НЭГ САЯ ХЭРЭГЛЭГЧТЭЙ ГЭЖ ТОМРОХ ЮНИТЕЛИЙН ҮНЭН ТӨРХ

Өвөрмөц шинэлэг өнгө төрх, маркетингийн шинэ шийдлээр Монголын үүрэн холбооны  зах зээлд тодоор ялгаран гарч ирж байсан Юнител групп таван жил гаруйн хугацааны дотор өөрийн сая дахь хэрэглэгчээ тосон авч байна. Юнител группийн сая дахь хэрэглэгчээр Содномжамц овогтой Оюунцэцэг баясгалан хэмээх усан луу жилийн шинийн наймны өдөр буюу 2012 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Рокмон салбараас 89287742 дугаарын хэрэглэгч болсноор тодорлоо гэж ирээд л өнгөрсөн сарын 23-нд сүржин мэдэгдсэн.

2.7 сая иргэний маань бараг тал нь уг компанийн хэрэглэгч болж дээ хэмээн монголчууд бодоод өнгөрсөн.

Гэтэл үнэн хэрэг дээрээ Юнител компани худлаа мэдээлэл цацан иргэдийг төөрөгдүүлсэн байна. Үүнийг Мэдээлэл шуудан, харилцаа холбоо технологийн газрын www.ictpa.gov.mn хаяг руу ороход л тодорхой мэдэх боломжтой. Тэнд Мобиком корпорацийг 1.261.650, Стайтел компанийг 578.591, Юнител компанийг 624.031, Жи мобайл компанийг 477.041 хэрэглэгчтэй хэмээн нийтэд зарласан байгаа юм. Ингэхээр өнөөх бүхнийг бараг л “үнэгүй” гэх цолтойгоор хэрэглэгчиддээ зориулдаг гэх Юнител компани хууран мэхлэх үйл ажиллагаа явуулдаг нь батлагдаж байна.

Тэгээд ч Юнителийн бүх юм “үнэгүй” гэсэн шошготой байдаг учраас олон нийт итгэн олноор элсэж байсан ч сүүлийн үед хэрэглэгчийн хэрэглээний үнээс хумсалдаг болох нь түмний амнаас байнга гарах болсон. Энэ асуудал нууц биш. Захын Юнителийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч ярианы тариф дээрээ асуудал үүсгэн хэрүүл зарга хийгээд заргаа авдаг. тухай ярих болсон.

Монголчуудыг 21-р зууны хөгжлөөс хүртэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэх, үсрэнгүй хөгжилд чамгүй оролцоотой гэх үүрэн телефоны оператор компаниудын зэс нь ийнхүү захаасаа цухуйж эхлээд байгаа нь харамсалтай. Тус үүрэн телефон л гэхэд үйл ажиллагаа эхлээд зургаахан жилийн нүүр үзэж байгаа мөртлөө хэрэглэгчдийн ярианы тарифаас “хумсалдаг” гэдгээрээ олны дунд зартай болжээ. Эндээс манай улсад хөгжлийнхөө эхэнд явж буй бизнесийн шинэ салбар буруу замаар будаа тээхийн замыг тавьж байна уу гэсэн дүгнэлт хийхэд ч хожуудахгүй болов уу. Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас сар гаруйн өмнө таван шинэ байрны тохирлоо өгөөгүй мөртлөө өглөө хэмээн шоудсаныг нь тогтоож торгуулийн арга хэмжээ авсан. Гэтэл өмнөх таван хэрэглэгчдээ таван байраа өгөөгүй байж дараагийн таван байрны азтан шалгаруулах арга хэмжээгээ эхлүүлэн мэдээллийн хэрэгслээр зогсоо зайгүй бөмбөгдөн өнөөх л сурсан аргаараа олныг төөрөгдүүлсээр байгаа нь тэдэнд торгуулийн 10 сая төгрөг юу ч биш гэдгийг харуулж байгаа биш үү.

Эхний байрнуудаа өгөөгүй гэж 10 сая төгрөгөөр торгуулсан боловч үнэндээ юман чинээ тоохгүй Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэлэн дараагийнхаа “залиланг” хийгээд эхэлсэн Юнителийг Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар дахиад л шалгаж буруутайг нь тогтоон 10 саяараа торгох байх л даа. Гэвч эл мөнгийг иргэдийн халааснаас хангалттай цохиж байгаа тэдэнд юу ч биш, инээгээд л өнгөрөх биз ээ.

Уг нь Юнител компани өөрийнхөө үнэт зүйлсийг “Анхдагч, манлайлагч, үнэнч шударга, нээлттэй, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэгч” гэж ирээд л гоё үг, сэтгэл татам байдлаар тодорхойлжээ. Гэвч шударга байцгаая уриатай гарч ирээд шударга бусын жишээ болоод байгаа Ерөнхийлөгч шиг, Юнител компани ч гэсэн шударга, үнэнч гэх үнэт зүйлсээ эсрэгээр нь дагаж мөрдөх чиглэл, зорилготой бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих