Н. Ганбямба: Н. Энхбаяртай луйвар булхайн автор гэдгээ мартчихсан

УИХ-ын гишүүн Н.Ганбямбатай улс төрийн хүрээн дэх цаг үеийн асуудлаар хөөрөлдсөн юм.-УИХ-аар зээлийн баталгаа гаргах эрхийг Засгийн газарт өгсөн. Гэвч үүнийг нэр бүхий гишүүд сөрөг үр дагавартай, ийм түүх бий ч гэж хэлж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Тийм шүү, сөрөг нөлөө ихтэй гэдэг нь үнэн. Ардчилсан засаглалтай, зах зээл өндөр хөгжсөн гадаадын орнуудад Засгийн газар нь зээлийн баталгаа гаргадаг нъ ердийн үзэгдэл. Тэгээд ч Засгийн газар нь баталгаа гаргасан тохиолдолд гадны улс орнууд хөрөнгө оруулалт хийхдээ дуртай байдаг. Учир нь тухайн асуудлын хариуцлагыг бүхэл бүтэн улс нь хүлээж байна гэсэн үг шүү дээ. Манай тухайд, 2002 онд Засгийн газрын зээлийн баталгаа гаргах эрхийг холбогдох хуульд нь өөрчлөлт оруулж хориглосон. Улмаар энэ заалтыг 2003 оноос эхлэн мөрдсөн юм. Үнэндээ ч Засгийн газраас зээлийн баталгаа гаргах нь улс төрийн нөлөөтэй болж, эрсдэл дагуулж байсан.

Өөрөөр хэлбэл, янз бүрийн хар муур гүйх бололцоо энэ зуур гардаг учраас хуульд нь өөрчлөлт оруулсан. Гэтэл 2011 он буюу 8-9 жилийн дараа Засгийн газар эргээд зээлийн баталгаа гаргах эрхтэй боллоо. Харин энэ баталгаа дээр нь хяналт тавих механизмийг бий болгох үүднээс хуулиар заасан. Тодруулбал, Хөгжлийн банкны хуульд заасны дагуу Засгийн газар баталгаа гаргаж болох юм. Гэхдээ тус банкны тухай хуульд бус хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулсан УИХ-ын тогтоол гаргаж, дөрвөн салбар дээр баталгаа гаргахыг зөвшөөрсөн.

Үүнд,боловсруулах салбараа хөгжүүлэх буюу төмөр замын асуудал байгаа. Мөн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зам болон эрчим хүчний шугам татах тухай байсан. Түүнчлэн “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 18 тэрбум төгрөгийн ажил хийгдэх гэж байна. Энэ нь зөвхөн нийслэлд бус бүх орон нутгийг хамрах юм.

-Засгийн газрын зээлийн баталгааны дээд хэмжээ хэд байх вэ?
-Энэ асуудал дээр УИХ-аас тогтоол гаргах байх, тухайн үед нь. Өөрөөр хэлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувиас илүүгүй байна гэх мэтчилэн. Гэхдээ ямар ч байсан 40 хувиас дээш гаргаж болохгүй. Тэгээд ч ДНБ-ний 50 хувиас дээш гаргавал үндэсний аюулгүй байдалд харш гэж үздэг тогтсон жишиг байдаг юм.

-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн ууган хүчний МАХН гэсэн нэрийг сэргээж, нам байгуулан Дээд шүүхэд бүртгүүлэхээр дээд, доод шатанд хөөцөлдөж байна. Түүний хувьд, улс төрийн томоохон бүх албан тушаалыг хашиж явсан. Үүнийг улстөрч хүниихээ хувьд, хэрхэн дүгнэж байна вэ?
-Наад асуултыг чинь хаягласан хүнээс нь тодруулчихмаар юм байна даа. Ерөнхийдөө бол Монголын улс төрд түрэн гарч буй энэ үзэгдлийг олон нийт чих тавьж л суугаа. Үнэн чанартаа өнөөдөр улс төр цэвэр байж эх орон хөгжинө. Гэтэл Монгол орны улс төрийг бантагнуулах олиггүй эхлэл суурийг М.Энхсайханы Засгийн газар тавьсан. Жишээ нь гэхэд л, төрийн албаны томилгоог хүртэл улс төрийн нөлөөгөөр хийдэг болсон шүү дээ. Харин үүнийг залгуулж Н.Энхбаяр гуай ихээхэн хувь нэмрээ оруулж, төрийн албан тушаалыг мөнгө болгожхувиргасан.

Гэтэл одоо болохоор луйвар булхайны автор гэдгээ мартчихсан энхийн цагаан тагтаа шиг дэвэн нисч гүйх юм. Гэхдээ ард түмэн үүнийг зааглаж, ялгалгүй яах вэ. Н.Энхбаяр өнөөдөр “Миний гараар томилгдсон өндөр дээд албан тушаалтнууд” гэж ярих юм. Тэгэхээр энэ хүн төрийн гурван өндөрлөгийн суудалд хэний дэмжлэгтэйгээр суусан юм бэ. Яагаад энэ талаараа ганц ч үг ганхийхгүй байгаа юм. Хамгийн гол нь эдгээр эрхэм авлига, хээл хахуулийн автор байж, өнөөдөр энэ муухай гэж ярих нь инээдтэй сонсогдож байгаа биз. Гэхдээ сонгуулиар энэ бүгдэд ард түмэн үнэлэлт дүгнэлт өгнө л дөө.

-Сонгуулийн сургаар танай нам дотор салаа, мөчир их ургах болжээ. Харин сүүлийн жишээ гэхэд л, “Дөрвийн бүлэг” төрсөн?
-Наадах чинь эзэнтэй асуулт байна… Би илүү байх аа,

-Тавантолгойн ордыг ашиглах галт тэрэг нэгэнт зогсоолоос хөдөлжээ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэдэд тарааж өгөхнь эдийн засгийн хувьд хэр эрүүл үзэгдзл юм бол. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Тавантолгой гэх энэ том орд газрыг ерөнхийд нь “Эрдэнэс МGL” гэх компани хариуцах юм гэсэн. Мөн “Эрдэнэс Тавантолгой” гэж төрийн өмчит компани саяхан байгууллаа. Энэ талаарх яг нарийн мэдээлэл УИХ-аар орж ирээгүй байна. Тиймээс энэ бүгдэд парламент хяналт тавих л ёстой. Түүнчлэн олон улсын чанартай гэрээ, хэлэлцээг УИХ хариуцдаг гэсэн утгаараа Оюутолгойн гэрээг парламент баталсан. Гэтэл Тавантолгойн ордын гэрээ нь олон улсын бус гэдгээрээ Засгийн газарт хамаараад байх шиг байна. Гэхдээ өнгөрсөн хаврын чуулганаар тус ордтой холбоотой хэд хэдэн зарчмыг баталсан. Тиймээс УИХ-аас гаргасан эдгээр саналыг Засгийн газар гэрээндээ тусгаад оруулж ирэх байх.

-”Эрдэнэс Таванголгойн” 550 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлнэ гэдэг нь ягаан, цэнхэр тасалбарын түүх давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Тэр ч ёстой цонхны цаанаас чихэр долоолгосонтой ижил зүйл болсон шүү. Харин энэ удаад жинхэнэ хувьцаа гаргахаас тухайн үеийнх шиг эрхийн бичиг гаргавал ч хэрэг алга. Тэгснээс зүгээр суусан нь дээр биз. Уг нь хувьцаа гаргавал иргэдэд үнэхээр ашигтай. Ядаж ногдол ашгаа хүртэнэ.

-Намрын чуулганаар Сонгуулийн хууль хэлэлцсэнгүй. Та одоо яригдаж байгаа сонгуулийн тогтолцооны аль хувилбарыг дэмжиж байна вэ?
-Сонгуулийн хуулиас л төр засгийн цаашдын хувь заяа шийдэгдэнэ. Хэрвээ дахиад л бизнес, улс төрийн олигархиудын сүлжээг төрд шургалах боломжийг энэ хуулиар олговол харамсалтай юм. Тиймээс миний бодаоор Монгол Улсын өнцөг булан бүрийг нэг тойрог болгочихвол шигшилт сайн явагдана. Яах вэ, зарим нэр бүхий хүмүүс энэ санааг техник ажиллагаа ихтэй гэж хэлж байна лээ. Тухайлбал, тэр блон хүнээс яаж сонгох гэж байгаа хүнийхээ нэрийг олж дугуйлах юм гэх мэтчилэн. Уг нь цахим програмаар энэажлыг хөнгөвчлөх бүрэн боломжтой л юм билээ. Гэтэл энэ хувилбараас том бүлэглэлүүд их л эмээх маягтай байна лээ. Ямар учиртай юм, бүү мэд.

-Сая хаврын чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал уначихлаа. Гэтэл Ц.Нямдорж сайдын 2002 онд өргөн барьсан хуулийн төслөөр өнөөг хүртэл явлаа. Та уг хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдэггэй санал нийлэх үү?
-Яг нарийн мэдэхгүй юм. Холбогдох байнгын хороонд нь байдаггүй болохоор. Гэхдээ эрүүгийн нөхцөл байдал дээр дүгнэлт хийхэд тодорхой хугацаанд шинэчлэгдэх л ёстой. Аль 2002 оноос хойш гэдэг чинь энэ салбартаа урт хугацаа. Тэгээд ч эрүүгийн нөхцөл байдал гэдэг чинь бараг жил бүхэн өөрчлөгдөж байдаг зүйл шүү дээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтэн олигархи бүлэглэлүүдийн сүлжээ улам нарийсч байна. Түүнчлэн манай улсад капитал мөнгөний урсгал ихсэх хандаагатай болчихлоо. Тэр ч утгаараа энэ салбарын хөрөнгө нэмэгдэхийн хирээр гэмт хэрэг нэмэгдэх магадлалтай. Тийм учраас яах аргагүй энэ хуульд гар дүрэх цаг нь болсон.

-Танай намын бүлгээр Хөгжлийн банкны тухай ярьсан гэсэн. Энэ талаар тодруулна уу. Түүнчлэн энэ банкны захирал нь ч сонгогдоогүй байхад 15 том компанийн удирдлага ирчихээд байгаа гэж сонссон?
-Энэ банк захиралгүй ч гэж дээ мөнгөгүй шүү дээ. Яах вэ, чуулганаар хуулийг нь батлахад хоёр эх үүсвэр хэлж байсан, Сангийн сайд. Тодруулбал, стратегийн орд газруудын хувьцааг борлуулсан ашгаар санхүүжих юм гэсэн. Гэтэл үнэн хэрэгтээ хэзээ тэр хувьцаа нь зарагдан эдийн засгийн эргэлтэд орж, ямар мөнгө орж ирэх гээд байгаа юм, бүү мэд. Ёстой л үлгэр ярьж байна лээ, сайд. Хоёрдутаарт, Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулах гэнэ. Өөрөөр хэлбэл, төрд ногдох хэсэг болон хувьцаа борлуулсан орлогоор энэ банкны өөрийн хөрөнгийг бүрдүүлнэ гэсэн. Гэхдээ Сангийн сайдын энэ мөрөөдөл чуулганаар унасан.

Тэгэхээр хамгийн гол нь тус банк баталгаагүй том том төслүүдийг санхүүжүүлэх юм бол эрсдэл гэдэгт харин ч өлхөөн орно биз. Гадаадын тэр хүн амьтныг хаанаас хайж ирж явах вэ. Ёстой л түүхийн асуудал сөхөгдөнө биз.

-Тэгэхээр та тус банкыг өөрийн ямар ч хөрөнгөгүй гэж хэлэх гээд байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Дүрмийн сан нь 16.5 тэрбум төгрөг байна л гэнэ. Гэтэл хөрөнгө босгох бүх санаа нь чуулганаар уначихсан. Тэгээд одоо яах юм, мэдэхгүй дээ. Нэр төдий зүйл яваад л байгаа. Ёстой л цаг хугацаа харуулах байлгүй.

О. Сэлэнгэ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.