”Анод”-ын захирлууд дүүжлүүрийн тавцанд, бусад нь үзэгчийн суудалд үлдэх үү?

“Анод” банкийг дампуурсан гэх хэрэгт 19 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Энэ хэргийг Нийслэлийн , ерөнхий прокурорын газар хянаж байгаа бөгөөд удахгүй шүүхэд шилжүүлэх бололтой. 19 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч тэднийг гэмт хэрэг хийсэн, үгүйг шүүх тогтооно хэмээн хууль хяналтынхан нэрсийг нь нууцалж буй юм. Учир нь тэдэн дундаас гэмт хэргийн үйлдэл нь шүүхээр нотлогдохгүй бол нэр цэвэр үлдэх нэгэн ч бий аж. Иймд тэдний нэрийг зарлахаас болгоомжилсон гэнэ. Харин албан эх сурвалж “Нэр нь холбогдсон зарим албан тушаалтан хэргээс мултрах гэж хуулийн зарим ажилтанд нөлөөлөх гэж оролдсон. Магадгүй энэ хэргийн буруутнаар “Анод”-ын захирлууд тодорч, төрийн зарим албан тушаалтнууд мултарч мэдэх юм” хэмээсэн юм. Юутай ч удахгүй шийдэгдэх шатандаа орж буй энэ хэргийн холбогдогч нарыг нэхэн сурвалжиллаа. Тэд хэн бэ?

БАНКНЫХАН БУЮУ НЭГДҮГЭЭР ХОЛБОГДОГЧИД

Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг завшсан, хууль бусаар хувьцаа гаргаж, хувьцаа эзэмшигчдийг хохироосон зэрэг үндэслэлээр “Анод” банкны захирлууд болон ТУЗ-ийн гишүүд Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр, дэд захирал Н.Энхцэцэг, төвийн зээлийн харилцааны захирал асан Оюунсүрэн нар буруутгагдаад байгаа. Захирлууд танил тал найз нөхдөдөө барьцаагүй зээл олгож байснаас гадна өөрсдийн хувийн компанидаа банкны мөнгөнөөс зээл нэрээр хөрөнгө оруулж байсан хэмээдэг.

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОЛОН ЖИЛИЙН ХАМГААЛАЛТ

“Анод”-ын удирдлагатай холбоотой хэрэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг холбогддог. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж бус бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэх гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан юм. Б.Энххуягтай хамт мөр зэрэгцэн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Д.Энхжаргал холбогдож байсан ч эцэстээ түүнээс гэрчийн мэдүүлэг аваад өнгөрсөн бололтой. Б.Энххуяг үндсэндээ 2000 оноос хойш Монгол Улсын мөнгөн тэмдэгт, төгрөг үйлдвэрлэлийн асуудлыг хариуцаж байсан. Манай улс өмнө нь Англид мөнгөн тэмдэгтээ хэвлүүлдэг байжээ. Б.Энххуяг үүнийг өөрчилж, Германд хэвлүүлдэг болгосон байна. Аль улсад үйлдвэрлэх нь хамаагүй, хамгийн гол нь чанартай байх гэдэг зарчим үүгээр алдагдсан гэдэг. 2000 оноос өмнө хэвлэгдсэн цаасан төгрөг хиртэж муудах нь гайгүй байхад түүнээс хойш хэвлэгдсэн төгрөг шинээрээ хиртэж, урагдаж гүйлгээнээс хасагдах нь амархан болжээ. Үүнээс шалтгаалж Монгол банкны гүйлгээнээс хасагдаж байгаа мөнгөний хэмжээ жил бүр нэмэгдэж, зөвхөн 2008 онд 43 тэрбум төгрөг устгасан гэсэн мэдээлэл бий. Б.Энххуягтай холбоотой бас нэг зүйл бий. Тэр нь мөнгө тоолох машин тойрсон маапаан. 2007 онд Монголбанк ОХУ-д угсарсан хоёр ширхэг тоолох машин авчээ. Тухайн үед тоолоогүй мөнгөний хуримтлалыг зохиомлоор бий болгоод том оврын машин авах шаардлагатай гэсэн лообий явуулж байж шийдвэр гаргуулсны цаана Б.Энххуяг дэд ерөнхийлөгч байсан хэмээн учир мэдэх хүмүүс хэлдэг. “Анод”-ын хэрэгт Монгол-банкны Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Ганбаатар холбогддог. Түүнийг мөн эрх мэдлээ ашиглан тус банкны захирлуудад тусалж байсныг нотлох хуурамч бичиг баримт мөрдөн байцаалтын явцад илэрсэн гэдэг.

ХАХУУЛИАР АУДИТ ХИЙГЧ

Монголбанкны Дотоод аудитын газрын дарга Г.Тогтохбаатар. Энэ хүн “Анод” банкны удирдлагаас 23 сая төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэдэг. Тэрбээр “Анод” банкинд шалгалт хийж санхүүгийн багагүй зөрчил удаа дараа илрүүлж байсан ч Монголбанкинд өгсөн тайландаа ямар ч зөрчилгүй хэмээн танилцуулдаг байжээ. 1999 оноос хойш “Анод” эрх бүхий байгууллагаас алдагдалтай ажиллаж буйгаа нууж, ашигтай мэт харагдаж эхэлсэн байна. Үүнийг Г.Тогтохбаатар амжилттай гүйцэтгэсэн нь илэрчээ. Үүнийхээ төлөө тус банкны удирдлагуудаас дээрх хахуулийг авсан гэнэ.

НЭГ НЬ МУЛТАРЧ, НӨГӨӨ НЬ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДЖЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг уг хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт татсан гэсэн мэдээлэл бий. “Анод”-ын хувьцаа эзэмшигчид түүнийг буруутгаж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд удаа дараа хандаж байсан юм. Түүгээр ч зогсохгүй тэд хууль хяналтын байгууллагад хандсанаар Д.Баярсайханыг “Анод” банкны удирдлагатай холбоотой хэрэгт Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийг журамлан хамжигчаар оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж. “Анод” банкнаас гаргасан хувьцааг хууль бус гэдгийг мэдсээр байж, түүнд хяналт тавилгүй, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцааг нийтэд худалдсан нь иргэдийг хохироожээ. Тус банкны удирдлага дүрмийн сангаа 6.3 тэрбум төгрөгөөр зохиомлоор нэмэгдүүлж Хөрөнгийн биржээр хувьцаа борлуулж иргэдийн 19.3 тэрбум төгрөг залилан авчээ. Хууль бус энэ үйл ажиллагааг мэдсээр байж нүдэн балай, чихэн дүлий өнгөрсөн нь түүнийг энэ хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн буруутгагдсан байна. Гэтэл Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллах хугацаа нь дууссан ч улиран ажиллахаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд нэрээ өгчихөөд байгаа. Түүнийг энэ албан тушаалд улиран ажиллахаар боллоо гэхэд гайхах хүн бараг үгүй. Олон хууль тогтоомж буруу гаргаснаас нь болж олон хүн удаа дараа хохирч асуудал үүсгэж байсан ч түүний ард байдаг МАН-ын нөлөөтэй ах нь уснаас хуурай авч гардаг гэх юм билээ. “Анод”-ынхныг хууль бус хувьцаа гарган олон нийтэд арилжаалахад гол буруутай хоёр хүн нь Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал байсан Р.Содхүү. Тэднийг авилга авсан гэх хүн ч байдаг юм билээ. Гэвч энэ нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй бөгөөд Р.Содхүү мэдүүлэг өгч энэ хэргээс өөрийгөө авч гарсан боловч Д.Баярсайхантай холбоотой хууль бус үйлдэл их байсан тул тэр яллагдагчаар татагдаад байгаа юм.

Юутай ч энэ хэрэгт холбогдсон 19 хүний талаар нэхэн сурвалжлахад дээрх мэдээллүүд олдлоо. Дээрх бичигдсэн эрхмүүд дээр зарим компанийн захирлууд нэмэгддэг аж. Мөн Сангийн яамны Хуулийн хэлтсийн дарга агсны нэр ч “Анод”-ын хэрэгт холбогдсон байх юм. Харин эндээс хэд нь дүүжлүүрийн тавцанд очиж хэд нь үзэгчийн суудалд шилжих нь шүүхийн шийдвэрээс шалтгаалах биз.

Г.ЯЛГУУН


URL:

Сэтгэгдэл бичих