Хөгжлийн загвар

Бид Америк аль эсвэл өндөр хөгжилтэй гаднын аль нэг оронтой адилхан хөгжилтэй улс болохыг мөрөөддөг. Гэхдээ яг юуг хөгжил гэх талаар бидэнд сүйдтэй ойлголт хомс байх шиг. Магадгүй өндөр байшин, ганган машин бол хөгжил гэж ойлгож болох юм. Харин ихэнх оронд өндөр байшин, өргөн зам, ганган машин, дэгжин залуусыг “нүүр царай” гэж үздэг. Тухайлбал, дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж яваа манай урд хөршийн Бээжингийн их сургуулийн багш Ханг-ийн хэлсэнчлэн хот, түүнд хамаарах материаллаг ойлголтууд бол өнгө үзэмж, таатай сэтгэгдэл төрүүлэх арга заль. Хүссэн ч хүсээгүй өөрлөгдөх ёстой өнгө төрх. Харин хөгжил гэвэл бүх ард түмний эдийн засгийн боловсрол, төрийн эдийн засгийн удирдлага, баримталж буй хөгжлийн загвар. Тэр загварынхаа дагуу гарсан үр дүнг л хөгжил гэж хэлнэ гэсэн юм. Тэгвэл өнөөдөр манай төрийн хөгжлийн загвар ямар байгаа юм бол. Ямар загвараар хөгжих ёстой вэ гэдэг асуудал тулгарна.

Манай орны хувьд

Уул уурхай Монголын хувьд эдийн засаг гэх хоёр үгнээс хүчтэй болчихсон мэт. Уул уурхайгаас олсон ашгийг хүртээх, уул уурхайд тулгуурласан эдийн засаг, уул уурхай дагасан хөрөнгийн биржийн хөгжил. Энэ бүгдээс харахад уул уурхай гэдэг өнөөдрийн Монгол Улсын хөгжлийг хөдөлгөгч гол хүчин зүйл болчихсон гэдэг нь илт. Харин үүнийг Рантье буюу уул уурхайн баялаг, газарт шүтсэн хөгжлийн загвар гэж олон улс томъёолдог аж. Уг стратегийн мөн чанар нь иргэдийн материаллаг амьдралыг дээшлүүлэх зорилгоор төр төсвөөр дамжуулан байгалийн баялгаас олох ашгийг дахин хуваарилах, төвлөрүүлэхэд оршдог байна. Энэ нь анхдагч түүхий эдийг экспортод гаргаснаас хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээр Рантье хувилбарыг хэрэгжүүлэх гол эх үүсвэр болдог. Хэдийгээр ийм загварын үед таваарын зах зээлд өрсөлдөөн эрчимжиж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанарт эерэг нөлөө үзүүлэх, татварын орчин сайжрах, нийгмийн идэвхтэй бодлого нь нийгмийн өмнө хуримтлагдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд ахиц гардаг байна. Гэсэн хэдий ч уг хөгжлийн загвар нь иргэдээс нийгмийн идэвхитэй байр суурь шаардахгүй тул дэд бүтэц ба институцийн хөгжлийг бий болгох боломжгүй болдог аж. Түүнчлэн хүн амын ядуу хэсэгт “бэлэнчлэх” сэтгэлгээг бий болгодог гэмтэй. Энэ үзэл бодол даамжирвал түүнийг бид өдгөө “Баялгийн хараал” гэж нэрлээд байгаа. Ямартай ч манай оронд эл загварын хортой талууд нь хэдийнэ ажиглагдаад эхэлсэн.

Хамгийн ойрын жишээ

Бидний хамгийн ойрын, хамгийн ихээр “харшил” хөдөлгөдөг орон бол яах аргагүй БНХАУ. Гэхдээ бидний харшилтай эсэхээс үл хамаарч Хятад гүрэн дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байна. Тиймээс манайд уод хөршөөсөө авах зүйл олон бий. Өнөөдрийн Хятад улс нь төрийн дахин хуваарилалт ба нөөцийг дэд бүтэц, эрчим хүч, өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрийн салбаруудад төвлөрүүлэхэд оршиж байна. Уг бодлогын хүрээнд суурь секторууд нь түүхий эдийн олборлолт, өнгөт металлийн боловсруулалт зэрэгт анхаарч үйлдвэрлэл явуулдаг. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд онцгой анхаардаг гэдгийг бид мэднэ. Тухайлбал, Та  дэлхийн хаа нэгтээ магадгүй АНУ-д явж байгаад бараа, өргөн хэрэглээний ямар нэг бүтээгдэхүүн худалдан авлаа гэхэд Made in China буюу Хятадад үйлдвэрлэв гэсэн байх вий.

Энэ загварыг Мобилизац буюу шавхан дайчлах гэж нэрлэдэг аж. Уг загварын давуу талыг эрдэмтэд стратегийн хүрээнд өндөр технологи бүхий түүхий эдийн боловсруулах салбар  бий болгох, түүхий эдээс хамааралтай эдийн засгаас дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэлд шилжих хамгийн ойлгомжтой арга гэж тайлбарладаг байна. Гэхдээ энэ арга хуучин социалист системийн зарим нэг алдааг бий болгож магадгүй. Тухайбал,  Төр аливаа эдийн засгийн алдагдлынг үүрэх, зах зээлийн эрүүл өрсөлдөөнийг багасах, эдийн засаг дахь төрийн оролцоо ихсэх гэх мэт. Эдгээр нь зарим талаар Ардчилсан, чөлөөт эдийн засагтай орны бодлогод тохирдоггүй гэдгийг судлаачид анхааруулдаг.  Мөн уг стратеги нь эдийн засгийн бодлого боловсруулалтад иргэдийн хүсэл сонирхолыг бага анхаардаг ба бизнесийн үйл ажиллагаа нь Засгийн газрын захиргаадлаар зохицуулагдах болдог гэмтэй. Өөрөөр хэлбэл уг стратегийн хэрэгжилт нь аж ахуйн амьдралд төрийн оролцоог өндөржүүлэх түүнийг ард иргэдэд сурталчилан таниулах явдал байдг аж.

Зүгээр л намайг орхичих

Чөлөөт эдийн засагтай оронд хамгийн түгээмэл ойлголт бол энэ. Үл үзэгдэх гар, хувь хүний хувийн ашиг сонирхол нийгэм, эдийн засагт эерэг үр дагавар авчрах гэх загвар эдийн засгийн ухаанд сонгодогуудын эгнээнд зүй ёсоор багтдаг. Яг үүнтэй ижил улс орны хөгжлийн загварт ч зөнгөөрөө хөгжих аргачлал байдаг байна. Гэхдээ энэ нь төр засгийн тухайд болоод улс орны хөгжлийн хувьд тийм ч таатай зүйл биш. Угаас ууж, идэхээс аваад түмэн зүйлийн хэрэглээн дунд төөрсөн их эрэлт бүхий нийгэмд төр нийгэмд хүлээх үүрэг, ард иргэддээ үйлчлэх шаардлагатай. Яах вэ хэдэн мянган жилийн өмнө хүн гэдэг хоол хүнснээс өөр эдийн шуналгүй, хөгжих шаардлагагүй байсан тэр үед бүх зүйлийг зүгээр л зөнд нь орхиж болох байсан биз. Гэхдээ төр хүлээх үүрэг, хийх ажлаа эдийн засагт гар дүрэхээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм. Энэ талын зөв ойлголтыг л зөнгөөрөө хөгжих загвар гээд байгаа аж. Тэгвэл төрийн зөв удирдлага гэж юу вэ. Төрийн үүрэг бол ард иргэддээ үйлчлэх, амьдрах таатай орчинг бүрдүүлэх болохоос удирдах, тушаах эрх бүхий институти биш гэх ойлголт аль эртний V зуунд үүсчээ. Афины ардчилал Периклийн үед цэцэглэсэн уг ойлголтын талаар “төрийн байгууламж ардчилсан байгуулал байх учиртай. Энэ нь төрийг цөөнх удирдах биш харин олонхи удирдах ёстой. Тиймээс төр түүний гаргасан хууль, тогтоомж хувийн сонирхол биш, олонхийн тэгш эрхийг төлөөлж байх учиртай” гэж үздэг байсан талаар түүхээс уншиж болно. Ингэж чадвал зөв аргаар төр улс орны хөгжлийг зөнгөөр нь эрүүл хөгжүүлж байгаа явдал аж.

Өнөөдөр ихэнх улс орон дээрх мэт олон хөгжлийн загвараас авахыг нь авч гээхийг нь гээж өөрийн гэсэн хөгжлийн цоо шинэ арга механизмыг хэрэгжүүлдэг. Харин өөрт тохирох аргыг олох, түүнийгээ хэрэгжүүлэхийг төрийн хар хайрцагны бодлого гэж зарим талаар нэрлэдэг байна. Хэдийгээр бидний хөгжлийн ерөнхий загвар, эдийн засгийн үзүүлэлтүүд олон улс, ард иргэдэд нээлттэй байх нь зөв ч бидэнд өөрийн гэсэн нууц жор байх хэрэгтэй. Түүнээс биш монгол орчинд хэн нэгний өөртөө зориулж зохиосон арга тохирохгүй гэдгийг хүн бүр ярьдаг. Харин өөрт тохирох тэр нууц жорыг олсон улс төрч, Засгийн газар эх орондоо хөгжил авчирч чаддаг болохыг олон улсын жишээ баримт нотолно. Тиймээс бид дээрх мэт хөгжлийн олон арга барилаас авахыг нь авч гээхийг нь гээгээд Монгол хөгжлийн цоо шинэ арга аргачлалтай болох хэрэгтэй. Зарим тохиолдолд улс орноо хөгжүүлэх аргаа олж чадахгүй байгаа оронд зөвлөгөө өгдөг мэрэгжилтнүүд гаднын орнуудад бишгүй байдаг юм билээ. Тухайлбал, Ли Гуан Юг “Сингапур гаймхшгийн эцэг” гэгдэх 87 настай өвөө байна. Эцэст нь хэлэхэд элдвийн нэр томъёо, арга аргачлалд багтаагүй ч эх орноо гэх чин зүрх, сэтгэл улс орны хөгжлийн загварын гол хөшүүрэг гэдгийг хэн ч хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Э.ЗОРИГТ

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn


URL:

Сэтгэгдэл бичих