М.Зоригт: Тойргоо сольж, намаасаа урвав

“Бодь” группийн боссуудын нэг М.Зоригт энэ удаад парламентад суухын тулд намаа, тойргоо солин ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. 2004-2008 оны хооронд парламентад сууж байгаад өнгөрсөн хугацаанд завсарласан түүний хувьд Төрийн ордныг гаднаас нь харж суух нь тэсвэрлэх аргагүй зовлон  бололтой.

2004 онд итгэл сэтгэлээ өгсөн ч 2008 оны сонгуулиар санал өгөөгүй учир дорнодчууд Монголын толгой баячуудын нэг М.Зоригтод хаягджээ. 2004 оны сонгуулиар “баян хүн” гэсэн ганцхан дүрд чадварлаг тоглож, бэлтэйнхээ буяныг гаргана хэмээн итгүүлж дөнгөсөн тул түүнийг дорнодчууд дуу нэгтэй сонгож байсан. Гэвч дөрвөн жилийг дундуурхан амжилттай үдсэн болохоор 2008 онд сонгогчид нь хатуухан ташуур өгсөн. Гэхдээ мань хашир гандан буурахгүй “Бодь”-ийнхоо хамаг л ажилтан, ажилчдыг Дорнодод аваачин тойрог хэсгийн хороодыг тойрч бүслэх, бослого суулт зарлах гэх зэргээр хэдэн сар үзэлцсэн ч гэв гэнэт учир битүүлгээр тахимаа өгчихөөд чимээгүйхэн арилаад өгсөн гэдэг.

Маш их хүч хаян ялсан гэдэг дүрдээ итгэчихсэн тэмцэж явсан М.Зоригтыг нэг л өглөө хамаг ачаа бараагаа хураан ажилтнуудаа буцаан арилаад өгсний учрыг өнөө хүртэл дорнодчууд олоогүй л яваа. Гэхдээ М.Зоригт 2012 оны сонгуулиар дахин дорнодчуудыг царайчлахгүй байхаар хатуу шийдэн Сүхбаатар аймгийг онилоод байна. Өнгөрсөн гурван жил гаруй сүхбаатарчуудыг өөрийнхөө талд татах ажиллагааг гардан хийж байгаа тэрбээр ИЗН-аа ч хаян Ардчилсан намд уравсан.

МоАХ фракцийн дэд даргаар сонгогдон “Женко”-г бараадах болсон түүнд Ардчилсан нам найдвартай суудал амласан юм бай. Өөрөө ч нэр дэвших тойргоо хангалттай цэвэрлэгээнд оруулан бэлтгэлээ дориухан базаасан. Тэрбээр, Сүхбаатараас гарах магадлалтай “Монос”-ын Л.Эрдэнэчимэгийг нэр дэвшихгүй болтол нь ухуулан сэнхрүүлж “Ялалт байгуулж гарч ирээд сайдын сэнтийд зална, Эрүүл мэндийн сайд чинийх гэж бод” гэхчилэн ятгаж байгаа сурагтай. Л.Эрдэнэчимэгийн тухайд ч өмнө нь тус аймагт очин өвдөг шороодсон болохоор “ok” талдаа хариултыг бараг л өгөөд байгаа гэнэ.

Мөн тус аймгаас нэр дэвших магадлалтай засаг ноён Ж.Батсуурийг ч албан тушаалыг чинь дахин хадгалахад хамаг л хөрөнгө хүч, бие сэтгэлээ зориулна хэмээн тайтгаруулаад байгаа гэх шум байна.

Энэ мэтээр замаа цэвэрлэж яваа М.Зоригт парламентад сууж байхдаа ИЗН-аасаа “Нэг цаг нэг доллар” гэсэн хөтөлбөр боловсруулан тухайн үедээ л жирийн иргэдэд таалагдах асуудал ярьж явсан. Мөн С.Оюун даргатайгаа нийлэн парламентын гишүүдийн өрөөний хаалга үүдийг онголзуулан “Буруу замаар явж байгаа парламент өөрийн хүсэлтээрээ огцрох ёстой” гэсэн бичигт гарын үсэг зуруулахаар гүйдэг байв.

Цөөнхийн байр суурийг ИЗН-ын энэ хоёр овоохон илэрхийлж, асуудал ярьдаг, хийх гэж гүйдэг гэсэн сайн сайхан тодорхойлолттой явсан юмдаг. Гэвч ИЗН-ын дарга С.Оюуныг Ногоон намын Д.Энхбаттай нийлэх шийдвэр гаргахад таг дуугүй суусан. Харин түүний  дуугараагүй шалтгаан нь дургүй байсны илрэл  юм билээ. С.Оюуныгаа намын гишүүдээсээ асуулгүй нэгдэх нийлэх тухай шийдвэр гаргасан хэмээн дургүйцсэн тэрбээр Ардчилсан намд орчихсон хойноо л энэ тухайгаа хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн. Монголдоо л толгой цохих “Бодь” группийн эзэн эл эрхэм харин ирэх сонгуулиар санал гуйх Сүхбаатартаа бараг л амьдарч байгаа гэнэ.

М.Мөнхчимэг

“Өдрийн шуудан” сонины редакцын зөвшөөрлөөр цахим хуудаст нийтлэв


URL:

Сэтгэгдэл бичих