“ХАЛУУН МӨНГӨ”-ний УРСГАЛД МОНГОЛ ШАТАХ ВИЙ

Бид дахиад л хөөрцөглөөд эхэллээ. Юунд гээч. Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш өнгөрсөн онд 15 хувиар чангарч, ноён долларыг номхтгож байгаад тэр. Манай “Төгрөг” бол долларын эсрэг дэлхийд хамгийн чангарч чадаж байгаа мөнгөөр шалгарлаа, энэ үйл явдлыг бараг л баяр хийж тэмдэглэх ёстой гэх нь халаг.

Энэ үнэхээр сайн мэдээ мөн үү, үгүй шүү дээ. Яагаад вэ гэвэл хөгжихийг, хөгжилд хүрэхийг хичээж буй улс орнууд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг чангаруулах бус харин ч сулруулах бодлогыг барьдаг юм гэдгийг бид сайн ойлгохгүй байгаагийн илрэл энэхүү хөөрөл бөлгөө. Долларын төгрөгтэй харьцах ханш он гарсаар ёстой л сүн хийтэл огцом унаж байна. Өчигдрийн байдлаар нэг ам.доллар 1245 төгрөгтэй тэнцэж байна билээ.

Цаашдаа “ногооны” ханш сулралт улам үргэлжилвэл бидний инээд ханиад болж хувирах болно. Төгрөгийн ханш чангарахын ашиг тус юунд байх вэ? гэдгийг эхлээд бодоод үзэх хэрэгтэй болов уу?

За яахав. Гаднаас авдаг импортын барааны үнэ хямдарч эхлэх байх. Монголчууд бидний хувьд импортын бараа гэдэг бараг л тэр чигээрээ Хятадаас оруулж ирдэг хэрэгтэй, хэрэггүй юмнууд байдаг шүү дээ.

Өнгөрсөн жилд 1000 төгрөгөөр Эрээнээс хоёр хос оймс авдаг байсан бол одоо гурвыг авч чадна гэсэн үг. Тэгэхээр төгрөгийн ханш чангарах нь Хятадын эдийн засгийг шууд дэмжиж, эсрэгээр дотоодын буюу монголчууд бидний үндэсний үйлдвэрлэл уналтад ороход нөлөөлөх гол шалтгаан нь болно.

Тэгээд бид юундаа баярлаад байх ёстой гэж. Төгрөгийн ханш чангарахыг даруй хазаарлах бодлогыг бодвол төр засгаас удахгүй хэрэгжүүлэх биз ээ. Монголбанк юутай ч нэг жилийн өмнөөс Монголын дотоодын зах зээл дээрх сул долларыг хамж эхэлсэн ч төгрөгийн ханшийг сулруулахад нөлөөлж огтхон ч чадсангүй ээ. Манай улсын валютын нөө цийг саяхан 2,5 тэрбум ам.доллар гэж мэдэгдсэн. Одоо тэгвэл долларын ханшны сул рал, төгрөгийн ханшны өсөлтөөс хамаарч бид багагүй алдагдалд орчихлоо. 2.5 тэрбум “ногоон” юутай ч 15 хувиар багассан гэдэг нь тодорхой.

Валютаар тооцоогоо хийдэг, нөөцөө бүрдүүлдэг аж ахуйн нэгж, компани, албан байгууллагууд аюултай цохилтыг хэдийнэ мэдэрч эхэлсэн. Бид хэрэв анзаарсан бол он солигдохын өмнөх өдөр “Блүүмбэрг”-ийн оргил мэдээний цаг тэр чигтээ Монгол төгрөгийн ханш чангарч буйд эдийн засагч, санхүүчдийн анхаарлыг хандуулсан байсан. Том том эдийн засагч, санхүүгийн шинжээчид шууд ярилцлагад орж, үзэл бодлоо илэрхийлж байлаа.

Австралийн “ETHICAL INVESTMENT FUND” хэмээх менежмен тийн нэртэй компанийн эдийн засагч Жеймс Тайерийн хэлсэн дүгнэлтийг манай эдийн засаг, санхүүгийн бодлогыг зангидаж байдаг эрхмүүд бодвол сонссон байх гэдэгт найдна. Тэрбээр хэлэхдээ, “… Шри-Ланк, Монгол улсуудын мөн гөний ханшны өсөлт, хө- рөнгийн биржийн үр ашигтай байдал нь хэдийгээр эдийн засгийн тодорхой амжилт ч, ялангуяа Монгол Улс энэ огцом амжилтын эцэст олон зүйлээр хохирч, гаднын хөрөнгө оруулагчдад ашиглагдаад үлдэж магадгүй гэх зовнил төрж байна…” хэмээн онцолсон юм.

Түүнтэй санал нэг байгаагаа “ASIA PACIFIC SECURITIES” фирмийн эдийн засагч Ник илэрхийлэхдээ “Монголын Засгийн газар бүх гүйлгээг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хуулийг санаачилж батлуулсан нь төгрөгийн ханш өсөхөд нөлөөлсөн.

Хэдийгээр 2009 онд Монголын хоёр томоохон арилжааны банк дампуурсан ч бусад банкнуудын хувьд багагүй амжилттай жил байлаа” гэсэн нь нэг талаас манай улсын уул уурхайн Оюу толгой, Тавантолгой гэх мэт том ордуудаа ашиглалтад оруулах гэрээ, хэлцэлээ эцэслэсэнтэй шууд холбоотой.

Яагаад гэвэл энэхүү гэрээг дагаад Монгол руу долларын урсгал цутгаж эхэлсэн нь үнэн. Гэхдээ эл урсгал хүчээ аваагүй байгааг бид бодолцох хэрэгтэй болов уу. Оюутолгойн үйл ажиллагаа эхлэх 2013 оноос чухам юу болохыг төсөөлж байна уу. Монголын эдийн засагт долларын бороо асгарч, үер цутгаж эхлэх болно. Бид үүнийг алгаа ташин хөөрөн баясан хүлээж авахаа төсөөлөхдөө хожим жинхэнэ “цусаа холиулахаа” харин мартахгүй байх хэрэгтэй дээ. Монголд валютын илүү- дэл үүссэнээр төгрөгийн ханш улам л чангарах нь дамжиггүй. Энэ үед экспортын бараа үйлдвэрлэгчид ээлж дараагаараа дампуурч эхлэх аюул нүүрлэнэ.

Монголбанк валютын ханшийг тогтоож дийлэхгүй нь мэдээж. Эдийн засгийн өсөлт, өндөр ашиг, орлого дангаараа улс орны хөгжлийн жолоодогч гэвэл дэндүү эндүүрэл. Яг бидний одоогийнх шиг нөхцөл байдлаас ядуурал үгүйрлийн замд орсон улс орны гашуун туршлага байдаг юм билээ. Яагаад Австралийн эдийн засагч “Монгол Улс бусдад ашиглагдаад хохироод үлдэх вий дээ” гэдэг үгийг онцлон хэлсэн юм бол. Бид эл үгийг сайн эргэцүүлэх учиртай. Манай улсын банкны хадгаламжийн хүү маш өндөр байдгийг бид мэднэ.

Энэ бол нэг талаас хадгаламжийн эздэд ашигтай ч нөгөө талаас улс оронд тун хортой. Миний мэдэхийн Япон улсын аль ч банкинд хадгаламжийн хүү гэж байдаггүй юм. Та тэндхийн банкинд 1000 төгрөг хийгээд 10 жилийн дараа илүү ч үгүй, дутуу ч үгүй 1000 төгрөгөө л буцааж авна. Энд ганц мөнгөний ч хүү бодогдохгүй. Малайзид бол бүр мөнгөө хадга луулсныхаа төлөө хүү төлөх ёстой. Аж үйлдвэр өндөр хөгжсөн экспортын эдийн засагтай улс орнууд мөнгөний ханшаа ямагт сулруулах бодлого барьдаг болоод тэр юм. АНУ, Японы хоорондын худалдаа дандаа АНУ-ын талд хохиролтой гардгийн учир ердөө л мөнгөний бодлогод нь байсан гэдэг.

Одоо ч ялгаагүй Хятад улс АНУ-ын хоорондын гол зөрчил мөнгөний бодлогоос л болж байна. Хятадууд юанийн ханшаа хатуу бодлогоор сул байлгадаг учраас доллар тус улсад улам чангардаг. Үүнээс болж Хятадын экспортын барааг америкчууд маш өндөр үнээр, харин хятадууд америкийн барааг туйлын хямдаар авдаг болчихсон гэсэн үг. Тиймээс америкчууд Хятадын талыг юанийн ханшаа ингэж хүчээр хямд байлгаж болохгүйг шүүмжлэн аргадаж нэг, сүрдүүлж нэг, аргаа барж байдаг юм.

Саяхан БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Зинтао АНУ-д айлчлахдаа “буулт” хийж АНУаас 45 тэрбум долларын барааг худалдаж авахаар зөвшөөрөв. Ханшны бодлого гэдэг ийм л ажээ. Хэрэв төгрөгийн ханш энэ чигээрээ чангарсаар ахуйд гаднын хөрөнгө оруулагчдад (түр зуурын) туйлын таатай нөхцлийг үүсгэх юм. Дэлхийн санхүүгийн зах зээл тэр чигээрээ “дамын наймаачдаар” пиг дүүрэн.

Тэд хаана ханшны зөрөө гарахыг отоод, яг л өлсгөлөн бар шиг хүлээж байдаг. Одоо тэд Монголыг аль хэдийнэ анзаарч, үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн гэдэгт эргэлзэх юм алга. Дэлхийд маш олон хүн Монголын өнөөгийнх шиг нөхцлөөс богнно хугацаанд “мөнгө хийж” саятан болдог юм.

Тэд богино хугацаанд хөрөнгө оруулалт хийгээд ханшны зөрөөн дээр тоглож их ашиг олоод буцаад явчихдаг. Эцэст нь тухайн улс орон л хохироод үлддэг. Монголд яг одоо тийм байдал үүсээд байна. Хөрөнгө оруулалт чөлөөтэй цутгаж байгаа. Гэхдээ тэр болгонд хяналт огтхон ч алга. Түр зуур орж ирээд маш өндөр ашиг олоод гардаг урсгалыг “Hot money” гэж олон улсын санхүүгийн нэр томъёонд нэрлэдэг юм билээ.

Монгол руу найдвартай, тогтвортой, бүтээлч хөрөнгө оруулалтын урсгалаас илүү “hot money” цутгаад байдаг юм биш байгаа. Яг энэ тухай л “Блүүмбэрг”-ээр яриад байх юм даа. Монгол төгрөгийн улам чангарч байгаа ханш Монгол Улсыг маань гаднынханд нэг удаагийн бэлгэвч шиг болгочих юм биш биз дээ, эрхмүүд ээ.

өнөөдөр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих