Инфляци гэдэг нь заль бөгөөд мөнгөний монетаризмийн онол гэдэг нь шашин юмаа

Инфляци (эсвэл дефляци) нь гол нэрийн бараа, үйлчилгээний үнийн дундаж өсөлт (эсвэл бууралт) –ын хувь хэмжээгээр тодорхойлогддог эдийн засгийн үзүүлэлт гэдгийг хэн хүнгүй бүгд л мэднэ.Инфляци гэдэг нь “үлээх, дүүргэх, хийлэх, хөөрөгдөх” гэсэн “inflatio” гэдэг латин үгнээс үндэстэй бөгөөд хийлэгдсэн, хөөрөгдсөн байдал гэсэн утга бүхий үг юм. Эдийн засгийн томъёоллоор нь авч үзвэл нийт бараа эргэлтийн дүнгээс илүү хэмжээгээр мөнгө гүйлгээнд оруулснаас үүдэн мөнгө өөрөө үнэгүйдэх буюу мөнгөний ханш унах үзэгдлийг хэлнэ. Толь бичигт “Хөрөнгөтнүүд жирийн хөдөлмөрчин иргэдийг мөлжиж, өөрсдөө баяжих хэрэгсэл болгодог” гэсэн ч тайлбар бий.

Мэдээж инфляцийг тооцож тодорхойлдог тогтсон аргачлал бий. Инфляци нь эдийн засгийн хөгжлийн түвшинг харуулах нэг үндсэн үзүүлэлт боловч ер нь бол зохиомол хийсвэр тоо буюу мөн чанарын хувьд “буруу гар” –ын үзүүлэлт юм. Тийм ч учраас түүнийг тэр болгон зөв бодитойгоор тооцоолж гаргадаггүй, санаатайгаар өсгөх, буруулах, эсвэл бүр урьдчилан тогтоох замаар тухайн улс орны эдийн засагт нөлөөлөх, нэг бол эрчимтэй хөгжүүлэх, үгүй бол өсөлтийг нь сааруулах, бүр унагах, колоничлох “зальжин” хэрэгсэл болгодог гэвэл хэний ч санаанд оромгүй.
Энэ нийтлэлээ үргэлжлүүлэхийн өмнө Олон Улсын Валютын Сан (International Monetary Fund) болон Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve System) –ийн талаар товч ойлголт өгөх нь зөв санагдлаа.

Товч оруулга – 1 :
Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve System)

Aмерик долларыг хэвлэх (эмисс хийх) эрх бүхий, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч АНУ-ын Төв банк. Мөнгө хэвлэхээс гадна опцион (option), фьючер (futures) гэх мэт дериватив (“derivatus” гэсэн латин үгнээс үүдэлтэй, үүсмэл, анхдагчаас нь салгаж үүсгэсэн хоёрдогч гэсэн утгыг илэрхийлнэ) –ууд буюу долларт “уяж” үнэлсэн олон төрлийн мөнгө хүүлэх нэмэлт “хийсвэр хэрэгсэл” болох үнэт цааснуудыг  гаргадаг. Тогтсон ойлголт ёсоор аливаа улсын Төв банк нь 100 хувь төрийн мэдэлд байж, мөнгө хэвлэх онцгой эрхийг эдлэн тухайн орныхоо мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг. Гэтэл ХНС нь АНУ –ын томоохон арилжааны хувийн банкуудын эзэмшилд байдаг, төрийн бус хувийн байгууллага гэдэг нь хэдхэн жилийн өмнөөс буюу байгуулагдсан (1913 он) –аас нь хойш бараг 100 жилийн дараа л ил болсон. Уншигч та мөнгө хэвлэх буюу эмисс хийх эрх нь төр засагт байхгүй, харин хувийн байгууллага буюу тодорхой хэсэг хувь хүмүүс мөнгө хэвлэдэг, тэр тусмаа дэлхий нийтийн валют гэгддэг америк долларыг хэвлэдэг гээд төсөөл дөө.
……………………………………………………………………………………

Товч оруулга – 2 :
Олон Улсын Валютын Сан (International Monetary Fund)

Дэлхийн банк (World Bank) –тай адилаар дэлхийн 2-р дайны төгсгөлөөр дайны дараах эдийн засгийг сэргээх зорилготойгоор суурь нь тавигдаж 1947 оноос албан ёсоор үйл ажиллагагаа эхэлсэн. Үндсэн зорилго, хэрэгжүүлдэг үйл ажиллагаа нь мөнгө-санхүүгийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжих, тогвортой байдлыг хамгаалах, олон улсын худалдааг дэмжих, хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, зээл санхүүжилт олгох явдал юм. Түүнчлэн ядуурлыг бууруулах гэх мэтчилэн “хүмүүнлэг” –ийн чиглэлийн үйл ажиллагаа ч бий. Дэлхий нийтийг “төлөөлөх” “даяар” нэртэй энэ хоёр байгууллагын үндсэн зорилго нь ижил, зөвхөн үйл ажиллагаагаа хуваарилан авч хэрэгжүүлдэг, хоёулаа 190 –ээд орны гишүүнчлэлээс бүрдсэн. Тийм ч учраас “эгч дүү хоёр байгууллага” гэж нэрлэх нь бий. Нэрэн дээрээ “олон улсын” статустай, дэлхий нийтийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах “ариун” зорилготой боловч хэрэг дээрээ ХНС –ийн бүтцэд багтдаг, түүний эрх ашгийн төлөө бүрэн хяналт, удирдлаган дор нь ажилладаг байгууллагууд.
……………………………………………………………………………..

Эргээд нийтлэлдээ оръё.

Инфляци нь улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудалд нөлөөлөхийн зэрэгцээ эдийн засаг, мөнгөний зохистой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх, мөнгөний эх үүсвэр (тухайлбал банкны зээл) –ийн хүүг тогтоох, олон улсын санхүүгийн захаас санхүүжилт босгох зэрэг маш олон асуудлыг шийдвэрлэхэд суурь үзүүлэлт болдог. Түүнчлэн эдийн засгийн бүхэл бүтэн салбарын цаашдын хөгжилд түлхэц болохуйц хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэхэд ч нөлөөлнө.
Жишээ нь, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай гэх АНУ, эсвэл баруун европын орнуудад инфляцийн хувь хэмжээ жилийн 3 -аас төдийлэн дээш гардаггүй буюу “гаргадаггүй”.  Тэр ч бүү хэл инфляци өөрийн жинхэнэ утгаараа амьдрал дээр бодитойгоор өсөн жирийн ард түмний “гарт баригдаж, нүдэнд тусаж”, биелэлээ олсоор байхад албан ёсны тооцоолж гаргасан дүнгээр бага хэвээрээ байх нь ердийн зүйл. Ялангуяа еврог гүйлгээнд оруулснаас эхлэн европын орнуудад бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол эрчимтэй өссөөр байгааг тэндэхийн байтугай ажил амралтын шугамаар түр хугацаагаар зорчигч бусад орны иргэд (Монголчууд ч ялгаагүй) ч анзаарч байна.

Инфляцийн түвшинг доогуур байлгах нь ямар ач холбогдолтой вэ?

Инфляцийн жилийн хувь 2 байлаа гэж бодвол тухайн улсын төв банкны бодлогын хүүг 3 – 4 хувиас хэтрэхгүй байхаар тогтоох боломжтой. Ингэснээр арилжааны банкны зээлийн хүү жилийн 5 – 6 –аас хэтрэхгүй байх боломж бүрдэх буюу үйлдвэрийн газрууд, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хүү багатай, урт хугацаатай, жинхэнэ утгаараа “хөрөнгө оруулалтын зээл” авах бололцоо нээгдэж, энэ нь эдийн засаг богино хугацаанд сэргэн эрчимтэй хөгжихөд үндсэн түлхэц болно. Инфляцийн түвшин олон жилийн хугацаанд тогтвортой бага байгаа улс оронд хөрөнгө оруулалтын зээлийг 10, 20, бүр түүнээс ч урт хугацаагаар олгох боломжтой болдог.
Гэтэл манай орны хувьд байдал эсрэгээр. Үүнийг мөнгөний бодлоготой холбон дүн шинжилгээ хийж үзье.
Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд инфляцийн түвшин 2 оронтой тооноос буусан нь үгүй. Дээр нь инфляцийг тооцохдоо “санаандгүй санаатайгаар” бодит байдлаас нь өндрөөр тодорхойлж байсан гэдэг эргэлзээ ч байгаа.
Дээр дурдсанаар инфляцийн түвшин нь олон улсын санхүүгийн зах зээл дээр зээлжих индексийг тодорхойлдог. Мэдээж инфляци өндөр байгаа тохиолдолд энэ индекс “муу” буюу тэр хэрээр эдийн засгийн салбаруудын эрэлтэд нийцсэн хямд хүүтэй, урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авах боломж хязгаарлагдмал.
Нөгөө талаас сүүлийн 20 -иод жил Монгол улсын мөнгөний бодлогыг тодорхойлж байгаа “сайн санаат” ОУВС -ийн “шидэт зөвлөгөө” –өөр инфляцийг тогтоон барих үндсэн арга нь “уян хатан” байх ёстой мөнгөний бодлогыг “ган болд” шиг “хатаан” валютын нөөцөөр “ногтолж”, мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах, Монгол банкнаас тогтоодог бодлогын хүүг өндөр байлгах явдал юм. Ингэснээр угаасаа хомсдолтой байгаа мөнгөний дотоод эх үүсвэрийн үлэмж хэсэг нь эргэлтэнд оролгүйгээр “эрсдлийн” хэмээх гоё тодотголтой  сангаар дамжин “далан давхар цоожтой төмөр авдар” –т “найдвартай түгжигдэх” –ийн зэрэгцээ тэртэй тэргүй инфляциас шалтгаалан өндөр байгаа банкны зээлийн хүү нь улам өсөж, бодит баялаг үйлдвэрлэгч салбаруудад дэмжлэг болохоосоо “нэрмээс” болох хэмжээнд тогтоогддог.

Эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл түүний “амин тэжээл” буюу цус нь мөнгө гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Тэгвэл хичнээн мундаг хүч чадалтай, булчин шөрмөстэй ямар ч сайхан залуу байгаад үлэмжхэн цусыг нь юүлчихвэл юу болохыг төсөөлөөд үз дээ. Амьтай голтой л юм үлдэнэ ээ дээ. Манай улсын эдийн засаг яг л ийм байдалд байна.
Ингэж л бодит эдийн засгаас “мөнгө шимэх” “хорон” үйл ажиллагааг ОУВС Монголд хэрэгжүүлсээр 20 –иод жил болж байна. Гэхдээ тэд “амийг нь бүр тасалчилгүй” түрүүний хэлдгээр “амьтай голтой” байлгахаа ч сайн мэднэ.
Энэ нөхцөл байдлаас шалтгаалан дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нар маань ахархан хугацаатай, өндөр үнэтэй, хомс мөнгөөр “бор зүрх” –ээрээ зүтгэж, бодит баялаг үйлдвэрлэдэггүй, бусдын мөнгөөр “мөнгө хүүлэгч” арилжааны банкуудад “олсон хэд” –ээ сэгсрүүлэхээс өөр сонголтгүй явж ирлээ.
Зүй нь аливаа улс орны мөнгөний бодлого бусад орны валютаас хараат бус, өөрийн орны эдийн засаг, ДНБ-тэй нягт уялдсан, эрэлтэндээ нийцсэн нийлүүлэлт (эмисс) бүхий биеэ даасан мөнгө-санхүүгийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдэх ёстой гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.

Ер нь бол мөнгө гээч юм бий болсноос хойш хүүгүйгээр амьдарч, улс орон, нийгэм, эдийн засгийг ч тогтвортой хөгжүүлж байсан туршлага хүн төрөлхтөнд байсан. Монгол улсын Их хаадын үед ч ийм л байсан. Байх байхдаа хүү тогтоохыг хуулиар хатуу хориглож, аливаа зөрчсөн этгээдэд цаазаар авах хүртэл хатуу ял ногдуулдаг тогтолцоо 500 –аад жилийн турш хэрэгжиж байсан байдаг. Тэр үед инфляци гэдэг зүйл амьдрал дээр байтугай нэр томъёо нь ч огт байсангүй. Харамсалтай нь хялбар аргаар мөнгө хүүлэх сонирхол бүхий тодорхой бүлэг хүмүүсийн бодлогоор хүү гэдэг зүйл амьдралд нэвтэрч, хүүгүйгээр болоод байсан, бүр цэцэглэн хөгжөөд байсан түүхийг чанд нууцлан, үгүйсгэж гуйвуулсаар удаж байна. Энэ тухай дараа дэлгэрэнгүй бичих учир ингээд орхие.

Дээр дурдсанаар Монгол улс ч гэсэн өөрийн бие даасан мөнгө-санхүүгийн тогтолцоотой, түүндээ тохирсон мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг гэж нийтээрээ ойлгодог боловч бодит байдал тэс өмнөө байгаа нь амьдрал дээр улам бүр нотлогдсоор байна. ОУВС хямралаас гаргах “буянт аврагч” –ийн дүрээр өөрийн “тоглоомын дүрэм” –ийг тулгаж, олон улсын санхүүгийн захаас мөнгө босгох боломжийг хаах мөртөө зөвхөн төсвийн цоорхойг нөхөх төдийд л зээл олгож, “хагас өлсгөлөн” буюу “аманд ч үгүй, хамарт ч үгүй” байлган инфляцийн түвшинг өндөр барих замаар эдийн засгийн төдийгүй нийт улс орны ирээдүйн хөгжлийг хязгаарласаар байна. Дээр нь “амласан” зээлээ хугацаанд нь өгөхгүй “луу унжиж” цаг алдуулан “ядаж байхад яр” гэгчээр тэртэй тэргүй ядруу эдийн засгийг нэмж нэрвэн олон тэр бумын хохирол амсуулан байж “бухын доодохыг харж үнэг турж үхдэг” –ийн даваан дээр нэг юм “амь залгуулах” –даа ч тун сайн “мэргэшсэн” –ийг хэлэх ч юм биш. Ялангуяа санхүүгийн хямрал дэлхий нийтэд нүүрлээд байгаа сүүлийн жилүүдэд өөрсдийнхөө “барьц” –ыг улам бүр “лавшруулсаар” байна. (Хямрал гэснээс өнөөгийн энэ “Их хямрал” “унаж босдог” хөгжлийн ердийн зүй тогтлоор ирээгүй, харин түүнийг олон жилийн өмнөөс бэлтгэн төлөвлөж зохион байгуулсан гэдгийг олон судлаачид тогтоож нотолчихоод байна. Энэ тухай тусдаа сэдэв бичигдэх болно.) Ийм л байдлаар бидэнд тэгтлээ дутагдаад байгаа “амин хэрэгцээт” мөнгийг өгөх өөрсдийн хамсаатан болох мөн л “сайн санаат” хөрөнгө оруулагч нарт Монголын баялагийг цөлмөх “замыг нь засаж”, далд аргаар “колоничлох” бодлогоо хэрэгжүүлсээр байгааг манай төр засаг болон Монгол банкны үе үеийн удирдлагууд ойлгох нь байтугай “буулгасан лүндэн” –г нь үг саггүй ёсчлон гүйцэтгэдэг “утсан хүүхэлдэй” болчихоод байгаад итгэхэд ч бэрх.

Дээр нь “Монгол банкны тухай” гаднаас “импортлогдсон” хуулийг судлаад үзвэл нэг заалтаас нөгөө заалт руу гүйлгэн “төөрдөг байшин” лугаа болгосноос нь хайгаад хайгаад аливаа асуудалд хариуцлага тооцох эзэн олдохгүй.
Энэ хуулийг ОУВС мэтийн “мундаг” зөвлөгч нарын үгээр найруулан баталсан гэдэгт эргэлзээд байх ч юмгүй. “Утсан хүүхэлдэй” болгосон хүмүүстээ “арьсаа хамгаалах” боломж олгох нь зүйн асуудал биз дээ. Тэгэхгүй бол санаснаар нь “хүүхэлдэй” (бас ч тийм ухаангүй улс биш, ямар ч байсан хариуцлагаас айх ухаан бол бий) болоо ч уу үгүй ч үү. Өнөөдөр харийнхантай нийлж Монголоо “алаад” байгаа тэр “хүүхэлдэйнүүд” –ээс “ял асууж, зэм хүртээх” хариуцлагын тогтолцоо байхгүй байгаа нь л хамгийн харамсалтай.
Дээр өгүүлснийг дүгнэж үзвэл “инфляци” бол “хүү” –ийн араас “зулай гишгэн мэндэлж бойжсон төрсөн дүү” нь буюу нэг зоосны “хоёр тал” гэсэн гаргалгаа гарч байна. Өөрөөр хэлбэл, инфляци өндөр байвал түүнийг дагаад хүү өндөр байна, эсвэл хүү өндөр байвал инфляци бас өндөр байна. Эсвэл бага байвал бага. Тодруулаад хэлбэл, инфляци нь анхандаа хэсэг бүлэг цөөнх нь олонхийгоо хүүгээр дамжуулан “цөлмөх” хэрэгсэл байсан бол өнөөдөр түүний “ёсөн шид нь цогцолж”, зөвхөн мөнгө хүүлэх төдий бус, бүхэл бүтэн улс орон, тив, дэлхийг “колоничлох зэвсэг” болон хувирчээ.

Эцэст нь нэгтгэн дүгнэж хэлэхэд “буянт аврагч” –ийн дүрд хувилсан ОУВС мэтийн “хорт могой” –г Монголын эдийн засгаас үтэр түргэн “үлдэн хөөж”, мөнгөнийхөө бодлогыг цаг алдалгүй засаж залруулан зөв голдрилд нь оруулах нь Монголчууд бидний нэн тэргүүнд шийдвэл зохих тулгамдсан асуудал болоод байна. Харин цаг алдвал “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд“ ч “засаж болохгүй алдаа” болон хувирахыг үгүйсгэх аргагүй.
Мөнгөний бодлогоо зөв тогтоон хэрэгжүүлж чадваас Монголчууд бид “өөрөө өөртөө эзэн” болж, нийгэм, эдийн засаг тогтворжин төр засаг маань заавал ч үгүй газрын баялагаа харийнхнаар “ухуулж төнхүүлэх” –гүйгээр сонгуулиар гарч ирэхдээ амласан “эрдэнийн хувь” хүртээх амлалтаа биелүүлэх бүрэн чадвартай болохын зэрэгцээ бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд мөнгө зээлийн гачаалаас гарч иргэн бүр ажилтай, орлоготой, аливаа ахуйн асуудал үгүй, инфляци гээч “хадны мангаа” –аас айх юмгүй амар жимэр сурч боловсрон ажил хөдөлмөрөө эрхлэн суух нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
“Газрын баялаг” гэснээс түүнийгээ ашиглахгүй (“огт ашиглахгүй” биш, зөвхөн дотоод хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хэсгийг зөв зохистойгоор ашиглах) –ээр хөгжих боломж Монгол улсад бий гэж олон хүн үздэг. Миний бие ч үүнтэй санал нэг байдаг. Тиймээс энэ талаар санал бодлоо уншигч олонтойгоо хуваалцаах бодолтой байгаагаа энэ дашрамд хэлье.

Монголчууд бидний аз хиймор сэрэх болтугай!

2010 оны шилдэг эдийн засагч, судлаач
Өндөр хутагт овогт
Бат-Очирын Оюунбилэгт


URL:

Сэтгэгдэл бичих