Төр байгалиа сүйтгүүлчихээд нөхөн төлбөр олгох нь шударга явдал мөн үү?

Хэрвээ хэрэгжүүлж чадвал Монголчуудын ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэн үлдээх ёстой байгаль орчинд ээлтэй хуулиудын нэг бол “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн, сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” буюу “Урт нэртэй” хууль юм. Харин энэ хууль өнөөдрийг хүртэл огт хэрэгжихгүй байна.

Энэ хуулинд заасныг бүдүүвчлэн хэлбэл, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн, сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглаж байгаа уул уурхайн компаниудын лицензийг хурааж авах, дахин лиценз олголтыг зогсоох гэх мэт заалтууд байгаа. “Урт нэртэй” хуулийн хүрээнд 1700 гаруй лиценз цуцлагдахаас 130 компанийн 254 алтны лицензийг эхний ээлжинд цуцлахаар болсон. Алтны ашиглалтын 391 лицензийн 172 нь үндэсний компаниуд байгаа.

Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд 121, 882 мянган га талбай чөлөөлөгдөх урьдчилсан судалгаа бий. Энэ нь зөвхөн алтны ашиглалтын лиценз бөгөөд нийт цуцлагдах талбайн 40 гаруй хувийг эзлэж байна.

Харин үүний зэрэгцээ байдаг бас нэгэн заалт нь лицензийг нь хурааж авсан компаниудад төр нөхөн олговор олгох явдал юм. Хэрвээ ингэвэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа 254 компанид 3-4 их наяд төгрөгийн нөхөн олговрыг төр олгох учиртай. Байгаль орчноо сүйтгүүлсний хариуд ийнхүү нөхөн төлбөрийг төрөөс олгох болсон явдал нь энэ хуулийн тун ч хачирхалтай, байж боломжгүй заалт юм.

Энэ заалтад тохируулан зарим компани гаргасан зардлаасаа хэд дахин давсан тайлан ч бэлтгэж байгаа сурагтай.

Харин иргэний байгууллагууд энэ бүхний эсрэг байна. Тэд “дайны талбар шиг болгосон газар, нутаг, байгальд учруулсан хохирлыг тооцож нөхөн олговроос нь суутган авах ёстой” гэсэн байр суурьтай байна. Cap шинийн өмнөхөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тэргүүтэй нэр бүхий 6 гишүүн “Урт нэртэй” хуулийн шинэ төслийг өргөн барьсан. Энэ талаар иргэний хөдөлгөөнийхөн “хэдийгээр хууль санаачлан өргөн барих нь тэдний эрх ч тэд гадаадынхан тэргүүлсэн онцолбол “Бороо гоулд”, “Гацуурт”, “МАК” зэрэг хөрөнгө мөнгөтэй компаниуд “Уул уурхайгаа аврах холбоо”, “Уул уурхайн нэгдсэн ассоциаци” зэрэг байгууллага хүмүүсийн мөнгөнд зодуулж лоббинд автсан гэсэн хардлага төрүүлж байна” хэмээн өнөөдөр ярилаа.

Саяхан БОАЖЯ-наас хийсэн шалгалтанд 800 гаруй компани хамрагдсанаас сүүлийн хоёр жилийн байдлаар нийт 15 аймгийн 56 сумын нутгийн 566 нэгж талбарт 3984.46 га газар эвдрэлд орж нөхөн сэргээгдэлгүй орхигдсоныг тогтоож компаниудыг нь тогтоохоор хуулийн байгууллагад хандаад байгаа юм.

О.Ариунбилэг


URL:

Сэтгэгдэл бичих