Америкийн Монгол хуульч Батхандын Золжаргал /цуврал ярилцлага-26/

…Тэр нэгэн зун J-1 визээр Америкт ирсэн монгол оюутнуудтай холбоотой асуудлаар хуульчийн туслалцаа хэрэгтэй болж, Б.Золжаргалтай холбогдож байсан юм. Түүнээс хойш бид хааяадаа утсаар ярина. Ямартай ч өнөөдөр Америкт албан ёсоор хуулийн мэргэжлээр ажиллаж байгаа түүний тухай энэ ярилцлагадаа оруулахыг зорьсон. Өнгөрсөн жил Лос-Анжелост очихдоо бид 2 уулзаж, энэ ярилцлагыг хийлээ.

Нэг. Намтрын товчоон

-Улаанбаатар хотод төрсөн
-Нийслэлийн 14-р дунд сургууль
-ГХДС-ийн герман хэлний анги
-Берлиний Чөлөөт Их Сургууль
-Сан-Франциско  City College
-Glendale University College of Law

Хоёр. Нэг ажлыг хурдан чанаргүй хийснээс, нэг удаа удаан чанартай
хийсэн нь дээр.

Г.Галбадрах -Бага насныхаа тухай дурсамжаа хуваалцвал?

Б.Золжаргал -Би Улаанбаатарт төрсөн. Хуучнаар ЗХУ-ын СОТ-2 гэж байсан даа. Тэндэхийн ажилчдын хүүхдүүдийг сургадаг орос 14-р сургуульд шалгалт өгч тэнцээд элссэн. Би дээрээ 3 ахтай байсан болохоор эршүүд талдаа, бас нилээд сахилгагүй. 1-р ангидаа 2 сурдаг байв. 2-р ангид орох жил манайх Украйн явах болж, Украйнд 2-р ангидаа 3, 3-р ангидаа 4 сурч байв. Харин 5-р ангидаа Монголдоо буцаж ирээд 5 сурч эхэлсэн.

Г.Галбадрах -Хөгжилтэй л шатлал байна. Ямартай ч анги ахих тусмаа сурлага нь сайжирч байжээ.

Б.Золжаргал -Би хичээлээ маш хурдан хийдэг байсан. Мэдээж хурдан хальт мөлт хийж байгаа болохоор зөндөө л алдаатай байлгүй яахав. Аав минь үзчихээд дэвтрийг минь буцаагаад шидчихнэ. Ердөө ч загнахгүй “буруу байна, дахиад хий” гэнэ. Загнавал би эрхлээд уйлчих санаатай. Олон удаагийн ийм давтамжаас “олон удаа хурдан алдаатай хийснээс, нэг удаа удаан алдаагүй хийсэн нь дээр юм байна” гэдгийг амьдрал дээрээс өөрөө л ойлгож байгаа юм.

Г.Галбадрах -Аав ээж 2 тань сайн ч хүмүүжүүлж, өөрчилжээ.

Б.Золжаргал -Тийм шүү! Аав ээж 2 минь надад хичээл зааж өгөхдөө ердөө ч уурлахгүй, их ч тэвчээртэй байдаг байж. Эрхдүү дураараа өссөн намайг тэд маань их ч тэвчээр гаргаж байж зөв хэвшилд сургасан даа. Би бусдаас онцгой хүүхэд байгаагүй. Аав ээж 2 минь бүтэн 5 жил уйгагүй, тэвчээртэй зууралдаж байж намайг сайнаар өөрчилсөн. Энэ хэвшил нь одоо ч миний амьдралд ямар их хэрэг болдог гээч.

Тэд бас надад шүлэг цээжлүүлээд олны өмнө уншуулна. Энэ бол нүүр хагарахын эхлэл. Олны өмнө өөрийгөө илэрхийлэх чадвар хуульч хүнд их хэрэгтэй байдаг. Энэ бүхэнд намайг сургаж өөрчилсөн аав ээж 2-тоо бүх л насаараа талархаж явдаг даа.

Г.Галбадрах -Бага насандаа мөрөөдөж л явсан байх.

Б.Золжаргал -Аав ээж 2 минь биднийг ном их уншуулдаг байлаа. Ах нар минь адал явдалтай ном их уншина. Тэр номуудыг нь уншаад л ” цагдаа” болно гэж мөрөөддөг байв. Гэхдээ үүнийгээ бусдад хэлэхгүй. Дотор сэтгэлдээ мундаг “мөрдөн байцаагч” болчихоод олон ч аймшигт хэргүүдийг илрүүлж байгаагаар төсөөлнө. Гэрийнхэндээ энэ тухай хэлбэл тэд мэдээж зөвшөөрөхгүй л дээ.

Г.Галбадрах -10-р ангиа төгсөөд ямар сонголт хийв дээ?

Б.Золжаргал -Би 10-р ангиа төгсөөд ГХДС-ийн герман хэлний ангид суралцсан. 1991 онд аав минь нас барж, ээжийг минь 46 насанд нь СОТ-2-оос тэтгэвэрт нь гаргачихлаа. Мэдээж амьдрал хэцүү болов. Дүү минь МУИС-ийн хятад хэлний ангид суралцаж байсан юм. Амьдрахын эрхээр бусдыг дуурайж дүүтэйгээ хамт наймаа хийж эхэллээ. Бид ганзага нийлж, нилээд ч мөнгө олсон.

Г.Галбадрах -Тэр үеэр нийгэм даяараа л хөдөлгөөнд орж байсан. Социализм задарч байсан тэр үед хүмүүс нүдээ нээж, амьдрах аргаа олох гэж янз бүрээр л оролдож байв.

Б.Золжаргал -Миний нэг ах минь 14-р сургуулийг төгсөөд МУИС-ийн Германы инженерийн бэлтгэлд суралцаж байгаад Германы Дрезден хотод суралцахаар явсан юм. 1994 онд дүүтэйгээ хамтаар ах руугаа Германд очлоо. Тэр үед миний сонсгол муу байсан л даа. 2000 он хүртэл Германд ирэн очин байхдаа 2 чихэндээ хагалгаа хийлгэж сонсголтой болсон. Миний чихний хагалгааг роботон гараар хийсэн юм. Би өмнө нь Германд байхдаа чихэндээ сонсголын аппарат зүүж байгаад герман хэлийг сурсан байсан.
Энэ бүхэн надад их боломжийг авчирсан болохоор Берлиний Чөлөөт Их Сургуульд хуулийн чиглэлээр суралцахаар шийдлээ. Энэ тухай сонсоод ээж минь надад “зорилгодоо хүрэхийн тулд эргэж харахгүй явах хэрэгтэй” гэж сургаж хэлсэн.

Гурав. Хуульч болсон зам

Г.Галбадрах -Ямартай ч багын мөрөөдөл тань хуулийн мэргэжлээр суралцахад тань нөлөөлжээ.

Б.Золжаргал -Тийм шүү! Тэр үед Герман 4 хэсэгт хуваагдсан байлаа. Би Берлинд суралцсан. Хичээж боломжийн л суралцсан. 2000 онд сургуулиа төгсөөд Монголдоо буцаж очлоо. Дүүтэйгээ хамтраад дахиад л бизнес хийв. Дүү минь толгой нь ч сайн ажилладаг, бусдыг сайн ойлгож, өөрийгөө ч сайн ойлгуулж чаддаг, ер нь л бизнесийн авьяастай. Сүүлд нь бид гадаад хэлний курс хичээллүүлж байв. Гэхдээ түүнийг хууль ёсоор их ч чанартай сайн явуулж байсан.

Г.Галбадрах -Гадаад хэлний курс хичээллүүлж байх үедээ Америкийг сонирхож эхэлсэн үү?

Б.Золжаргал -Миний дээд талын ах анх Сан-Франциско явсан. Тэр ах минь намайг Германд анги алгасуулан сургаж байсан юм. Би хэлний курс хичээллүүлж байхдаа англи хэлийг сурч эхэлсэн. 2001 онд ТОFEL-ийн шалгалтыг өгч 639 оноо авлаа. Тэгсэн хэрнээ англиар сайн ярьж чадахгүй. СОРОС-ын сангийн номын санд сууж англи хэлээ бэлтгэдэг байв.

Ах минь надад санал болгосноор өөрийн хэлний курсийн шугамаар 2002 онд АНУ-д ирэв. Хэлний мэдлэгээ сайжруулахын тулд Сан-Францискод City Colleje-d хуульчийн туслахын ангид суралцсан.

Г.Галбадрах -Энд бас л хуулийн чиглэлээ сонгож дээ.

Б.Золжаргал -Тэгсэн. 2003 онд энэ сургуулиа төгсөөд Лос-Анжелос хотод ирж 2004 -2008 оны хооронд Калифорны Глендалийн Их Сургуулийн Хуулийн Сургууль /Glendale University College of Law/-д оройгоор суралцаж төгслөө. Сургалтын төлбөрөө төлөх гэж өдрийн цагаар ажиллаж байв. Манай ангид анх 62 оюутан элсээд 13 нь төгссөн гээд бодохоор нилээд чанга байсан шүү.
Шалгалтандаа тэнцэхгүй, 70-аас доош оноо авах юм бол шууд хасдаг системтэй.
Хууль сурахын тулд өдөрт нэг хичээлд 10-аад хэрэг уншиж анги дээрээ ярилцана. 4 семистртэй. Захирал маань евреи хүн, их ч хатуу шаардлагатай.

Г.Галбадрах -Хуулийн чиглэлээр сургаж байгаа болохоор их ч хариуцлага шаарддаг байсан байх. Харин чи хэр суралцаж байв?

Б.Золжаргал -Би их хичээж байсан. Ямартай ч ангидаа эхний 3-т ордог байв. Сурч байхдаа жил бүр шагнагдаж байлаа. Сан-Францискод хуулийн туслахаар суралцаж байхдаа Фулбрайтын сангийн шагнал авсан юм. Тэр сургууль маань 18000 оюутантайгаас 8000 нь гадаад оюутан. Энэ шагнал надад их ч урам өгсөн.

Глендальд жилд 3 оюутны эрдэм шинжилгээний бүтээл болон судалгааны материалыг хэвлүүлдэг. Энд шалгарч 1000$-ын шагнал авч байв. Шагнал гардуулах ёслол нь их ч сүртэй. Шератон зочид буудалд ийм ёслол нь болж 200-аад хүний өмнө шагналыг нь гардуулдаг юм. 4 жил суралцахдаа 4 удаа шагнал авч байсан юм байнаа.

Дөрөв. Нийгэм нь иргэнээ хуулиар хамгаалах ёстой

Г.Галбадрах -Сайн суралцжээ. Энд мөнөөх л аав ээжийн тань их ч тэвчээртэй байж сургасан сайн хэвшил нь нөлөөлсөн байх. Хууль ёсыг чандлан сахидаг, энэ талын өрсөлдөөн ихтэй Америк оронд хуулийн чиглэлээр амжилттай суралцана гэдэг тийм ч амар зүйл биш байх.

Б.Золжаргал -Тийм ээ! Миний хичээл зүтгэлд аав ээжийн минь нөлөө их бий. Нөгөө талаар хууль бол миний амьдралын мөрөөдлөөс илүүтэй зорилго минь болсон болохоор хичээхээс ч өөр аргагүй.

Г.Галбадрах -Америкийн хуулийн талаар товч болов ярьж өгөхгүй юу?

Б.Золжаргал -АНУ-ын Үндсэн Хууль нь дэлхийн бүх улсуудын хуулиас хамгийин жижиг нь. Их ч товч хураангүй атлаа үндсэн заалтууд нь үнэхээр мундаг. Үг бүр нь маш оновчтой хэрнээ маш их утгыг агуулж байдаг. Энэ Үндсэн хуулиас салаалж бусад хуулиуд нь гарна.

Үүн дотроо
-Эрүүгийн болон Захиргааны хуулиуд нь кодлогдсон байдаг. Кодлогдсон гэдэг нь маш нарийн заалттай гэсэн үг. Эдгээр хуулиудын зузаан зузаан ботиудад нь “ийм хэрэг үлдсэн бол ингэж шийтгэнэ” гээд маш нарийн атлаа тодорхой заасан байдаг. Хэн ч байсан дагахаас өөр аргагүй.
-Бусад хуулиуд нь кодлогдоогүй. Жишээ нь Иргэний хууль байна. Хүн ямар нэгэн хэрэг үйлдсэн байхад санаатай болон санамсаргүй үйлдсэн эсэхийг ялгаж салгахаас эхлэнэ. Шийдэхдээ яг нарийн заалт үгүй учир, өмнө нь ийм хэргүүдийг хэрхэн шийдсэн туршлагууд дээр түшиглэдэг. Тэгэхээр энэ бол шүүгчээс их мэдлэг, туршлага шаардана гэсэн үг.

Г.Галбадрах -Энэ дотроос “Иргэний шүүх”-ийг илүү сонирхоод байна л даа.

Б.Золжаргал -”Иргэний шүүх” дээр асуудлыг “хүн” гэдэг талаас нь их авч үздэг. Яг энэ утгаараа хуулийн этгээдийг ч “хүн” гэж авч үзнэ. Компани, засаг захиргааны байгууллага, олон нийтийн байгууллагуудыг ч хуулийн этгээд, мөн “хүн” гэж тооцдог. Ийм харилцаанд сэтгэл санааны хохирлыг ихэд анхааран авч үзнэ. Жишээ нь хэн нэгэн хүн нөгөө хүн рүүгээ утасдаад дарамтлаад байвал сэтгэл санааны шаналал болдог. Үүнийг сэтгэл санааны хохирол гэж үзээд шүүхдэж болно.
Иргэний шүүх дээр хэрэг болгоныг тусад нь авч үздэг. Үйлдлүүдийн ангилал гэж бий. Энэ нь өөрийн гэсэн элементүүдтэй. Асуудлуудыг шийдэхдээ өмнө нь шийдэж байсан туршлагуудыг баримжаа болгох нь олонтой.

Г.Галбадрах -Ямар ч улс орон иргэдээ хуулиар л хамгаалах ёстой байх нь?

Б.Золжаргал -Ямар ч улс орнууд иргэдээ 2 хуулиар хамгаалдаг.
1. Иргэний хууль. Маргалдагч 2 талыг хоёуланг нь сонсоод шийдвэр гаргана.
2. Эрүүгийн хууль. Буруутай гэдэг нь нотлогдоогүй байхад буруугүй гэж үзнэ. Буруутай гэдгийг зөвхөн прокурор л нотолдог. Мөн үйлдлийг санаатай болон санаандгүй алин болохыг ялгах ёстой. Буруутай нь нотлогдсон бол заавал хуулийн хариуцлага хүлээнэ.

Г.Галбадрах -Хүмүүс хууль зөрчих атлаа өөрийн эрхээ тоочиж зөвтгөдөг.

Б.Золжаргал -Хүний эрх гэдэг их чухал зүйл л дээ. Хүний хувийн амьдралын эрхийг хуулиар хамгаалж байдаг. Жишээ нь, хүний зургийг зөвшөөрөлгүй ашиглахгүй байх, айлгаж сүрдүүлэхгүй байх, хувийн амьдралын асуудлыг нь бусдад дэлгэрүүлэхгүй байх гээд. Зочид буудлууд яагаад камергүй байдаг юм бэ? Зочид буудалд хүний хувийн амьдрал үргэлжилж байдаг учраас түүнд халдах эрхгүй.
Харин хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд хувийн амьдралын эрхэнд нь халдах боломжтой.

Г.Галбадрах -Америкийн хуулиудын сайн талуудаас нь дурдвал?

Б.Золжаргал -Америкийн хуулиуд хүмүүст эрх чөлөө олгохоос гадна боломжуудыг олгодог. Хүн өөртөө санаа тавьж, өөрөө хөгжих боломжуудыг олгоно. Хүнийг хөгжүүлэхийн тулд өрсөлдөөн гаргаж өгнө. Эрх чөлөө- нийгмийн хамгаалал-боломжууд. Хэрэв чи хөгжихийг хүсээд, эргүүлээд төлж чадах бол зээл авч болно.
Нөгөө талаас нийгэм бүх хүнээ хамгаалах ёстой. Бас хүмүүс өөрийгөө хамгаалах боломжтой. Хэрэв та хууль зөрчвөл өөртөө байгаа бүх эрхээ алдана. Энэ эрхээ алдахгүйн тулд хүмүүс хуулийг сахиж, дүрэм журмыг зөрчихгүй байхыг хичээдэг. Ер нь хүнд илүү их эрх өгөх тусам хүмүүс энэ эрхээ алдахаас айдаг. Олон боломжууд өгөх тусам түүнийг алдахыг хүсдэггүй
Харин хүнд юу ч байхгүй бол алдахаас айдаггүй. Хууль зөрчихөөс ч айхгүй. Гол онцлог нь энд л байгаа юм. Америкт бас улс болон хувь хүний сонирхол зэрэгцэж явдаг. Тиймд ч энд хууль зөрчих асуудал тэгтлээ хавтгайрдаггүй.

Г.Галбадрах -Өдгөө Монголд хууль хэрэгжихгүй байна гэж их ч шүүмжилж байгаа?

Б.Золжаргал -Монголд хууль хангалттай байгаа. Харин түүнийгээ сурталчилж, хэрэгжүүлэх тал дээр дутмаг байж магадгүй. Ер нь хүн өөрийгөө хуулиар хамгаалж сурах хэрэгтэй байгаа юм л даа. Үүний тулд өөрсдөө хуулиа мэдэж, түүнийгээ хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй.
Захиргааны хууль бол хэн ч байсан тухайн оронд амьдрах дүрэм нь. Үүнийг хэн ч зөрчих эрхгүй.
Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байна. Үзэл бодлоо илэрхийлсэний төлөө тэр хүнийг харааж зүхээд, доромжлоод байх ёсгүй.
Манайхан хуулийн үр дүн рүү нь хардаг бол, Америкчууд үйлдсэн хүн рүү нь хардаг. Монголд “энэ хүн хэрэг хийчихлээ, ямар бузар булай амьтан бэ?” гээд хашгирч байхад, Америкчууд “энэ хүн яагаад энэ хэргийг хийчих вэ?” гэж эргэцүүлж эхэлнэ. Гол ялгаа нь бас энд байгаа юм.

Тав. Би Монголчууддаа туслахыг хүсдэг

Г.Галбадрах –Сургуулиа төгссөний дараа?

Б.Золжаргал -Би Калифорнид Хуулийн сургууль төгссөнийхөө дараа Bar exam-д бэлтгэдэг сургалтанд сууж шалгалтаа амжилттай өгсөн. Энэ шалгалтыг өгснөөр Калифорн муждаа өмгөөлөгч , прокурор, мужийн болон Холбооны шүүгч гэх мэт бүх төрлийн байгууллагад эрүүгийн, иргэний, захиргааны аль ч чиглэлээр ажиллах эрхтэй болдог. Бас шүүхийн офицерийн тангараг өргөнө.

Г.Галбадрах -Америкт амьдарч байгаа Монголчуудын дийлэнх нь цагаач байгаа.

Б.Золжаргал -Америк бол цагаачдын орон. Хаанаас ч хамаагүй хүмүүс энд ирээд “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж амьдарцгааж байна. Боломжууд нь их байгаа. Азиуд бид илүү азтай. Бид Азийн хүмүүжилтэй болохоор бие биендээ их ч тусалж, их ч шахдаг. Америкчууд хүүхдэдээ “чадахын хирээр хичээгээрэй” гэж хэлдэг бол, Азиуд “муу авах юм бол сайхан мэдээрэй” гэж хэлдэг. Тийм болохоор Азиуд ийм шахалтаар хүссэн хүсээгүй хичээдэг. Монголчууд угаасаа нүүдэлчин гаралтай, дасан зохицох чадвар сайтай болохоор Азиуд дундаасаа ч илүү амжилтад
хүрэх боломжтой. Монголчууд олон хэлтэй, олон хүмүүстэй харьцаж сурсан, оюуны өндөр чадвартай хүмүүс шүү дээ.

Бид Америкт ирээд бүх л зүйлийг О/тэг/-оос эхэлсэн. Ер нь нэгдүгээр үеийн цагаачид хамгийн их зовдог. Тэд зам гаргадаг хүмүүс. Дараа үеийнхэн нь тэдний гаргасан замаар явж, туршлагыг нь хуваалцаж, сайн үр дүнг нь хүртдэг.

Г.Галбадрах -Тийм болохоор, хууль дээдэлдэг Америк оронд хуулийн зөвлөлгөө өгч тусалдаг хүмүүс хэрэгтэй болно гэсэн үг.

Б.Золжаргал -Монголчууддаа туслах хэрэгтэйгээр барахгүй туслах ёстой. Цагаачлалын олон жилийн туршлагатай орны иргэд удаан хугацаагаар амьдрахаар ирж байгаа бол бараг онгоцноос буунгуутаа л хуульч дээр очиж, визний ангилалаа яаж өөрчлөх, цаашид яах учиртайгаа асууж зөвлөлгөө авч эхэлдэг. Бид яагаад тийм байж болохгүй гэж? Бид ийм боломжийг нээхийг хүсч байгаа.

Г.Галбадрах -Монголын нийгмийн амьдрал болон хүмүүсийн бодол санаа, хандлагыг ажиглаж байгаа байх?

Б.Золжаргал -Болж бүтэж байгаа зүйл олон байгаа ч эмзэглэж байгаа зүйлүүд байгаа. Байдлыг анзаараад байхад монголчууд бид уралдаанд оролцоод байгаа юм шиг санагдаад байдаг юм. Мөнгөний төлөө өрсөлдөөд л, бие биенээсээ давж гарах гээд, бие биендээ баярхаж гайхуулцгаагаад л… Хүмүүс өөрийнхөөрөө, байгаагаараа байж чадахгүй, байнга л бусадтай харьцуулан өрсөлдөж, бас бухимдацгааж байна. Энэ муу үзэгдэл шүү дээ.
Мөнгө бол амьдралын зорилго биш, амьдралын тулгуур нь. Жишээ нь Америкт хүн өөрийн байгаагаараа байх боломж нь бий, илүү өсч хөгжих боломж нь ч бас бий. Хэрэв илүү өсч хөгжихийг хүсвэл илүү хөдөлмөрлөж, илүү хариуцлага үүрэх ёстой. Би Монголын нийгмийг ийм болоосой гэж хүсдэг.

Монголд өнөөдөр бэлнээр тарааж байгаа 21 000 төгрөг хүн болгонд ялгавартайгаар нөлөөлж байгаа. Хүн яг мөнгөгүй болохын зовлонг гадаадад байгаа монголчууд маш сайн мэддэг. 1$ ч 5 $ ч хэрэг болох үе байдаг. Ийм байдалд байгаа хүмүүст энэ мөнгө хэрэг болж л байгаа. Зарим хүмүүст энэ нь хэрэг болохгүйгээр барахгүй зугаа цэнгэлд үрээд л дуусгаж байгаа.
Хөдөөнөөс хотод нүүж ирж байгаа хүмүүс чинь бас л цагаач маягийн улсууд юм шүү дээ. Эдэнд бидэнтэй адил олон асуудлууд тулгарч л байгаа. Энэ бол бас л анхаарах асуудал.

Г.Галбадрах -Тийм шүү! Энэ асуудлуудтай санал нийлж байнаа. Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлж яваад тань талархаж байнаа. Цаашдаа Монголчууддаа их тус болж яваарай.

Б.Золжаргал -Танд ч бас их баярлалаа. Хүн аз жаргалтай байхын тулд дуртай ажилтай байх ёстой. Дуртай ажилдаа өнгөрөөж байгаа олон цаг минь Монголчуудын төлөө зарцуулагдаж байвал би их баяртай байх болно. Надад хандсан хэнд ч болов боломжоороо туслах болно. Та бүхэндээ амар амгалан, айдас дарамтгүй амьдрахыг ерөөе.

…Бид хэдийгээр харь оронд ажиллаж амьдарч байгаа ч хуулийн дор л амьдардаг. Бидэнд мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй олон зүйл байгаа болохоор бид хуульчид ханддаг. Энэ оронд бид хууль гэдэг ямар чухал харилцаа болохыг, бидэнд амар амгалан амьдралын баталгаа болдгийг бид ойлгож мэдэрч байгаа. Энэ ч байдлаараа хуулийг чанд сахиж сурч байна. Энэ орон зайд Монгол хуульч өөрийн компаниа байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа нь надад бахархалтай санагдсан. Лос-Анжелосийн оюутнуудтай уулзаж байхдаа хуулийн чиглэлээр суралцаж
байгаа хэд хэдэн оюутнуудтай уулзаж танилцсан. Тэд ч бас мөдхөн өөрсдийн орон зайгаа эзлээд л гарч ирнэ. Энэ бүхний түүчээ болж, өөрийн зорьсон зорилгодоо тэмүүлж яваа Б.Золжаргал танд талархлаа илэрхийлж амжилт хүсье. Бид бүхэн хэрэгтэй үедээ Монгол хуульчдаа хандаж байх сайхан боломжтой болжээ.

МОНГОЛЧУУД БИД ТЭНГЭРИЙН ДОР ТӨРЖ, ХУУЛИЙН ДОР АМЬДАРЧ БАЙГАА АРД ТҮМЭН БИЛЭЭ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


URL:

Сэтгэгдэл бичих