“Аалзны тор-1”

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлан саатуулсан үйл явц олны анхаарлыг татаж буй энэ цаг үед экс Ерөнхийлөгчтэй холбоотой гэсэн олон мэдээлэл эргэн сөхөгдөж байна. Дэд доктор Б.Ганбатын бичсэн түүнтэй холбоотой “Аалзны тор” цуврал нийтлэлийг хүргэж байна.

АЛТ ХУДАЛДАН АВАХ ЯМАР АШИГТАЙ ВЭ?

Энэ дэлхий дээр тогтмол үнэтэй юм гэж нэгээхэн ч үгүй. Өдгөө нэг унц алт (30 орчим грамм) 286 ам доллар. Гэтэл 70-аад оны эцсээр унц нь нь 800 ам доллар байжээ. Америк доллар маань өөрөө Канад доллар, Япон иентэй харицуулахад ханш нь мөн л дээш доошоо савлаж байдаг. Бүтээгдэхүүний үнийн тухайн өдөр цаг минут дахь үнийг олон улсын бирж тогтооно. Биржүүд дотроо төрөлжсөн байдаг. Ухаан нь зэсийн үнэ Лондонгийн бирж дээр үнээ тогтоож байхад ноолуурын үнэ Шанхайн бирж дээр учраа олж байх жишээтэй. Бирж дээрх үнэ маш олон зүйлээс хамаарч байдаг. Гол нь хэрэгцээнээсээ шалтгаалж үнэ нь савлана. Жишээ нь: 9 сарын 11-ний дараа дэлхийн ноолууран бүтээгдэхүүний гол зах зээл АНУ эдийн засгийн хямралд орсон тул Шанхайн бирж дээр ноолуурын үнэ урьд өмнө үзэгдээгүйгээр унаж байх маягтай. 9999 сорьц буюу дөрвөн естэй гэгдэх цэвэр алт 1 унц нь 286 ам долларын ханштай байна. Хэн дуртай нь мөнгөө төлөөд авч болно. Гэхдээ жилдээ 12 тн алт үйлдвэрлэдэг Монгол улс Улаанбаатарт зах ажиллуулаад энэ үнээр өгч чадах уу? Чадахгүй. Ямар ч баталгаа байхгүй, брэнд нэйм гэгдэх зах зээлийн нэр хүнд үгүй. Иймээс Монголоос алтыг авч Лондонгийн бирж дээр хүргэж өгөх зуучлагч хэрэгтэй. Зуучлагч юунаас ашиг олох вэ? Татвар, тээвэр, хамгаалалт (алтны үйлдвэрлэлд хамгийн их өртөг шаардах хэсэг нь энэ), цэвэршүүлэлт (хүлээн зөвшөөрөгдсөн газрын 9999 хэрэгтэй учраас), даатгал борлуулалтын шимтгэл (аль нэг брокероор дамжих учраас), хэлцэл (алтны үнэ хэзээ савлахыг урьдчилан тааж форвард, фүчүэр диливэр гэх мэт хэлцэл хийнэ) зэргээс зуучлагч өөрөө ашиг унагана. Иймээс Монгол банкны цуглуулсан алтыг авах гэсэн өрсөлдөгч тун олон. Монгол улс жилдээ ойролцоогоор 120 сая ам долларын алт гадагш зардаг. Yүнээс зуучлагч нар ойролцоогоор 30 сая доллар өөрсдөдөө унагана. Зуучлагч нарын Монголоос ашиг унагадаг бас нэг бүтээгдэхүүн бол зэс юм. Жилд бараг 100 сая ам долларын ашиг зуучлагчид олно.

Зэсийн баяжмал нь алтыг бодвол илүү найраатай. Монголд алт бүдүүн баргаар ямар цэвэршүүлэлттэй гарч байгаа нь ойролцоогоор тодорхой байдаг бол Эрдэнэтийн баяжуулсан зэсийг ингэж тодорхойлоход хэцүү. Эрдэнэтийн шороо 7%-ийн зэстэй байдгийг баяжуулж ойролцоогоор 30%-ийн зэстэй болгодог. Yүнээс гадна уул шороон дотор алт мөнгө молебдин тодорхой бага хэмжээгээр агуулагдаж байгаа. Чухам үүнийг зуучлагч хэдэн хувь гэж үзэж Эрдэнэттэй гэрээ хийх нь ашгийнх нь эх үүсвэр болно. Албан ёсоор Эрдэнэтийн зэсийг Лондонгийн биржийн үнээр авдаг. Гэвч үнэнгээсээ ингэж авбал ямар ч ашиг гарахгүй чингэх нь тэнэг хүний илүү ажил болно. Бодит тооноос нь амжилттай буулгаж тооцож чаддаг учраас л ашиг ихтэй, тэр ч утгаараа Эрдэнэтийн баяжмал авах өрсөлдөөн лут өндөр.Өөр нэг ашиг нь тээвэрлэлтээс орж ирнэ. CIF, DAF, on board гэсэн нөхцлүүдийн алингаар нь хийв, төмөр замын компаниудтай яаж тохиров гэдэг их чухал. Yүний дараа зэс хайлуулах үйлдвэртэй хэрхэн тохирсон нь бас дараагийн ашгийг авч ирнэ. Казакстаны зэс хайлуулах үйлдвэртэй Монгол бие даан гэрээ байгуулж 30 сая доллараа алдчихсан нь нэгийг өгүүлнэ. Харин зуучлагч нар ийм алдаа хийхгүйгээр үл барам үргэлж өөртөө ашигтай байлгаж чадна. Тэд бараг өөрийн гэгдмээр болтол хахуульдаад худалдаад авчихсан зэс хайлуулах үйлдвэртэй, тэр нь Хятадад бий. Харин Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд шууд худалдаа хийхээр олон удаа санал тавьсан боловч Эрдэнэтийн удирдлага хэзээ ч хүлээж авдаггүй, учир нь амьдарч буй гол унац нь үгүй болох, үгүйдээ л багасах аюултай.

ЗУУЧЛАГЧ БАЙГУУЛЛАГА ГЭЖ ХЭН БЭ?

Зуучлагч байгууллагыг “коммидити трейдинг компани” гэнэ. Ийм компаниуд гол төлөв хагас хууль бус үйлдэл хийдэг. Жинхэнэ хууль бус компаниудыг бодвол илүү баянаас гадна хуулийн цоорхойгоор ажилладаг учир нэр ус нь бүхэнд илэрхий болсон байдаг. Эдний хийдэг бизнес нь алт, зэс, цайр, мөнгө, тамхи, элсэн чихэр, улаан буудай, цагаан будаа, архи, спирт зэргийг үйлдвэрлэгчээс биржид хүргэж өгөх ажил юм. Коммодити компаниуд гол төлөв Швеййцари, Люксенбург, Голланд зэрэг нөхцөл сайн өгдөг, тэр чанараараа бага сага луйвар, булхайг тоодоггүй жижиг орнуудад бүртгэлтэй байдаг. Зуучлагч компаниуд бараг бүгдээрээ хаалттай байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хувьцааг нь олон нийт эзэмшдэггүй, зөвхөн хувь хүнд бүх хөрөнгө хамаатай. Хөрөнгийн биржээр дамжин хувьцаа нь худалдагдвал томрох учиртай боловч коммидити компаниудын хувьд энэ нь олон нийтийн хяналтад өртөх аюултай учраас хувьцаагаа зарахаас үргэлж татгалзана. коммидити компанид үйлчилдэг банк нь хаалттай байх нь элбэг. Эдгээр банк мөн л гол төлөв Голландад бүртгэлтэй байдаг. Зуучлагч компаниудаас буурь суурьтай компаниуд аль болох дөлдөг. Эдний илэрч шуугиан тарьсан бульхайнууд нэлээд бий. АНУ-ын коммидити компани болох «Марко Ричи интэрнэшнл» нь Б.Клинтоны эхнэрийн сонгуулийн ажилд нэлээд мөнгө өгсөн ба үүнийх нь төлөө ерөнхийлөгч буухынхаа өмнө Марко Ричид илэхсэн булхайг нь хэрэгсэхгүй болгох өршөөл үзүүлтэл бөөн шуугиан үүсч эцэст нь цуцалсан билээ.

МОНГОЛЫН ЗЭСИЙГ ХЭН ЗУУЧИЛДАГ ВЭ?

1988 оноос эхлэн Монголын зэсийг «Глинкор», «Марко Ричи интэрнэшнл», «Капитал Рисорс», «Трафигура», «Жеральд Металл» гэсэн 5 компани худалдан аван биржид хүргэдэг. Сүүлчийнх нь АНУ-д бусад нь Швейцарьт бүртгэлтэй. Эзэд нь бүгд еврейчүүд. Бүгд хаалттай компаниуд. Бүгд сүрхий баян боловч Глинкороос бусад нь интернетэд вэб сайтгүй. «Глинкор» ч вэб сайтдаа ердөө ганцхан нүүр л материалтай. Эдгээр таван аварга Монголын зэсийн 90%-ийг атгадаг. Өвөр хоорондоо асар их өрсөлдөх боловч гаднаас өөр компани оруулахгүй. Yлдсэн жаахан дээр нь «Самсунг», «Эл жи», «Иточу» мэтийн «жижигчүүд» зодолдоно. Мэдээж «Самсунг», «Эл жи» дэлхий хэмжээний лигант компани, гэхдээ коммидити хийх дээрээ тулбал ухаан нь Жеральд Металлын дэргэд жулдана. Нэр хүндтэй компаниуд учир хахуульдах гэх мэтийн хагас хууль бус юм хийхээсээ жийрхэнэ. Тэр хэмжээгээрээ булхайн зах зээл дээр хожигдоно.

Эдгээр таван компани бүгд Монголд өөрийн төлөөлөгчтэй. Зарим нь албан ёсоор, зарим нь албан бусаар. Монголын улс төрийн нөхцөл байдлыг эднээс сайн мэдэх өөр хэн ч үгүй. Гол холбогдох газар нь Засгийн газар, Монгол банк, яамдууд, Эрдэнэт, арилжааны томхон банкууд, нөлөө үзүүлж чадах бие хүмүүс. Эдгээр местэн дээр өөрчлөлт гарах нь уул таван компанийн хоорондын харьцаа өөрчлөгдөх шинэ боломж үүсгэнэ. Хохирсон хэсэг нь сонгууль, Засгийн газрын өөрчлөлт, Эрдэнэтийн удирдлага солигдох Монгол банкны удирдлага өөрчлөгдөхийг анаж байдгаар барахгүй ийм байдал үүсэх нөхцөлийг хангах эрмэлзэлтэй байдаг. Хожсон хэсэг нь одоо байгаа байдлыг аль болох удаан үргэлжлүүлэх сонирхолтой, тэр утгаараа нөгөө талын «лобби» ил далд үйлдэнэ. Яг л энэ чанараараа тэд Монголын улс төрийн амьдралыг ихэд сонирхдог төдийгүй маш ихээр оролцдог. Сонгууль болон хээл хахуульд эргэлдэж байгаа мөнгөний маш олон хувь нь эднээс үүсэлтэй. Эдний завсраар чихэх гэсэн «Самсунг», «Иточу», «Сумомито», «Эл Жи» компаниуд ч галуу дуурайж хөлөө хөлдөөхийн үлгэрээр Монголын цаг зуурын томчуудын аяыг харах гэж нэлээд шатжээ. Жишээ нь үзүүлж чадах «Иточу» компани хувийн гэгдэх «Эрдэнэт концерни»-д зэс хайлуулах үйлдвэрийн зориулалтаар 10 сая ам доллар зээлдүүлээд шатсан. Yүнийг улсын Эрдэнэт үйлдвэрээр барьцаалан зээлсэн боловч одоо болтол буцааж сохор зоос ч өгөөгүй байна.Эсвэл «Самсунг» нь «Эрдсам» хэмээгч мөн л хувийн гэгдэх компани байгуулж шатсан. Хийсэн хэдэн телевизор нь одоо хэмхрээд дуусчээ.

Нэг үгээр хэлэхэд эд мөнөөх таван аварга шиг аргыг нь олж ажиллаж чаддаггүй. 1992-1996 оны засгийн газрын үед «Глинкор» компани абсолют ноёлогч байв. Чухам энэ компани Эрдэнэт үйлдвэрийн даргыг гол баяжуулагч нь байлаа. Тухайн үеийн Засгийн газар ч эдний үйлчлэгч, хээл хахуулийн үйлчлүүлэгч нь байв. Харин 1996 оноос өөрөөр хэлбэл сонгуулийн дараагаас «Марко Ричи интэрнэшнл» товойн гарч ирсэн юм. Гэтэл 2000 оны 8 сараас «Жеральд Металл» үнэмлэхүй ноёлогч боллоо. Тэд бооцоогоо хамгийн зөв тавьснаас гадна ирээдүйн эздийг урьдчилан харж тордож бордож чадсан байна. Өдгөө «Жеральд металл» Монголын нийт зэсний бараг гуравны нэгийг ганцаараа атгаж байгаа. Бүдүүн тооцоогоор жилийн 30 орчим сая ам доллар Монголын зах зээлээс ашиг болгон шүүрч байгаа хэрэг юм. Эрдэнэтээс зэсийн баяжмалыг эдгээр коммодити компаниуд руу дамжуулан завсрын зуучлал дээр Монголын нэртэй баячууд, үнэндээ бол жижиг гарынхан гүйлдэж унац хайна. «Алтай трейдинг», «Пэтровис», «Буян» зэрэг компаниуд эндээс анхны томоохон ашгаа хийж байлаа.

ТЭДНИЙ САНХYYЖИЛТ ХЭРХЭН БYРДДЭГ ВЭ?

Эдгээ коммодити компаниуд ээлжит үйлдэлдээ өөрснөө мөнгө гаргадаггүй, үүнийг зээлж хэрэглэдэг. Зээл олгогч банкууд нь гол төлөв Голландад бүртгэлтэй томхон арилжааны банкууд юм. «Ай эн Жи Баринг», «Эй Би Эн Амро» зэрэг банкууд Монголд зэс, сүүлийн үед алт зуучилж буй компаниудын цаад санхүүгийн эх үүсвэрийг бэлдэж өгнө. Тэгсэн мөртөө эдгээр банк Монголтой ганц ч холбоо байхгүй. Монголын ганц ч банк эдэн дээр дансгүй. Олон сая долларыг нь дамжуулан зээлдэгчийнх нь хувьд уул банкны төлөөлөгч тайлан бичих зорилгоор нэг удаа Эрдэнэтэд ирээд буцна. Ингэхдээ Монголын нам засгийн удирдагч хэнбугайтай ч тоож уулзахгүй. Монголын банкуудаар ч орохгүй. Саяас дээш доллар зээлсэн үйлчлүүлэгчээ жил бүр очиж шалгана гэсэн дүрэм журмынхаа дагуу л ирж буй нь тэр. Өөр тэдэнд Монголоос сонирхох өчүүхэн ч зүйл ч байхгүй. Коммодити компаниудад ямар нөхцөлөөр зээл олгодог вэ? Нэгдүгээрт, зээлээ даатгуулахыг шаардана. Хоёрдугаарт: Эрдэнэттэй харилцдаг Монголын банкны баталгаа шаардана. Даатгуулах ч яахав даатгуулчихна. Харин баталгааны хувьд үүнийг олон жилийн турш ХОТШ банк гүйцэтгэж байсан юм. Одоо энэ үүргийг Худалдаа хөгжлийн банк хийх болжээ. Цаад гэрээ коммодити компанидаа дэндүү ашигтай учраас наана батламж гаргаж байгаа арилжааны банкинд бараг ямар ч эрсдэл байдаггүй.

ЖЕРАЛЬД МЕТАЛЛ ЯАГААД ГЭНЭТ ТОМРОВ?

2000 оны парламентийн сонгуулийн дараагаас «Жеральд Металл» Монголын зэс алтны зах зээл дээр үгээ хэлэх эрх бүхий нэг нойморын компани болон босч ирлээ. Эрдэнэтийн зэсийн гуравны нэгийг тэд гаргах эрхтэй болсноор бусад өрсөлдөгч компаниудаа шууд доош нь чихжээ. Гол учир шалтгаан нь Монголын дараагийн Ерөнхий сайд ба төв банкны захирал болох хүмүүс дээр зөв бооцоо тавьж чаджээ. Монгол банкны дэд ерөнхийлөгч байсан О.Чулуунбаатар 1996 оны сонгуулийн дараа өөрийнх нь үгээр чухам энэ компанид дилер юм уу брокер хийж байжээ. Энэ бол үнэмшил багатай яриа, учир нь дилер брокер нь уг хүнд хэтэрхий томдох ажлаас гадна энэ нь олон жилийн туршлагатай хүний хийдэг ажил юм. Юутай ч уг компанитай холбоотой байснаа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн парламентийн үеэр МАХН-ын бүлгийн дарга АНУ-д маш олон удаа айлчилсны цаад учрыг нь ядахнаа заримыг нь энэ сүлжээгээр тайлбарлаж болмоор. Энд хувийн сайн найз нөхдийн хэлхээ холбоо голлох үүрэгтэй болов уу. Yнэндээ «Жеральд Металл»-д Худалдаа хөгжлийн банк огт хэрэггүй. Банк ч эдний бизнес биш. Коммодити трэйдинг компани илүү юм руу хошуу дүрдэггүй. Учир нь эрхэлж буй бизнес нь тэртээ тэргүй нэлээд эрсдэлтэй юм. Ийм чиглэлээр ажилладаг «Сорос» маягийн валютын спекуляци хийдэг өөр компаниуд байдаг. Монголын Худалдаа хөгжлийн банк өөрсдөд нь хэрэгтэй хүнд очиход тусалж байж Монголын зэс, алтанд онц эрхтэй болох юм. Энэ нь «Жеральд Металлын» ганц бөгөөд гол зорилго. Ингэхийн тулд яах вэ. «ХХБ»-ийг доллараар тордох учиртай. Иймээс Монгол банкны баталгаа байвал ирээдүйд авах зэс, алтныхаа урьдчилсан төлбөрийг хийхэд «Жеральд Металл» бэлэн байлаа. 20-30 сая ам доллар Төв банкны баталгаагаар урьдчилж өгөхөд үнэндээ хүү ч гэж ярих хэрэггүй юм. Ердөө л урьдчилсан төлбөр. Хэрэв улс төрийн нөхцөл гэнэт өөрчлөгдвөл урьдчилан төлсөн мөнгө эрсдэлд орох учраас харин алсын хараатай, Монголын улс төрийн байдлыг сайн шиншилж мэдсэн байх хэрэгтэй. Чухам энд «Жеральд Металл» маягийн коммодити компанийн эрсдэл нуугдаж , ашиг нь далдлагдсан байдаг.

АСАР ТОМ ЗЭЭЛИЙН МӨНГӨ ХААНААС БОСОВ?

2000 ондоо багтаж Монголд 10 гаруй сая ам долларын зээл гэнэт орж ирлээ. Гаднаас орж ирэх зээл нь ОУВС-тай зөвшилцсөн байх шаардлагатай. Чухам ингэсний хүчинд илүү улс төрийн агуулга бүхий нэн хөнгөлөлттэй зээлээс Монгол улс сүүлийн 10 жилд 1 тэрбум ам долларынхыг авчээ. 40 жилийн хугацаатай, 0.75%-ийн хүүтэй, эхний 10 жилд үндсэн хүү тооцдоггүй ийм сайн зээл нь гол төлөв дэд бүтэц хөгжүүлэхэд чиглэсэн байдаг юм. Хөгжиж байгаа орнууд арилжааны зээл авбал эргүүлж төлж чаддаггүй учраас ОУВС өөрсөдтэй нь байнга зөвлөж байхыг санал болгодог. Гэтэл дээрх 10 гаруй сая долларын зээл албан үгээр авч үзэх юм бол жилийн 12%-ийн хүүтэй аж. Энэ нь дотоод дахь банкны хүүтэй харьцуулахад нэн хөнгөлөлттэй зээл юм. Yнэндээ энэ бол «Жеральд Металл» өөрийн ирээдүйд авах алт, зэсний урьдчилсан төлбөрийг хийж буй эрсдэлтэй алхам байлаа. Чухам энэ мөнгийг нь Монгол банк дотооддоо 12 хувийн хүү тогтоон өөртөө ашиг унагахад буруу гэх зүйлгүй. Гэвч энэ нь хуулиар Монгол банкинд хориглосон бизнес юм.

Энэхүү орж ирсэн зээлийг авах эрхтэй компани нь яах аргагүй «Монгол Газар» байлаа. Эднийх алт ухдаг учраас дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн гэсэн сонгуулийн хөтөлбөртэй таарч байв. Хэдийгээр энэ мөнгө дотогшоо алт, ноолуур, мах зэрэг дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн боловч дотоодын үйлдвэрлэл болон МАХН-ыг дэмждэггүй аж. Иймээс тухайлбал дотоодын махны 90 хувийг дотоодын компани үйлдвэрлэдэг боловч энэ таваас гадуур болох «ТБД Андууд» (захирал нь ХААЯ-ны дэд сайд Б.Тэрбишдагва), «БЦ Монголия» (захирал нь хуучин МАХ-ын дарга) компаниуд сарын нэг хувийн хүүтэй тус бүр сая ам долларын зээлээр төрийн хайр хүртжээ. Yүнээс гадна «Монгол газар» компани зээл түгээгч нартай тун ойр харилцаатай байлаа. Яг энэ үеэр Yндсэн хуулийн хямрал гарч төрийн өндөрлөгүүд би чи-дээ хүрээд байв. УИХ-ын даргын тэр үеийн үг ч үнэндээ тэр зээлийн хуваарилалтаас үүдэн нэлээд бухимдуу сонсогдож байв. Эцэст нь хуваарилалт аль алиных нь санаанд нийцэж Ерөнхий сайд Н.Энхбаярын ивээн тэтгэдэг «Монгол газар» найман сая ам доллар, УИХ-ын талийгаач даргын ивээлд байсан компани дөрвөн сая ам доллар зээлэн тохиролцоонд хүрчээ. Yндсэн хуулийн хямрал ч амжилттайгаар шийдэгджээ.

ДАРААГИЙН БАГЦ МӨНГӨ ХЭРХЭН ХУВААРИЛАГДАВ?

2001 он гарснаас нэлээд хойно «Жеральд Металлаас» дахин 13 сая ам доллар орж ирлээ. Мэдээж «Жеральд Металл» банк биш учраас шууд нэрээр нь биш, гагцхүү түүний үйлчлүүлэгч банкаар дамжиж ирж буй хэрэг. Дахиад л дотогшоо албаны байдлаар тайлбарлахдаа сарын нэг хувийн хүүтэй аж. Гэвч энэ нь үнэндээ ирээдүйд тус компанийн авах алт, зэсийн урьдчилсан төлбөр юм. Яагаад дахин урьдчилгаа мөнгө сандран авах болов? Түрүүний авч өгсөн зээл зарим хүний эгдүүцлийг төрүүлж, шударга явдал, өөрөөр хэлбэл тэгш хувааж авах зарчмыг нэхсэн бололтой. Ингээд Монгол банкны Одонгуагийн гарын үсэг бүхий 13 сая ам доллар Худалдаа хөгжлийн банкинд орж ирэв. Дагалдах бичигт уул долларыг тухайн тийм тийм компаниудад сарын ганц хувийн хүүтэйгээр өгөх ёстойг заасан байв. «Шижир алт», «Шороон орд», «Монголын алт» зэрэг алт олборлодог компаниуд өөрснөө ч мэдээгүй, зээл ч гуйгаагүй байхад нь гэнэт энэхүү нэн их хөнгөлөлттэй зээл орж ирж гайхлыг нь төрүүлсэн байна. Энэхүү гэнэтийн долларан бороо нь үнэндээ Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж буй бус, нэгэнт гарсан хэрүүлийн бузрыг ариусгах зориулалттай байлаа. Энэ тараасан зээлд урьд нь нэгэнт хишгээ хүртсэн «Монгол газар» хүртэл хамрагдан дахин нэг сая ам доллар аар тэтгэгдэв. Мөнгөн дээр үүссэн ах дүү нарын хэрүүл уруул түр зуур намжлаа.

ЦЕНТРПОЙНТЫН ЗОДООНТОЙ ЗЭЭЛ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ?

«Монгол газар»-ын зээлсэн мөнгө, хагас хугас нь эрүүгийнхний дарамтад орж тэдний халаасанд орсон тухай шуугидаг. Yүнийг батлах мэт цагдаагийнхан зодооны хэргээр хэсэг хүмүүсийг баривчиллаа. Баригдагсдын дотор Цагдаагийн шинэ удирдлагын зарим хүнтэй хувийн өс хонзонтой хүмүүс ч байгаа учраас асуудлыг хурцатгах зорилго дотор нь агуулагдаж байв. Нөгөө талаас Ерөнхийлөгч Н.Багабандийн зүгээс асуудлыг хурцатгах хувийн сонирхол бас бий. Бүгд өөр өөрийн тайлбартай, цаанаа хувийн сэдэлтэй юм. Гэтэл Засгийн газраас энэ асуудлыг хурцатган дэвэргэх бас өөрийнх нь шалтгаан байх аж. «Монгол газар» нь Японы «Иточу» компанид нэлээд их өртэй байсан ба үүнийгээ «Жеральд Металл»-ын зээлээр хаажээ. Нэгэнт хугацаанд нь мөнгөө төлсөн тул «Иточу»-аас дахин 14 сая ам доллар зээлсэн ба үүний төлж эхлэх хугацаа 2002 оны нэгдүгээр сарын 30-наас эхлэх ёстой. Гэтэл «Монгол газар»-т ийм мөнгө байхгүй. Мөнгөө төлөхгүй бол Монгол банкны баталгаа болоод бусад асуудал босч ирнэ. Иймээс тус компанийн захирлыг зодоон мэтийн асуудалд холбогдуулан хорих нь байж болох тун дажгүй гарц юм. «Монгол газар» авсан зээлийнхээ барьцаа баталгааг «Административ баталгаа» гэж нэг бус удаа тодорхойлсон. Yнэндээ ийм баталгаа байдаггүй. Ийм их мөнгөний баталгааг зөвхөн Төв банк, аудиттай чадал бүхий арилжааны банк эсвэл Засгийн газар л гаргаж чадна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬЧЛАЛ ЮУ БОЛОВ?

Худалдаа хөгжлийн банкаар Монголын нийт гүйлгээний 60 гаруй хувь өнгөрдөг, хадгаламжийн хэмжээ нь 120 сая ам. доллароор хэмжигддэг, жилд улсын татварт өгдөг мөнгө нь бараг 10 тэрбум төгрөг болдог. Энэ нь банкны 30 хувийг П.Жасрайгийн засгийн газраас хувьчлахаар болсон ба энэ нь М.Энхсайханы Засгийн газрын үед хэрэгжжээ. Алив банкны чадал тэнхээ мөнгөндөө биш, менежментдээ байдаг. Энэ банк ч энэ үзүүлэлтээрээ Монголдоо толгой цохидог юм. Сангийн сайд асан Баабар сүйрч буй “сэргээн босголт” банкийг “Худалдаа хөгжил” банктай нийлүүлээгүйгээ ганц амьд, чадалтай улсын мэдлийн банкаа түлхэж унагахаас болгоомжилсон гэж тайлбарладаг, тухайн үеийн Худалдаа хөгжлийн банкны удирдлага ч ийм алхам хийхгүй байхыг сайдаас гуйж байжээ.

Нэгэнт Монголын гүйлгээний 70 хувийг хянаж чадаж байвал энэ жижиг улсыг удирдахад хялбар болно. Иймээс үүний бэлтгэл болгож 1996 оноос өмнө Монгол банкинд өнөөгийн ерөнхийлөгчийн удирдлагад байсан баг 2000 онд “Худалдаа хөгжлийн банкны удирдлагад бараг бүрнээрээ нүүж ирлээ. Удирдлагад Ерөнхий сайдын эхнэр О.Цолмон ч багтлаа. Тэрээр асуудлыг нухацтай хянахын тулд түр хугацаагаар Тагнуулын төв газрын зөвлөх болж, захирлуудад ч үүрэг даалгавар өгч байлаа.

ХХБ-ны хуучин удирдлагыг муулж, хараах гэсэн боловч үнэхээр менежмент нь сайн байсан тул тэгсхийгээд чимээгүй болсон боловч тэдний 50 хувийн хяналтыг үгүй хийхээр бөөн шуугиан үүсгэв. Бараг л луйвардаад авчихсан маягтай хэсэг ярьж байснаа аль аль тал өөрийн эрх ашгийг харилцан ойлголцоод 30 хувийг нь хяналт тавих боломжгүй хэмжээнд нь багасгаж тохиролцов. Өөрөөр хэлбэл хуучин удирдлага “оргүйд орхноо охинтой” хоцорч, шинэ удирдлага хяналтын бүрэн багцтай боллоо.

Yүний дараа хувьчлах асуудлыг ярьлаа. Ердөө л 12 тэрбум төгрөгөөр үнэллээ. Гадаадын компанид худалдах юм болов. Гэтэл Монголын банкийг сонирхох буурьтай ганц ч банк гарч ирсэнгүй. Ерөөсөө л алив улсын гүйлгээний ихэнхийг хянадаг банкийг худалдаж авахыг ямар ч буурьтай банк зөвшөөрдөггүй. Этик моралийн талаасаа тэд ийм юманд гар дүрдэггүй, энэ нь бараг бичигдээгүй хуульболжээ. Харин тухайн оронд сонирхогч бүлэглэлд авч өгөхөд тусалж зуучлан шангаа хүртдэг практик бий. Жишээ нь: Чехийн “Обходный банк” гэгчийг Японы “ Номура” банк 25 сая ам.доллароор худалдан авсан ба хоёр жил консервацид хадгалж байгаад Чехийн Ерөнхий сайд асан Клаусын бүлэгт 28 сая ам. доллароор эргүүлэн зарсан ба энэ нь тус банкны 3 сая ам.доллрын цэвэр ашиг болон үлджээ. Нэг үгэндээ Монголын Худалдаа хөгжлийн банкийг сонирхох нэг ч буурьтай банк гарсангүй. Гарах ч учиргүй. Зөвхөн Монголд бизнестэй байж л Монголын арилжааны банкыг сонирхоно. Энэ нь дор хаяхад 100 сая ам.доллароор хэмжигдэх ёстой. Гэтэл ийм хэмжээний эргэлт Монголд ердөө л зэс, алт байдаг, тэрийг нь банк гэхээсээ коммодити компани л сонирхдог. Иймээс энэ ХХБ-ны хувьчлалын асуудлаар Засгийн газар, Монгол банк “Жеральд Металлаас” тусламж гуйжээ. Ерөнхий сайдын улирал тутамд хийдэг АНУ-ын аялал ч үүнтэй нэлээд холбоотой юм.”Жеральд Металлын” хувьд өөрийн үйлчлэгч “Ай Эн Жи Баринт”, “Эй Би Эн Амро” зэрэг банкуудад хандсан байна. Нэгэнт эдгээр банк Монголд сонирхол байхгүй тул хамтарсан фиктив банк-компани хүртэд байгуулж үзжээ. Ингээд ХХБ-ны хувьчлалыг хууль зөрчин байж богино хугацаанд зарлав. Харин ганцхан хариу ирсэн байна. Энэ нь “Ай Эн ЖИ Баринт-Жеральд Металл” гэсэн консерциум. Өрсөлдөгчгүйгээр хувьчилж болдоггүй хуулийг Засгийн газрын хурлаар өөрчлөн, зарим том аж ахуйн нэгжийг өрсөлдөгчгүй хувьчилж болох тогтоол хүртэл гаргалаа. Улсад жилдээ бараг 10 тэрбум төгрөгийн татвар өгдөг банкийг ердөө л 12 тэрбумаар үнэлснийгээ өрсөлдөгч гарч ирээд зах зээлийн жинхэнэ үнэнд нь хүргэх болно” гэж цайруулдаг байсан Засгийн газар энэ тогтоолоосоо хойш амандаа ус балгалаа. Дараа нь ХХБ-ны хувьчлалын хугацааг хэд хэд сунгаж, зарлалыг нь сонинд маш жижгээр өрөөсөн өнцөгт нь хүнд ажиглагдамгүй тавих аргад оров. Байн байн өөрчилж, хугацааг нь сольж, нөхцлийг нь өөрчилсөн зарлалууд байсхийгээд жижиг шрифтээр сонинд зарлах төдийгүй өнгөрч байгаа нь асуудлыг цэгцээр нь ойлгох ямар ч бололцоогүй болгон, гагцхүү хожим шүүхийн өмнө өөрсдийгөө зөвтгөх нөхцлийг л хангах аж. Оролцох сонирхлыг нь хөндөхийн тулд Ерөнхийй сайд өөрөө эдгээр фиктив банкуудтай холбогдон улс төрийн баталгааг нь амаар гаргах аж.

ӨӨР ЯМАР СОНИН БАЙНА?

Банкууд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг цуглуулж аваад цааш нь том банкинд илүү хүүгээр хадгалуулдаг. Даатгалын компани цааш нь том компанид давхар даатгуулдагтай ижил юм. Худалдаа хөгжлийн банк энэ жишгийн дагуу гадаадын том банкуудад мөнгөө хадгалуулна. Монгол банк ч ялгаагүй. Ухаан нь улсын нөөцөд 180 сая ам.доллар байгаа гэдэг маань энэ нь Монгол банкны подволд биш аль нэг гадаадын банкны харилцах дансанд байршсан байдаг. Улс байршуулсан валютаараа барьцаалан арай бага мөнгийг эргүүлж зээлж болдог. Жишээ нь: 10 сая ам.долларын хадгаламж тавьчихсан байна гэхэд түүнээ барьцаалаад 9 сая ам.доллар зээлье гэвэл цаад банк нь уухайн тас өгнө. Ердийн л нэг банкны механизм байж болох операци. Харин барьцаалагдсан мөнгө зээлийг төлтөл хөдөлгөөнгүй болно.

Олон улсын валютын сангаас Монгол банкийг нэгэн оффшоор банкинд эрх олгосныг буруушааж, үүнээ цуцлахгүй бол цаашид хамтарч ажиллахгүй гэсэн тулган шаардлага тавьсан нь ердөө ноднин. Офф шоор гэдэг нь уг нь “эргээс алс” гэсэн англи үг ба худалдаа эдийн засгийн утгаараа зонхилох орнуудаас гадуур, хуулиас зугтаасан, хөнглөлт хайсан, хар бараан бизнес гэсэн утга агуулдаг. Кайман, Виржини зэрэг арлууд ер бусын хөнгөлөлт үзүүлж компаниудыг хялбар бүртгэж аваад бага татвараар нь амьдардаг. Ийм газар бүртгэлтэй Оросын гэгдэх нэг банк Монгол банкнаас үйл ажиллагаа явуулах эрх авсан нь ОУВС-гийн хараанд өртжээ. Удалгүй ОУВС-гийн шаардлагыг хүлээж аваад эрхээ цуцласан боловч эргээд өнөөдөхдөө банк бус санхүүгийн байгууллагын эрх олгосон байна. Тэр нь удалгүй гэнэт АПУ-гийн хувьчлалд оролцон 4 сая гаруй ам.долларгаргасан ба үүнээ Монголын хэдэн жул компанид тараан тэднийгээ хувьчлалд оруулжээ.

Энэ юун мөнгө вэ?

Худалдаа хөгжлийн банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг гадаадын банкинд хадгалуулсан байгаа. Хууль ёсоор. Энэ мөнгөндөө тохируулсан аж ахуйн нэгж буюу банк байгуулсан байгаа. Хууль ёсоор. үүнийгээ офф шоор газар бүртгүүлсэн байгаа. Хууль ёсоор. Эргээд мөнөөх нь Монголын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа. Хууль ёсоор. Эзэн нь гэгдэх хэн нэгэн гадаад хүнийг банкны эзэн болгож өндөр цалинг нь өндөр төлж байгаа. Хууль ёсоор. Уул банк бус санхүүгийн байгууллага Монголын их хувьчлалд оролцож байгаа. Хууль ёсоор. Одоо эргээд бодъё. Худалдаа хөгжлийн банкны хадгаламж 100 сая ам.доллароор хэмжигдэнэ. Yүнийг нь барьцаалаад ухаан нь 99 сая ам.доллар зээлж болно. Худалдаа хөгжлийн банкны зарах гэж буй үнэ нь 12 сая ам.доллар. Хадгаламж барьцаалж олсон зээлээр өөр ашигтай обьект хувьчилж аваад эргүүлж чадвал ашиг их унана. Эрсдэлд орж шатвал улсын банк хариуцлагыг нь даана. Худалдаа хөгжлийн банкны гадаадад тавьсан мөнгө хөдөлгөөнтэй байгаа эсэхийг мэдэхэд л хангалттай.

МОНГОЛ БАНК ЯМАР БЭРХШЭЭЛТЭЙ УЧРАВ?

Монголын Төв банкийг 183 сая ам.долларын нөөцтэйгээр өнөөгийн удирдлага Ардчилсан хүчнээс хүлээн авч удирдлага 1996 оноос мөн л төв банкийг удирдаж байсан ба 40 сая ам.долларын нөөцтэй хүлээлгэж өгсөн ба 1996 оноос өмнөх асар их зөрчил байдаг, энэ нь ялангуяа тухайн тухайн үеийн ХОТШ банк болон арбитражийн гүйлгээтэй нэлээд холбоотой юм. Үүнийг нь тухайн үедээ Монгол банкны дараагийн шинэ удирдлага цагдаад өгснийг нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэхдээ тэр үеийн Цагдаагийн удирдлага улс төрийн цаг уурыг ажиглан чимээгүй хэвтэж байлаа. Харин 2000 онд засаг солигдонгуут хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан нь нэг үгэндээ албан тушаалын наймаа юм. Улсын нөөцийн энэ мөнгийг сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх зорилгодоо тараах гэж учир мэдэхгүй УИХ-ын гишүүд нэг бус удаа шаардаж байлаа. Энэ хооронд Монгол банкны удирдлага ОУВС-гаас гадуур “мөнгө босгох” ажилд шавдан “Чингис хаан” банкинд эрх олгох, нууцаар зээл авах, сэм баталгаа гаргах зэрэг ажил хийж ихэнхи нь ОУВС-гийн шалгалтаар баригджээ. чухам энэ удирдлага 1996 оноос өмнө “Буян” Эрдэнэт концерн”, “Эрэл” зэрэг компанид баталгаа гаргаж өгсөн нь өдгөө нэхэгдэж хүндрэлд оруулж байгаа юм. “Жеральд Металлаар” зуучлуулан олж ирж тараасан 20 гаруй сая ам.долларыг цаадуул нь төлж чадахгүй болж байгаа ба чингэвэл энэ нь мөнөөх улсын нөөцөөс төлөгдөхөөс өөр аргагүй болох юм. “Иточу”, “Жеральд Металл” өгсөн мөнгөө нэхэж эхэлсэн ба үүнд эцэст нь Монгол банк л хариуцлага хүлээнэ. Энэ жилийн алтны гарцыг харахаар тохирч саяхан зээлийн хугацааг дахин сунгалаа. Энэ бүх будлианыг нуухын тулд Монгол банк өөртөө аудит хийлгүйгээр барахгүй тайлан тооцоогоо УИХ-д танилцуулсангүй. Монгол банкны хуулиар жил болгон УИХ-д албан ёсоор тайлагнах үүрэгтэй. Yүнийг ердөө л Монгол банкны ерөнхийлөгч гишүүдийн асуултад хариулах журмаар орлуулж байгаа юм. Чухам энэ асуудлыг ОУВС хэрэг болгон сөхөж ультиматиум тавин цаашид хамтран ажиллах эсэхээ шийднэ гэжээ. ОУВС Монгол банкинд гурван шаардлага тавьсан нь алтаар барьцаалж зээл авахыг зогсоох, 2000 оноос нэг ч удаа аудит хийлгээгүй учир яаралтай хийлгэх, 2000 оноос хойш УИХ-д ганц ч тайлагнаагүй учир яаралтай тайлагнахыг анхааруулжээ.

Засгийн газар Монгол банк хоёрын харилцааг хуулиар зохицуулсан байдаг боловч энэ хоёр субъект удирдлагынхаа буюу Н.Энхбаяр, О.Чулуунбат нарын дотнын найз нөхрийн холбоогоор дамжин хуулиас гадуур тоглоом болж өрнөлөө. Урьд Засгийн Газар нь улирлаас хамааралтай эдийн засгийнхаа нөхцөлд байдалд тохируулж Монгол банкнаас бондоор дамжуулан зээл авдаг байлаа. Энэ Засгийн Газар бондыг дуртай үедээ гаргаж байхаар Монгол банктай тохирсон тул урьд хэзээ ч байгаагүй зээл тавих болов. Энэ нь мэдээж УИХ-ын хяналтаас гарч байгаа юм. Үүний жишээ болгоход 1996 онд Жасрайн Засгийн газар Монгол банкинд бондоор дамжуулан 60 тэрбум төгрөгийн өртэй байлаа. 2000 оны зун Р.Амаржаргалын Засгийн газар Монгол банкинд 17 тэрбум төгрөгийн өртэй байжээ. Гэтэл саяхан гишүүн С.Базархүүгийн толгойлсон шалгалтаар шинэ Засгийн газар богино хугацаанд Засгийн газрын бондоор дамжсан Монгол банкин дахь тавьсан өр нь 37 тэрбум төгрөгт хүрснийг илрүүллээ. Засгийн газар, Монгол банкны хоорон дахь урсгал өрийн хэмжээ ОУВС-гийн зөвшөөрсөн хэмжээнд байх ёстой ба чухам ийм баланс барьж чадсанаар Монгол улс олон улсын байгууллагын нэн хөнгөлттэй зээлийг хүртэх эрх олж авдаг юм.

2002 онд Булганд болсон нөхөн сонгууль Монгол банкны булхайг гайгүй сайн илчиллээ. Улс төрийн хөөрөлд орсон байсан тул нэр дэвшигч Б.Жаргалсайханыг 28 сая ам.долларын зээлтэй, түүнээ төлөхгүй байгаа учраас олон улсын шүүхэд цаад компани нь хандсан тухай Ерөнхий сайд, Санхүү Эдийн засгийн сайд нар ам уралдуулан зарлалаа. Үнэндээ одоогийн ерөнхий сайд Соёлын сайд байж, одоогийн Санхүү эдийн засгийн сайд тэр үеийн зээл тусламж хариуцсан Yндэсний хөгжлийн газрын дарга сайд байж, одоогийн Монгол банкны захирал тэр үед Монгол банкны дэд ерөнхийлөгч байх үед энэ зээл Засгийн газар, Монгол банкны баталгаагаар өгөгдсөн билээ. Ийм баталгаа байхгүй бол захын амьтанд ийм олон сая ам.доллар зээлдэг хэн байх билээ. Тэгэхээр Олон улсын шүүхэд үнэн чанартаа Засгийн газар, Монгол банк шилжчихээд байгаа билээ.

ТӨГСГӨЛ

Саяхны нөхөн сонгуулиар “Буян” компанийг луйварчин хэмээн Засгийн газраас албан ёсоор зарлалаа. Эзэн нь шоронд суугаад авсан учир “Монгол газар” ч бас луйварчны дансанд орж байх шиг байна. “Эрэлийг” нам засгаас байнга луйварчингаар нь дууддаг. Удахгүй ийм нэрийг “ТБД андууд”, БЦ Монголия”, “Алтай Трейдинг” гээд олон компани дуулах болно. Үнэндээ эдгээр компаниуд луйварчин ч биш сэргэлэн авхаалжтай бүлэг хүмүүс. Эдэнд эрх мэдлийн торгон үзүүрт буй харин жинхэнэ луйварчингууд бололцоо гаргаж өгч, гэнэт төрийн халамж үзүүлдэг нь эцэст нь ийм нэр дуулгахад хүргэж байгаа юм. Магадгүй “Ургамал ЗМ” ч цаад мөн чанараараа луйварчин биш байж болох юм. Энд бүтэн нэг сая ам.долларыг улсын төсвөөс гаргаж өгсөн Засгийн газар өөрөө буруутай, өөрөө жинхэнэ луйварчин нь юм.

Нэгэнт хувийн компанид гэнэт ийм сайхан төрийн хамламжийн бололцоо гараад ирэхэд түүнийг ашиглахгүй байна гэвэл харин тэнэг хэрэг болно. Төр хайраа үзүүлээд л байвал хэн ч байсан түүнийг хүртэж л таарна. Харин жинхэнэ луйварчид маань өөрөө хэрэгт ороод ирэхээр өнөө компаниудаа золигт гаргадаг. Улсын нөөцийн болоод төсвийн мөнгийг хувийн компаниудад хэрхэн тарааж завсраас нь луйвар хийдэг жишээ болсон нэгэн бичиг баримт 1996 оны хавар “Ил товчоо” сонинд гарсан билээ. Монгол банкны ерөнхийлөгч С.Моломжамц, Ерөнхий сайд П.Жасрай, УИХ-ын дарга Н.Багабанди нар ярилцан ХАА сайд Ц. Өөлд хөтлөсөн уг протоколд төрийн мөнгийг хэрхэн хувааж луйвардаж байгаа нь тод харагддаг. Сонирхолтой нь энэ сонин өдгөө хаана ч байхгүй, номын сан зэрэг хадгалагдах газаруудынхыг уран авсан байна. Соёлын сайд байхдаа “Өргөө” театраас эхлээд олон объект авч өгөн хөл дээр нь босгосон Анандбазар гэгчээ Ерөнхий сайд болсон хойноо Н.Энхбаяр бас л харж үзэн, НИК-ийн дэд захирал болгосоноо сүүлд нь давраад байна гэж үзсэн юм уу, түүнээ нэр заан шүүмжилж өөрийнх нь нэрийг барьдаг луйварчин гэж цоллосон нь үүний нэг жишээ.  Эсвэл одоо маш их шуугиж байгаа яриа байна. 1994 онд Ардчилсан хүчин Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлахад Б.Жаргалсайхан Жасрайн Засгийн газрыг өмөөрч орой болгон зурагтаар ярьдаг байлаа. Дараа нь хүүг нь өөрийн компанид элсүүлж, түүгээр ноолууран бүтээгдэхүүн конторбандын аргаар Японруу гаргаж байгаад хил гааль дээр баригдаж, тухайн үедээ бөөн шуугиан болж байсан. Чухам энэ бүхний шан харамжинд тэр үеийн Засгийн газар баталгаа гаргаж өгсөн билээ. Одоо болохоор зээл авсан хүнээ хэлэх хэлэхгүйгээр дуудан, бурууг нь бие биерүүгээ ээлжлэн тохоцгоож байна. Жасрайн Засгийн газрын үед олон зээл их хэмжээний мөнгө ийм замаар орж ор сураггүй алга болсон билээ. 1995 онд Германы арван сая дойч маркийн хөнгөлттэй зээлийг Yндэсний хөгжилийн дарга Ч.Улаан, Ерөнхий сайд П.Жасрай Худалдаа үйлдвэрийн яамны сайд Ц.Цогт гурав гурвуулханаа мэдэж тараасан ба дараа нь тараасан бичиг сэлтээ устгачихсан.  Одоо амьд байгаа хоёр нь нас барсан нэгрүүгээ (Ц.Цогт) хамаг бурууг чихэх нь гарцаагүй . Мөн хятадын нэн хөнгөлттэй зээл 100 сая юань мөн ийм нохойн замаар орсон ба бичиг баримтыг нь мөн устгажээ.

Муу нэртэй луу данстай Ардчилсан холбоо эвсэл харин төрийн эрхэнд байхдаа ийм хэрэг огт хийгээгүй. Тэд Монгол банкаар ямарч баталгаа гаргаагүй. Засгийн газар нь төсвөөсөө зээл өгөх битгий хэл хэнд ч ямар ч компанид төрийн баталгаа гаргаж өгөөгүй. Хийсэн зөв үйлдэл болгондоо загнуулж хараалгуулж гүжирдүүлж муу нэр л дуулцгаасан. Арга ч үгүй өөрснөө ийм юм хийж гаршчихсан хүмүүс бусдыг яг л өөрсөд шигээ бодон хардах нь зүйн хэрэг юм.

Дэд доктор Б.ГАНБАТ

“Өдрийн сонин” (2002 оны 03 сар)

Үргэлжлэл бий.


URL:

Сэтгэгдэл бичих