Далай ламын залгамжлагч Гармапа лам хятадын тагнуул уу?

1999 онд Түвдээс зугтан Энэтхэгт очсон Гармапа лам Пэрэнлэй Доржийг цөллөгт буй Түвдийн оюун санааны лидер XIV Далай ламын залгамжлагч хэмээн үздэг билээ. Түвдийн буддизмийн хамгийн дээд удирдагч нь Далай лам бөгөөд удаад нь Панчин лам болон Гармапа лам зэрэг зиндаагаараа жагсдаг.

XIV Далай лам Данзанжамцын тодруулсан XI Панчин лам Гэндэнцоги Нямааг хятадууд найман настайд нь хулгайлан “өөрсдийн хамгаалалт”-д авснаас хойш сураг алдарсан юм. Улмаар Хятадын Засгийн газар Гүнсэн Норов хэмээх бандийг Панчин лам гэж зарласан ч Далай лам болон Түвдийн буддизм хүлээн зөвшөөрөөгүй билээ. Тэгвэл Түвдэд ч, Хятадад ч хүлээн зөвшөөрөгдөж байсан Гармапа лам 1999 онд 14 настайдаа Түвдээс зугтан цөллөгт буй XIV Далай ламын нөмөрт очсон нь шуугиан дэгдээсэн юм.

Түүнээс хойш тоймч, ажиглагчид Гармапа ламыг Далай ламыг залгамжлах хамгийн боломжтой хүн хэмээн үзэх болжээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн цагдаа Дарамсала дахь Гармапа ламын хийдээс гадаадын арав гаруй валют бүхий нэг сая гаруй евротой тэнцэх мөнгө илрүүлэн хураасан нь Энэтхэг дэх Түвдийн Засгийн газрыг сандаралд оруулаад байна. Тэдгээр гадаадын валютын дунд Хятадын юань байсан нь олон нийт болон хэвлэл мэдээллийнхэн Гармапа ламыг Бээжингийн тагнуул хэмээн буруутгахад хүргээд байна.

“Амьд Будда” гэгддэг 25 настай XVII Гармапа ламыг Хятадтай холбогдсон хэрэгт хардан хоёр ч удаа байцаажээ. Түвдийн буддын шашны гурав дахь том хүн Пэрэнлэй Дорж Энэтхэг дахь буддист сүм хийдийг сэргээн босгохдоо Хятадын удирдлага заавраар ажиллаж байна хэмээн орон нутгийн эрх баригчид сэжиглэж байгааг хэвлэлд бичсэн байна. Үүний дараа Бээжингийн Засгийн газар 1999 онд Түвдээс зугтсан Гармапа ламтай ямар ч холбоо сүлбээ байхгүй хэмээн мэдэгдэл хийлээ. Далай лам ч залуу шавиа Бээжингийн тагнуул гэдгийг няцаажээ.

Одоогоор Энэтхэгийн цагдаа дээрх хэрэгт холбогдуулан долоон хүнийг баривчилж хууль бусаар газар худалдан авсан хэргээр шалгаж байгаа бөгөөд Гармапа ламыг бохир мөнгө хадгалж байсан хэрэгт буруутгаж болзошгүй байна. Түвдийн шашны лидерийн албан өргөө, цагдаа нарын илрүүлсэн мөнгө нь хандив тусламжийн мөнгө байсан, хууль бусаар олж авсан гэх тэр газарт Гармапа ламын байнгын өргөөг барих гэж байгаа гэсэн мэдэгдэл гаргалаа. “Бидний мөнгө, тооцоо, шилжүүлэг үргэлж шударга, цэвэр явж ирсэн. Үүний эсрэг юм хийх нь буддын шашны зарчимд харш” хэмээн мэдэгдэлд онцолжээ.

Дарамсала дахь Түвдийн нийгэм оюун санаа нь Глидерүүдийнх нь нэг Гармапа ламыг хамгаалан гудамжинд гарч, Facebook, Тwitter дахь хуудсандаа түүний зургийг тавьсан байлаа. “Тэр Хяmадын тагнуул биш. Тэр бол бидний хүндэтгэн мэхийдэг лам хувраг” хэмээн Түвдүүд ярьж байна. Өндөр настай болсон Далай лам (76) болон Түвдийн шашны хоёр дахь том хүн Гэндэнцоги Нямаа хулгайлагдан сураггүй болсны дараа Гармапа ламыгТүвдийн оюун санааны дараагийн удирдагч хэмээн үзэх болсон юм. Түвдэд төрж, Хятадын Засгийн газарт хүлээн зөвшөөрөгдсон Гармапа лам нь XIV Далай ламын баруун гар бөгөөд видео тоглоом, iPod-оос салдаггүй ажээ.

Н.Мөнхжин


URL:

Сэтгэгдэл бичих