Шатрын ертөнцийг атгасан америк бизнесмэн

FIDE нэгэн америк бизнесмэний гарт орсон тухай дэлхийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр шуугих болов. Энэ тухай судалж үзвэл үнэхээр ч Олон улсын шатрын холбоо “Агон” корпорацийн захирал, 53 настай Эндрю Полсонд ойрын хэдэн жилийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ худалдчихсан аж. Ингээд дэлхийн шатрыг худалдаж авсан сүйхээтэй эрийн нэгэн ярилцлагыг товчлон хүргэе.

-Эндрю, та өөрийгөө танилцуулаач?

-Би Лондонд амьдардаг. Ирээдүйн эхнэртэйгээ хүн анх яаж танилцдаг тэр жишгээр л шатартай холбогдсон.

-Таны бизнест шатар тийм хэрэгтэй байсан юм уу?

-Ашиг харж хөрөнгө оруулдаг нь бизнесмэн хүний алтан дүрэм. Нөгөөтэйгүүр би спортын энэ төрлийг илүү ойлгомжтой, үзэгчдэд ойр байлгахыг хүсч байна. Тийм учраас ирэх жилээс эхлэн Дэлхийн цом, гран-при тэмцээнүүд, өрсөлдөгчдийн тэмцээнийг хуваарийг маш тодорхой болгож, загвар, форматыг нь эрс өөрчилнө. Эдгээр тэмцээнүүд хэний ч мэдэхгүй жижиг хотуудад бус жинхэнэ дэлхийн эдийн засаг, бизнес, загварын нийслэлүүдэд болох ёстой. Мэдээж бүх тэмцээнийг ганц л баг зохион байгуулна.

-Зарим нь таныг дэлхийн аварга тоглогчийнхоо нэрийг ч гүйцэд мэдэхгүй хүн гэж эгдүүцдэг…

-Магадгүй би бүх дэлхийн аваргуудын нэрийг дарааллынх нь дагуу хэлж чадахгүй байж ч болно. Харин ирээдүйн дэлхийн аварга миний нэрийг хэзээ ч мартахгүй гэдгийг амлачихъя. Гэхдээ би Америкт төрж өссөн, Бобби Фишерийн тоглолтыг үзэж биширч явсан хүний хувьд шатраас тийм ч хол хөндий биш. Хамгийн сүүлд их мастер Сутовскийгоор хоёр хоног шатрын хичээл заалгасан шүү.

-Ирэх жил FIDE-гийн гран-приг Москва, Лоцдон, Лиссабон, Мадрид, Берлин, Парист зохиох болсон чинь хүмүүст их таалагдаж байгаа?

-Тийм ээ, үүнд бүгд сэтгэл хангалуун байгаа. Харин түүний дараа жил өөр тивд болох юм. Ер нь 2015 он хүртэлх тэмцээнүүдийнхээ төлөвлөгөөг
урьчилаад гаргачихаад байгаа.

-Ингэхэд тэмцээний шагналын сан хэр зэрэг нэмэгдэх вэ?

-Ямар ч байсан FIDE-тэй шагналын сангийн доод хязгаарын талаар тохиролцчихсон байгаа. Мөн тоглогчидтой, Мэргэжлийн тоглогчдын холбоотой зөвшилцөх зүйлүүд бий. Түүний дараа шагналын тухай зарлах боломжтой. Ганцхан жишээ хэлэхэд Лондонд болох өрсөлдөгчдийн тэмцээний шагналын сан 420 мянган евро байсныг бид 510 мянга болгож нэмсэн.

М.Тэргэл
Эх сурвалж: “Таван цагариг”


URL:

Сэтгэгдэл бичих