Гишүүдийн сунгаан буюу хүүхэд эндсэн гийнгоо

Удахгүй бид Улсын их хурлын гишүүдээ сонгоно. Сонголтоо хийснийхээ дараа хэлгүй, амгүй, идсэн уусан, хуурамч дипломтой гэх зэргээр баахан зэмлэнэ дээ сайхан. Энэ нь заримдаа ажилгүйдэл ихтэй, дээд сургуулийн диплом өвөртөлж лааз өшиглөдөг нөхөд олонтой манай улсад тун зугаатай байдаг юм л даа.
Харин бид тэднийг сонгож, эцэст нь муулахаас өмнө сааралд ордонд бүгэх хүсэлд дийлдсэн төрийн төлөөх “илч” нар өөрсдийгөө сунгаж эхэлдэг нь жам болоод байгаа. Ядахад энэ жил Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ой гэж байгаа. 1024 бөх барилдаж, нутаг нутгийн хурдтай, хурдгүй хүлгүүд Хүй долоон худагт багтаж, ядах юм гэнэ лээ. Энэ үеэр нэр дэвшигч бүр нь хурдны морь хөтөлж давхиад алганаасаа том хөөргийг алдар цуутнуудтай харшуулаад л сайхан наадах байлгүй. Мэдээж морь уяж байгаа нөхөд өөр өөрийн гэсэн эрдэм чадалтай. Харин манай эрх мэдэлтнүүдэд, төрийн түшээд морийг сийлж, нэмгэлж уяна гэдэг шиг хэдэн бор банди нарыг гандааж, хөлдөөж, нусаар нь хацрыг нь түлэх зэргээр урьдын адил хашрааж өгөх байлгүй дээ.
Тэр ч байтугай тоолох гэхээр толгой эргэм их хэмжээний мөнгөн дүн, шагналын сан ярьж, уралдаан зохион байгуулчихаад хүний алаг үрийг цөөнгүй удаа бурхны оронд залсан шүү дээ. Тэгсэн атлаа Улааны “улаан” тэрүүлэх гэсэн чинь Цагааны “ногоон” хажуугаар нь дайрлаа, Цэнгэлийн саарал өнгөлж явтал, Макс-ын хүрэн хошуу өлгөлөө гэх бүрт хөөрч шуугаад л. Өөрөө морь хөлсөлж үзээгүй юм байж, мөнгөн хусуур, захиалгаар хийлгэсэн сэмэрдэггүй, нордоггүй хадаг яндраа намируулаад л… нээрээ үнэн даварч байна.
Ер нь, манайх шиг алгын чинээхэн хүүхдээр хурдны морь, тэмээ унуулаад тэд нь хүүхэдгүй ирлээ хэмээн бахархаж нааддаг ард түмэн хаана ч үгүй. Хүүхдийн үе мөч, амь насаар наадаж буйгаа хөрөнгөтнүүд гадныханд таалагддаг, жуулчид нь сонирхдог ч гэх шиг дэмий балай үгээр цайруулж биесэ өмөөрсөөр удлаа.
Үнэн хэрэгтээ тэд бидний тэнэгийг гайхсандаа амаа дарж, очиод ярих зүйлээ баталгаажуулах гэж аппрад барин гүйдэг ч юм билүү хэн мэдлээ.
Гэтэл төр түмнийхээ “илч” нартай нийлээд сүүлийн үед бооцоот, тэмдэглэлт, улс, бүс гээд бүхий л уралдаанд хүүхдүүдийг гэмтээж, эндээж байна.
Үүнийг харин мэддэг хэрнээ хүний амиар олон жил наадах ухаанд нэвтрэгсэд гэж хэлж болохоор, мөнгөтэй эрх мэдэлтнүүд, малгайныхаа залааг дааж ядатлаа чимэглэсэн уяачид бүгд л уламжлал хэмээх алдарт тэнэг хариултаа өгөөд суудгийг яалтай билээ.
Харин энэ бүхний балгаас болж, чоно борооноор гэдэг шиг “Хүүхэд хурдан морь унах нь тэвчишгүй хөдөлмөр” гэсэн нэрээр хэдэн даатгалын компани л баяжиж хоцрох шив. Шуудхан хэлэхэд сургуульд ороогүй унач хүүхдийн “амь даатгал”-аар амиа зогоогчдын зүгээс буяны ажилд нь нэмэрлэх будааны мөнгө ч өгөхгүй гэдэгт мөрийцөхөд бэлэн байна. Угаасаа уламжлалаа буруу ашиглаж, мөнгө эрх мэдлийн төлөөх уралдаан гэдэг зүйл л хүнийг ийм болгож байгаа юм хойно яая гэхэв.
Товчхон баримт өгүүлэхэд Яаралтай түргэн тусламжийн 103-аас авсан мэдээллээр 2009 оны наадмаар л гэхэд 33 хүүхэд мориноос унаж хүнд хөнгөн гэмтэл авсан байх юм. Тэдний зарим нь эгэм, хамрын яс, хөл гараа хугалжээ. Харин өнгөрсөн жил энэ тоо нэгээр нэмэгдэж, тулгуур эрхтнээсээ олон сурагч салсан байх юм.
Тэгвэл өнгөрсөн сарын 26-ны өдөр Өлзийт хороололд болсон хурдан морины өвлийн бооцоот буюу бэнчингээ гайхуулах наадам болж өндөрлөсөн. Үүнийг телевизээр үзэж суухад унаач хүүхдүүд хөлдөө гуталгүй, хацар нь улайж хайрагдсан нь харваас илт. Харин бэнчингээ гайхуулах гэж цугласан болохоо гэрчилэх гэсэн мэт уяачид нь булган малгай, чонон дахаар гоёж, “Морь хурдан байна. Сайхан байна”, нийт түмэндээ баярын мэнд гэх мэтээр камерийн урдуур гүйгээд ороод ирэх юм.
Үүнтэй зэрэгцэн Сүхбаатар, Өвөрхангай, Багануур зэрэгт мөн л бооцоо тавьж бэлчингээ гайхуулах “тулаан” үргэлжилсэн юм. Энэ үеэр мөн л цөөнгүй хүүхэд унасан, бэртсэн сураг дуулдана лээ…


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.