Н.Энхбаяр: Манай намд орох улсын их хурлын гишүүд бий

Өнгөрсөн сарын 27, 28-нд онц их хурлаа хийсэн МАХН-ын удирдлагууд болох Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр, Н.Удвал, Л.Цог, Ю.Атар, Х.Молор-Эрдэнэ, Б.Өрнөхбаяр нар ечигдөр хэвлэлийнхэнд хандлаа.  Тэд сая болж өнгөрсөн онц их хурлаа ард түмний хүсэн хүлээсэн, шаардсан, индэр ажилласан, тэдний хүсэн хүлээсэн шийдвэр гаргасан хурал боллоо хэмээн тодотгож байв. МАХН онц их хуралдаа УИХ-ын 75 гишүүн, улс төрийн намууд, эвсэл хөдөлгөөнүүдэд урилга өгсөн аж. Онц их хурлаар намын мөрийн хөтөлбөр, тунхаг, дүрэм, намынхаа бэлэгдлийг баталсэн гэдгээ ч дуулгасан юм. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Ц.Шинэбаяр нараас дараах асуултад хариулт авлаа.

-МАХН-ыг парламентад суудалтай нам гэж хэлж болох уу, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхэд ямар нэгэн бэрхшээл учрах болов уу. Энэ бэрхшээлийг тооцсон уу, эсвэл еер нэрийн хувилбар бодож олж байгаа юу?

-Ц.Шинэбаяр: Бид УИХ-ын сонгуульд МАХН гэсэн нэрээр орсон. Харамсалтай нь хоёр сарын өмнөөс МАН гэсэн нэртэй болсон учир УИХ-д МАХН гэсэн суудал одоохондоо алга байна. Гэхдээ МАХН-ын үзэл бодолдоо үнэнч байгаа 20 орчим мянган гишүүд намаа эргэн сэргээе гэсэн бодлоор нэгдэж онц их хурлаа хийлээ. МАХН-ын нэрийг сэргээж авах гарц бүрэн байгааг харж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн намуудын тухай хуулийн 15.6-д МАХН-ын нэрийг эргэж сэргээхийг хориглосон биш МАН гэсэн нэрийг өөр хуулийн этгээд ашиглахгүй байхыг хаасан хуулийн заалт гэж үзэж байгаа. Тиймээс МАХН нэрээ эргүүлж авах тухай дээд шүүхэд хандаад байгаа. Дээд шүүхээс ирсэн хариуд “Улсын дээд шүүхэд МАХН гэсэн бүртгэлтэй нам алга байна, МАН зөвхөн нэрээ өөрчилснөөр бүртгүүлсэн байна” гэж байсан. Тийм учраас МАХН гэсэн нэрийг сэргээх бүрэн бололцоотой. УИХ дахь одоогийн суудлын харьцаа МАН 45, АН 25, Ногоон нам нэг, Иргэний зориг нам нэг, бие даагч нэг байна. Миний хувьд сул гишүүний статустай. Намынхаа нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлчих юм бол манай нам парламентад суудалтай нам болж чадна.

-Н.Энхбаяр: 2008 оны УИХ-ын сонгуулиар МАН гэж нам өрсөлдөөгүй. Ард иргэд МАХН-д итгэлээ өгч парламеФнтад 45 суудал авч байсан. Гэтэл Үндсэн хуулийн үзэл баримт-лалаас татгалзаж олонхи нь Засгийн газраа байгуулалгүй, нөгөө улс төрийн хүчиндээ санал тавьсан. Нөгөөх хүчин нь урхинд орж хамтарсан Засгийн газар байгуулж Үндсэн хуулийн үзэл санаанд харшилсан. Дараагийнх нь МАХН гэсэн намыг алга болгож МАН гэсэн намыг бий болгосон. 2008 онысонгуулийн дараа УИХ-д шуудалтай гишүү-дийн хаяг нэр бүх зүйл будилсан. Тиймээс МАН өөрөө 45 суудалтай гэдэг нь ч эргэлзээтэй зүйл. Сонгуульд МАН гэж лав ороогүй. Нарийн судлах юм бол МАН-ын бүлэг байгуулагдах ёсгүй. Биеэ даасан гишүүд л байгаа байх. Би тэгж ойлгож байна. Харин манай МАХН нэрээ сэргээж аваад хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн. МАХН гэсэн нэр барьж сонгуульд орсон гэдэг утгаараа тэр 45 гишүүн МАХН-ын бүлэг байх ёстой. Сонгууль болон намын нзр гэцэг их чухал. Түүнээс биш нэр барьж сонгуульд орчихоод амлалтаа биелүүлж чадахгүй болохоор өөр нэр авч бултдаг жишиг тогтох юм бол утгагүй.

-МАН-ын бат илэрхийлэхийг солих ажил ид өрнөж байна. Та үүнийг хэрхэн харж дүгнэж байна?

-Сүүлийн үед намын батлах солих ажил их л сүржин болж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Миний бодлоор аль нэг намын гишүүн болох нь тухайн хүний өөрийнх нь сонголт. Түүнээс биш дарга нар батлахыг нь бичиж, дуудаж байгаад хөнжил дагуулж өгдөг ажил биш. түмний итгэл үнэмшил, хөнжил хоёр тэмээ ямаа шиг зөрөөтэй байх ёстой. Итгэл үнэмшил нь хамгийн үнэ цэнэтэй. Хүн бол мал биш. Мал дээр асуулгүйгээр тэмдэг тавьж болдог бол хүн бат илэрхийлэхээ авах уу гэдгийг ухамсраараа шийдэх хэрэгтэй. Түүнээс биш кампаничлан хөнжил, боов, мөнгө, бэлэг дагуулж, дээр нь түрэмгийлж бичиж байгаа үйл явц нь өөрөө хууль зөрчсөн зүйл. Гишүүдтэйгээ хэрхэн харьцаж байгааг харуулж буй илэрхийлэл. Надаас асууж зөвлөлгүйгээр МАН-ын бага хуралд оруулчихсан. Би МАХН-даа байна гэж хэлсээр байтал шүү дээ. Надтай ингэж харьцаж байгаа юм чинь жирийн гишүүдтэй бол бүр туйлын бүдүүлэг харьцаж бат илэрхийллийг хүчээр тулгаж өгч байна.

-Гуравдугаар сарын 01-нд Монголдулс төрийн ууган хүчин мэндэлсний 90 жилийн ой болох гэж байна. Энэ аль намын ой болж таарч байна вэ?

-Нэг түүхтэй хэд хэдэн нам байж болно. Түүхийг өмчилнө гэж байхгүй. МАН гэж өөрсдийгөө нэрлэж байгаа нөхдүүд МАХН-аас салаад явсан хүмүүс. Тэд Монгол Улсын XX зууны түүхийг өмчлөх гэж байгаа бол түүн шиг утгагүй зүйл байхгүй. Энэ бол Монголын ард түмний түүх. Түүнээс биш нэг намын түүх биш. МАН-ын нөхдүүд энэ түүхийг булаацалдаж, өөртөө наах гэж янз бүрээр оролдох байх. Хамгийн энгийнээр бодоод үзэхэд МАХН-ын түүхийн 90 жилд ямар хугацаанд нь МАН гэсэн нэртэй байж энэ түүх бүтсэн юм бэ. 90 жилийн хугацаанд 87 жил нь МАХН гэсэн нэртэй байсан. Харин үлдсэн гурван жилд нь МАН гэсэн нэртэй байсан шүү дээ. МАН-ын үүсэл гарлын талаар сайн судлах юм бол сонирхолтой баримтууд гарч ирдэг. Тиймээс энэ бол МАХН-ын түүх гэж нэрлэж болно. Гэхдээ бид үүнийг өмчлөхгүй. Энэ бол нийт ард түмний түүх.

-МАХН-ын шатсан болон одоо барьж байгаа байр хэнийх вэ?

-Байрны хувьд энэ байр МАХН-ын гишүүдийн дэмжлэг хандиваар бий болсон. Тухайн үед ЗХУ-ын тусламжаар өгсөн зээлийн хөрөнгөн дотор тэр шатсан байр орж байсан. Зээлийг Монголын ард түмэн авсан болохоос биш аль нэг нам аваагүй. Тэр утгаараа энэ байр Монголын ард түмний байр. Яагаад шатсан, шатаалгасан гэдэг нь бас асуудал байгаа. Харин одоо барьж байгаа нь хандив зээлээр босч байгаа нэртэй байр. Гэхдээ тэр зээл хандивын цаана ямар сэжигтэй мөнгөн хандивууд, авлига явж байгааг ил тод гаргаж ирэхийг шаардах ёстой.

-Одоогийн МАН-ыг МАХН гэж байхад нь та намын дарга байсан. Одоо хуучин нэртэй шинэ нам болчихлоо. Тиймээс та шинэ хүн мөн үү, шинээр ажиллаж чадах уу?

-Ер нь хүн өөрөө өөрийгөө байнга шинэчлэхийг бодох хэрэгтэй. Тэр утгаараа төрсөн он цагаараа хөөх юм бол бид бүгдээрээ хуучин хүмүүс. Гэхдээ асуудалд хандаж байгаа байр сууриараа шинэчлэгдэж байх ёстой. Шинэ хүн гэдэг чинь өдөр бүр шинээр төрөх гэсэн үг биш. Урьд өмнө ажил хийж байгаагүй хүн шинэ, ажил хийж байсан бол хуучин хүн гэдэг маягаар хандаж болохгүй. Тэгэхгүй бол Монголд ажил хийж байсан хүн нэг ч байхгүй. Тиймээс би өөрийгөө шинэ төр, намыг бий болгохын төлөө нөхдийнхөө хамт зүтгэх үүрэгтэй хүн гэж үзэж байгаа. Тиймээс энэ ажилд намынхаа гишүүд дэмжигчдийн сонголтоор томилогдоод, энэ ажлыг хийхээр зүтгэж байгаа гэж ойлгож байна. Энэ бол нэг ёсны даалгавар.

-Улс төрийн намын тухай хуулинд байгуулагдаад 18 сараас дээш хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол сонгуульд өрсөлдөж болно гэж заасан байдаг. МАХН 2012 оны сонгуульд орох эрх нь нээлттэй байгаа юу?

-Улс төрийн намын тухай хуулинд байсан наад заалт чинь Үндсэн хуулиар хүчингүй болсон. Одоо болм улс төрийн намууд сонгуульд ороход ямар нэгэн хугацаа заагаагүй байгаа. Тэгэхээр бид 2012 оны сонгуульд орох боломжтой.

-МАХН гэсэн нэртэй нам байгуулах нь хууль зөрчсөн үйлдэл гэж МАН-ынхан хэлж байгаа. Энд та ямар тайлбар өгөх вэ?

-Бид МАН-ын нэрийг булаацалдаагүй. МАХН-ын нэрийг эргэж сэргээх гэж байна. Тэдэнд хэрэггүй гээд хаячихсан байхгүй юу. Хэрэггүй гээд хаячихсан мөртлөө араас нь яасан их хөөцөлддөг юм бэ. Зүгээр нэг хэлтсийн дарга нь халаасандаа 4-5 намтай болчихсон ч байх шиг. Нам гэдэг чинь вэб сайт, интернетийн домайн өөрийнхөө нэр дээр авч байгаа юм биш. Энэ чинь улс орныг удирдаж, шударга ёсоо тогтоохын төлөө ийм үзэл баримтлалд тулгуурлан, эвлэлдэн нэгдэж ажиллая хэмээн хурлаа хийж авдаг зүйл болохоос биш дээр доороос янз бүрийн аргаар аваад халаасалдаг зүйл биш.

-Таны түрүүний хэлсэн үгэнд МАН-ын 45 гишүүнийг биеэ даасан гишүүд гэж хэлсэн. Тэгэхээр УИХ дахь МАН-ын бүлэг хууль зөрчсөн үйлдэл үү?

-Бүлгийн тухайд мэдээж хэрэг хуулийн логик гэж байдаг бол, түүнийг төрийн үйл ажиллагаа, улс төрд ягштал зөв баримталдаг бол сонгуульд орсон нэрээрээ л тухайн бүлэг байгуулагдаж тухайн зарчмаараа дараагийн сонгуультай золгодог байх ёстой. Хэрэв дундаа ямар нэгэн байдлаар өөрчлөлт орсон бол тэр бүлэг задраад дандаа бие даасангишүүн болох ёстой. Одоо байгаа 45 гишүүн бол дандаа бие даагчид. Яахав хүчээр МАН-ын бүлэг гэсэн бүтэц зохион байгуулалт руу орсон. Хэрэв сонгуульд орсон нэрээрээ биш бол бие даагчид байх ёстой гэсэн хуулийн заалт, жудаг үйлчлэх ёстой.

-УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяраас гадна МАХН-д орох УИХ-ын гишүүн байгаа юу. Байгаа бол бүлэг байгуулах хэмжээнд хүрэх үү?

-МАХН гэсэн нэрээ сэргээж, дээд шүүхэд бүртгүүлсний дараа шударга ёсны төлөө тэмцэх эрмэлзэлтэй УИХ-ын гишүүн зөндөө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Зөвхөн МАН ч биш бусад намуудын дотор ч байгаа байх. Би ямар нэгэн байдлаар тэр намаас ийм ийм хүмүүс цуглуулж бүлэг байгуулна гэж хэлж чадахгүй. Тухайн хүний өөрийнх алхам бол өөрийнх нь л ухамсартай сонголт байх ёстой. Одоо болон ирээдүйн бүх л зүйлээ тооцсон алхам байх ёстой. Хамгийн гол нь ард түмнийхээ эрх ашигт нийцэж, шударга ёсны алхам л байх юм. Тэр алхмыг хийхийн тулд МАХН-ын нэрийг сэргээх дүр зураг харагдаж байна. Тэр үеийн үйл явц яаж өрнөх вэ гэдгийг би өөрөө хэлж чадахгүй. Гэхдээ шударга ёс байх ёстой гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явцыг би бүрдүүлэхгүй байсан ч өөрөө өрнөнө гэж бодож байна.

Б. Энхжаргал


URL:

Сэтгэгдэл бичих