Бизнест одтой ч, улстөрд дүмбэгэр “ажнай”

Шинэ долоо хоногийн “Сонгох, сонгохгүй шалтгаан” булан маань 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон бизнесмэнүүдээс нэгийг онцлохоор шийдлээ. Энэ удаа “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийг ирэх сонгуульд сонгох, сонгохгүй шалтгаануудыг нь тоймлож байна.

Блиц:

Төрсөн он: 1963
Төрсөн газар: Өмнөговь аймгийн Даланзадгад сум
Гэр бүл: Эхнэр, хоёр охины хамт амьдардаг.
Боловсрол: Дээд
Төгссөн сургууль: ЗХУ-д Уралын их сургуулийг философич мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага: ЦНДС-д багшилж байгаад  “Ажнай” корпорациа байгуулсан бөгөөд 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан товч бөгөөд тодорхой намтартай.

СОНГОХ ШАЛТГААН

1.    УИХ-ын гишүүн асан гэхээсээ илүү “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч нэрээрээ олонд танигдсан Д.Бат-Эрдэнийн намтар түүх УИХ-д гишүүнээр суусан дөрвөн жилээс илүүтэй хурдан морь, хувьцааны наймаагаар  баяждаг.  Өнгөрсөн дөрөвхөн жилээр хэмжигдэх мэт ойлголтыг хүмүүст төрүүлдэг. Тэрээр өмнө нь улс төрд нэг их шунан дурлалгүй АН-ын санхүүд нэмэр болоод л явдаг байсан. Харин бизнес нь томрохын хэрээр улс төрийг дахин сонирхож эхэлсэн бололтой. Ирэх сонгуульд төрөлх аймгаасаа нэр дэвшихээр сонгуулийн бэлтгэл ажилдаа хэдийнэ орчихоод байгаа. Улс төр биднээс илүү  түүнийг оролдож эхэлсэн ч байж мэднэ. Юутай ч УИХ-ын босгыг нэгэнтээ давж парламентын гишүүн болж байсан түүхтэй энэ бизнесмэн эр одоогоор Монголдоо л хамгийн олон компанийн хувьцаа эзэмшдэг. Түүний мэдэлд “Жуулчин говь “ХК-ийн 22320 ширхэг, “Мандалговь импекс”ХК-ийн 8942, “Авто зам”ХК-ийн 34020, “Тавантолгой” ХК-ийн 21404 ширхэг хувьцаа байдаг. Харин “Ажнай” корпорацийн 100, “Хархорин интернэшнл”-ийн 60, “ТТТ” ХХК-ийн 70, “Түвдэнгийн бор интернэшнл” ХХК-ийн 90 хувийг тус тус эзэмшдэг. УИХ-ын гишүүн гэхээсээ баян бизнесмэн гэж хэлэгддэг байсан түүний хөрөнгө хэдэн тэрбумаар тоологдоно. Д.Бат-Эрдэнэ тухайн үедээ жилд 157 сая 297 мянган төгрөгийн орлого олдог, энэ үзүүлэлтээрээ “ангийнхан” дундаа гуравт эрэмбэлэгдэг байв.  Ингээд тооцохоор Д.Бат-Эрдэнийг гачигдах дутагдах юмгүй зөвхөн  ард түмний төлөө  хууль батлах ажилдаа зүтгэх хүн гэж дүгнэж болох мэт.

2.    Улс төрчийн хувьд тэрбээр нэг их улс төрийн “тоглолт” энэ тэрд оролцоод байдаггүй байв. УИХ-ын чуулган дээр ч бусад гишүүдтэй тэр бүр арсалдаж чи, би дээ тулж байгаагүй. Нэг ёсондоо чимээгүй хүн. Бас нам дотроо аль нэг фракцид харьяалагдаж, янз бүрийн лобби бүлэгт орж байсангүй. Говь нутгаас сонгогдсон гишүүдийг тойрог амьтай гэдэг. Д.Бат-Эрдэнэ ч мөн тэдний нэг. Гэхдээ гол дутагдал нь тойргийнхоо сонгогчдын нийтлэг эрх ашгийн төлөө бус эдийн сонирхол дээр нь “тоглож” рейтингээ өсгөдөг улс төрч гэнэ лээ. Ард түмний төлөөлөл хэмээж хий хоосон цээжээ дэлддэг гишүүдийг бодвол тэдний өмнөөс төрийн хэрэгт оролцдоггүй шударга зан түүнд л бий. Зарим нь түүнийг бизнесээ өргөжүүлэх гэж УИХ-д орох гэж байгаа гэдэг ч баян бизнесмэний хувьд улстөрд байхад илүүдэхгүй хэмээн өмнөговьчууд ам сайтай байгаа юм билээ. Харин өмнөх шигээ дуугүй дүмбийн сууж, дөрвөн жилийг бүү элээгээсэй гэдгийг бас сануулж байгаа гэнэ лээ.

3.    Мөнгөтэй хүн, тэр тусмаа улстөрд эргэж орохоор шийдсэн хүний хувьд сонгогчиддоо бага ч гэсэн юм амлаж, түүнийг өгнө гэдэг муугүй амжилт. Д.Бат-Эрдэнийн хувьд Өмнөговиос хүртсэн баялгаасаа аймгийнхаа нийт ард түмэнд “нутгийн хишиг” түгээсэн нь бусад аймгийнхныг бяцхан атаархуулаад авсан. Их савны ёроол хоосонгүй гэдэг шиг Өмнөговь аймгийн АН-ынхан хөтөлбөр боловсруулж, Д.Бат-Эрдэнээрээ уламжлуулан өмнийн говийнхонд одоогоор хүн бүрт 250 мянган төгрөг бэлнээр өгчихөөд байгаа юм билээ. Сар шинийн өмнөхөн л гэхэд өмнөговьчууд нутгийн хишиг 200 мянган төгрөгөөрөө дутагдах гачигдах юмгүй шинэлсэн гэнэ лээ. Нэг хүнд 200 мянга гэхээр дөрвөн ам бүлтэй айлд 800 мянган төгрөг өгсөн гэсэн үг. Монголын иргэн бүр “эх орны хишиг”  гэж 21 мянган төгрөгийг сар бүр авч байгаа бол Өмнөговийнхон нэмж “нутгийн хишиг” гэж 500 мянган төгрөг авч байгаа нь яалт ч үгүй оносон зөв хөтөлбөр. Улсаас ч, нутгаасаа ч хишиг хувь хүртэж суугаа Өмнөговийн сонгогчид АН болон “Ажнай”-н боссдоо багагүй талархаж явдаг юм билээ.

СОНГОХГҮЙ ШАЛТГААН

1.    Оюутолгой гэж дээр доргүй бужигнаж байх тэр үед Тавантолгойн нүүрснээс цөөн тооны нөхөд зарж баяжиж байсны нэг нь Д.Бат-Эрдэнэ. Монголчууд нэг тор нүүрсийг 2000 төгрөгөөр худалдаж авч, амь зогоож байхад тэрбээр Хятад улс руу тонн нүүрсийг 2000 гаруйхан төгрөгийн татвартайгаар зөөж байна. Энэ бол шударга бус явдал. “Ажнай”-н ерөнхийлөгч “Тавантолгойн” хувьцааны орон нутгийн эзэмшлийн 51 хувийг бараг л бүгдийг нь эзэмшдэг. Гэхдээ шударга бус аргаар. Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцааг нь худалдаж авалгүй ихэвчлэн далд аргаар иргэдийн гар дээрээс хувьцааг нь луйвардсан гэдэг.  Ерөнхийдөө Өмнөговьд байгаа өнгөтэй өөдтэй бүхэн түүний нэр дээр данслагддаг. Жилдээ 60 тэрбумын ашиг олдог түүний мэдэлд байдаг нүүрсний ордын лицензүүд нь л гэхэд тоогоо алдсан. Зөвхөн ганц лиценз нь доод тал нь 20 сая ам.доллараар үнэлэгдэнэ.

2.    “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч, “Тавантолгой транс” компанийн эзэн Д.Бат-Эрдэнэ арван жилийн турш ард түмний баялгийг өмнөд хөрш рүү зөөж байна. Найр наадам, “Говь шанхын хурд” нэртэй өөрийгөө рекламдах шоу хийхдээ сүүлийн үед гаршиж байгаа. Өч төчнөөн зуун сая төгрөгөөр ивээн тэтгэдэг уг шоунууд нь түүний хувьд хообий гэж байгаа. Говь нутгийн, цаашлаад Монголын баялгийг харийнханд хямдханаар худалдаж байгаа Д.Бат-Эрдэнэ говь нутагтаа ганц ТҮЦ, халуун усны газар ч бариагүй хэмээн өнгөрөгч хавар Ерөнхийлөгчийг очиход нутгийнхан нь ховлож байсан. Энэ жил түүнийг сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж байгааг нь болон сонгогчдынхоо саналыг мөнгөөр худалдаж авах гэж байгаа гэж бас нэмэрлэсэн гэж байгаа.

3.    Засгийн газраас 2009 онд шалгалт хийж, Д.Бат-Эрдэнийн компани 8 тэрбум төгрөгийг татвараас нуун дарагдуулсан, хууль бус томилгоо хийсэн, нүүрсийг хятадуудад хямд үнээр дамлан зарсан гэхчлэн олон зөрчил илрүүлж байсан ч мөнгөтэй хүнийг төр засаг нь ч дийлдэггүйн жишээгээр “зөрчилгүй” болж хувиргасан. Тухайн онд Татварын ерөнхий газар болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтэд “Бага Тавантолгойд олборлолт, тээвэрлэлт хийж буй “Тавантолгой” ХК-ийн удирдах төвшинд нэг ч мэргэжлийн хүн байхгүйгээс техник технологийн горим, мэргэжлийн удирдлага алдагдаж, стратегийн ашигт малтмалын орд газрыг ашиглах төрийн бодлого сулрахад хүрч байна” гэсэн нь бий. “Тавантолгой” ХК-ийн ажлын орчин нөхцлөөс хамаарч олон хүний амь үрэгдэж байна. Цагдаагийн байгууллагын мэдээнээс харахад 2010 онд 31 зам тээврийн осол гарч, 23 хүн амиа алдсан бол 2011 онд 12 осол гарч, гурван хүн нас барсан юм. Уурхайн гүнд ажиллах аюулгүй байдлаас илүү Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх 256 км стандарт бус, нарийн зам ажилчдын амь насанд аюул учруулж байгаа юм. Үүнээс үүдэж Таван толгойн нүүрсний замыг засч, сайжруултал тээвэрлэлт хийхийг хориглож замыг нь хаасан боловч эрх мэдэлтнүүд замыг хааснаас цагийн дараа л гэхэд нээсэн. Ингэж “Равсал панз”-ын гар хаа хүрдгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн дээ.  100 тонны даацтай нүүрс тээвэрлэдэг 4000 гаруй машин холхидог энэ замд хоёрхон жилийн дотор 26 хүн нас барсан ч “Тавантолгой” ХК-ийн удирдлагууд хариуцлага хүлээж  байсан удаагүй юм. Мөнгө л олж байвал нутгийн иргэд, ард түмний эрүүл мэнд, амь насыг юман чинээд тоодоггүй хүнийг УИХ-д өмнөговьчууд сонгох болов уу даа.

4.    Д.Бат-Эрдэнэ УИХ-д сууж байхдаа парламентын гишүүний үндсэн үүрэг болох хууль тогтоох ажилд хойрго ханддаг нэгэн байсан. Нийтийн эрх ашгийн төлөө хийгдэж байгаа хууль тогтоомжийг хэлэлцэх санал бодлоо уралдуулах ажилд бараг оролцдоггүй гэж хүмүүсийн ярьдаг нь үнэний ортой. Түүнийг үг хэлж, санал бодлоо хэлэлцэж, бусадтайгаа зөвлөлдөж байхыг ард иргэд цөөхөн харсан даа. Бас тойргийнхоо сонгогчдын санаа бодлыг төрд хүргэх тал дээрээ нойл заасан гишүүн гэж дүгнэдэг байсныг мэдэх юм. Харин тэрбээр хууль тогтоогч мэргэшлийнхээ оронд “үндсэн мэргэжил” болох бизнесийнхээ ажлыг амжуулаад явдаг аж.

5.    Парламентад суусан дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо хийсэн ганц ажил нь цөөн монгол хүнийг уурхайдаа ажиллуулахын зэрэгцээ тэднийг татвараас бултуулж оруулж ирсэн хэдэн хятад жолооч нартай хэрэлдүүлдэг болсон гэхээс өөр юм сонсогддоггүй. Сонгогчид нь тухайн үед, бас одоо ч гэсэн “Өмнөговь аймаг тэр чигээрээ шахуу ажилгүй залуусаар дүүрэн байхад яахаараа заавал Хятадын ажилчид энд ирж газар ухаж байдаг байна” бухимддаг гэнэ лээ. Уг нь Д.Бат-Эрдэнэ “Гадны хөрөнгө оруулагчид орж ирээд ажиллаад явахдаа бүх юм аа аваад л явна, Өмнөговийн хүн бол Өмнөговьдоо л бүх зүйлийг хийж бүтээнэ, үлдээнэ шүү дээ” гэж хэлэх дуртай нэгэн гэнэ лээ.  Гэвч ам, ажил хоёр нь зөрөөд байдгийг хэлэх хүн Өмнөговьд захаас аван байна.


URL:

Сэтгэгдэл бичих