Монголчууд юу хийж чаддаг вэ?

Зах зээлд шилжсэнээс хойшхи өнгөрсөн 20 жил болон өмнөх үед монголчууд бид юу хийж чаддаг болсон вэ гэсэн асуулт бий. Энд зөндөө зүйл гарна. Үүнтэй зэрэгцээд бас хийж байснаа чадахаа больсон нь ч бишгүй байх юм.

Өнгөрсөн хугацаанд хийж чаддаг болсон зүйлүүд гэвэл:

-Монголчууд бид өөрсдийн гэсэн троллейбус үйлдвэрлэдэг болов. Бүр өөр орны захиалгаар гаргаж байгаа. Удахгүй Монгол автобус үйлдвэрээс гарна.

-Монгол нэрийн наранцэцгийн болон буурцгийн (ургамлын) савласан тос бөөнөөр үйлдвэрлэж эхэллээ.

-Орон сууцны бүхэл бүтэн хорооллыг барьж байна.

-Компьютер угсарч, Монгол нэрийн неүтвүүк үйлдвэрлэж эхэлсэн.

-Монгол Улс зүү, тариурын үйлдвэртэй болсон.

-Манай улс өөрийн орондоо “Кока кола” ундаа үйлдвэрлэдэг болсон.

-Анагаах ухааны салбарт беөр шилжүүлэн суулгадаг болов.

-1980-аад оноос хойш зогсоод байсан газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж, өнөөдөр манай улс улаан буудайгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортлох хэмжээнд дахин хүрсэн.

-Банк, санхүүгийн системд цахим, телбөрийн карт, мөн бэлэн мөнгөний ATM машин болон үүрэн телефоноор үзүүлэх үйлчилгээ бүрэн нэвтэрч одоо үндэсний “Т” карттай болон нэвтрүүлж байна.

Бидний хийж чаддаггүй болон өмнө нь чаддаг байснаа хийхээ больсон зүйлүүд:

-Монгол Улс нефть боловсруулах үйлдвэргүй. Уг нь хуучин бага зэргийн хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр Дорноговь аймгийн Зүүнбаянд байсан.

-Ер нь химийн үйлдвэргүй. Нэг хэсэг “Монголхимо” нэгдэл болон ШУА-ийн Химийн хүрээлэнд хуванцар сав суулга хийж байсныг эс дурдвал манай улс химийн боловсруулах үйлдвэргүйгээс сав суулга үйлдвэрлэж хийдэггүй.

-Урд нь гутлын үйлдвэртэй байж, бүтээгдэхүүнээ бусад улс оронд экспортлон гаргаж байсан манай улс өнөөдөр олноор үйлдвэрлэх гутлын үйлдвэргүй байна.

-Манай улс хушны самраа боловсруулж чаддаггүй. Ийм үйлдвэр байхгүй.

-Монгол Улс унадаг дугуйн үйлдвэргүй. Автомашин, мотоцикл хийдэггүй. Хүн ам, ажиллах хүч, зах зээлийн хувьд ийм хэмжээнд хүрээгүй.

-Манай улс цагны үйлдвэргүй. Өмнө нь шаазан ваарны болон шилний үйлдвэртэй байсан бол өнөөдөр ийм үйлдвэрүүд байхгүй болсон. Гаднаас оруулж ирсэн бэлэн шилээр зарим хувийн компани машины шил орлуулан хийж байгаа.

-Монгол Улс зэс хайлуулж боловсруулах үйлдвэргүй.

-Манай улс мөнгөн дэвсгэрт хэвлэж үйлдвэрлэдэггүй. Үнэт цаасны үйлдвэр бий боловч мөнгө хийж үйлдвэрлэх хэмжээнд биш.

-Монгол Улс цагаан будаа, элсэн чихэр боловсруулах үйлдвэргүй. Цагаан будаа, чихрийн манжинг Төв, Дорнод, Сэлэнгэ зэрэг зарим аймагт тарьж оролдсон ч ургаагүй.

-Манайх үзэг, тосон бал, харандаа хийдэггүй. Хайч үйлдвэрлэдэггүй. Урд нь төмрийн завод болон Автозасварын үйлдвэрт автомашины чиргүүл, чингэлгээс аваад эрэг шурга, эд, ойр зуурын бусад төмөр болон металлаар эдлэл, хэрэгсэл хийдэг байв.

-Олон жил ярьж байгаа боловч Монгол Улс хогны буюу хог, хаягдлаа дахин боловсруулах үйлдвэргүй. Уг нь түүхий эд, зах зээл нь болон шаардлага нь бий.

Энэ мэтээр бидний хийж чаддаг болон хийж чаддаггүй зүйл олныг хэлж болох. Энд түүхий эдийн нөөц, үйлдвэрлэх хүчин, мэргэжил, боловсрол, технологийн хоцрогдол гэх мэтээр биднээс хамаарах, хамаарахгүй зүйл ч зөндөө бий.

Эх сурвалж: “Бизнес таймс”


URL:

Сэтгэгдэл бичих