Yahoo-г яах уу?

Өнөө өглөө босоод мэйлээ шалгасан чинь psn@yahoo.com  “будаа” болсон байна. Inbox, contact list-энд байсан хэдэн мянган чухал хавсралттай мэйл болоод хэдэн зуун найз нөхдийн маань хаягийг хакерууд хуу хаман оджээ. Орон гэрт маань хулгай орсоноос дутуугүй хохирол амслаа. Gmail хаяг руугаа орсон чинь хүүхдүүдээс, найз нөхөд шавь нараас миний төлөө санаа зовсон олон мэйл иржээ. Гайхлууд миний өмнөөс тэдэнд “Би Испанийн Мадрид хотод амралтаараа очиж зугаалж, шөнөжин баардаж байгаад тасарчихсан байна. Тэндээс шөнө гарч яваад хүзүү рүүгээ гольфны цохиураар цохиулж ухаан алдаад мөнгө түрийвч, кредит карт, паспорт хамаг юмаа алдчихаад баларч байна. 2000 ногоон доорхи данс руу яаралтай илгээж тус болно уу, харьж байгаад буцааж өгье” гэх маягийн захиа илгээсэн байгаам даа. Иймэрхүү юманд урьд өмнө нь өртөж байсан нөхдийн маань шоолж даажигнаж байгаа гэж бас жигтэйхэн. “Чи тэнд юугаа хийж явсан юм? Мөнгөн ус хайж явсан юм уу ч ” гэх шиг даапаалсныг хараад уур хүрсэн гэж жигтэйхэн. Гурван жилийн өмнө надад анх ийм явдал тохиолдоход хүү маань “yahoo-гаа орхиж,  gmail эсвэл hotmail ч юм уу mail.mn ашиглахыг зөвлөж байсан боловч үгэнд нь оролгүй үхэр шиг зөрж яваад ийм байдалд орсон нь миний өөрийн буруу юм даа.

Мөн хоёр жилийн өмнө байгаль орчны чиглэлээр ажилладаг 400 гаруй ТББайгууллагуудын мэйл хаягийн жагсаалтыг аваад харсан чинь 99 хувь нь yahoo.com хаягтай байсан. Тэгээд би энд явагддаг цуврал сургалт, хурал цуглааныхаа үеэр энэ хаягаас татгалзах хэрэгтэйг байнга сануулдаг байсан мөртлөө өөрөө хэнэггүйтэж байгаад дээрэмчдийн гарт орох нь энэ. Ёстой хохь нь л гэхээс өөр юу гэхэв. Монголд анх “Датасом” компани интернет оруулж ирсэн 90-ээд оны сүүлээс гэр орон нь гудамжны хаяггүй шахам бидний хувьд энэ хаяг дэлхийд данстай болгож өгсөн буянтай эд. Гэвч сайныг дагаж саарлууд шогшдог тавилантай болохоор энэ хаяг руу дурын хулгайч нар довтолдог болсон нь үнэхээр харамсалтай.

Ингээд би өнөөдөр уншигч хэрэглэгч нартаа хандаж энэхүү сэрэмжлүүлгийг илгээж байна.  Yahoo-г яах эсэхээ өөрсдөө шийднэ буй заа. Харин намайг анхааруулж буй дээр ядаж password-oo одоо чангаруулаад нэг ч сольчиход гэмгүй байх шүү.

Ш.Пүрэвсүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.