УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу: Ц.Нямдорж ганц нэг хөгийн гишүүн хууль санаачилдаггүй гэсэн байна лээ

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намрын чуулганаар Эрүүгийн хуулийг хэлэлцээд буцаалаа. Энэ хуулийг хэлэлцэх үед санаачлагч нь болох та байгаагүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн төслийг тань нэлээд эсэргүүцэж унагахад нөлөөлсөн. Та одоо юу бодож сууна?
-Эрүүгийн хуулийг Хууль зүйн байнгын хорооны хурлаар хоёр ч удаа оруулаад буцаалаа. Гэхдээ тэр бүрт намайг байхгүй өвчтэй, гадаад дотоод явсан хойгуур хэлэлцдэг. Би Эрүүгийн хууль, Шагналын тухай хууль, урт нэртэй гэгдэх Усны эх булаг, ойн сав газрыг хамгаалах тухай гурван том хуулийг барьж авсан.
Үүнээс Эрүүгийн хууль, Шагналын хуулийг боловсруулах ажлыг ахлаад мэргэжлийн хүмүүсээр хийлгэсэн. Хууль санаачилсан надад асуудлыг чинь хэлэлцэх гэж байна гэж ч хэлдэггүй. Энэ бүхэн манай УИХ дампуурчихсаных. Ц.Нямдорж гишүүн “Эрүүгийн хууль хэл амтай том хууль. Ганц нэг хөгийн гишүүн хийдэг ажил биш” гэж ярьсан гэсэн. Хууль санаачлах эрх надад бий. 76 гишүүн 76-уулаа тэгш эрхтэй гэж бодож байгаа.
-УИХ-ын гишүүдийн дунд шинэ, хуучны ялгаа гарч, нэгийгээ үл тоомсорлодог гэж зарим гишүүн хэлдэг боловч ил гаргадаггүй. Шинэ гишүүдийн өргөн барьсан хуулийг батлахгүй унагадаг гээд л?
-Сүүлийн үед завхарсан яриа гаргаад байгаа, ялангуяа энэ хууччуул. Хууль чанаргүй боловсруулагдаж байна, хүн болгон хууль барьж гүйх хэрэггүй ч гэх шиг. 76 гишүүний ганц боломж нь нийгэмд буй болохгүй зүйлийг хууль санаачлан зохицуулах шүү дээ. Мэдрэмжтэй хандсан нь хууль санаачлахгүй юм бол УИХ-д байх шаардлага алга.
-Өргөн барьсан хуулийг тань эзгүй үеэр чинь хэлэлцсэнд гомдоод УИХ дампуурсан гэж дүгнээд байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?
-Хэдхэн хүн УИХ-ыг удирдаж, жолоодож, зохион байгуулж байна. Түүний нэг илрэл Эрүүгийн хуулийг хэлэлцсэн байдал. 2002 онд Эрүүгийн хуулийг хэл амтайгаар, маш их эсэргүүцэлтэй тулгарч, дарамтанд орж байж баталсан. Ц.Нямдорж гишүүн тухайн үед телевизээр ярихдаа “Энэ хуулийн буруу зөвийг энэ толгойгоороо хариуцна” гэж байсан. Хэвлэлээр ч ийм ярилцлага өгсөн. Би Эрүүгийн хуулийн явцыг ажиглаж байсны хувьд сайн санаж байна.
-Эрүүгийн хуулийг ингээд орхих уу. Хаврын чуулганаар дахин зүтгүүлэх үү?
-Хэлэлцэх шаардлагагүй гэсэн байна лээ. Хаврын чуулганаар дахин өргөн барина гэж бодож байгаа. Нэгэнт их хэмжээний хөрөнгө гаргаад, энэ олон хүнийг дайчлаад ажиллуулсан учир орхихгүй. Энэ хуулийг би ганцаараа боловсруулчихаагүй. Харин Ц.Нямдорж 2002 оны Эрүүгийн хуулийнхаа хариуцлагыг толгойгоороо хариуцах цаг болсон. Монгол Улсын хууль тогтоомжууд Хууль зүй, дотоод хэргийн яамаар орж Нямдоржийн гарын үсгийг авдаг. Үүндээ эрдчихсэн л нөхөр байхгүй юу. Гишүүд Эрүүгийн хуулийг нэг удаа уншаад ойлгохгүй. Дор хаяж тав зургаан удаа уншиж байж хүний өөдөөс дуугардаг болно.
-Та яагаад заавал Эрүүгийн хуулийг барьж авсан юм бэ?
-Эрүүгийн хууль чанга байсан хүн бүр мэдэж байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хэцүү гэдгийг өмгөөлөх байгууллагынхан, шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг шүүгч нар ч хэлдэг. Намайг Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулахад шүүгч нар баяр хүргэсэн. Албан бичиг нь одоо надад байна. Хэрэв эрүүгийн төрөлжсөн хууль шинэчлэгдэн батлагдвал олон асуудлыг шийдэх боломжтой болно.
-Эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлсэн, шоронд ял эдэлж байгаа хоригдлуудын сэтгэл санаагаар тоглосон гэх шүүмжлэл Эрүүгийн хуулийг дагаж байна. Үнэхээр тийм сул, хариуцлагагүй хууль болсон юм уу?
-Гэмт хэрэг үйлдээгүй атлаа хэлмэгдсэн, анх удаа ял эдэлж байгаа хүн шоронгоос гарчихъя гэж бодно. Ингэж шүүмжлээд байгаа Нямдорж өөрөө шоронд орж үзээгүй болохоор сайн мэдэхгүй. Мань мэтийн орж гарч үзсэн хүмүүс мэднэ. Амьдралаас урган гарсан хувилбар. Түүнээс биш эрүүгийн хэрэг үйлдээд зохих шийтгэлээ эдэлж байгаа хүмүүс ялынхаа хугацааг гүйцээх учиртай. Дургүйд хүчгүй гэдэг л байхгүй юу.
Өөрийгөө хуульч гэсэн цөөхөн хүн УИХ-ыг алаад байна. Нямдорждоо ч биш. Би үүнийг нь олж харсан. Эзгүй хойгуур нь хуулийн төслийг нь хэлэлцээд чанаргүй хууль болсон гээд буцаадаг. Үнэн хэрэгтээ чанаргүй юм хийдэг хүмүүс чинь өөрсдийгөө хуульч гэсэн нөхдүүд. Өөрсдөө нэг хууль өөрчлөх болохоор өдөрт нь оруулаад батлуулчихдаг. Э.Бат- Үүлийг хар л даа. Оруулсан хууль нь өдөртөө батлагдаад маргаашнаас нь хэрэгжиж байна. Ийм тэгш бус байж болохгүй.
-2008 оны сонгуулийн дараа та Хөгжлийн банкаа байгуулъя, хуулиа баталъя гэж байсан. Гэвч бүтэн хоёр жил тойрч байж намрын чуулганы сүүлийн өдөр батлагдлаа. Таны санасан хэмжээнд хүрсэн үү?
-Хөгжлийн банкаа даруйхан байгуулах тухай Засгийн газарт олон удаа санал болгож байсан. Анх ярьж байсан хуулийн төслийг Монголбанкнаас татаж аваад санал явуулсан чинь Засгийн газар өөрөө оруулна, ганц гишүүн оруулах асуудал биш гэсэн. Манай намын бүлэг, Эдийн засгийн байнгын хороо ч хүлээж аваагүй. Хоёр жилийн дараа гайхалтай, мундаг сайн юм хийчихсэн юм шиг ярьж сууна. Намайг анх хуулийн төсөл өргөн барихад баталчихсан бол Монгол Улсын амьдрал, хөгжил хоёр жилээр урагшлах байсан.
Төмөр зам тавих, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, аймгуудыг эрчим хүч, авто замаар холбох томоохон төсөл, хөтөлбөрүүдийг Хөгжлийн банкгүйгээр хэрэгжихгүй. Хөгжлийнхөө банкийг байгуулж амжаагүй ярьсаар байтал дэлхийн 15 том банк хөрөнгө оруулалт хийхээр орж ирсэн. Гэтэл бид ямар ч бэлтгэлгүй сууж байна. Тэд ирээд танай Хөгжлийн банк, Хөрөнгө оруулалтын банк чинь хаана байна гэхээс Анод, Зоос банк чинь байна уу гэж асуухгүй. Хөгжлийн банкны тухай хуулийг батлах үеэр би ганцхан зүйлийг зааж өгсөн. Гэвч хүлээж аваагүй.
-Тэр нь юу байсан юм бэ?
-Энэ банкийг хувьчилж болохгүй гэдгийг хуульд тодорхой заагаад өг. Тэгэхгүй бол сонгуулийн дараа хэн ч гарч ирээд юу ч болох юм билээ. Наад банкийг чинь дампууруулчихна гэдэг саналыг Төсвийн байнгын хорооны хурлын үеэр санал болгосон. Гишүүд дургүй байсан болохоор сонсоогүй юм шиг өнгөрсөн. Тэгэхээр энэ банкны ирээдүй байхгүй болж байгаа юм. Байнгын хороон дээр үг хэлээд ч нэмэр алга. Протоколд тэмдэглэх ч үгүй юм. Санал тавьсан гишүүнд “Та ийм үг хэлжээ, таныг энэ саналыг хүлээж авлаа, үүнийг чинь орхилоо” гэх эргэх холбоо алга.
-УИХ-ын Дэгийн тухай хууль батлагдсан. Ажлын алба энэ бүх ажлыг гишүүдийн санал гомдолгүйгээр хийдэг баймаар юм?
-УИХ-ын ажлын албанд чадваргүй хэдэн нөхөд дарга нь юу хэлснийг л гүйцэтгэдэг. Чуулган, байнгын хорооны хурлын дэгийг мэдэхгүй.
-Хоёр жилийн өмнө Хөгжлийн банкаа байгуулчихсан бол өнөөдөр дэлхийн томоохон банкуудын төлөөлөлтэй Хөгжлийн банкныхан нүүр тулан суух байсан гэж ойлгох уу?
-Энэ том банкны удирдлагуудтай Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд уулзаад, хэлэлцээр хийгээд суух байлаа. Гэтэл одоо Сангийн яам, Төрийн өмчийн хорооныхон яриад сууж байна. Дэлхийн банкны салбарынхан Хөгжлийн банк байгуулагдахыг хүлээж дийлэлгүй ороод ирлээ. Хөгжлийн банкийг зөв сайн ажиллуулбал арилжааны банкууд чирэгдээд нэгдэж томрох байх.
-Та бухимдаж байгаа асуудлаараа УИХ-ын даргад хандсан уу?
-Шүүмжлэл хүлээж авах асар дургүй. Шаардлага тавихад хэн юу хэлэв хэмээн хүлээж авна гэж байхгүй. Тойрон хүрээлдэг хэдхэн гишүүнийхээ хүрээнд ярьж байгаад УИХ-д хэлэлцэх хуулийн төсөл, асуудлыг оруулж ирдэг. Тэдний оруулж ирсэн асуудлыг дэмждэг, аялдан дагалддаг хэдэн гишүүн байна. Аялдан дагалдагч нараа олон улсын байгууллагаас зардал мөнгийг нь гаргуулаад гадаад томилолтод явуулна. Товчлуур сайн дарж өгсний шагнал гээд явуулж байгаа УИХ дарга яаж шүүмжлэл хүлээж авах юм. Үүнийг дампуурчихсан парламент гэхээс өөр юу гэх вэ.
-Парламентын ёс зүй, хариуцлага алдагдлаа гэж шүүмжилдэг, шаардлага тавьдаг гишүүн олон байна уу. Шүүмжлэл хэлсэн хүнийг эсэргүү болгочихдог зуршил парламентад тогтоод байгаа. Ийм нэр зүүхээс айхгүй байна уу?
-Цөөхөн дөө, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ нарын зургаа, долоохон гишүүн байна. Бид яагаад үгээ хэлж болдоггүй юм.
-УИХ өөрөө дампуурсан байгаа нь Засгийн газраа өөгшүүлсэн, хариуцлага тооцож чадахгүй байдалд хүргэсэн гэдэгтэй та санал нэг байна уу. Засгийн газрын бүтцийг гишүүд нэхдэг байсан ч намрын чуулганаар бараг орхигдууллаа?
-Засгийн газраа УИХ нь шахаж сайн ажиллуулах ёстой. Гэтэл Засгийн газраа эрх мэдлийн хувьд дээрээ гаргачихаад сууж байна. Ерөнхий сайд ажлаа авангуутаа бүтцээ гаргаад, өөрийнхөө багийг бүрдүүлэх байсан. Гэвч өнөөдрийг хүртэл юу ч хийсэнгүй. Саяхан нэг чуулганд хэдэн агентлагуудаа нийлүүлээч. Монгол Улс нэг л кадастртай байх байтал Газрын тос, Цөмийн энерги, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар гээд гурав хуваачихлаа. Цөмийн энергийн газарт кадастрыг булааж авах ямар хэрэг байна. Шинжлэх ухааны үндэстэй зөвлөгөөгөө өгөөд сууна биз. Монгол Улс ганцхан газрын зурагтай байх атал гурав болгочихоод хоорондоо учраа ололцохгүй нэг нэгэндээ томордог. Үүнийгээ цэгцлээч гэж би Ерөнхий сайдад хэлсэн. Засгийн газраа ажиллуулж чадахгүй, толгой дээрээ гаргачихсан,
Засгийн газрын оруулж ирсэн хууль өдөртөө батлагддаг ийм замбарааг үй байж болохгүй. Ерөнхий сайд, Засгийн газарт үүрэг өгөөд сайн ажиллуулж чадахгүй бол парламент өөрөө тарах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд болчихоор хүний үг авахаа больдог юм байна. УИХ-ыг юу ч биш гэж үздэг болчихож. Үнэхээр УИХ юу ч биш болж, ямар ч хүч алга.
-УИХ-ын гишүүн Засгийн газраас, яам тамгын газраас мэдээлэл авах гэхээр эрх мэдэл дутдаг болсон гэж гишүүд бухимдаад байсан. Энэ бүхэн УИХ юу ч биш болсны жишээ юу?
-Яам байтугай агентлаг нь УИХ-ын гишүүний хүссэн мэдээллийг өгөхгүй байна. Би газрын маргааныг шийдвэрлэх талаар ажлын хэсгийг ахлаад Дулааны шугам сүлжээний газраас мэдээлэл авах гэж албан бичиг өгсөн ч өнөөдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд хариугаа авч чадаагүй.
Оюутолгойн ТЭЗҮ-д дүгнэлт өгөх мэдээлэл авахын тулд салбар хариуцсан сайдыг огцруулах дээрээ тулж байж олж авлаа. Засгийн газрыг шахаж ажиллах, хариуцлага тооцох эрх мэдэл УИХ-д байх ёстой. Хаврын чуулган эхлэхээр хоёр ч сайдыг огцруулах тухай асуудлыг өргөн барина. Ингээд хариуцлага тооцохгүй юм бол би өөрөө зайгаа тавьж өгье. Ц.Ургамал


URL:

Сэтгэгдэл бичих