Ч.Улаан: Хөгжлийн банк аль нэг улстөрийн хүчнийг санхүүжүүлж болзошгүй

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Гэхдээ уг хуулийн төсөл Хөгжлийн банкийг хэр ашигтай,тогтвортой ажиллах нөхцөлийг бүрэлдүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Монгол Улсад тун удахгүй «Хөгжлийн» гэсэн нэртэй цоо шинэ банк байгуулагдах гэж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

-Ер нь шинэ тулгар хөгжиж байгаа оронд Хөгжлийн банк байгуулж, хөгжлийн томоохон асуудлыг шийдсэн туршлага байдаг. Энэ талаас нь аваад үзсэн ч Монгол Улсад хөгжлийн шинэ үе эхэлж байна. Уул уурхайн хөгжлийн давлагаа бий болж, гадны хөрөнгө оруулалт нэмэгдэх боллоо. Улс орны эдийн засгийн чадавх ч харьцангуй сайжирч байна. Тийм учраас Хөгжлийн банк байгуулж ажиллахыг би хувьдаа дэмжиж байгаа.

-Энэ банкийг олон оронд байгуулаад дампууруулж байсан гэдэг юм билээ. Манайх чадах юм болов уу?

-Энэ банкийг байгуулахад анхаарах олон асуудал бий. Дэлхий дээр Хөгжлийн банк байгуулсан туршлагыг харахад олон оронд бүтэлгүйтсэн байдаг. Цөөхөн оронд энэ банк амжилттай ажилласан. Тэгэхээр энэ гашуун сургамжийг бид давтахгүйгээр Хөгжлийн банк яагаад бүтэлгүйтдэг вэ гэдгийг судлах хэрэгтэй юм. Гадны орнуудын туршлагаас харахад банк нь үр дүнтэй, ашигтай ажиллах механизм, зохицуулалтыг зөв зүйтэй хийж өгөхгүй бол бүтэлгүйтэж байна. Үүнээс болж банк нь улстөрийн үйл ажиллагааны золиос болж, улстөрийн хараат байдалд ордог. Тухайлбал зарим оронд Засгийн газрын мэдэлд энэ банкийг байгуулан, Засгийн газар нь удирдаж чиглүүлдэг байсан юм билээ. Ийм тохиолдолд банк мэдээж Засгийн газрын дэмждэг улстөрийн хүчин, пүүс, компаниудын нөлөөнд ордог. Ингэж явцуу хүрээнд хөнгөлөлттэй, хямд зээлийг ихээр тарааснаас болоод санхүүгийн хүндрэлтэй байдалд орж байжээ.

Мөн Хөгжлийн банк хөнгөлөлттэй нөхцөлтэй, урт хугацаатай зээлийг их хэмжээгээр олгодог гэсэн ойлголт бизнесийн хүрээнд газар авдаг. Үүнээс болоод Хөгжлийн банк зах зээлийнхээ зарчмаар ажиллаж чаддаггүй. Ингээд санхүүгийн хувьд хүндрэлд орох явдлууд байна. Энэ мэт гашуун сургамжийг бид сайн ярих ёстой. Тийм учраас Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад хэдэн зарчмыг зөв, оновчтой суулгаж өгөх хэрэгтэй байна.

-Ямар зарчмуудыг вэ?

-Нэгдүгээрт тогтвортой ажил-лах, хоёрдугаарт хараат бус байх, гуравдугаарт үр ашигтай ажиллах ёстой. Энэ зарчмуудыг хуульд суулгаж өгөх зайлшгүй шаардлагатай.

-2008 оноос хойш Монголын нэг банк дампуурсан. Бас нэг дампуурсан банкийг Төрийн банк болгосон. Одоо дахиад Хөгжлийн банк шинээр байгуулах гээд байгаа нь жирийн иргэдийн хувьд ойлгомжгүй л байна?

-Энэ бол яах аргагүй анхаарах асуудал. Яг ямар банк байгуулах гээд байна вэ. Хөгжлийн банк байгуулах гээд байна уу эсвэл төрийн оролцоотой төрийн өмчийн банк байгуулах гээд байна уу. Төрөөс тодорхойлсон бодлогыг төрөөс олгосон нөхцөлөөр санхүүжүүлдэг банк байгуулж, түүний өөрийн хөрөнгө, зээлийн эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлнэ гэвэл Хөгжлийн банк биш, зүгээр л төрийн оролцоотой банк болно. Хөгжлийн банк гэдэг нь томоохон төслийг санхүүжүүлж чадах, биеэ даасан үйл ажиллагаатай, төр засгаас хараат бус банк юм. Тэгэхдээ зөвхөн ашигтай ажиллаж чаддаг байх ёстой.

-Засгийн газрын тайлбарлаж байгаагаар бол энэ банк зөвхөн урт хугацааны, үр ашиггүй төслийг санхүүжүүлэх юм биш үү. Тэгэхээр Хөгжлийн банк ашигтай ажиллаж чадах уу?

-Хөгжлийн банк ашигтай ажиллаж байж оршин тогтноно. Энэ банк байхын үндсэн шалгуур нь үр ашигтай ажиллаж чаддаг байх явдал. Хэрвээ үр ашигтай ажиллаж чадахгүй бол энэ банк дампуурна.  Ер нь Хөгжлийн банкийг байгуулахдаа ямар банк байгуулж, ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг нь тодорхой болгох ёстой. Халамжийн газар ч юм шиг, буяны байгууллага ч юм шиг банк байгуулбал бүтэлгүйтнэ. Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд ашигтай ажиллана гэж бичсэн хэрнээ хэрхэн ашигтай ажиллах тухай тодорхой зүйл алга. Гэтэл зарим сайд нь үр ашиггүй төслийг санхүүжүүлнэ гэж ярьж байна. Тэгэхээр анх бодсон зарчим, бий болгох гээд байгаа зарчим хоёр зөрчилдөөд байгаа юм. Тийм учраас үүнийг ямар ч хоёрдмол утгагүй, маш тодорхой зааж өгөх ёстой.

-Тогтвортой, хараат бус, үр ашигтай ажиллах банк байгуулах хуулийн төсөл боловсруулаагүй гэж ойлгож болох нь ээ?

-Засгийн газрын төсөл учир дутагдалтай байна. Тухайлбал Хөгжлийн банк Засгийн газраас шууд хамааралтай байхаар хуулийн төсөлд тусгасан байгаа юм. Хөгжлийн банк зээлийг зөвхөн Засгийн газрын зөвшөөрсөн төсөлд олгохоор байна. Нөгөө талдаа Хөгжлийн банк нь арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй гэж байгаа. Мөн Засгийн газраас зарласан төслүүдийг заавал санхүүжүүлнэ, зээл нь онцгой хөнгөлөлттэй  заалтууд байна. Хэрвээ ийм нөхцөлүүдийг хуульд зааж өгөөд энэ банкийг байгуулбал Хөгжлийн банк цаашдаа үр дүнтэй ажиллана гэсэн итгэл үнэмшил огт төрөхгүй байна. Тийм учраас Хөгжлийн банкны тогтвортой, хараат бус, үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх ёстой гэдэг байр сууриа байнгын хорооны хурал дээр илэрхийлж байгаа.

-Cap шинийн өмнөхөн Засгийн газар хуралдахдаа Хөгжлийн банканд 2011 онд 1.9 их наяд, 2012 онд 1.7 их наядын баталгаа гаргах талаар хэлэлцэж шийдээд, тогтоол гаргасан байна лээ. Мөнгөний баталгаа  ингээд аль хэдийн шийдэгдэж явна?

-Манайхан Хөгжлийн банк байгуулна гэдгийн цаана төрөөс баталгаа гаргах ёстой гэдэг асуудлыг л ярих юм. Энэ асуудлыг л шийдчихвэл Хөгжлийн банкны үүрэг зорилго тодорхой болно гэж зарим нь ойлгож байх шиг. Гэтэл Хөгжлийн банкны үндсэн зорилго нь баталгаа гаргах явдал биш шүү дээ.

Баталгааг маш тодорхой үндэстэй, хуулийн зохицуулалттайгаар гаргах ёстой. Яагаад өнөөдрийг хүртэл Засгийн газар арилжааны зээл авч болохгүй, баталгаа гаргаж болохгүй гэж хуульчилсан юм бэ. Эдийн засаг, санхүүгийн эрсдэлд орохгүй байх зорилго цаана нь байгаа шүү дээ. Үүнийг ч бас сайн бодох ёстой. Шилжилтийн үе дуусаж байгаа, хөрөнгө мөнгөний хомсдолтой, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа энэ үед сайн санаж явж байгаад нэг л мэдэхэд эрсдэлд орж мэднэ. Ийм байдалд орох-гүйн тулд зээлийн баталгаа гаргахыг сайтар журамлаж өгөх учиртай. Үүнийг зохицуулсан бие даасан хууль ч гаргах ёстой гэж би бодож байгаа.

Мэдээж тодорхой хэмжээнд баталгаа гаргаж болно л доо. Гэхдээ юуг үндэслэх вэ, хэдий хэмжээний эх үүсвэр дотор гаргах вэ, ямар төсөл, арга хэмжээнд баталгаа гаргаж болох вэ гэх зэргийг тодорхой болгох учиртай юм. Энэ бүхнийг тооцохгүй бол нэг л өдөр улсаараа, Засгийн газраараа тэр чигтээ дампуурахад хүрч болно. Энэ мэт хортой үр дагавартай учраас баталгааны асуудалд нухацтай хандах ёстой.

-Хөгжлийн банканд баталгаа гаргахгүй бол том төслүүдийг санхүүжүүлэх боломжгүй гэж Сангийн сайд тайлбарласан. Тэгэхээр таны хэлсэнчлэн тодорхой хэмжээний биш, их хэмжээний мөнгөний баталгаа гаргах нь чухал юм биш үү?

-Засгийн газар хэзээ ч баталгаа гаргаж болно. Мөн аль ч банк баталгаа гаргаж болно. Хамгийн гол нь баталгаа гаргах эрсдэлийг дараа нь даах эх үүсвэртэй байх ёстой. Хөгжлийн банк бол Засгийн газрын мэдэлд байгаа хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг аль болох зөв байршуулж, оновчтой удирдаж, үр ашиг олох, тэргүүлэх ээлжийн төслийг санхүүжүүлэх ёстой байгууллага. Түүнээс биш хүссэн болгонд зээл өгдөг байгууллага биш. Хүссэн бүхэн зээл авбал банк өөрөө эрсдэлд орно. Харин банк хэнд зээл өгөх вэ гэдгээ өөрөө шийддэг байх ёстой.

Хуулийн төсөлд тусгаснаар ийм хяналтгүй, тодорхой зохицуулалтгүй бүдүүн бараг байдлаар явбал Хөгжлийн банк тун удахгүй бүтэлгүйтнэ. Засгийн газрын оролцоо хэтэрхий их байна.

-Хөгжлийн банк амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа орнуудад Засгийн газрын оролцоо бас байдаг юм биш үү?

-Харин ч төр огт оролцдоггүй. Цэвэр арилжааны нөхцөлөөр ажилладаг банкнууд нь амжилттай үйл ажиллагаа явуулсан байдал» Ямар зарчмаар явдаг вэ гэхээр Засгийн газар нь үр ашигтай төслүүдээ зарладаг. Тэр зарласан төслүүдээс нь Хөгжлийн банк өөрөө сонгож шүүгээд, үнэхээр үр ашигтай гэдэг нь нотлогдсон төслийг сонгон авч санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл банк өөрөө төслөө сонгодог болохоос биш, Засгийн газар нь банкийг тулгаж, үүнийг санхүүжүүл гэдэггүй.

-Төрийн банкийг хэдэн жилийн дараа хувьчлах гэж буй. Хөгжлийн банкийг ч мөн адил үүргээ гүйцэтгэснийх нь дараа хувьчилна гэж яригдсан?

-Хөгжлийн банкны үүрэг хэзээ дуусахыг хэн мэдэж байгаа юм бэ. Хэрвээ урьдчилаад хувьчилна гэдгээ мэдчихээд үүнийг байгуулж байгаа бол энэ банк ашиггүй ажиллах нь ээ гэдгийг одооноос мэдэж байна, явцын дунд үр ашиггүй ажиллуулах үйл ажиллагаа явагдана гэдэг нь ойлгомжтой юм. Үүний үр дүнд эцэстээ татвар төлөгчид л хохирно.

-Төрийн банкийг байгуулахад татвар төлөгчдийн 100 тэрбумыг зарцуулсан. Энэ банкийг Хөгжлийн банк болгож болдоггүй юм байх даа?

-Энэ байх боломжтой. Яаж зохицуулахаасаа л шалтгаалах зүйл шүү дээ.

-Хөгжлийн банк Монгол банканд хамаарахгүй гэж хуулийн төсөлд байна лээ. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Монголбанк бол банкны системийн тогтвортой, найдвартай үйл ажиллагаа, эрүүл байдлыг хангадаг байгууллага. Хөгжлийн банк банкны нэг эд эсийн хувьд Монгол банкны хяналтад байх ёстой.

-Гэхдээ хуулийн төсөлд тийм зүйл байхгүй?

-Хуулийн төсөлд тийм агуулгаар хийж өгөөгүй байгаа юм. Тэгэхээр энэ нь банк биш, төрийн оролцоотой хөрөнгө  оруулалтын сан юм уу гэж ойлгогдоод байна л даа.

-Хөгжлийн хөрөнгө оруулалтыг зөвхөн Хөгжлийн банкаар санхүүжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Ер нь Монгол Улсад асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдээд байна. Гэтэл үүнийг Хөгжлийн банкаар санхүүжүүлж болохгүй ч юм шиг зүйл таны ярианаас ойлгогдох юм?

-Хуулийн төсөлд Засгийн газар зөвхөн Хөгжлийн банкаар л хөрөнгө оруулалтын төслийг     санхүүжүүлэхээр тусгасан байгаа юм. Ийм байж таарахгүй. Хөгжлийн банк энэ салбарт өрсөлддөг байвал банкны салбар эрүүл саруул байна. Түүнээс биш аль нэг онцгой нөхцөлөөр үүсгэсэн, хэн нэгний ивээл дор байдаг, байнга төсвөөс мөнгө авч байдаг, хэн нэгний удирдлагаар үйл ажиллагаа явуулдаг банк байгуулагдвал туйлын хариуцлагагүй явдал болно.

Арилжааны банкнууд ч үр ашигтай төслүүдийг санхүүжүүлж болно шүү дээ. Манайд ганцхан бэрхшээл байгаа нь арилжааны банкнууд маань дэндүү жижигхэн учраас томоохон төслүүдийг санхүүжүүлж чаддаггүй. Хүчин чадлаа нэмэгдүүлж, гадна дотны эх үүсвэрийг өсгөчихвөл боломжтой. Тийм учраас хөрөнгө оруулалтын төслийг зөвхөн хөгжлийн банк л санхүүжүүлнэ, арилжааны банк санхүүжүүлэхгүй гэж хорьж болохгүй.

-Тэгэхээр одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулийн төсөл хэвээрээ батлагдвал сонгуулийн үед аль нэг улс төрийн хүчнийг санхүүжүүлэх банк үүсэж байна гэж ойлгож болох нь ээ?

-Тийм банк үүсэж болзошгүй. Засгийн газар ямар төсөл зааж өгч, ямар нөхцөлөөр зээл олгохоо шийднэ. Ямар төсөлд зээл олгохоо зааж, зээлээ өгөөд эхэлбэл яах аргагүй Засгийн газрыг дэмждэг улстөрийн хүчний нөлөөнд орчихно.

-2008 оны үед санагдана. Мөнгөний бодлогын төсөл дээр Хөгжлийн банк байгуулах асуудлыг УИХ-д оруулж ирж байсан. Гэвч тэр үед энэ асуудал яригдаагүй хэрнээ сонгуулийн өмнөх жил буюу өнөөдөр хүчтэй яригдах болсон нь бас анхаарал татаж байна л даа?

-Тэр үед Хөгжлийн банк байгуулах тухай эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж байсан. Түүнээс хойш хуулийн төсөл нь боловсруулагдсаар яваад өнөөдөр УИХ-аар ярьж байна.Гэхдээ өнөөдөр энэ банканд сонгуулийн нөлөө байна уу гэвэл бас  байна. Энэ нь юугаар илэрч байна вэ   гэвэл   Хөгжлийн   банк гэхээр бүгд л баталгаа гаргах тухай ярих болжээ. Банк яаж тогтвортой, найдвартай ажиллах вэ гэдгийг нэг их ярихгүй байна. Баталгаа гэдэг нь цаанаа сонгуулийн л    уур амьсгал байгааг харуулж буй хэрэг. Зөвхөн баталгааны тухай ярьж байгаа ийм үед сонгуульд’ орно гэж бодож байгаа хүмүүс нэг том төсөл сонгож аваад түүнийгээ тойрогтоо хэрэгжүүлнэ гээд   шоудаад байх боломжтой. Үүнийг үгүйсгэх  аргагүй. Хүссэн ч хүсээгүй ч сонгуулийн нөлөө орж байна. Баталгаа гаргачихсан гээд гадныхан бүх юмыг нь хурааж аваад байвал яах вэ. Ийм эрсдэл бий.

-Тэгээд бүх юм ломбарданд байх эрсдэлтэй нүүр тулж мэдэх нь гэж үү?

-Бүх юм ломбарданд оччих боломжтой. Энэ бол огт харахгүйгээр харанхуй ангал руу унаж байгаатай адил зүйл шүү дээ.

М.Уранчимэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.