Н.Энхбаярыг албадан баривчиллаа

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр оройн 20.00 цагийн үед Удирдлагын академийн ойролцоо хамгаалагчдын хамт явж байхад нь АТГ-ын ажилтнууд баривчлахаар саатуулсан билээ. Шөнийн 02 цаг өнгөрч байхад тэнд байсан нөхцөл байдал намжиж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг үргэлжлүүлнэ” хэмээгээд түүнийг саатуулаад байсан байрыг орхин явсан ч яг одоо Удирдлагын академийн ойролцоох буюу Н.Энхбаярын байгаа байрны гадна талд цагдаа нар эргэн цуглаад байна. Дөнгөж сая цагдаа нар байрны хаалгыг эвдэн дотогш орсон бөгөөд тэд байшин дотор МАХН-ын дарга Н.Энхбаярыг хайн, бүх өрөө, хаалгыг шалгаж байгаад 06.05 цагийн орчимд түүнийг албадан баривчилж, цагдаагийн хамгаалалттай машинд суулган авч явлаа гэх мэдээллийг манай сурвалжлагч өглөө.

Чухам хаана саатуулахаар авч явж байгаа тухай мэдээллийг одоогоор албаны эх сурвалжууд өгөөгүй байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдах үед УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, О.Чулуунбат,  Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар  хамт байсан аж.

Дөнгөж сая байрнаас гарч ирсэн гишүүд хэвлэлийнхэнд ярилцлага өгч байна. Манай сэтгүүлчийн мэдээлснээр МАХН-ын даргыг баривчлах үед хамт байсан эдгээр гишүүдийн  биед цагдаагийнхан халдсан гэлээ. Ч.Улаан гишүүний нүдний шил хагарсан, Д.Тэрбишдагва гишүүний нүүр хавдсан гэдгийг гишүүд өөрсдөө хэллээ. Тэд УИХ-ын гишүүний халдашгүй эрхэд халдлаа хэмээн холбогдох байгууллагуудад хандахаа мэдэгдээд, МАХН-ын даргыг баривчилж байгаа энэ асуудлаар төрийн өндөрлөгүүдэд асуулга тавина хэмээж байна.


URL:

Сэтгэгдэл бичих