Өмгөөлөгчдийн нэр хүндийг унагасан үйлдэл гэлээ

Долдугаар сарын 1-ний хэргээс үүдэж өмгөөлөгч, шүүгчид хоорондоо тэрсэлдэж үнэн зөв нь үл мэдэгдэх мэдэгдлээр бөмбөгдөх болов.Тухайлбал, өнгөрсөн пүрэв гаригт Өмгөөлөгчдийн холбоо нь мэдэгдэл гаргасан бол баасан гаригт нь шүүхийн байгууллагаас сүртэйхэн шиг мэдэгдэл гаргалаа.Шүүх хурлыг хаалттай биш нээлттэй явуулахыг зарим иргэд шаардаж буй. Үүнд албаныхан тайлбар хийхдээ “Шүүх бүрэлдэхүүний хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан энэхүү шийдвэрийг хэргийн оролцогчид бүгд дагаж биелүүлэх учиртай юм.

Түүнчлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан шүүгч ЭБШХ-ийн 225 дугаар зүйлд заасны дагуу 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг захирамжаар шийдвэрлэдэг.

Байцаан шийтгэх ажиллагааны энэ үе шатанд ЭБШХ-ийн 229 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал илэрвэл шүүгч захирамж гарган хэргийг түдгэлзүүлэх нь тодорхой юм. Харин цагдаагийн албан тушаалтнуудад холбогдох энэ хэргийн хувьд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх үе шатанд ЭБШХ-ийн 229 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байсан тул шүүгч захирамж гаргаж шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх бүрэлдэхүүн томилогдсон” гэх хариултыг өгөв.

Харин олны анхаарлыг татаад буй шүүгдэгч нарын өмгөөлөгчидтэй холбоотой асуултад “Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргуулахаар шүүхэд шаардлага тавьж, улмаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдэн, шүүх хуралдааны танхимыг орхин гарсан үйлдэл нь шүүхийг илтэд үл хүндэтгэж шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүхийн бие даасан, хараат бус байдалд бүдүүлгээр халдаж холбогдох хууль тогтоомж болон өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна.

Гэтэл шүүгдэгчид өмгөөлөгчөөсөө татгалзаагүй байхад өмгөөлөгч нар нь “мэдлэг, чадвар хүрэхгүй байна” гэх шалтгаанаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн нь тэдний өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй мэргэжлийн нэр хүндийг унагасан хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна” гэв.

ӨМГӨӨЛӨГЧДИЙНХӨӨ ЭРХИЙГ ХАМГААЛНА ГЭВ

Өмгөөлөгчдийн холбоо өнгөрсөн долоо хоногт хуралдаж өмгөөлөгч нарынхаа төлөө тэмцэхээ мэдэгдэв. Тэд мэдэгдэлдээ “Өмгөөлөгчдийн талаар илт нэг талыг барьсан, шүүх хурлыг өмгөөлөгчид санаатай хойшлуулах, шүүн таслах ажиллагаанд саад учруулж байна гэсэн мэдээлэл нийтлэгдэж, цагдаагийн экс дарга нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийг тойрсон асуудал боллоо” гэдгийг дурьджээ.

Мөн Сүхбаатар дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж буй эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа өмгөөлөгч нараас өмгөөлөгчийн эрхээ ноцтой зөрчигдөж байна гэж үзсэн аж.

Мэдэгдэлд “Шүүх нь хуульд заасан үндэслэл журмын дагуу өмгөөлөгчийн гаргасан удаа дараагийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийн оронд тэдгээрийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжийг хясан боогдуулж, өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах тухай Үндсэн хуульд заасан шүүгдэгчийн эрхийг хязгаарлаж улмаар өмгөөллийн үйл ажиллагааг албадан гүйцэтгүүлэхээр цагдаагийн ажилтанд үүрэг өгч өмгөөлөгчдийг өрөөнд нь түгжиж саатуулсан тухай өмгөөлөгчид дурьдсан байна.

Тэдний хүсэлтийг авч хэлэлцээд, Үндсэн хуульд заасан хүний эрхийн язгуур, дээд үзэл санаа амьгүй болж, түүний баталгааг хангах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажиллагаанд ноцтой аюул занал учрахад хүрсэний нотолгоо гэж дүгнэлээ” хэмээжээ.

Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.