Түүхий нүүрс баяртай

Хаврын cap гарсан ч утааны асуудал хурц хэвээр л байна. Ерөнхийлөгчийг гэр хорооллоор зочилж толгой сэгсрэх үед бүр ч аймаар байсан. УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж, нүүрсийг шингэрүүлэх санаа эрчээ авч байгаа энэ үед бусад улсуудын агаарын бохирдлоо шийдэж чадсан талаарх жишээ сонирхол татах болов уу.

Тухайлбал манай урд хөршийн нийслэл хот Бээжин утааны асуудлаа хэрхэн шийдсэн бол. Тус хотын захиргаа 1999 оноос байгаль орчны талаарх хууль тогтоомжуудад үндэслэж 28 багц асуудлыг шийдвэрлэжээ. Түүхий нүүрсний бүх л хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч, утаа их гаргадаг том үйлдвэрүүдийг хотоос нүүлгэсэн байна. Ер нь агаарын бохирдлоо шийдэж чадсан улсуудын хамгийн эхэнд авсан үр дүнтэй арга бол түүхий нүүрсний хэрэглээг багасгах арга байсан. Бээжин ч тэр жишгийг дагажээ. Хэрэглэгчдийг 100 хувь хийн түлшээр ханган 1999 оны сүүлчээр хотын хийн түлшний түгээлтийн хүчин чадлыг 700 сая куб метрт хүргэн өргөжүүлсэн байна.

Манайд ч энэ чиглэлийн ажлууд хийгдэж эхэлж байгаа нь олзуурхууштай. Хот, дүүрэг нүүрсний хэрэглээгүй болгох төслүүдийг шуурхай хэрэгжүүлж, 2020 он гэхэд хот бүхэлдээ нүүрсний хэрэгцээг зогсоох арга хэмжээ авчээ. Хэрэглээнд байгаа бүх төрлийн нүүрс, түлшээр галлаж халаадаг халаалтын зуухыг хотын нүүрсний компани үнэлэн худалдан авчээ. Албан байгууллага, айл өрхүүдэд хийн болон орчны бохирдолгүй сэргээгдэх эрчим хүчний үүсгэвэр ашигласан халаалтын системийг хэрэгжүүлж, цахилгаан халаалтын систем ашигласан иргэдийн цахилгааны үнийг 50 хувь хөнгөлсөн аж.

Мөн хотын ойр орчмын нүүрс борлуулах аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын эрх авах, үйлчилгээ явуулах гэрчилгээг нарийн шалгуураар олгох, борлуулах нүүрсний утаан дахь хүхрийн хүчлийн хийн найрлагын стандартыг 0.2 хувиар тогтоох шийдвэр гаргасан байна. Дараагийн хэрэгжүүлсэн ажил нь хотоо цэцэрлэгжүүлэх байж. Хот, дүүргийн байгаль орчны болон үйлдвэр худалдааны мэргэжлийн хяналтын байгууллагууд нь ресторан, хоолны газруудын ил зуух, утаа сорогчид шалгалт хийж, нүүрс, шахмал түлшний хэрэгцээг зогсоон хий, цахилгаан үүсгэвэр бүхий зуух, шарах төхөөрөмжийг суурилуулжээ. Ил задгай шорлог хийж мах шарах үйлчилгээг зогсоож, шүүлтүүртэй яндан бүхий тусгай зориулалтын газар байгуулсан нь эерэгээр нөлөөлсөн аж. Хотын утаанд сөргөөр нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол автомашины утаа.

Бээжин энэ тал дээр багагүй арга хэмжээ авчээ. Ачааны автомашиныг өдрийн цагаар хот руу орохыг хориглон, дизель хөдөлгүүртэй болон 14 жилээс дээш ажилласан суудлын автомашиныг хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан аж. Хотын хэмжээнд автомашин борлуулж буй цэгүүдэд хорт утааны ялгаруулалтыг багасгах технологийн өндөр шаардлага тавьж, утаа хэмжих төхөөрөмжийг байршуулж, борлуулж буй автомашины утааг хэмжин тэнцсэнд нь улсын дугаар олгодог болсон нь анхаарч харахаар л жишээ. Хотын нийтийн тээвэр, шуудан, таксины компаниудад техникийн бүрэн бүтэн байдал, утаа ялгаруулалтыг өдөр бүр хянах төхөөрөмж суурилуулж, нийтийн үйлчилгээний автобус, таксины компани болон бүх тээврийн хэрэгслийг хагас жилд нэг удаа хот дүүргийн автотехникийн үзлэгт оруулж утааны хэмжээг шалгадаг болсон байна.

Мөн хотын нийтийн тээврийн автобус, таксинуудыг газын хөдөлгүүртэй болгоход анхаарсан бодлого явуулжээ. Эрдэм шинжилгээний байгууллагын, байгаль орчны бохирдлоос хамгаалах чиглэлийн судалгааны ажилд хөрөнгө оруулалтын хэмжээг хэд дахин нэмсэн байна.

“Гиологи уул уурхайн мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих