Хотын төвд цөмөрсөн зам олширчээ

Жил бүр зам засварын ажилд зориулж улсаас хэдэн тэрбумаар нь хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Энэ онд гэхэд 52.4 тэрбум төгрөг зам засахад төлөвлөжээ.

Тээврийн товчоодоор орох, гарах бүртээ жолооч нар мөнгө хураалгадаг. Жилд зам ашигласны хураамж гэж 500 сая төгрөг бүрддэг байна. Энэ мэтчилэн замын санд багагүй мөнгө төвлөрнө. Дээрх мөнгийг замын тэмдэглэгээ болон бусад жижиг засварын ажилд зарцуулдаг гэж албаныхан тайлбар тавьдаг боловч амьдрал дээр бид ямар замаар зорчиж байдгийг уншигч та ч бас мэдэж байгаа.

Ямар сайндаа л зам гэж там гэх үг гарах вэ дээ. Зам муугаас автомашины эвдрэл их гарч, хөдөлгөөнд саад учирч байдаг нь хэвшил болсон гэхэд болно. Дотоодын компаниудын зам засч байгаа байдал нь шаардлага хангахгүй байна гэж байнга хэл ам дагуулдаг. Хуучин замаа муу нөхөхөөс гадна шинээр тавьсан замууд нь нэг жилийн насгүй, нэг борооны ус даалгүй эвдэрдэг.

Түүнчлэн хотын замыг хүндрүүлэхэд барилга байгууламжийг замбараагүй барьдаг нь нөлөөлж байна. Өнөөдөр төвийн, гэр хорооллын аль ч зам галын машин орох зайгүй байна. Нийслэлийн төв замд ч онгойсон том нүхнүүд гарсан байх юм.

Жишээлбэл, Соёлын төв өргөөний хойд талын зам өдөр болгон түгжирч, тэр хавиар дамжин өнгөрөх иргэдийг багагүй бухимдуулж байна. Тэр замын нэг хэсэгт цөмөрч онгойсон том хар нүх гарчээ.

Газар доор нь ямар нэг шугам хоолой байна. Энэ нүхэнд машин тэргээ эвдэх ч бага хэрэг, хүн унаж бэртэн, бүр амь насаа алдвал хариуцлагыг хэн хүлээх вэ. Жил бүр авто замын урсгал засварт тэрбум, тэрбумаар хөрөнгө зарцуулж байгаа ч засварын ажил бүтээмжгүй, үргүй зардал гаргасан ажил болж байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа авто замын ачааллыг даахуйц чанартай замтай бол ингэж амархан эвдрэх нь бага байлтай.

Ц.Цэцэгжаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих