Монголын маань ирээдүй өнгө тунгалаг байна

За, барс жил шувтарч, эвтэй хэмээн үлгэр домгийн баа­тар болон тодорсон туулай жил зочлон ирдгээрээ л ирлээ. Өнгөрсөн туулай жилүүдэд Монголд хийгээд дэлхий дахинд чухам ямар гээчийн сүр дуулиантай үйл явдлууд болон өнгөрч байсныг түүх сударчид тогтоон тодруулсан нь тодорхой.
Харин ирж буй энэ төмөр туу­лай жилд Монгол эх орон маань чухам юугаар «буцлах» бол? Улиран одож буй барс жил сүүлээ айх­тар шарвалаа даа. Түүхэнд энэхүү айхтар шарвалт, хувиралт өөрчлөлтөөрөө тэмдэглэгдэн үлдэх нь дамжиггүй.
Аль тэртээх 1940 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Ю.Цэдэнбал даргыг энэ албан тушаалдаа сонгогдсоных нь 45 жилийн ой 1985 онд нижгэр болох ёстой байж. Гэтэл өмнөх 1984 оных нь намар Москвад түүнийг «эрүүл мэндийн шалтгаанаар» хэмээн гэнэт бүх албан тушаалаас нь огцруулж, хүний газар гүний нутагт гэрийн хорионд түгжиж орхисон сон. Түүн шиг 1921 онд байгуулагдсан МАХН-ын 90 жилийн ойн өмнөхөн / «үхрийн сүүлэн дээр хутга» гэгчээр/ энэ намыг татан буулгачих юм даа… «Барс сүүлээ шарванаа» гэж.
1984 оны 8 дугаар сард нийс­лэл хотын маань дээгүүр гэнэт нэгэн цагаан нисдэг тэрэг дуу шуутайхан нисэн өнгөрөхөд учир мэдэх айх­тар эрхэм «За даа Монголд ойрхон нэг айхтар зүйл болох нь дээ…» гэж байсан юм гэдэг. Энэ тухай Монголын нэрт сэтгэгч, өдгөө дуу­лиан шуугианыг хилийн чанадад өрнүүлээд буй «Супер нэгдлийн онол»-ыг нээгч бэсүд овогт Чулуу­батын Эрдэнэ гуай нэлээд хэдэн жилийн өмнө сонинд өгүүлсэн бай­сан нь тодхоон санагдаж л байнам. Яг түүн шиг саяхан даа, нэгдүгээр сарын 19-ний өглөөний 8.49 цагт нийс­лэл дээгүүр маань мөн л нэгэн цагаан нисдэг тэрэг «тачигнаж гарав» даа. Амьдралдаа энэ дүр зургийг хоёр дахиа харж буй тул миний хувьд «өнөөх өмнөх явдал давтагдах нь уу» гэсэн сэрэмж сэтгэлд сэр хийж байна лээ шүү. Гэтэл «манай томчуул л хотынхоо утааны байдлыг газар дээр нь бус газар дээсээс нь тольдсон» юм санж. Ха ха ха.
Уг нь туулай хэмээх амьтан бол­баас нэн хөдөлмөрч агаад эв най­рамдлыг туйлын хичээгч хэмээгддэг амьтан юм санж. Гэвч айлчлан ирж буй туулай жил «гал халуун» болох нь дэндүү тодорхой боллоо. Юун хэмээвээс МАХН хэмээх «акул» тасраад / «могой долоо тасравч гүрвэлийн дайтай»/ буурин дээр нь МАН, МАХН гэсэн хоёр улс төрийн хүчин мэндэлж байна.
Зүгээр ээ зүгээр. Болох ёстой юм болдгоороо л болж бай­гаа нь тэр. Үүнд балмагдан бачим­дах, болчимгүй алхам хийх шаард­лагагүй. Монголын буян заяа их гэдэг сэн.
«Барс сүүлээ шарвадаг» гэгчээр жилийн бөгсөнд улс төр нэлээд хуйсганалаа дээр өгүүлсэнчлэн, эцэст нь МАН-ыг анх 1990 онд байгуулж, МАХН-ынхантай нийлсэн Баасан лам зэрэг улстөрч гэнэт бурхан болов. Ум мани бад ми хум… Энэ жирийн тохиолдол уу?
«Урвагч» хэмээх барс жилийн сүү­лэнд дунд насныхан, парти­занууд маань «энэ насаараа үнэнч зүтгэнэ» хэмээн андгайлсан намаа­саа татгалзаж, өөр улс төрийн хүчнийг «түших» боллоо. Энэ бол хэвийн байх л ёстой зүйл гэж үзье. Гэтэл амьдралд хөлөө ч олоогүй «нялх ногоо» гэгдэх хайран сайхан залуус маань «Муу эр дайнд хөөрнө» гэгчээр мөн ч их дүвчигнэлээ дээ. Анх 19 настайдаа МАХН-д элсэж алдрын замаар ямагт дээшилсэн яруу найрагч Ж.Мөнхбат хэмээх «улаан хамгаалагчийн» шилийг дарж, «дүү нь ахыгаа давдаг»-ийн үлгэрийг үзүүлэн 18-насныхаа төрсөн өдрөөр МАХН-д элссэн гэх, МАХН-ын Онц их хурлаас хөөгдөн гараад эдүгээ «МАХН-ын онц их хурлын төлөө» хөдөлгөөн байгуулан энэ намын нэрийг бас булаалдана хэмээн шазуур зуун давхиж яваа Ц.Алтаншагай гэх зэрэг хувь хүний­хээ хувьд төлөвшиж чадаагүй ой­воргон банди нар «бид л шударга ёс тогтооно, намаа хамгаална» гэх зэрэг том том үгс хаялах нь яасан ичгүүртэй хэрэг вэ? Тэд «хэтэрхий мэргэн жараахай» болж, хэн нэгэнд хэлмэгдсэн шударга ариун нэг­ний дүрийг эсгэснээр нөгөө өрсөл­дөгч талаас нь «очко авах» дэндүү гүнзгий бодлого баримтална бус уу? 18 насныхаа ойгоор МАХН хэмээх эрх баригч намд элсэж буй ийм хүүхдүүд 25 нас хүрэхийн цагт дүүргийн Засаг дарга, 30-тайдаа УИХ-д нэр дэвшин, 35-тайдаа намын бүлгийн дарга, 40-тэйдээ Ерөн­хийлөгчид нэр дэвшихэд нас нь даанч жолдох тул улиран пар­ла­­ментч болох, харин 45-тайдаа бол найдвартай Монгол Улсын Ерөн­хийлөгчид нэр дэвшинэ хэмээн тооцоолж яваа «цөвүүн цагийн зэвүүн багачууд» байна даа.
За даа, 50 руу нас маань хэвийж яваа бидний үеийнхэн та нар шиг ийм мундаг сэтгэж чаддаггүй, хоц­рогдсон социализмын бүтээг­дэхүүнүүд эрхэм дүү нартай энэ салбарт өрсөлдөж даан ч хүчрэхгүй юм байна даа.
Ийм нэгэн гунигт бодол тээж яв­­лаа саяхан хүртэл, даанч. Гэ­тэл ердөө өчигдөрхөн /6-ны ням гарагт/ орой үдшийн цагаар Ган­дан­тэгчинлэн хийддээ очин хэдэн хүрдийг нь эргүүлж явбал таван сайхан залуу хүмүүсийн хөлөөр үүссэн элдэв хог хаягдлыг цэвэрлэн, уут саванд хийн холдуулж байхтай таарав аа. Үе тэнгийн зарим нь намын дуу дуулан элдвээр жүжиглэсээр дэлгэцийн баатар болон хувирч байхад «хэн хүний хүүхэд энд хог цэвэрлэж явдаг билээ» гэсэн солио гажуу бодол төрөн уулзаваа тэдэн­тэй. Эрдэнэбатын Батчулуун /утасын дугаар нь 99173694/ нарын эдгээр хөөрхөн хүүхдүүд хүүхэд залуу насныхан ямар байх ёстойг бусаддаа үлгэрлэн харуулна бус уу? Бид л сайн мэдэхгүй болохоос ма­най монголын бахархал болсон сай­хан залуус гадаад дотоодод чимээ шуугиан тарьж, түмний анхаар­лыг өөртөө огтхон ч таталгүйгээр сай­хан сэтгэлийн очийг бадраан явж байнам. Ийм жишээг дурдвал зөндөө олоон. Түүнээс бус «улаан хамгаалагч»-дын хоёр, гуравдугаар үе болон «тодорч», хайран сайхан залуу насаа, амьдралаа сэвгүйгээр эхэлмээр санж.
Тэд Гандан хорооны хүүхдүүд гэнэ. Тэгээд сар шинийн баяр болж буй тул Гандан хийддээ, сүсэгтэн олондоо ийнхүү нэргүй буян хийдэг гэнэ. Энэ бол жинхэнэ Монголын бахархал мөөн гэж итгэл найдвар дүүрэн зарлан хэлье. Ийм л сайхан залуус эрх чөлөөт Монгол орноо хөтлөн залах болтугай.
Өнгөрч буй ондоо хамаг муу муухайгаа үлдээе. Туулай жилдээ энэ амьтан шигээ бусдад гэм хорлол хийлгүйхэн шигээ налгар тайван байж, нарлаг Монголдоо хүний ёсоор амьдарцгаая. Өөрөө өөрөөсөө л урвахгүй амьдрах юм сан.
С.Энх-Амар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих