Хятадын төрийн өмчит “Чайналко” компани “Rio Tinto”-гийн хамгийн олон хувьцааг эзэмшдэг

Өмнөговийн “Овоот толгой” нүүрсний уурхайг эзэмшдэг “Соут Гоби Сэндс” компаний 60 хувийг авахаар болсон “Чалко” компаний тухай чухал баримтуудыг  хүргэж байна. “Чалко” /Aluminum Corporation of China Limited/ нь 2001 онд байгуулагдсан 100 хувь Хятадын Засгийн газрын мэдэлд байдаг “Чайналко” / Aluminum Corporation of China /-гийн охин компани юм. “Чайналко” нь хөнгөн цагаан олборлолт, үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт, Хятадад нэгд ордог. 200 мянга гаруй ажилтантай бөгөөд дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, 30 гаруй салбар компанитай. Шанхай, Хонконг, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг.

Монголчууд энэ компанийг Таван толгойн ордоос Хятад руу хямд үнээр нүүрс экспортлодог, манай Засгийн газар тэднээс урьдчилж авсан 250 мянган ам.доллараар 21,000 төгрөгөө тараадаг байсныг мэднэ. Харин энэ компани Монголыг дэлхий нийтийн тусгалд өртүүлсэн Оюу толгойн төсөлд давуу эрхтэй болсон Австралийн “Рио Тинто” компаний хамгийн том хувьцаа эзэмшигч гэдгийг төдийлөн мэддэггүй. Чайналко анх 2008 онд “Рио Тинто”-гийн 9 хувийг 14 тэрбум доллараар авсан бөгөөд өнөөг хүртэл хамгийн олон хувийг эзэмшигч хэвээр байгаа юм. Энэ хоёр том компани 2008 оноос хойш олон уурхайн төсөл дээр хамтран ажиллаж байжээ. Бүр “Chainalco Rio Tinto Exploration” буюу “CRTE” гэх нэгдлийг 2010 оны сүүлээр байгуулсан байна. “CRTE”-ийн 51 хувийг Хятад, 49 хувийг Австралийн тал эзэмшдэг бөгөөд хамгийн амжилттай яваа төсөл нь Гвиней дэх Симонду төмрийн хүдрийн орд аж.  Тодруулбал, энэ нэгдэлд давуу эрхтэй нь Хятадын Засгийн газар юм.

Энд хамгийн их сонирхол татаж байгаа нь Оюу толгой төслийн эрх мэдэл яван явсаар Хятад улсын Засгийн газартай холбогдож байгаа явдал. Оюу толгой төслийн 66 хувийг Канадын “Айвенхоу Майнз” эзэмшдэг бол тус компаний 51 хувийг Австралийн “Рио Тинто” саяхан мэдэлдээ авсан. Тэгвэл “Рио Тинто”-гийн хамгийн олон хувьцаа эзэмшигч нь Хятадын төрийн өмчит “Чайналко” компани. Энэ эрх мэдлийн гинжин урвал яван явсаар Хятадын Засгийн газраар төгсөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэв Хятадын Засгийн газар хүсвэл Оюу толгойн төсөлд хувь эзэмшдэг компаниудаараа дамжуулан нөлөөлж чадна гэсэн үг.

Хятадын Засгийн газар нэн эртнээс Оюутолгойд санаархаж байсныг гадаадын хэвлэлүүд онцлон бичжээ. Тухайлбал, 2009 онд Австралийн уул уурхайн theage.com сайтад “Чайналко, Рио Тинто Монголд асуудал намжихыг хүлээж байна” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Үүнд, “Хятадын “Чайналко” компани Оюу толгойн төслийг ихэд сонирхож байгаа ч Монголын улс төрийн нөхцөл байдал, олон нийтийн хандлага сөрөг байгаа. Тиймээс хятадууд нөхцөл байдал намжихыг хүлээж байна” гэж мэдээлсэн банйа. Оюу толгойд “Чайналко” хөрөнгө оруулах, хувьцаа эзэмших эсэхийг УИХ-аар хэлэлцүүлж, Засгийн газраар батлуулах ёстой тул түр хойш тавьсан аж. Гэсэн ч “Чайналко”-гийн удирдлагууд Оюу толгойн орд Хятадын хилд ойрхон, нөөц баялаг ихтэй тул орхихгүй гэдгээ хэвлэлээр дамжуулан байн байн мэдэгдсээр байгаа. Энэ компани Оюу толгойд хувь эзэмших хүсэлт гаргасан гэдгийг  ЭБЭХ-ний сайд Д.Зоригт өөрийн амаар баталж байсан. Хятадын Засгийн газар Оюу толгойд санаархсаар байгааг шинжээч Майк Комесарофф businessspectator.com.au сайтад бичсэн нийтлэлдээ дурдсан байна. Тэрбээр гурван жилийн өмнө буюу 2009 оны 10-р сарын 10-ны өдөр “Рио Тинто” компани “Айвенхоу Майнз” дахь хувьцаагаа нэмэгдүүлснээр энэ төсөлд “Чайналко”-той хамтран ажиллах том боломжийг нээж өгнө. Тэд Оюу толгойн экспорт эхлэх 2013 оныг хүлээж байгаа” гэжээ.  Үнэхээр “Рио Тинто” нь “Айвенхоу Майнз” дахь хувьцаагаа бага багаар нэмэгдүүлсээр өнөөдөр 51 хувь буюу хяналтын багцыг нь авсан билээ.

Оюу толгойг тойрсон гадны компаниудын гурвалжин, дөрвөлжин холбоог задалж харвал ийнхүү Хятадын Засгийн газар гол тоглогч нь болох дүр зураг харагдаж байна. Энэ мэтээс харахад Монголд олон орд газар эзэмшдэг “Соут Гоби Сэндс”-д “Айвенхоу Майнз”-ын эзэмшдэг хувийг “Чалко” нь толгой компани нь давуу эрх мэдэлтэй байдаг “Рио Тинто”-гоор лоббидож өөрийн болгож байгааг үгүйсгэхгүй. Уул уурхайн шинжээчдийн дүгнэлт, таамаглалаас харахад Хятадын Засгийн газар “Чалко” болон “Чайналко”-гоор дамжин Оюу толгойн төсөлд орох цаг ойрхон ирсэн бололтой.

Б.Баяр /24tsag.mn/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих