Монголчуудын түүх, соёл мөхлийн ирмэгт байна

Монголчуудын түүх, соёл гэж ийм л гайхалтай даа гэж бахдан бишэрч, сүрлэг, догшин дүр дөрхтэй бурхдыг хараад өөрийн эрхгүй сүрдэж, эмээдэг тийм хосгүй бүтээлүүд бидэнд их бий. Гэвч, харамсалтай нь сүүлийн жилүүдэд эртний түүх, соёлыг харуулсан хосгүй үнэт бүтээлүүдийг буруу замаар будаа тээгчид гартаа оруулж, хил давуулан худалдах үзэгдэл түгээмэл гарах хандлагатай болж. Эртний сайхан олдвор, түүх соёлын дурсгалыг судалж, хамгаалах, ур хийцийг нь алдагдуулахгүй

хадгалах гэхээсээ илүү хэдэн төгрөг болгон худалдан борлуулчихыг л бодож явдаг шуналт хүмүүн олон болсон байна.

Хэдэн өдрийн өндөр гэгээн Занабазарын хийцийн, дахин давтагдашгүй, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад орсон бурхдыг хийдээсээ хулгайлан аваад, оронд нь хуурамчийг хийж тавьдаг байсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн сан хөмрөгч Ю.Баяраа, түүнтэй хамт энэ хэргийг үйлдсэн “Тансаг” нэртэй эртний эдлэлийн дэлгүүрийн эзэн С.Энхтайван нарыг шүүх хурал боллоо. Тэд хийсэн хэргийнхээ шийтгэлийг хүлээж, хариуцлагаа үүрэх ч, хамгийн гол асуудал нь тэдний хулгайлж авч, зарсан бурхад олдохгүй байгаа явдал юм. Хятад иргэнд зарсан гэж байгаа ч одоогоор олж чадаагүй байгаа гэсэн.

Магадгүй хил давуулан гаргасан бол олдохгүй ч байж мэднэ. Мөн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Баруунчойрын хийдээс алтаар шарсан, өндөр гэгээн Занабазарын хийцийн, мөн л түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Ногоон дарь эх бурхан алдагдаад олдохгүй байгаа. Энэ бурхныг хийдийнхэн өмнө нь гурван удаа хулгайд алдсаныг Эрүүгийн цагдаагийн газрынхан олж өгсөн байдаг. Гэтэл одоо дөрөв дэх удаагаа алдчихаад эрэн сурвалжилж байна. Энэ мэтээр түүх, соёлын хосгүй үнэт, үнэлэх боломжгүй тийм гайхалтай ховор бүтээлүүдээ ямар хүний гарт, яажшуухан хадгалуулж, хамгаалуулж байна вэ, цаашид яах вэ гэдгээс эхлээд нэн яаралтай шийдвэрлэх ёстой олон асуудал тулгарчээ. Гэвч холбогдох байгууллагууд нэг ч их тоохгүй, ажин түжин байсаар л. Хамгийн наад зах нь түүх, соёлын хосгүй үнэт бүтээл, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хэрхэн хамгаалах, хадгалах, бүртгэх, гадаад улс оронд гэрээ хэлцлээр гаргахдаа яаж буцааж авчрах, буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин боловсронгуй болоогүй, бүрдээгүй байх жишээтэй. Ямар ч үйлчлэлгүй, огтхон ч хэрэггүй нэг заалт Эрүүгийн хуульд байна.

Хэдэн жилийн өмнө Чех улс түүх, соёлын 200 гаруй үнэт бүтээлээ богино хугацаанд алдаж байжээ. Гэвч одоо тэнд нэг ч ийм төрлийн хэрэг гардаггүй болсон гэнэ. 200 гаруй түүх, соёлын бүтээлээ алдаж байсан тэр цаг үед Чех улс яг одоо манай улс түүх, соёлын дурсгалт зүйлсээ хадгалж, хамгаалж, хянаж, бүртгэж чадахгүй байгаа шиг тийм нөхцөл байдалтай байсан гэж холбогдох албаны хүмүүсээс сонслоо. Чех улс түүх, соёлын дурсгалт зүйлс, соёлын өвөө авч үлдэх гэж эрх зүйн орчноо маш сайн боловсронгуй болгосноор зорьсондоо хүрсэн гэнэ. Манай улс ч бас яг тийм шийдвэртэй алхам хийхгүй бол түүх, соёлын үнэт бүтээл, дурсгалт зүйлсээ хил давуулан хулгайд алдаж нэг мэдэхэд ойд төөрсөн сармагчин лугаа адил ямар ч түүх соёлын өвгүй, ийм түүх, соёлтой байлаа гэж бусдад үзүүлж харуулах, бахархах юмгүй улс болох биз. Ийм аюулд орохоос урьдчилан сэргийлэхийн тулд манай улс Чех улсын туршлагыг судлахад болохгүй гэх юмгүй гэдгийг цагдаагийн байгууллагын болон бусад холбогдох албадын мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Ингэхийн тулд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага нэн түрүүнд тулгарч байна. Хамгийн наад зах нь манай Эрүүгийн хуульд түүх, соёлын хосгүй үнэт дурсгалыг эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хариуцлага хүлээлгэхээр ганц нэгхэн заалт байдаг нь бүх зөрчлийг хамарч чаддаггүй гэнэ. Тиймээс, тухайлбал эртний булш, бунхан ухсан, хууль бус малтлага хийсэн хүн эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Яагаад гэвэл, манай улсад түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад оруулсан булш, бунхан байдаггүй аж. Тэгсэн хэрнээ Эрүүгийн хуулийн 210 дугаар зүйлд Байгалийн объектыг санаатай эвдэх, гэмтээх, устгах гэсэн зүйл ангийг хуульчилжээ. Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад оруулсан булш, бунхан байхгүй байхад түүнийг эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хариуцлага хүлээлгэхээр заасан энэ заалт гэхэд амьдрал дээр ямар ч үйлчлэл байхгүй. Зүгээр л цаасан дээр хий дэмий зай бөглөж бичсэн зүйл болж таарч байна.

Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад орсон, дахин давтагдашгүй, хэн ч дахиад хийж чадахгүй, олон зуун жилийг элээж байгаа бурхдыг харж хамгаалж байх ёстой эзэн нь тэдгээр бурхдыг хийдээсээ хулгайлан авч, бусадтай нийлэн оронд нь хуурамчийг хийж тавьсан хэргийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн зүйл ангиар зүйлчлэн шүүж байгаа. Энэ зүйл ангиар яллавал хамгийн дээд талдаа 5-10 жилийн хорих ял оногдуулахаар заажээ. Гэвч ийм ял авсан практик байхгүй. Ихэвчлэн торгох ялаар шийтгүүлээд өнгөрдөг аж. Эрүүгийн хуульд түүх, дурсгалын хосгүй үнэт бүтээлийг, түүх дурсгалын зүйлсийг хулгайлах, хуурамчаар солиход хүлээлгэх хариуцлагын санкц, зүйл заалт байхгүйгээс ийнхүү түүх, соёлын хосгүй үнэт дурсгалыг санаатай хулгайлан авч, хуурамчаар сольж тавьсан хүмүүст хийсэн хэрэгтэй нь харьцуулахад дэндүү хөнгөн ял оногдуулах болж байгаа юм. Бид хvний мууд дуртай хvн биш, гэхдээ хосгvй vнэт зvйлсийг хувийн нэг муу єчvvхэн шуналдаа хєтлєгдєн гадныханд зарсан хvмvvсийг “эх орноосоо урвагч” гэж vзмээр санагддаг.

Музейнуудын үүдэнд суудаг “манаачийг” өндөр хэмжээний харуул хамгаалалтаар сольё
Манайд түүх, соёлын хосгүй үнэт дурсгал, бүтээлийг музейд голдуу хадгалж байгаа. Гэтэл тэр музей, галлерейн үүдэнд гэрээт хамгаалалт нэртэй нэг хүн орсон, гарсан хүмүүсийг “гайхахаас” өөр ажилгүй жижүүрлээд суудаг. Гэтэл бусад улс орнуудад харуул хамгаалалт нь орж, гарч байгаа хүмүүсийг нарийн хянаж, шалгадаг юм билээ. Хяналт, дохиолол нь дээд зэргээр хөгжсөн. Музейгээс үзмэр аваад гарахад мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Зарим улс түүх, дурсгалын хосгүй үнэт бүтээлэээ төрийн хамгаалалтад байлгадаг гэдэг.

Өнгөрсөн жил Үндэсний түүхийн музейгаас Богд хааны үеийн тамганы хоёр хуулбар алдагдсан. Музей үзэж байсан хүн шилэн хорго хага цохоод аваад явсан байдаг. Хулгайч одоо хүртэл баригдаагүй. Үзмэрт дохиолол тавиагүй, үүдний харуул хамгаалалт үүргээ сайн гүйцэтгээгүй, камерь, хяналт байгаагүйгээс ийм хэрэг гарч, илрэхгүй байгаа гэж хуулийн хүмүүс хэлсэн. Дэлгүүрүүд хүртэл бараандаа дохиолол тавьдаг болсон байхад хосгүй үнэт бүтээлүүд манайд ийнхүү ердийн нэг хог шиг ил задгай байж, түүнийг нь шунаг сэтгэлтнүүд ядах юмгүй аваад гарчих нөхцөл бүрдсэн байна. Хосгүй үнэт түүх, дурсгалын зүйлсийн хадгалалт, хяналтыг хүний хүчээр биш технологийн хүчээр хийх болсныг удаа дараа гарч байгаа энэ мэт хулгайн хэргүүд харуулж байгаа. Уг нь бол одоо үед бvрэн бичлэгтэй камерийн хяналт, дохиоллын систем тавихад хэцүү юм байхгүй болсон. Гагцхүү хариуцсан хүмүүст нь сэтгэл л дутаж байна гэхээс өөр яалтай. Ер нь хосгүй үнэт дурсгалыг єндєр хамгаалалттай газарт хадгалж, дууриамлыг нь хєдєє орон нутагт байлгах талаар тєр засаг арга хэмжээ авахад ч буруудах юмгүй мэт. Өндөр гэгээн Занабазарын хэдэн бvтээл гэхэд л бидэндээ Луврын музейн vнэт зүйлс, эрдэнэсээс ч илvv vнэтэй баймаар санагдах юм. Тийм бүтээлүүдийг Эрдэнэзуугийн сан хөмрөгч мэтийн юу ч ойлгохгvй хүмүүсийг хамгаалж байгаа гэж орхичихоод, санаа амар суумааргүй байна.

Бүртгэл, судалгааг сайжруулснаар хулгайг таслан зогсоох боломжтой
Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл яг өнөөдрийн байдлаар 670 байгаа гэж холбогдох албаны хүн мэдээлэл өгч байна. Хосгүй үнэт гэдэг нь мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй гэсэн үг. Хосгүй үнэт дурсгалд Занабазарын бүтээл, бурхны дэлгэмэл зураг, архелогийн ховор нандин олдвор, 13 дугаар зууны их, бага хаадын үеийн алтан, мөнгөн зооснууд гээд дахин давтагдашгүй олон сайхан бүтээл багтдаг аж. Энэ бүхнээ хадгалж, хамгаалж үлдэхийн тулд бүртгэл, судалгааг сайжруулах шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Малын гарал үүслийн гэрчилгээ гэж байдаг шиг түүх, соёлын хосгүй үнэт дурсгал, соёлын өвд бүртгэж байгаа бүх бүтээлийг хувийн дугаартай болгох зэргээр маш сайн бүртгэлийн механизм яаралтай бүрдүүлэх шаардлагатай гэнэ. Дотооддоо хувь хүмүүсийн гараас гар дамжуулан худалдаалагдаж байгаа бүх бүтээлийг зөвхөн хувийн дугаартай тохиолдолд худалдан авах, худалдах тогтолцоог бий болгох зэргээр маш сайн бүртгэл, судалгаагаар хянавал бид түүх, соёлоо хамгаалж чадна. Ийм ажлыг хийдэг, хариуцсан газар байгуулахад ч болохгүй гэх юмгүй.

Манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хар тамхины аюулыг оруулаагүй мөртлөө соёлын аюулгүй байдал гэж оруулсан байдаг. Тэгсэн хэрнээ түүх, соёлоо хамгаалах ямар ч бодлого байдаггүй нь энэ салбарт төр ямар цалгар, назгай хандаж ирснийг харуулах биз ээ.

Манайд хөдөөгүүр байгаа эртний булш, бунханг бүрэн тоолж, тоог нь гаргасан юм байдаггүй гэж сонсогдлоо. Үл хөдлөх соёлын өвд багтдаг булш, бунханд дуртай цагтаа хэн хүссэн нь хууль бус малтлага хийгээд явдаг. Үүнийг хаа сайгүй л мэднэ. Мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлаад л өнгөрдөг болохоос. Тэгээд ч булш, бунханд нууцаар малтлага хийчихээд, дотроос нь гарч ирсэн эд өлгийн зүйлсийг авч ирээд ченжид өгөхөд ченж хариуцлага хүлээхгүй. Хуулийн зохицуулалт нь тийм. Тиймээс зөвшөөрөлгүйгээр, бүртгэлгүй эд өлгийн зүйлс худалдан авахгүй гээд хуульчилж яагаад болохгүй гэж.

Гадаадад гаргасан хосгүй үнэт түүх, дурсгалууд буух эзэн, буцах хаяггүй алга болж байна
Түүх, соёлын хосгүй дурсгалд заналхийлж байгаа нэг аюул нь гадныхан судлана, үзэсгэлэн гаргана гэсэн нэрээр аваад явдаг асуудал. Хосгүй үнэт дурсгалыг авч явчихаад удаж, удаж буцааж авчирдаг. Ингэж удахдаа яг адилханыг дуурайлгаад хийгээд ирсэн байхад мэдэх хүн байхгүй. Холигдож, солигдож байна уу гэдгийг ч мэдэхгүй сууж байгаа. Зарим дурсгал бүр сураггүй алга болж байгаа гэлцэх. Дэлхийд түүх дурсгалын хосгүй бүтээлийн хууль бус, зохион байгуулалттай бизнесийн сүлжээ хүчээ авч, ашиг орлогоороо нэлээд дээгүүр байр эзэлдэг бизнес болон хөгжиж байхад бидэнд мэдэж байгаа ч юм алга. Аваад авъя, судлая гэсэнд нь өгчихөөд, эргүүлж авчирч өгөхийг нь хүлээгээд гараа хумхиад сууцгааж байна. Угтаа бол, заавал өгч явуулах шаардлагатай юм бол араас нь байн, байн очиж шалгаж байхад ч болохгүй гэх юмгүй болсон. Хосгүй дурсгалууд гадаадад гараад алга болсон, холигдож, солигдсон тохиолдод буруутай хүнд хариуцлага хүлээлгэх асуудал ч өнөөдөр хуульчлагдаагүй. Гадаадад гаргахаар авч явсан зарим үзвэр буцаж ирэлгүй хоёр жил болж байгаа тохиолдол байна гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа. Гадаадад гаргах үзэсгэлэнгийн хугацаа тэгж удаан хийгддэг гэнэ. Энэ хооронд гэрэл зургийг нь аваад, ном хэвлээд худалдаж байгааг мэдэх арга байхгүй. Уг нь тэр үзэсгэлэн, үзмэр дотор ховор нандин, дахин давтагдашгүй юм зөндөө байгаа гэдгийг манай дээгүүр мяндагтангууд мэдэхийн дээдээр мэдэж байдаг баймаар юм.

Манай улсын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг үзэсгэлэнд тавих, сэргээн засварлах нэрээр гэрээгээр, заримыг нь хулгайгаар гадаадад гаргасаар сураггүй болсон нь цөөнгүй. Одоогоос 15 жилийн өмнө Үндэсний номын санд хадгалж байсан үйсэн дээр бичсэн номыг ХБНГУ-д сэргээн засварлах нэрийдлээр тус улс руу гаргасан ч өнөөг болтол эргэж ирээгүй. Буцааж авах талаар тус улс руу холбогдох байгууллагаас албан бичиг явуулдаг ч хариу өгдөггүй гэнэ. Холбогдох байгууллагуудад ирсэн мэдээллээр үйсэн дээр бичсэн уг ном хаана, хэнд байгаа нь тодорхойгүй байгаа аж. Түүгээр зогсохгүй соёлын энэ чухал эх сурвалжийг сэргээн засварлах нэрээр авч явсан ХБНГУ-ын иргэний бие муу байгаа гэсэн мэдээллийг манайханд ирүүлжээ. Муугаар бодоход энэ номыг авч явсан хүн нас барчихвал манай түүх, соёлын хосгүй үнэт бүтээл буух эзэн, буцах хаяггүй алга болох юм. Бид түүх, соёлын хосгүй дурсгалууддаа хайнга, назгай хандсаны гай өнөөдөр ингэж л нүүрлэж байна. Соёлын өв уствал үндэстэн оршин тогтнох уу. Улс эх орныхоо язгуур эрх ашгийг хадгалж үлдэе л гэж байгаа бол манай улс цаг алдалгүй түүх, соёлын дурсгалуудаа хадгалж, хамгаалж авч үлдэх тал дээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх зэргээр маш их ажил хугацаа алдалгүй хийх шаардлагатай болжээ.

Ц.Эрдэнэцэцэг
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих