Мэдэгдэл АНУ руу илгээсэн шуудангийн илгээмжүүд саатаж байна

2010 оны 10 сарын 29-ны өдөр Йемен улсаас АНУ-руу тэсрэх бөмбөгтэй илгээмж илгээсэнтэй холбогдуулан АНУ 2010 оны 11 сарын 18–ны өдрөөс эхлэн аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээг авахаар зарласан бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд нэг бүр нь 500 граммаас дээш жинтэй илгээмж бүрийг нэг бүрчлэн шалгасны үндсэн дээр зорчигч тээврийн онгоцоор тээвэрлэх, шалгаагүй тохиолдолд зорчигч тээврийн онгоцоор шуудан хүлээн авахаас татгалзсан байна. Энэхүү арга хэмжээ нь 2011 оны 3 сарын 10-ны өдрийг хүртэл хүчинтэй бөгөөд цаашид сунгагдах төлөвтэй байна.

Уг арга хэмжээг эхэлсэнээс хойш нэг сарын хугацаанд (2010 оны 12 сарын 16-ны байдлаар) дэлхий даяар АНУ руу илгээсэн 400 тонн шуудан тээвэрлэлтийн шатанд саатаж байсан бөгөөд саатал өнөөг хүртэл үргэлжилж байна. Улс үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шууданг дамжуулан илгээгч олон улс орон АНУ руу шуудан дамжуулахаас татгалзсан бөгөөд уг арга хэмжээ нь зөвхөн АНУ төдийгүй дэлхий дахиныг хамарч байгаа юм. Үүнээс шалтгаалан улс хоорондын шууданд маш их хүндрэлүүд гарч байгаатай холбогдуулан Дэлхийн Шуудангийн Холбооны ерөнхий захирал Эдуард Даяан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хиллари Клинтонд 2010 оны 11 сарын 18, 12 сарын 20-ны өдөр албан захидал илгээсэн бөгөөд хатагтай Хиллари Клинтон хариу захидалдаа асуудлыг хэрхэн шуурхай шийдвэрлэх талаар АНУ-ын шуудангийн байгууллага, АНУ-ын тээврийн аюулгүй байдлын захиргаатай хамтран ажиллаж байгаа талаар мэдэгджээ.

Мөн АНУ-д тээвэрлэгдэн очсон шуудангийн илгээмжид нэг бүрчлэн аюулгүй байдлын нарийвчилсан үзлэг шалгалт хийсний дараа АНУ-ын шуудангийн байгууллагад шилжүүлж байгаагаас Америкийн олон улсын нисэх буудлууд дээр маш их хэмжээний шуудангийн бөөгнөрөл үүсч, үзлэг шалгалтын өмнөх шатанд хүлээгдээд байна.

Илгээмжийн аюулгүй байдлын хяналт шалгалтыг шуурхай хийхэд нь дөхөм үзүүлэх зорилгоор Монгол Шуудан Компанийн зүгээс шуудангаар шингэн зүйлс, гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг илгээхийг түр хориглосон арга хэмжээг аваад байна.

АНУ руу Монгол улсаас 2010 оны 12 сарын 10-ны өдрөөс хойш илгээсэн шуудангийн бичиг захидал, боодлоос гадна нийт 1144.9 кг жинтэй, 248 ширхэг илгээлт дээрхи шалтгаануудын улмаас өнөөдрийг хүртэл хаягт эзэндээ гардуулагдалгүй саатсаар байгаад хүлцэл өчихийн ялдамд 2011 оны 02 сарын 11-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар АНУ-д илгээх 500 граммаас дээш жинтэй энгийн болон баталгаатай боодол, илгээлт хүлээн авахгүй болохыг мэдэгдье!

МОНГОЛ ШУУДАН ТӨХК


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.