Монгол төрийн хатаагдсан болд

Манай сонины “76:?” булан өндөрлөж байна. Сүүлчийн зочин маань УИХ-ын дарга Д.Дэмбэрэл. Өнөөгийн парламентад Дэмбэрэл дарга шиг өнө удаан суусан улстөрч үгүй. Д.Дэмбэрэл дарга хэдийгээр далан насны нүүрийг үзэж байгаа ч сахилгатай, сахилгагүй 76 “том хүн”-ий учрыг олчихоод байгааг нь харахад Монголын төрд ёс зүйтэй, ноён нуруутай, хатаагдсан болд шиг ийм хүн тун цөөхөн юм уу даа гэж эрхгүй бодогддог юм. Тэрбээр гаднаас нь харахад ууртай, ширүүн, бас нэлээд гунигтай харагддаг. Харин тэр өөрийгөө угаасаа л ийм төрхтэй төрсөн хүн гэж тодотгодог юм билээ. Өдий настай ч УИХ-ыг энэ зэрэгтэй удирдаад явж байгаа нь үнэхээр бахархмаар.

Амлалт
Д.Дэмбэрэл дарга УИХ-д тавантаа суусан туршлагатай, хат суусан улстөрч. Тэр хэзээ ч албан тушаал гуйж үзээгүй гэж нэгэн ярилцлагадаа ам бардам хэлсэн байсан. Бас Монгол төрд юу хий гэснийг нь л хийж ирсэн гэдгээ ярьсан байна лээ. Д.Дэмбэрэл даргыг хөрөнгө мөнгө идсэн уусан гээд хэн нэгэн муучлаад байхыг нь дуулаагүй. Жинхэнэ төрийн хүний шинжтэй спикер үе үе ангийнхныгаа хүүхэд шиг загнадгийг эс тооцвол түүнд гомдож, гоморхдог хүн байдаггүй л болов уу.
Сонгуульд нэр дэвшлээ гэхэд нутгийнхандаа чадах, чадахгүй юм амлахын хэрэг түүнд ерөөс байхгүй. Харь оронд улсын мөнгөөр зугаалж, хотын хаа нэгтээ тансаглаж байна гэвэл би лав итгэхгүй. Даргад түүхэн гавьяа бий. Түүний тулхтай, туршлагатайн ачаар хамтарсан Засгийн газрыг байгуулаад яаж хянахаа, мэдэхээ байчихсан улс төрийн хоёр том намыг нэгэн зорилгод зангидаж олон чухал асуудлыг шийдвэрлэсэн. Товчхондоо 70 настай буурал дарга хорин настай парламентыг төлөвшүүлж, улаан цэнхрийн тэнцвэрийг олж чадсан. Шүдээ хавиралдсан ширүүхэн улстөрчдийг ч тэр удирдаж чадаж байгаа.

Амжилт
Түүний ажил хэргийн амжилт дандаа геометрийн прогрессоор өсч ирсэн байдаг. Энэ тогтвортой удаан замналаараа тэр төрийн хүний ёс суртахуунлаг нэгэн том галбирыг бүтээсэн. Одоо ихэнх улстөрчид бүх замыг, саадыг товчлохыг хүсдэг болсон нь нууц биш. Тиймдээ ч мөнгөөр бүхнийг шийдэх гэдэг. Тэгдэг ч болсон. Харин энэ талаар Д.Дэмбэрэл дарга “Миний явж ирсэн бүх л замнал өөрийн хүслийг төрд тулгах арга замаар нэг ч удаа яваагүй. Тэгж явж байсан удаа надад үнэхээр байгаагүй. Төрийн санал болгосон ажил албыг л ёс төртэй хашиж ирсэн. Анхнаасаа тэгж төлөвшсөн. Тэр төлөвшлөөрөө л явж ирсэн. Нэг ч удаа “хөөш, би яамны сайд болно шүү, та нар болиорой” гэж элдэв авир үзүүлж явж үзээгүй. Миний олж авсан хүмүүжил тэр юм даа. Дээр нь аав ээжээс заяасан удам судрынхны нэг ноён нуруу байх юм биз. Ер нь ёс зүйн талаас нь аваад үзэхээр албан тушаал хөөцөлдөх, албан ажил эрхлэх гэсэн хоёр том ойлголт байна. Энэ бол шинжлэх ухааны ойлголт. Албан тушаал хөөцөлдөх гэдэг бол тодорхой зорилго тавиад өөрийгөө бүхний дээр гаргах, өөрөө илүү сайн хүн болж харагдах, өөрөө тэр албан тушаалыг авснаараа эдийн засгийн томоохон хувь хүртэх, тэр хамт олныхоо дотор би сайн хүн гэдгээ харуулахын тулд ажилладаг хүмүүсийг албан тушаал хөөцөлдөх буюу ёс зүйн талаараа нөгөө хар талд бичигддэг зүйл. Харин албан ажил эрхлэх гэдэг бол нийгэм төрдөө зохих ёсоор ажиллачих юмсан гэсэн, өөрөөр хэлбэл зарчмын дагуух замналаар явагсад. Цалингаа авчихаад оногдсон ажлаа хийсэн шиг хийгээд амар тайван явдаг. Энэ хоёр ойлголтыг манай нийгэм ихээхэн ялгаж салгаж хүлээж авах шаардлагатай. Ялгааг нь ярьж хэлж өгдөггүй учраас залуучууд энэ ойлголтуудыг хольж хутгаад, андуурч төөрөлдөөд, албан тушаал хөөцөлдөх нь байх ёстой зүйл юм байна гээд ойлгочихсон нь их анзаарагддаг. Овсгоотой, самбаатай явбал албан тушаалд хүрчихдэг юм байна гэсэн буруу үлгэр л тэдний өмнө байгаад байна. Овсгоо самбаагаар хүрсэн албан тушаал ямар амархан нурж ойчдог гэдгийг тэдэнд ойлгуулж байх хэрэгтэй. Өөрсдөд нь ч хэрэгтэй” хэмээн энгийн бөгөөд ойлгомжтойгоор, бусдад сургамж болохуйцаар хэлсэн байдаг. Тэр үнэхээр ийм л хүн. Ирэх долоо хоногт УИХ-ын дарга хамгийн хариуцлагатай чуулганаа нээнэ. Учир нь бүрэн эрхийнхээ хамгийн сүүлчийн чуулганыг удирдана. УИХ-ын сонгуулийг хуулийг шинэчилсэн, эрхэм гишүүдийг Ёс зүйн дүрэмтэй болгосон гээд түүний хүчин зүтгэлээр парламентын гараас гарсан олон хуулийг нэрлэж болно.
УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа үймэрч хямран цугларсан шинэхэн парламент даргаа сонгохдоо тэгтлээ ач холбогдол өгөх сөхөөгүй байв. Олонхи болсон Ардын намынхан улстөржиж, Энхболдуудаа уралдуулж байх хооронд даруухан сонгогдчихсон Д.Дэмбэрэл даргын уран мэх ямартай ч нэгэн удаагийн парламентын дөрвөн жилийг өлхөн давж байгаа нь энэ.

Алдаа
Ажил хийж байгаа хүн л юм чинь түүнд мэдээж алдаа дутагдал бий. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар, Үнд¬сэн хуулийн Цэцийн даргын суудал эзэнгүй удаж, дөрвөн сарын өмнө арайхийж АТГ-ыг даргатай болгосон бол одоогоор Үндсэн хуулийн цэц даргагүй хэвээрээ л байна. Ямар сайндаа л өчигдөр дунд суудлын хуралдаан зарлаж байхав. Сонгуулийн хуулийн тодорхой зүйл заалтаар гаргасан иргэний гомдлыг Цэц авч хэлэлцэв. Энэ байгууллагыг эзэнтэй болгох үүргийг уг нь Д.Дэмбэрэлийн парламент шийдэх ёстой. Бас огцруулах асуудлыг нь удаа дараа өргөн бариад байгаа УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг хичнээн ч удаа “авч үлдэв”.  Хэдийгээр намын нөлөө байдаг ч УИХ түүнээс хүчтэй байгууллага мөн л юм бол нэг сайдын асуудлыг хоёронтоо хэлэлцүүлж, түүхэнд “хамгийн, хамгийн”-аар бичигдэх учиргүйсэн.

Тэнэглэл
АТГ-ын даргын асуудал гэнэт хөндөгдөж байх үед УИХ-ын гишүүн З.Энхболд “АТГ-аас даргынхаа асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг УИХ-аас хүсч Д.Дэмбэрэл даргад албан бичиг ирүүлсэн. Гэтэл яагаад өнөөдөр энэ асуудал яригдахгүй байна” гэснээс үүдэж буурал дарга “Юун бичиг, манайд, надад тийм бичиг ирээгүй” хэмээн гүрийсэн гэнэ билээ. Байнгын хорооны хурлын өмнөхөн УИХ-ын Тамгын газрын ажилтан Алтангэрэл гэгч ярианы далимд З.Энхболд гишүүнд “АТГ-аас даргынхаа асуудлыг шийдүүлэх бичиг 14 хоногийн өмнө ирүүлсэн ш дээ” гээд хэлчихэж. Тэгээд эрхэм гишүүн тэр бичиг хаана байна гэж даргыг түвэгтэй байдалд оруулчихсан. Хэрэв ямар нэгэн бичиг ирсэн бол спикер мэдэх л учиртай. Энэ бичгийг УИХ-ын дарга нь ч, Тамгын газрын дарга нь ч мэдээгүй байжээ гэж хэн хүнд ойлгогдсон.
Бас  Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өргөн барьж, спикер ч дэд дарга нараараа дамжуулж авна гэж гүрийгээд байсан бичгийг нь авч хариуд нь “УИХ-ын нэгдсэн чуулганд зөвхөн хуулийн төсөл өргөн барьдаг. Гэтэл энэ чинь зөвхөн албан тоот байна. Тиймээс УИХ-ын бичиг хэргээр дамжуулахгүй юу” гэж зөрүүдэлсэн. Хэрэв авахгүй байсан бол аваагүй нь дээр байсан юм. Эрхэм спикерт энэ мэт бага сага будлиан бол бий.

Ирээдүй
УИХ-ын гишүүдээс хамгийн ахмад нь  хэдий ч тэрбээр улс төрөөс “урвахыг” хүсдэггүй, ирэх сонгуульд ч гэсэн хүч үзэхээр эртнээс бэлтгэж байгаа сурагтай. УИХ-ын залуу гишүүдийн нэг, нутгийн дүү С.Бямбацогтыгоо дагуулан нэг тойрогт хүч үзэхээр зэхэж байгаа дуулдах юм. Д.Дэмбэрэл даргыг УИХ-д нэр дэвшлээ гэхэд ховдчууд түүнийг тэтгэврийнх гэж чамлалгүй, Монголын улс төрд хатаагдсан болд шиг байдаг чанарыг нь хүндлээд парламентад дахин суулгаж мэдэх юм.
Гэхдээ тэр 48-аар биш намын 28-аар нэр дэвшиж, ногоон гэрлээр гараад ирэх болохоор түүний улс төрийн карьерыг дуусч байгаа гэж бодож болохгүй. Тэр ясны парламентч, улстөрчөөс гадна судлаач эрдэмтэн хүн. Тэрбээр өнгөрсөн жил монгол төрийн албаны ёс зүйн тулгамдсан асуудлаар докторын зэрэг хамгаалж, “Ёс зүйт төр” хэмээх бүтээлээ олны хүртээл болгосон. Тэрхүү бүтээлдээ төрийн албан хаагчдын ёс суртахууныг төлөвшүүлэх замаар төрийн албыг цэвэршүүлэх тухай санааг дэвшүүлсэн байдаг. Д.Дэмбэрэл дарга УИХ-д дахин сонгогдсоноор монгол төрийн төлөвшилд өөрийн үнэ цэнэ болох үлгэр жишээ, ёс зүйг төлөвшүүлэх биз ээ.

Б.Оюу

Монголын мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих