IQ-гийн төвшнөөрөө тавдугаарт жагслаа одоо юу хийх вэ МОНГОЛЧУУД АА

Саяхан Английн сэтгэл судлаач Ричард Линн, Финландын эрдэмтэн Тату Ванханен нар дэлхийн улс  орнуудын иргэдийн оюуны чадавхи ямар төвшинд байгаа талаар ээлжит судалгаагаа явуулжээ. Уг  судалгаанд Хятад, Монгол, Солонгос, ОХУ зэрэг дэлхийн 113 орны иргэд хамрагдсанаас Монголчуудын хувьд IQ-ийн төвшин 101 хувьтай гарч тавдугаар байрт жагссан. Бүр тавдугаар байрт шүү. Хамгийн  сонирхолтой нь дэлхийд эдийн засаг болон хөгжлөөрөө тэргүүлэх хэмжээнд бичигддэг манай урд хөрш  Хятад улс долдугаарт, АНУ есдүгээрт, ОХУ тэдний ард бичигджээ. Одоогоос 90 жилийн тэртээ Төв Азийн цээжинд орших өргөн уудам нутагтай Монголыг тухайн үеийн хамгийн боловсролгүй, ядуу буурай, өвчин зовлонд нэрвэгдсэн мөхөж байгаа 600 мянга гаруйхан нүүдэлчин малчдаар дэлхий нийт хардаг байлаа. Үнэхээр тийм л улс орон байсныг бидний түүх баттай баримттайгаар өгүүлсэн, үлдээсэн байдаг.

Харин өнөөдөр Монгол Улс хүн амын оюуны чадамжаараа ч, эдийн засгийнхаа өсөлтөөрөө ч хэдийнэ дэлхийд толгой цохиж болж. Гэхдээ улс орны болон хүн амынхаа хөгжлөөр 110-т бичигдэн сүүл мушгиж  явна. Энэ өндөр оюуны чадамжаас өөр зүйлд зориулаад байн уу гэсэн бодол танд төрөхгүй байна гэж үү?. Магадгүй энэ нь монголчууд бусдаас сайныг нь, сонгодгийг нь авахаас илүүтэй өөрийн үндэсний  оюуны чадамж, онцлог давуу талуудаа орхигдуулдагтай холбоотой байж болох юм. Учир нь бид өнгөрсөн 20 жил бусдыг дуурайсныхаа горыг одоо амсаж байна. Гарын арван хуруунд тоологдох их, дээд сургуулиа хоёр арванд 200 дахин өсгөж үзсэн. Харин хүн ам нь 200 байтугай, хоёр дахин өссөн бил үү. Энэ буруу бодлогын үр дүнд ажилгүй, шинэ үеийн цагаан гартнуудыг хэдэн арван мянгаар төрүүлсэн нь маргашгүй үнэн. Уг нь бид өргөн уудам нутаг шигээ задгай сэтгэлгээтэй ард түмэн юмсан.

Нөгөөтэйгүүр манай улс орны бодит хөгжил ямар байгаа билээ. Хэдийгээр уул уурхайн баялаг дагасан  эдийн засгийн хөгжил явж байгаа ч түүнийг хэрэгжүүлж, хийж байгаа нь гаднын мэргэжилтнүүд байгаа.  Яагаад монголчууд өөрсдийн газар нутагтаа гадныхнаар хичээл заалгаж амьдрах ёстой гэж. Тиймээс  бусдыг дагаж дууриахаасаа илүүтэй өөрсдөдөө байгаа оюуны чадамжаа ашиглая. IQ-гийн төвшин  тавдугаарт жагслаа, одоо юу хийх вэ монголчууд аа. Оюун ухаан гэдэг нударганаасаа хүчтэй шүү дээ.

С.ГАНДӨЛ


URL:

Сэтгэгдэл бичих