Хараал дагуулдаггүй баялгаа анзаарах цаг болжээ

Улаанбуудайн үнэ урьд хожид байгаагүйгээр өслөө гэж дэлхийд тэргүүлэх мэдээллийн хэрэгслүүд онцолж, хүнсний үнэ нэмэгдэж буйд уурссан иргэд Алжирт жагсч, хоньчин Австралид мал сүргийн тоо эрс буурлаа гэх мэдээлэл энэ онд хүнсний хямрал болохыг баталж байна.

Өлсч сураагүй монголчуудад энэ хямрал нүүрлэх нь гэж саяхан Дэлхийн банк сануулж, “Дотоодын хүнсний зах зээлээ чадавхижуул” хэмээж байсан. Дотоодын хүнсний зах зээл маань тогтворгүй ч дэлхийн зах зээл дэх хүнсний хямрал бидэнд нэг талаар боломж олгож байна. Бид 5-10 жилийн өмнө дотоодынхоо гурилын хэрэгцээг 100 хувь хангаж чаддаггүй байсан. Саяхныг хүртэл иргэд орос дээд, ясны хятад гурилыг л сонгодог байлаа. Мөн төмсний хэрэгцээгээ ч хангаж чадахгүй “Хятад шар, Голланд төмс байна” гэх дуу зах дээр хаддагсан. Үндэсний статистикийн хорооны 2010 оны мэдээлэлд дурьдсанаар бид өнгөрсөн онд 355 мянган тонн үр тариа, 168 мянган тонн төмс, 82 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Энэ нь жилийн өмнөхөөс үр тариа 10, төмс 17 хувиар өссөн үзүүлэлт. 2009-2010 оны ийм өсөлтийн үр дүнд Монгол улс улаанбуудай болон төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангадаг болсон юм. Энэ онд өмнөх жилүүдээс ч илүү хэмжээний улаанбуудай хураан авна гэдэгт холбогдох яамныхан итгэлтэй хандаж, шинээр Дорнод, Увст атар газар эзэмшинэ хэмээж байна. Ийм байхад экспортын талаар ярихгүй байж болно гэж үү. Сүүлийн жилүүдэд бид байгалийн баялагаа “зайдалж” хөгжих талаар их ярьж байгаа ч баялгийн хараал гэж нэг айхтар юм бий. Харин буянт мал, газрын үр шимээ хүртэх нь бидэнд хараалгүй , халгаагүй байх талтай.

Хаяахан хэвлэлээр мэдээ нь үзэгддэг “Чацаргана” хөтөл­­бөр хүртэл стратегийн бүтээгдэ­хүүнийхээ тоог нэмэх гэсэн Засгийн газрын оролдлого юм. Учир нь чацарганыг хүнсний хаан буюу “шар алт” хэмээдэг. Энэ нь стратегийн хүнсний бүтээгдэхүүнээр зогсохгүй Монгол Хятад хоёрт л ургадаг байгаль орчинд ээлтэй, цөлжилтийг зогсоогч ховор эд аж.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Монгол мал” хөтөлбөрөөс өөр махыг экспортод гаргахыг зорьж буй үсэг өгүүлбэртэй баримт бичиг алга. Бид наймхан сая малтай байхад л дотоодын хэрэгцээгээ бүрэн хангачих боломжтой. Цаана нь  40, 50 сая толгой мал бий.  Манайхан махны экспортынхоо түүхэнд 2009 онд л хамгийн их хэмжээгээр Орос руу мах экспортолсон. Тэр нь ердөө 400 толгой хонь амьдаар нь гаргасан хэрэг байж. Үүнийг манай улсын  сая сая малтай жишвэл хариугүй тоо гарна. Үнийн хувьд ч  манай зах зээлийн үнээс хямдханаар авч байсан юм билээ. Түүгээр ч зогсохгүй оросууд хонины нэг кг махыг ганцхан ам.доллараар авъя гэж хүртэл даапаалсан байгаа юм. Харин одоо Орос, Хятадууд махасч эхэллээ. Харин бидэнд мах, улаанбуудай хэмээх стратегийн бүтээгдэхүүн байна.

Өчигдөр болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон донор орнуудын уулзалтад үүнтэй холбоотой асуудлаар бараг яриа өрнөсөнгүй. Донор орнуудаас хэрэгжүүлж буй төслүүдийг хэрхэн орон нутагт тэнцвэртэй хэрэгжүүлэх, холбогдох хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгох талаар л ярилаа.  Гэтэл хүн төрөлхтөн хүнс, эрчим хүч хоёрын дутагдалд орж буйг дэлхий нийтээрээ ярьж байгаль экологийн өөрчлөлтөөс шалтгаалан үр тарианы ургац муу, үүнээсээ хамааралтайгаар мал аж ахуйн хувьд ч сайнгүй байна гэцгээж байна. Харин бид ийм тооны комбайн оруулж ирэх, мал эмнэлэг, үржлийн газар байгуулах гэх мэт жижигхэн асуудалдаа түүртсээр байна.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Дэлхийн зах зээл дээр хүнсний хямрал болж эхэллээ. Энэ нь манай улсын стратегийн хүнсний бүтээгдэхүүнүүд экспортод гарах боломж тийм үү?
-Мах бол стратегийн  шинж чанартай хүнс. Мах шиг үнэтэй, ховор, амин тэжээлтэй бүтээгдэхүүн байхгүй. Бидэнд мах, улаанбуудай, хүнсний ногоогоо экспортлох боломж энэ жилээс бүрэн нээгдэж байна. Одоо бол манайх махны үйлдвэрүүд барих, экспортод гаргах ажлыг эрчимтэй хийх хэрэгтэй. Энэ тал дээр эхний байдлаар гэрээ хэлэлцээр хийсэн. Бид дотооддоо улаанбуудайн хэрэгцээгээ хан­гаж чадаж байна. Шинэ бүс нутаг, Дорнод, Увс зэрэг  аймагт атар газар эзэмших, хуучин эзэмшиж байсан газруудыг эргэлтэд оруулах шаардлагатай болж байна. Эхнээсээ ажлууд хийгдэж байна. Хятад гэхэд манайхаас улаанбуудай импорт­лох нэлээд сонирхолтой байгаа. Энэ тал дээр тун удахгүй гэрээ хэлэлцээр хийх байх. Тиймээс үндэсний болон донор орнуудын төсөл хөтөлбөрүүдийн биелэлтэд анхаарал тавьж ажиллах хэрэгтэй.

-Хөдөө аж ахуйн салбарт хэчнээн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна вэ?
-Хүнс хөдөө аж ахуйн салбарт доноруудын тусламжтайгаар хэрэгжиж байгаа хөтөлбөрийн нэгжүүдийн удирдлагуудтай өнөөдөр уулзаж байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 21 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд улс, орон нутгаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаж байгаа. Доноруудын өгч буй мөнгийг үүнтэй уяж өгөх, аль болох давхардуулахгүй байх хэрэгтэй байна. Улсын төсөв болон доноруудаас өгч буй мөнгийг зайлшгүй хэрэгцээтэй байгаа орон нутагт нь хуваарилах, энэ тал дээр хамтарч ажиллахаар  ярьж байна.

-Үр дүнгийн хувьд ямар байгаа бол?
-Онцлон хэлэхэд Европын холбооны санхүүжилтээр хэрэг­жиж байгаа  мал  аж  ахуйн  зээл,  тусламжийн хөтөлбөр байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд малчдад хэрэгтэй мал эмнэлгийн тоног төхөө­рөмж, түүний шинэчлэл зэр­гийг эрчимтэй явуулж байгаа. Мөн Мянганы сорилтын сангаас хэрэг­жүүлж буй 10 гаруй сая ам.долларын өртөгтэй “Хот орчмын бэлчээрийн төсөл” байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд бүс нутагт хэрэгжиж байгаа. Гол нь монгол орон харьцангуй хуурай болохоор усжуулах, хашаа барих зэрэг ажлуудыг хийж байгаа.

Сэтгүүлч Т.Есөн-Эрдэнэ Улстөрийн тойм


URL:

Сэтгэгдэл бичих