”Heal the world” дууг инээдэм болгосон ”Universe best songs”

Дэлхийн поп хөгжмийн хаан гэгддэг Майкл Жэксон амьд ахуй цагтаа хэзээ ч мөхөшгүй олон сайхан дуунуудыг амилуулсан байдаг. Түүний дуунуудын утга агуулга, ая, клип гээд бүгд нэгдэн дэлхийн хамгийн гайхалтай хөгжмийн ертөнцийг цогцлоож чадсан байдагтай маргах нэгэн үгүй биз. Түүний бүтэн жилийн хөдөлмөрөө зарцуулсан “Heal the world” цомог 1991 онд гарсан даруйдаа дэлхийн хит уран бүтээл болж хамгийн эрэлттэй цомгийн тоонд зүй ёсоор багтаж байсан юм.

Цомгийн нэрээр нэрлэгдсэн “Heal the world” дуу болоод клип нь олон мянган хүмүүсийн сэтгэл зүрхийг шимшрүүлж нэгийг бодогдуулсан гайхалтай уран бүтээл болсон байдаг. Дууг Жое Питка дүрсжүүлсэн агаад дэлхий дээр хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхэд үймээн самууны гол бай болж амь насаа алдахад хүрж буй гэдгийг илэрхийлсэн богино хэмжээний шилдэг кино гэхэд хэлсдэхээргүй гайхалтай уран бүтээл болж чадсан юм.

Үүний нэгээхэн илрэл нь “Heal the world” сан билээ. Тэрээр сайн үйлсийн аян зохион байгуулж аюултай бүс нутгаар аялан тоглолт хийж орлогоо хүүхдийн байгууллагуудад хандивладаг байсан. Энэ бол дуу гэдэг ямар аугаа, хүний сэтгэлд хэрхэн хүрч, дуугаар сайн сайхан үйлс бүтээж чаддагийн илрэл байсан билээ. Түүнийг насан эцэслэхэд гэгээн дурсгалд нь зориулж шарилынх нь өмнө “Heal the world” болоод “We are the world” дууг дуулж байсан явдал нь эдгээр дуунууд хэрхэн бусдыг нэгтгэж байсныг дахин харуулсан тод жишээ болсон юм.

Энэхүү дууны хувилбарууд маш цөөн байдаг бөгөөд дэлхийн шилдгүүд л дахин нэг амилуулсан байдаг. Харин манай улсын “Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогч эдгээр хоёр дууг хоёуланг нь дуулсан байдаг. Тэд “Heal the world” буюу “Эх дэлхийгээ аваръя” дууг дуулан дүрсжүүлээд нилээд хугацааг өнгөрөөж байна. Мэдээж гадаад дууг тэр тусмаа олон сая хүний сэтгэлийг уяраасан дууг дуулах учраас агуулга, дуу бүтсэн түүх, бүтээлийг тойрсон элдэв яриаг судалсан л байх учиртай.

Гэвч тийм биш санагдана. “Heal the world” дуу өөрөө сайн сайхан ирээдүй рүү тэмүүлсэн хэдий ч дууны бадаг бүр тийм биш юм. Манай шилдэг оролцогчид дуу эхлэх мөчөөс эхлээд дуусах хүртэл rap гараасаа барилцан дэлгэц дүүрэн инээсээр дуусгадаг. Дууны дахилт хэсэг болох …There are people dying., буюу …хүмүүс үхэж байна… хэмээн дуулахдаа бие биерүүгээ харан инээж байсныг юу гэж хэлэхээч мэдэхгүй юм.

Ямартай ч попын хаан маань амьд ахуй цагтаа эмзэглэн бүтээсэн бүтээлээ инээсээр дуулсан үе байхгүй юм. Дуучин гэдэг дууг дуулдаг хүнийг бус сэтгэл зүрхнээсээ амилуулж чаддаг хүнийг хэлэх болов уу. Тийм учраас гадны дууг дуулахдаа эх хэлнээ орчуулж утга санааг нь бүрэн дүүрэн мэдэрч дуулах хэрэггэй баймаар.

“Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын хувьд дууны үгийг цээжлээд л өнгөрсөн бололтой, инээд нь арай ихдсэн санагдана. Ядаж хэзээ инээж хаана нь уйлах байсныг попын хааны хит клипнээс үзээсэй.

Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих