СОНГУУЛЬ ЗУРГААДУГААР САРЫН 28-НД БОЛНО

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн товыг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. СЕХ-ноос зургаадугаар сарын 28-ны пүрэв гаригт сонгогчдын санал хураах төсөл оруулсныг гишүүд дэмжив. Уг тогтоолын төсөлд санал хураах өдрөөс гадна гадаадын иргэдийн саналыг зургаа дугаар сарын 10-нд тухайн орон дахь манай улсын ЭСЯ, Консулын газраар дамжуулан авах, “New image castle” автомат төхөөрөмж ашиглах тухай тусгасан байв.

Сонгуулийн тухай хуульд тусгай төхөөрөмжөөр саналын хуудсыг тоолж, бүртгэл хийхээр тусгасан учир давхар ийм заалт оруулах шаардлагагүй гэж зарим гишүүн үзсэн. Харин сонгуулиар тусгай төхөөрөмж ашиглах шаардлагагүй гэвэл л ийм тусгай тогтоол гаргаж болох юм гэлээ. Мөн гадаадад суугаа иргэдийн санал авах тухай зохицуулалт хуульд бий учир уг тогтоолд давхар оруулах шаардлагагүй гэж үзээд хассан. Мөн сонгуулийн зардлын талаар ч ярилцав. СЕХ-ноос сонгууль зохион байгуулахад 16.5 тэр бум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо хийжээ.

Өмнөх сонгуульд 10 тэрбум төгрөг зарцуулж байсан ч энэ удаа тоног төхөөрөмж нэмж шаардагдах учир нэмэгдсэн юм байна. Гэхдээ энэ зардалд нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт явуулах хөрөнгө багтаагүй гэнэ. Орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулах төсвөөс нийслэлийн ИТХ-ын зардлыг ялгаж аваад нэмэх боломжтой гэж гишүүд үзсэнээр дээрх хэмжээний мөнгө гаргахыг дэмжсэн юм.

С.УУЛ


URL:

Сэтгэгдэл бичих