Уул уурхайн бохирдлыг судлах лаборатори нээгдэв

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон Уул уурхайн Нөхөн Сэргээлтийн Корпораци /МИРЕКО/ нь Зүүн Азийн Цаг уурын хамтын ажиллагааны төслийн хүрээнд “Монгол орны уул уурхайн бохирдлын судалгаа болон бохирдлын мэдээллийн сан бүрдүүлэх” төслийг 2011 оноос эхлэн гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа юм.Уг төслийн хүрээнд “Уул уурхайн нөхөн сэргээлтийн судалгаа мэдээлэл, бохирдлын шинжилгээний лаборатори”-ийг нээж, уул уурхайн олборлолтын улмаас үүссэн хөрс, усны бохирдол зэрэг төрөл бүрийн бохирдуулагч элементүүдийг шинжлэхээр 1 сая ам.долларын өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүллээ.

Тус лаборатори нь уул уурхайн бохирдлыг дэлхийн түвшинд судлах боломжийг Монголд олгож байгаа аж.ICP, IC, GC зэрэг өндөр өртөг бүхий эдгээр тоног төхөөрөмжүүд нь хорт хүнд метал, органик бохирдуулагч бодис зэргийг маш тодорхой шинжилж тогтоох боломжтой бөгөөд үүгээр дамжуулан Монгол орны нийт нутаг дахь уул уурхайн бохирдлын өнөөгийн байдлыг тогтоох боломжтой юм.Уул уурхайн бохирдлын лабораторийг нээхээс өмнө МИРЕКО байгууллага нь 2011 оны дөрөвдүгээр сараас эхлэн зургаан сарын хугацаатайгаар Улаанбаатар хот болон баруун бүсийн 10 аймгийн 209 уурхайд бохирдлын судалгааг хийжээ.

Харин энэ онд Зүүн бүсийн аймгуудын 120 уурхайд бохирдлын судалгаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн Уул уурхайн бохирдлын GIS шинжилгээний системийг бий болгох аж.Үүгээр дамжуулан МУ-н Засгийн газар Уул уурхайн хохирлыг зохицуулах бодлого боловсруулах, тогтолцоогоо шинэчлэн сайжруулах, нэн түрүүнд нөхөн сэргээлт хийх шаардлагатай уурхайнуудыг сонгох зэрэг олон салбарт ашиглаж болох юм байна. Мөн уул уурхайн хохирол, бохирдлын талаарх ойлголт нэмэгдэж, эрүүл аж төрөх боломжоор хангах бодлого бий болвол уул уурхай байгаль орчны бохирдлыг шийдвэрлэхтэй холбоотой төслүүдээр дамжуулан тухайн бүс нутгийн оршин суугчдын аж амьдралын нөхцөл бололцоо сайжрана хэмээн албаныхан дүгнэж байна.

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин


URL:

Сэтгэгдэл бичих