Хятадууд ноолуурын үнийг сар хүрэхгүй хугацаанд 30 мянган төгрөгөөр буулгажээ

Сар хүрэхгүй хугацааны өмнө 70 мянган төгрөг дөхөж байсан ноолуурын үнэ буусан мэдээллээр “Эмээлт” түүхий эдийн захыг зорилоо. Энд тэнд ноолуур авна гэсэн бичигтэй байшингуудыг эс тооцвол хөл хөдөлгөөн гэхээр юм бараг алга. Нэг хашаа руу ортол хэдэн залуу шуудайлсан ноолуур портерт ачиж байв, 40 мянгаар авч байгаа гэнэ. Үнэ сонирхоход “Ноолуур чинь хаана байна, үзье” ч гэсэнгүй. Авах сонирхолгүй байгаа бололтой. Хэд хэдэн склад, жижиг байшинтай том хашаа руу орлоо. Хоёр залуу ноолуур ялгаад зогсч байв. Эзнийг нь Б.Найдандорж гэдэг юм байна. Ноолуурын ченжээр 20 орчим жил ажиллаж байгаа аж. Тэр “Хорь хүрэхгүй хоногийн өмнө 70 мянгатай байсан ноолуур одоо 40-45 мянган төгрөг болж буучихаад байна. Шороо шуураад, хялгас нь хөндийрөөд ирэхээр гарц муудахаас өөр аргагүй. Оройтож самнах тусам хялгас, шороо ихтэй ноолуур гардаг” гэж ярилаа. Ноолуурын гарцыг 60-аас дээш хувьтай байхад нь хятадууд их хэмжээгээр үнэ цохиод авчихдаг бололтой. Одоо 50-иас доош хувийн гарцтай ноолуур л ирнэ гэж Б.Найдандорж ярьж байлаа. Хятадууд гарц өндөртэй ноолуурыг 72 мянга хүргэж авсан гэнэ. Үндэсний үйлдвэрүүд ялгаж авдаг учраас амрыг нь бодоод хятадуудад өгчихдөг аж. Төв аймаг, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгийгөөс ноолуураа авдаг юм байна. Малчидтайгаа ч ойр холбоотой байдаг бололтой. Малчид мөнгө хэрэг болсон үедээ ченжүүдээс зээлээд хавар ноолуураа нийлүүлэхдээ өгдөг гэнэ. Зарим нь ноолуур бэлдэх үеэрээ, гурван тн ноолууртай очно, урьдчилаад нэг тн-ынх нь мөнгийг явуулчих гэж хэлээд урьдчилгаа авах тохиолдол ч гардаг аж.

Түүний эхнэр Цэемаа “Ноолуурын үнийн хэлбэлзэл 5000 дотор байхад л хэцүү байсан. Гэтэл одоо 30-40 мянгаар унаж байна. Говь, Гоёогийн бэлтгэгчид аймаг явдаг. Гэхдээ тэдэнд хэн ч өгдөггүй. Харин бид харилцаатай болчихсон байдаг. Бид тэдэнд бэлтгэлийн албанд нь ажиллах санал тавьсан ч хүлээж авдаггүй. Ер нь манай үйлдвэрүүд сайн чанарын ноолуур авч чаддаггүй. Малчдад ч асуудал байдаг. Ноолуураа чийглэж, шороо хольж байна. Мушгихад ус нь гоожиж байна шүү дээ” гэж ярьж байлаа.

Эмээлтэд эднийх шиг түүхий эдийн 48 склад байгаа гэнэ. Дийлэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай юмуу, хамтарсан компанийнх аж. Арав орчим нь монголчуудынх юм байна. Монгол компаниудын олонхи нь хөдөө орон нутгийнх бололтой. Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Архангайнхны склад Эмээлтэд байдаг аж.

НООЛУУРЫН ЗӨРҮҮ ГЭЖ 10 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОХ ЦУУ ТАРЖЭЭ

“Ямаатуул” ХХК гэсэн бичигтэй жижиг байшинд орлоо. 30 орчим насны бололтой нэг бүсгүй, хоёр залуу байв. Биднийг ноолуур зарах гэж байгаа хүмүүс гэж бодсон бололтой. Үг дуу муутай угтлаа. 40-д л авна даа гэж дурамжхан хэлж байгаагаас нь харахад авах сонирхолгүй байгаа нь илт. Ноолуурын үнэ ханш сурвалжилж яваагаа хэлтэл дуу ороод ирэв. О.Отгонжаргал энэ жил 900-гаад кг ноолуур худалдаж авчээ. Худалдаж авсан ноолуураа борлуулж чадахгүй байгаа аж. Өмнө нь уралдаж авдаг байсан хятадууд нь ч авахгүй байгаа аж. Малчид ч ноолуураа өгөхөө больсон гэнэ. О.Отгонжаргал “Дундын ченжүүд ноолуураа зарж чадахгүй байна. Ноолуур ноднин өдийд 60 мянга гарч байсан. Хөдөөнийхөн ноолуураа өгөхгүй байна. Өчигдөр телевизээр төрөөс ноолуурын үнэд зохицуулалт хийнэ гэж ярьж байна лээ. Ноолуур зүүн аймгуудаар 70 мянга байхад л малчид ноолуураа дарчихсан байсан. Одоо ч дарж байгаа” гэж ярилаа. Сонгуулийн жил болохоор малчдад ноолуурын үнэ өснө гэсэн хүлээлт байгаа аж. Ноолуурын зөрүү гэж 10 мянган төгрөг өгнө гэх яриа ч хөдөөгүүр гарсан гэнэ. О.Отгонжаргал “Төрөөс дэмжинэ гэсэн төерегдүүлеэн мэдээлэл ноолуурын үнийг тартагт нь тулгаж байна. Зүүн аймгуудын ноолуур сарын эхээр уг нь 73 мянга хүрсэн. Баруун аймгуудынх 68-70 мянган төгрөг байсан. Үнэ нь ийм өндөр болоод хоёр л хоносон. Тэгээд л өдөр өдрөөр буурсаар өнөөдөр 40 мянга хүрэхтэй үгүйтэй боллоо. Одоо ноолуурын үнэ улам л бууна. Өсөх ямар ч үндэслэл байхгүй. Чанар, гарц нь муудаж байна шүү дээ” гэж ярилаа.

НИЙТ НООЛУУРЫН ТАЛ Ч ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ ЗАРАГДЖЭЭ

“Орхон түшээ төв” гэсэн хаягтай байшинд ороход гурван залуу сууж байв. Ноолуурыг чанараас нь шалтгаалж 40-45 мянгад авч байгаа юм байна. Монголд Хятадын ченжүүд бүгд ирсэн гэнэ. Өчигдөр гэхэд л нэлээд хэдэн ченж иржээ. Эмээлтэд хятадууд байхгүй гэсэн мэдээллийг тэд өглөө. Хөдөөнийхөн ихэнх ноолуураа хятадуудад тушаажээ. Хятадын ченжүүд ноолуурын үнэд нөлөөлж байгаа гол хүмүүс бололтой. Одоогоор хятадууд ноолуур авахгүй байгаа гэнэ. Үйлдвэрүүд ч ялгаагүй нэг хэсэгтээ үнэ хэлэхгүй байхаар шийджээ. Д.Даваа “Үндэсний үйлдвэрүүд ноолуур авахгүй байна. Говь компанийн гүйцэтгэх захирал Наранбаатар үнэн хэрэгтээ ченж болчихсон шүү дээ. Хятадуудтай өрсөлдөж үнээ тогтоох ёстой байтал харин ч хамтраад үнэ буулгах арга хэрэглэж байна. Хятадууд дургүйгээ хүрэхээр үйлдвэрүүдтэй нийлж байгаад ноолуур авахаа зогсоочихдог. Ингээд л ханшийг нь унагаачихдаг” хэмээн ярив. Л.Даваа бидэнд ноолуурыг доод тал нь 40 мянгад авна гэж хэлсэн хэрнээ утсаар ноолуурын ханш асуусан хүнд 35 мянгаар авна гэж хэлнэ лээ. Энэ ярианаас анзаарахад ноолуурын үнэ 40 мянгаас буусан ч байж магадгүй аж. “Ноолуурын үнийг багахан хэлчихээр хятадууд өлгөж аваад буулгахыг боддог, тиймээс бид ноолуурын үнийг бага байна гэж мэдээлэхийг хүсдэггүй” гэж тэд ярьж байлаа. Монгол, хятад ченжүүдийн дунд ноолуурын үнээс болж бяцхан дайн дэгддэг бололтой. Уулзсан ченж бүр хятадуудад дургүйлхсэн аястай үг унагаж байв. Малчид тушаах ёстой нийт ноолуурынхаа 40 орчим хувийг л зарсан гэж Д.Даваатай хамтран ноолуурын бизнес эрхэлдэг Т.Энхбат ярьсан. Тэдний хэлж байгаагаар баруун аймгуудаас 4500 орчим тн, зүүн аймгуудаас 1500 орчим тн ноолуур бэлдэг бололтой. Зүүн аймгуудын ноолуур чанарын хувьд сайн байдаг аж. Дорнод, Сүхбаатрынхан ноолуураа 70 гаруй мянган төгрөгөөр өгчээ. Баруун аймгийн хан ноолуураа тушааж эхлээ ч үгүй байгаа гэнэ. Ноолуур нь орой гардаг учраас хямдхан өгөхөөс өөр аргагүй байдаг аж. Д.Даваа, Т.Энхбат нар ноолуурын салбарт 18 жил ажиллаж байгаа юм байна.

“ХАНБОГД КАШИМЕР” ХЯТАДЫН КОМПАНИ ГЭВ ҮҮ?

Хятадын ченжүүд их ирсэн, “Ханбогд кашимер”, Цагаан хаалганы хавьцаа бөөгнөрсөн, хөдөөнийхөн тэдэнд л ноолуураа өгдөг гэсэн ченжүүдийн мэдээллээр Эмээлтээс буцах замдаа “Ханбогд кашимер”-аар дайрав. “Сэтгүүлчид гэвэл та нарыг хаалгаараа шагайлгахгүй шүү” гэж сануулсан болохоор ноолуурын үнэ сонирхсон хүн болж нэвтрэв. Үүдний харуул нь монгол залуу байв. Нэлээд олон склад, үйлдвэртэй том газар юм. Нээлттэй хоёр складанд 20 орчим хятад зогсч байлаа. Эхний складан дээр очиж үнэ асуухад 42-45 мянган төгрөгөөр авна гэж ойлгогдох төдий аялгаар хариулав. Дараагийн склад руу очиход эзэн нь бололтой эр “Хэчнээн тн ноолуур байгаа юм. Яахав сайн чанарын, их хэмжээний ноолуур юм бол хоёр мянган төгрөг нэмж болох юм” гэж хэлмэрчээр дамжуулан хэллээ. “Архангайгаас 400 кг ноолуур авчирсан. Арай ахиу үнээр өгмөөр байна” гэтэл тоох янз алга. Нэг тн-оос дээш бол авч болох юм гээд халгаасангүй. Малчдын гар дээрээс ноолуурыг нь гоочилж байгаад 30 мянган төгрөгөөр авдаг гэсэн мэдээллийг ченжүүд өгч байсан юм. Тэдэнтэй ойр дотно харилцдаг Хүдэрээ, Догсом зэрэг хэд хэдэн монгол байдаг гэнэ.   Түнш монголчуудынх нь танил биш бол ноолуурыг нь хямдхан авах гээд байдаг хятадуудын занг андахаа больсон малчид тэднээр дамжуулж арай дөнгүүр үнээр ноолуураа зардаг байна. “Ханбогд кашимер”-ын эзэн нь Ганцэцэг гэж хүн байдаг гэнэ. Хятад ченжүүдийн байрладаг гол газрын нэг юм байна. Энд хятадууд ноолуур худалдан авч, угааж, самнадаг аж. “Эмээлт”-ийн нэг ченж телевизийн ярилцлагад орохдоо “Ханбогд кашимер”-ийг Хятадын үйлдвэр гээд ярьчихжээ. Телевизийн ярилцлагын дараа ХХААХҮЯ-наас хүртэл утасдаж загнасан гэнэ. Манай үндэсний үйлдвэрүүд ноднин “Ханбогд кашимер”-аас 300 тн самнасан ноолуур худалдан авч байж. “Худалдаж авсан ямааныхаа арьсыг зумлаж хялгастай ноолуур гаргаж авсан юм билээ.

Тэгээд тэр ноолуураа ялгаж, угааж, самнаад үйлдвэрүүдэд зарсан юм билээ. Тэгэхээр ямар чанартай ноолуур болох нь харагдаж байгаа биз дээ” гэж ченжүүд ярьж байсан.

ХЯТАДУУД НООЛУУР АВАХГҮЙ БАЙНА

Цагаан хаалганы хавьд ноолуур авч байгаа хятадууд дээр очлоо. Хятадуудын байрлаж ноолуур авдаг газар нь их нууцлаг юм. Ямар нэг хаяггүй, үүдэндээ харуултай. Цэсэм гэдэг компани гэнэ. Арваад склад эгнүүлжээ. Дотор нь нэлээд олон шуудай ноолуур хураажээ. Хэдэн монгол ажилчин ялгаж байгаа бололтой завгүй сууцгаана. Хамгийн цаад талын складанд очиход гурван хятад, нэг монгол байв. Хятадууд нь монгол хэл огт мэддэггүй бололтой. Ноолуур хэдээр авахыг нь асуутал хэлмэрчээрээ дамжуулж хариулна лээ. Тэд ноолуур авахгүй байгаа гэнэ. Хэзээнээс ноолуур авч эхлэхийг нь асуутал хэн нь ч дуугарсангүй. Өдийд ноолуур байна уу, тэдээр авна гэж хэлэх ёстой хүмүүс харин ч залхсан янзтай өөр хоорондоо ярилцаад тоох шинж алга. Нэг нь бүр 00-09 УНД дугаартай lexus 570-даа ороод суучихав. Хашааных нь үүдэнд хэсэг байхад хэд хэдэн хятадууд зөрнө лээ. Энд хятадууд олноороо байгаа гэсэн ченжүүдийн мэдээлэл үнэн бололтой.

Ц.БААСАНСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих