Сонгууль хүлээх зуур

УИХ-ын сонгуулийн тов зарлахад хориод хоног дутуу ч “сонгууль угтсан” дуулианууд хэвлэлүүдийг чимээд эхэллээ. Хэрэглэж эхлээ ч үгүй байгаа Сонгуулийн шинэхэн хуульд нь Үндсэн хуулийн Цэц тортог суулгачихлаа. Уг нь мажоритар 48 суудал дээр 26 тойрогт “зодоглосон”  нэр дэвшигчид өрсөлдөгчдөө өвдөг шороодсон ч пропорциональ 28 суудал руу гулсч, УИХ-ын гишүүний суудлаар шагнуулах “бонустай” заалт байсныг Цэц түдгэлзүүлж, шинэ хуульд цав суулгав.

Цавтай хуулиа цавуудаж эвлүүлэх үү, эвлэх аргагүй эмтрэв үү гэдгийг УИХ-ын чуулганы хэврын чуулганы эхэнд шийднэ. УИХ бол “Сонгуулийн хуульд санал хураахаас зургаан сарын дотогш гар хүрэхгүй” гэж гэдийж үзэх байх. Мэдээжээр Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй. Цэц их суудлаараа буцаагаад хуулийн заалтыг эргэлт буцалтгүй түдгэлзүүлчихнэ. Санал хураалтаас 60 хоногийн өмнө сонгуулийг товлон зарлах учраас ингэж суух зуур нэр дэвшигчид тодрох цаг хугацаа тулж заалттай заалтгүй тойрогтой нь тойрогтоо, тойроггүй нь намын жагсаалтдаа яс зоогдохоос аргагүйд хүрнэ.

Сонгуулийн кампанийн үеэр үргэлжлэх олон олон дуулианыг өнөөдөртөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга хоёр эхлүүлээд байна. Идсэн уусан, төсөл зогсоосон, үгүй гэсэн маргаан МАН, АН хоёрын сонгуулийн бие халаалтыг эхлүүллээ.

Иргэд энэ сонгуулиар цахим үнэмлэхээр автомат машинд саналаа өгөх учиртай. Гэтэл цахим үнэмлэхийн бэлдэц гадаадаас ирэх хугацаа хойшилсоор байгаа нь сонгуулиас өмнө ухаантай үнэмлэхээ гартаа барьж чадах уу гэсэн эргэлзээг төрүүлээд байна.

Сонгууль хүлээх зуур улс төрийн намууд гишүүн элсүүлэх аянд мордлоо. МАН 1921, АН 1206 гэхчлэн өөр өөрийн бэлгэдэлт тоотой тэнцүү гишүүнийг талдаа татаж санал өгөгчдөө зузаалах ажлыг ид хийж байна. СЕХ тойргийн төвүүдээ тогтоож тойрог бүрт гарах зардлын дээд хэмжээгээ зарлахын сацуу санал тоолох автомат 3000 машиныг гаднаас авах ажилдаа оржээ.

МАН-ын сонгуулийн РR зургаан хувийн хүүтэй орон сууц, тавдугаар сард эхлэх төмөр замын ажил, халамжийн хууль, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгууль хүртлэх гурван сард гурав хувааж өгөх нэг сая төгрөг зэргээр эхэлж байгаа бол АН-ынхан хамтарсан Засгийн газарт байхдаа МАН-ынханд хэрхэн хавчуулж байсан хийгээд Батлан хамгаалахын залуу сайд Ж.Энхбаярын хийтэй үгс зэргээр анхаарал татах сэдвээ сонгоод байна.

Д.ОЮУН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.