ТУЗ-ын дарга болсон 2008 оноос хойш улам бэхжсээр бат хамгаалалттай болжээ.

“Ажнай”-н баталгаатай ар

“Таван толгой транс” ХХК нь Өмнөговь аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөх, “Ажнай” корпорацийн эзэн гээд олон гуншинтай Д.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан компани бөгөөд тус ордын нүүрсийг тээвэрлэх, зуучлах үйлчилгээний эрхтэй. Гэсэн ч өнөөдөр “Таван толгой” ХК-ны ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хууль бусаар ашиглаж, нүүрс экспортлож байгаа гэж Татварын ерөнхий газрын шалгалтын дүгнэлтэд цохжээ. Хуулийн дагуу бол бусдад өөрийн нэр хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл гэх зэрэг баримтыг ашиглуулахыг хориглодог. Гэтэл “Таван толгой” ХК-ий гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр 2008 оны 3-р сард ТЕГ-т “Манай Удирдах зөвлөлийн шийдвэрээр “Говь-Урал”, “Таван толгой транс” ХХК нь ОХУ, БНХАУ-руу манай ашиглалтын лицензээр нүүрс экспортлож байгаа” гэсэн албан тоот хүргүүлжээ. Тухайн үед “Таван толгой” ХК-ий ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баярт-Од, Гаалийн ерөнхий газрын Хяналт эрсдлийн удирдлагын газрын орлогч даргын албан тушаалтай байсан Б.Лхагвадорж нар дээрх тодорхойлолтыг нь баталж, хууль бус гаалийн бүрдүүлэлт хийжээ.

“Говь” угшилтай монополь

Бага Таван толгойн нүүрсийг дамнуулан худалдаж байгаа “Говь барилга”, “Баян-Уул”, “Говийн хаан” зэрэг компаниудын үүсгэн байгуулагч нь Өмнөговь аймгийн засаг дарга асан, ИТХ-ын нөлөө бүхий төлөөлөгч, “Таван толгой” ХК-ий орон нутгийн өмчит 51 хувийг төлөөлдөг С.Сумяа гэгч юм. Тэрбээр “Говь барилга” ХХК-ийг Д.Бат-Эрдэнэтэй хамтран байгуулсан нарийн, ширийн холбоотон нь аж. Мөн С.Сумъяа нь Өмнөговь аймгийн засаг дарга байхдаа Хүүхэд залуучуудын соёлын төвийн 40 саяар үнэлэгдсэн дуусаагүй барилгыг төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд шилжүүлэхээс нэг жилийн өмнө Д.Бат-Эрдэнэд заржээ. Ингэхдээ дуудлага худалдаа зохион байгуулалгүй эрхийг нь өөрийн “Баян –Уул” ХХК-ийн нэр дээр болгосон байна. Дараа нь Д.Бат-Эрдэнэд 6,3 дахин бага үнээр өгчээ. “Баян-Уул” ХК-д шалгалт хийхэд 349,1 сая төгрийг зөрчил илэрснээс 284,7 сая төгрөгтэй холбоотой асуудлыг ТЕГ цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж.

Хятадуудын дүрсэн “гар”

Нэрний уг сурвалж нэгтэй “Пүшинговь”, “Пүшинмон” компаниуд нь Хятадын “Пү-Шин” компаний охин компаниуд юм. Хятадууд эдгээр компаниудыг бага Таван толгойн нүүрсийг худалдаж авахдаа Монголоос гадна Хятадад татвар төлөхгүйн тулд байгуулсан гэж ТЕГ-ын шинжээч дүгнэжээ. “Пүшинговь” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй байж бага Таван толгойн 690,214,3 тонн нүүрсийг Хятад дахь толгой компанидаа зах зээлийн үнээс доогуур борлуулж 30,356 сая төгрөгийн орлого олсон ч татварын тайландаа тусгалгүй, нуун дарагдуулсан байна. Харин “Пүшинмон” ХХК үүнээс яаж дутах вэ гэсэн шиг МХАҮТ-аас олгосон “Гарал үүслийн гэрчилгээ”-гээр эзэн компанидаа хямд нүүрсээр “үйлчилж” олсон 41,731,0 сая төгрөгөө ч мөн нуун дарагдуулжээ. Уг “Гарал үүслийн гэрчилгээ”-г шалгаад Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтэн хууль бус гэж дүгнэсэн.

Бага Таван толгойн нүүрсийг “Таван толгой” ХК-ий удирдлагууд “дотны” компаниудаараа дамнуулан зах зээлээс ямар бага үнээр борлуулж байсныг доорх хүснэгт харуулна. “Дээдийн говь” ХХК-д гэхэд 2007 онд нэг тонныг 3,6 ам доллараар зарсан байна. Энэ нь ойролцоогоор 5000 төгрөг юм. Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” ХК-ий нүүрсийг тонн бүрийг 70 доллараар худалдаж байгаа нь хэтэрхий хямд гэсэн шүүмжлэл дагуулж байгаа билээ.

Энэ мэтчилэн холбоотнуудын хийсэн хууль бус наймаа олон жилийн турш үргэлжилж байна. Аймагтаа л “дээд зиндаа”-ныханд тооцогдох нэр нь дурдагдсан ба дурдагдаагүй 10 хүрэхгүй тооны хүмүүс Өмнөговийн иргэдэд очих ёстой мөнгийг хувьдаа завшиж байгаа нь баримтаар илэрсэн тул Татварын ерөнхий газар, ЭБЭХЯ-наас зайлшгүй хатуу арга хэмжээ авах саналыг аль аль нь гаргажээ. Гэтэл “Таван толгой” ХК нь орон нутгийн өмчит, ТУЗ-ын гишүүд нь шийдвэр гаргах эрхтэй тул ацан шалаанд орсон байна. Эрх мэдлийг гартаа атгасан Д.Бат-Эрдэнэ нар өөрсдийн арвин их мөнгөний уурхайгаа хаалгахыг хүсэхгүй. Тиймд шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн Засгийн газарт бага Таван толгойн Өмнөговь аймгийн мэдэлд байдаг 51 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авах санал гаргажээ. Бүр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төслийг ч гаргасан байжээ. Гэхдээ энэ хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээгүй, батлагдаагүй замхарсан юм. Манай сайт дараагийн удаа Засгийн газар өмчөө эргүүлэн авахын тулд ямар оролдлого хийж, хэн хэн оролцож байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно. Мөн бага Таван толгойн цаана болж байгаа дээдсийн хүрээнийхний луйврийг анхаарлын төвд оруулахын тулд өмнөговьчуудад очих ёстой 51 хувийг хэн гэдэг хүн, хэдэн хувийг нь эзэмшиж байгаа тухай дэлгэнэ.

chuhal


URL:

Сэтгэгдэл бичих