Орон сууцны бодит үнэ хэд вэ

Иргэд бага хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болохыг хүсэж, эрэлт ихэссэнтэй холбоотойгоор байрны үнэ огцом өссөн нь өдгөө асуудал болоод буй. Тодруулбал, жилийн зургаан хувийн хүүтэй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууцнуудын жагсаалтыг гаргасан ч  зээлийн хэмжээ болох 50 сая төгрөгт багтах байр олдохгүй байгаа юм. Бодит байдал дээр орон сууцны үнэ нэг метр квадрат нь 1,4 саяас хоёр  сая төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр 50-55 метр квадрат талбайтай байрны дундаж ханш 70 сая төгрөгт хүрсэн нь байртай болох хүсэлтэй иргэдийг гацаанд оруулаад байгаа юм.

Энэ байдалтай холбоотойгоор Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны м/кв-ын үнийг 910-1.1 сая төгрөг болгох шийдвэрийг гаргажээ. Салбарын сайдын хэлж байгаагаар ОССК-ийн барьж байгаа “Буянт-Ухаа” цогцолборт хийсэн судалгаа болон барилгын гол 550 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хийсэн судалгаан дээр үндэслэн индексжүүлсэн судалгаагаар орон сууцны м/кв-ын бодит үнэ 850 мянган төгрөг байгаа нь харагджээ.

Барилгын компаниудын зардал харилцан адилгүй боловч дээрх хөтөлбөрт хамрагдах орон сууцны м/кв-ийн үнэ 980-1.1 сая төгрөг байх бүрэн боломжтой гэж Засгийн газар үзсэн байна. Тиймээс үнэ хөөрөгдөж байгаа, өндөр үнэ санал болгож буй компаниудыг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамруулахгүй хэмээн салбарын сайд Ц.Дашдорж мэдэгдээд байна.

Г.Долгорсүрэн

URL:

Сэтгэгдэл бичих